М.Баялаг: Түнхний мултралыг эрт оношилбол эдгэрнэ

Сүүлийн үед түнхний мултралтай хүүхэд ихээр төрөх болсон. Үүнийг агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлах болжээ. Тиймээс түнхний мултрал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн эмч М.Баялагтай ярилцлаа.
Сүүлийн үед түнхний мултралтай хүүхэд ихээр төрөх болсон. Үүнийг агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлах болжээ. Тиймээс түнхний мултрал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн эмч М.Баялагтай ярилцлаа.

-Түнхний мултрал юунаас болж үүсдэг вэ?

-Сүүжний тогоо үр хөврөлийн явц буюу хүүхэд бүрэлдэж байх үед хавтгай байдаг. Хүүхэд бойжих үед хавтгай байсан түнхний тогоо нь хэлбэрээ олж хөгждөг. Сүүжний хөгжил алдагдаж дутуу хөгжсөнийг түнхний мултрал гэж нэрлэдэг. Сүүжний тогоо нь дутуу хөгжсөн хүүхдийн өвчин нь хүндэрвэл түнх мултардаг юм.

-Өвчний шалтгааныг эрдэмтэд тогтоосон уу?


-Түнхний үений дутуу хөгжил, мултралын шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй ч удмын сан, гэр бүлд нь энэ өвчнөөр өвчилсөн хүн байсан тохиолдолд магадлал нэмэгддэг. Мөн охид, хөвгүүдээс 4-7 дахин, зүүн талын түнхний үений дутуу хөгжил баруун талынхаас гурав дахин илүү оношлогддог. Судлаачдын тогтоосноор ургийн байрлалын гажуудал (өгзөг түрүүлэлт), том ураг, ихэр төрөлт зэрэг нь түнхний үений дутуу хөгжил, мултрал үүсэхэд нөлөөлдөг. Бусад эрхтний гажиг хөгжил тухайлбал муруй тавхай, тархи нугасны эвэрхийтэй хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Түүнчлэн бамбай булчирхайн эмгэгтэй эхээс төрсөн хүүхдэд түнхний үеийн дутуу хөгжил болон мултрал илүүтэй оношлогддог. Түнхний үений дутуу хөгжил, мултралыг хожимдож оношилсон тохиолдолд бүрэн төгс эмчлэх боломжгүйгээс насан туршид нь тахир дутуу болгон, улмаар гэр бүл, нийгэмд ихээхэн сөрөг үр дагаврыг дагуулдаг юм. Иймээс түнхний үений дутуу хөгжил, эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрт оношлох нь чухал. Ялангуяа амаржих газар эрт, нярай үед нь оношлох хэрэгтэй. Түнхний үений дутуу хөгжил, мултралыг төрснөөс хойш зургаан долоо хоногийн дотор оношилж, мэс заслын бус аргаар эмчилсэн тохиолдолд бүрэн төгс эдгэрэх боломжтой. Судлаачдын тогтоосноор зургаан долоо хоногоос зургаан сартайд нь оношлогдсон тохиолдолд 92-100 хувь, харин 6-12 сартай бол 80 хувийн эдгэрэлтэй байдаг.

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ээж, аавууд хараад мэддэг эмнэл зүйн оношлогооны аргууд байдаг. Тухайлбал, хоёр талын түнхний үе хязгаарлагдаж байна уу, өвдөгний зураас тэгш хэмтэй байна уу гэх зэргээр харж оношилж болно. Мөн өвчин хүндэрсэн тохиолдолд хөл нь урт богино болсон байдаг. Ингэж өвчнийг хүндрүүлэхгүйн тулд эрт оношлуулах хэрэгтэй. Хамгийн тохиромжтой ургийн бойжилтод сөргөөр нөлөөлөхгүй нь хэт авиан оношлогооны арга. Дөнгөж төрсөн хүүхдийн дунд чөмөгний толгой мөгөөрс байдаг учраас эмчилгээнд хэрэглэж байгаа хэт авиан долгионыг чөлөөтэй нэвтрүүлдэг. Тэгэхээр өвчнийг оношлох боломжтой болдог. Энэ оношлогооны арга нь манай оронд харьцангуй хожуу нэвтэрсэн. 1978 онд Германы профессор энэ аргыг анагаах ухаанд нэвтрүүлсэн. Мөн рентген оношлогооны аргыг ашиглаж болно. Энэ аргыг өвчний хожуу үед хэрэглэдэг. Учир нь рентген оношлогоонд мөгөөрс харагддаггүй. Мөн урагт хортой учраас хүүхэд бүрийг оношлоход тохиромжгүй. Анх манай эмнэлэгт Швейцарийн хүүхдийн дүрс оношлогооны нийгэмлэг түнхний мултралыг оношлох ЭХО-ны аппарат дагалдах хэрэгслийг нь өгсөн. Өнгөрсөн жилээс ЭХЭМҮТ-д хэрэглэж байна.

