Одоогоор бид бүгдээрээ Венецийн иргэд

- Дэлхийн томоохон хотууд маргаашийн усан галавт бэлэн үү -

Хүн гэгч аюултайг нь мэдсээр байж далай тэнгисийн эрэг дагуу амьдарсаар ирсэн. Одоогоор дэлхийн хүн амын 44 хувь нь их устай хаяа холбон амьдарч байгаа бөгөөд энэ тоо улам өсөх хандлагатай байна. Тоолшгүй ихийг хүртдэгийнхээ хувьд хүн төрөлхтөнд усыг хайрлах олон шалтгаан бий. Гэвч тэр их хайрыг нь далай тэнгис аюулаар хариулах нь цөөнгүй. Эрэг дагуу амьдрагсдын адилаар тэрхүү аюул ч мөн нэмэгдсээр байна. 1950-2009 онд дэлхийн хэмжээнд эргийн дагуух газар жилд 0.6-1 мм-ээр нэмэгджээ. Энэ үзүүлэлт дангаараа аюулын харанга дэлдэхүйц юм. Ер нь далай тэнгисийн түвшин нэмэгдэж, энд тэндхийн жижиг арлууд үгүй боллоо гэхэд, Номхон далайн бяцхан арал улсууд хэдхэн арван жилийн дотор газрын зургаас арчигдлаа гэхэд юу өөрчлөгдөх вэ? Арлынхныг зугтаж явахад хангалттай хугацаа бий ч нэг талаар энэ нь нийтийн анхаарлыг татахааргүй удаан хугацааны явц юм. Гэвч аюул дөтөлсөөр байгааг хэдхэн хоногийн өмнө Филиппин, Вьетнамыг дайрч, мянга мянган хүний аминд хүрсэн Хаиян хар салхи, өнгөрөгч онд Карибын арлууд болон Хойд Америкийг дайрч өнгөрсөн Сэнди шиг шуургууд сануулсаар байна. Сэндид нэрвэгдсэн Нью- Йорк, Хаиянд сүйдсэн Таклобан эгээ л байж боломгүй учраас л үзэхэд тааламжтай санагддаг асан сүйрлийн тухай кинонуудад гардаг хот суурингууд шиг болсон. Гамшигт нэрвэгдсэн газруудын өнгө төрх удахгүй сэргэж, урьдын бүх зүйл эргэж хэвэндээ орох ч, Хаиян шиг аймшигт шуургууд ор мөргүй арилах ч хожим дахин гамшиг нүүрлэлээ гэхэд эх байгаль бидэнд сануулга өгөөгүй гэж гомдоллох эрх дэлхий дахинд байхгүй.

Нью-Орлеансын иргэд чухам ийм айхавтар сануулгыг 2005 онд Катрина шуургаас амссан билээ. Эдгээр хот эрт орой нэгэн цагт усан дор орох нь тодорхой бөгөөд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй далайн түвшин, хар шуурганы аюулын аманд байгаа дэлхийн их хотуудын тоо бодсоноос ч их. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хотын 2.8 сая оршин суугч тэнгисийн эрэг дагуу амьдарч байгаа бол энэ тоо дараах хотуудад Хятадын Шанхай: 2.4 сая АНУ-ын Майами: 2.1 сая Египетийн Александрия: 1.3 сая Японы Токио: 1.1 сая Таиландын Бангкок: 900 мянга Бангладешийн Дака: 850 мянга Зааны ясан эргийн Абиджан: 520 мянга Индонезийн Жакарта: 500 мянга Нигерийн Лагос: 360 мянга гэсэн үзүүлэлттэй байна. Дэлхийн томоохон, нэн чухаг зарим хот энд байхгүйг та анзаарсан байх. Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг бас биш ээ. Лондон л гэхэд Темза мөрнийг бараадан сүндэрлэсэн бөгөөд дэлхийн хамгийн том хөдөлгөөнт далан (хамгийн том нь Нидерландын Остерсхельдекеринг далан) болох Темзын хаалт нь далайн түвшин нэмэгдсэнээс болж 2050 он гэхэд хамгаалагч хүчээ алдана. Английн зохион бүтээгч Майкл Пински нарын мэргэжилтнүүд одооноос Лондонг их усны аюулаас хамгаалах төсөл боловсруулж байгаа бөгөөд Планж хэмээх тэрхүү төсөлд тусгаснаар хотын томоохон байшин барилгуудыг 3111 он гэхэд хөх неон гэрлийн тусламжтайгаар хамгаалдаг болох гэнэ. Тэр үед хотын гадаргын усны хэмжээ одоогийнхоос даруй 27 метрээр өсөх аж. Энэхүү хэт холын төлөвийг түр орхиод өөр нэгэн томоохон хот руу анхаарал хандуулъя. Энэ бол Орос Улсын хуучин нийслэл Санкт-Петербург. Нева мөрөн болон Бальтын тэнгис хоорондын намгархаг хөрсөн дээр баригдсан энэ хот 1703 онд байгуулагдсанаасаа хойш үерт 300 гаруй удаа автсан бөгөөд Александр Пушкины алдарт бүтээлийн нэг “Хүрэл морьтон” найраглалыг нь хөглөжээ.