-Энэ оношлогоог бусад төрөх эмнэлгүүд хийдэг үү?

-Түнхний оношлогоо хийхэд эмч нарыг сайн сургах хэрэгтэй. Өнгөрсөн сард Швейцарийн мэс засалчдын баг манай улсад ирээд ажлынхаа дүн дээр үндэслэн I, II, III төрөхийн нярайн эмч нарыг сургалтад хамруулсан. Түүний дараа ЭХО-ны аппарат өгсөн. Тэд одоохондоо дадлагажиж байгаа. Он гараад төрсөн хүүхэд бүрийг оношилж эхлэх байх.

-Сүүлийн үед түнхний мултралтай хүүхэд төрөх нь нэмэгдсэн. Энэ юутай холбоотой вэ?


-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 1000 амьд төрөлтөд түнхний үений мултрал 0.7-2.5 тохиолддог гэж үздэг ч улс, үндэстний зан заншлын онцлогоос шалтгаалан энэ нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1000 амьд төрөлт тутамд Японд 0.18, Германд  хоёр, Скандиновын орнуудад дөрөв, ОХУд 8-9 түнхний үений мултралын тохиолдол бүртгэгддэг. Швейцарьт шинээр төрж буй нярайн 1-2 хувь нь түнхний үений дутуу хөгжилтэй төрдөг. Манай оронд шинэ төрсөн нярайн дунд тохиолдох давтамж тодорхойгүй ч, эмнэлэгт суурилсан тоо баримтаас харахад түнхний үений дутуу хөгжил, мултралын бүртгэгдсэн тоо сүүлийн үед харьцангуй нэмэгдсэн.

-Түнхний мултралтай хүүхэд бүрэн эдгэрдэг үү?

-Дутуу хөгжил буюу түнхний мултрал үүсэхээс өмнө оношлогдвол бүрэн эмчлэгдэнэ. Гэхдээ хязгаарлагдмал байдаг. Хүүдийн түнхний үеийн хөгжил төрсний дараахь хоёр сар дотор өсөлт нь эрчимтэй явагддаг. Энэ үед оношилбол хүүхдийн түнхний өөрийн өсөлтийнх нь чадварыг дэмжээд өгөх хэрэгтэй. Харин хожуу оношлогдсон тохиолдолд эдгэрэх боломж нь багасдаг. Ийм хүүхдүүд ихэвчлэн мөлхөх, юм түшиж байх үедээ оношлогддог юм.

-Түнхний мултрал нь агаарын бохирдолтой холбоотой юу?

-Агаарын бохирдол төрөлтийн гажигт нөлөөлдөг. Шууд түнхний дутуу хөгжилд нөлөөлөхгүй ч дамаар нөлөөлдөг. Мөн ургийн удамшлын генд нөлөөлөх аюултай. Түүнээс яг түнхний хөгжилд шууд нөлөөлдөг хүчин зүйлд хамаардаггүй.

-Энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийн асаргаа сувилгааг хэрхэн хийх вэ?


-Түнхний мултралыг ихэвчлэн гэрээр эмчилдэг. Эмнэлэгт хэвтүүлдэггүй. Өнгөрсөн жилээс 200 гаруй хүүхэд эмчлэгдсэний ихэнхийг нь гэрээр эмчилсэн. Эцэг эхчүүдэд зөвлөхөд ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Энэ нь түнхний өсөлтийг удаашруулдаг. Дөрөөвч 24 цагаар зүүлгэх ёстой байдаг.

-Манай улсад энэ өвчнийг мэс заслын аргаар эмчлэх боломжтой юу?

-Түнхний үеийг байх ёстой газар нь хадах, мөн төмрөөр орлуулах зэрэг хагалгаа хийдэг. Энэ төрлийн хагалгаа нэлээд хүнддээ орно. Энэ талаар согог заслын эмч нар илүү зөвлөгөө өгнө.

-Ийм төрлийн өвчин өмнө нь гардаг байсан уу?


-Өмнө нь энэ өвчнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр оношилдог байсан. Харин одоо техник технологитой болсон болохоор эмчлэх, оношлох хүрээ нь нэмэгдсэн. Дээрээс нь эмч нар сургалтад хамрагдсанаар нярайн бага зэргийн мултралыг ч гэсэн оношилдог болж байгаа юм. Энэ нь хүмүүст ихэсч байгаа юм шиг санагдсан байх. Оношлогоо сайн байгаа болохоор ихэссэн мэт харагдаад байгаа юм.


UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)