Энэ шүлэгт охиноо үерт алдсан эр хотыг үндэслэгч Их Петр хааны морьт хөшөөг харааж орхитол хөшөө амилж, хөөрхий эрийг хөнөөх гэж оролддог тухай гардаг. Оросын өрнийг харах цонх гэгддэг Санкт- Петербург хот өдгөө тэнгисийн хана хэмээгдэх асар том хана хэрмээр хүрээлэгдэн байна. Тэнгисийн хана нь өртөг ихтэй арга бөгөөд одоогоор эргийн хотуудыг их уснаас хамгаалах цор ганц хүчтэй хамгаалагч юм. Манхеттэн зэрэг хот ийм нүсэр том байгууламжийг барьж хүчрэх ч үер усны аюултай айлсан байгаа олон хот сууринд санхүүгийн боломж үгүй билээ. АНУ-д төвтэй Дэлхийн өөрчлөлт судлалын хүрээлэн хэмээх байгууллагын тооцоогоор эргийн хотуудад бууриа өндөрлөх, эргээс шилжин нүүх гэсэн хоёр зам л бий. Өртөг ихтэй тэнгисийн ханыг анх санаачлан хэрэгжүүлсэн Нидерландад далайн түвшнөөс нам дор орших эргийн дагуух газар нутгийг далай тэнгистэй булаалдах хэрэггүй гэсэн хандлага сүүлийн жилүүдэд газар авчээ. Энэ нь юуны өмнө үржил шимт газрын хэмжээ багасаж, цаашлаад хүний амьдран суух талбай хорогдоно гэсэн үг. Энэ түгшүүр бодитоор нүүрлэж байгаа газар одоогоор Венецээс өөр үгүй. Острогот болон бусад дайнч аймгаас зугтсан италичуудын Адриатын тэнгисийн бүлэг арлуудад VI зуунд байгуулсан энэ хот зуун жил тутамд дунджаар 1.5 инч буюу 3.8 см-ээр живж байгаа. Тэнгисийн түвшин нэмэгдэхийн хэрээр хотын угаас намгархаг хөрс бүр ч сууж, хотыг одоогийнхоос тав дахин илүү хурдаар доош чангаана. 2014 онд дуусгавар болох МОSЕ төслийн хүрээнд Венец хот Британи, Нидерланд, Оросын адил тэнгисийн ханатай болох ч 4.7 тэрбум еврогоор босож буй эл өртөгтэй хана хотын хөрсийг хатааж, хуралдах усыг нь торгоож чадахгүй. Аврагдатлаа, эсвэл давалгаан дор ортлоо Венец мөнхийн живэгч хот хэвээр үлдэх бөгөөд далайн түвшин нэмэгдэж, уур амьсгал догширч байгаа энэ үед дэлхий дахин бүгдээрээ венецчүүд болох үе айсуй. Байгаль хамгаалагчид, эрх баригчид одоо л хугацаа алдалгүй хөдөлж эхлэх хэрэгтэй байна. Үгүй бол их устай холбоотой ямар ч түүх одоо цагт аз жаргалтайгаар төгсдөг үлгэр байхаа больсон билээ.

Г.ЛХАГВА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)