Сочи хотынхон Бээжингийн олимпоос үлгэр дууриал авна
- 2013-11-15
- Дэлхий
- 0
Хятадын нийслэл хот зочид гийчдийг нүсэр том, хараа булаасан байгууламжуудаараа алмайруулж бишрүүлдгээрээ алдартай. Жишээлбэл, 2008 оны олимпийн төв болох Олимпийн хотхон нь хааш хааш 12 км талбай эзлэх агаад дээрээсээ хүрхрэх луу адил харагдана. Эндээс Бээжингийн олимп амжилттай болсныг гэрчлэх олон сайхан бүтээн байгуулалттай танилцаж болохын дотор өдгөө алдартай болсон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, холоос харахад болроор урласан асар том гинж мэт үзэгдэх усан спортын цогцолбор зэргийг дурдаж болох юм. Бээжингийн олимп бол олимпийн түүхэн дэх хамгийн өртөгтэй наадам бөгөөд хятадууд 43 тэрбум ам.доллар зарцуулсан юм. Гэхдээ тэд зарлагаа нөхөж чадсан нь хамгийн том амжилт билээ. Орчин цагийн хамгийн амжилттай, ашиг орлоготой, нэр хүндтэй олимпийн наадмын хувьд чухамдаа Бээжингийн олимпийн туршлагаас оросууд суралцахыг эрмэлзэж байна. Ердөө гурван сарын дараа Сочи хотод өвлийн олимп зохион байгуулахаар зэхэж байгаа тэд хятадуудаас чухам юу суралцах ёстой вэ? ОЛИМПИЙН ХАРААЛЫГ АРИЛГАХУЙ
Хүн төрөлхтний эв нэгдлийн ээлжит томоохон наадам айсуйтай холбогдуулан CNN агентлаг хамгийн их хохирол амссан олимпийн наадмуудыг жагсаажээ. Жагсаалтын эхэнд 2004 онд болсон Афины зуны олимп бичигдэнэ. Грекчүүд дэндүү их үргүй зардал гаргасныг өдгөө эл хульхан дүнсийж байгаа цэнгэлдэх хүрээлэнгүүд, нийтийн сууц болтлоо дүрээ хувиргасан олимпийн хотхон нь гэрчилнэ. Харин Афины дараа бичигдсэн Канадын Монтреал хот 1976 оны наадмаас хойш олимпод зарцуулсан их хөрөнгөөс үүдсэн өрөө төлж барагдуулахад бүтэн 30 жил зарцуулсан байна. Тэгэхээр бусдаас илүү эрсдэл хүлээж, их мөнгө гаргасан атлаа Хятад Улс олимпийн хараалыг тойрч чаджээ. Наадамд зориулж барьсан үлгэрийн гэмээр барилга байгууламжууд нь өдгөө бүрэн гүйцэд ашиглагдаж байгаагаар барахгүй жуулчдыг татдаг газруудын тоонд багтаад байна. Дээр дурдсан усан спортын цогцолбор гэхэд л заримдаа бүр хөл гишгэх зайгүй болдог гэх. Тэдгээр зочид зөвхөн гадныхан биш бөгөөд өдөрт хэдэн мянган хятад аялагч алдарт Шувууны үүр болоод олимпийн хотхоны бусад барилга байгууламжийг үзэж сонирхохоор ирдэг. 2008 оны олимпоос хойш Шувууны үүр цэнгэлдэхэд 81 удаагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан болж, нийт 120 сая хүн цуглажээ. Хэдийгээр олимпод зориулсан томоохон барилгууд хоосорч хоцрохгүй байх нь тухайн наадам амжилттай болсныг бүрэн батлахгүй ч лав хохирч үлдээгүйг нь гэрчилнэ. Олимп зохион байгуулагч зарим хот наадамд зориулан барьсан спорт цогцолбор, барилга байгууламжуудаа дараа нь түрээслэж, зарим тохиолдолд бүр эвдэж сүйтгэх ч шаардлага гардаг. Харин Бээжингийн олимпийг зохион байгуулагчид олимпийн наадмын төсөлөө анх батлахдаа л наадмын дараа үлдэж хоцрох бүхэн хожим юунд ашиглагдахыг тооцоолсон байжээ. АМЖИЛТААС СУРАЛЦАХУЙ
Сочигийн олимпийг зохион байгуулах хороо чухам энэ аргачлал, ухааныг нь хятадуудаас хуулбарлаж, өөриймшүүлэхийг зорьж байна. Оросын эдийн засагч Рустем Нуреев, Евгений Маркин нар Бээжингийн олимпийн бүтээн байгуулалтууд, тэдгээрийн загварыг олимпийн түүхэн дэх хамгийн шилдэг нь гэж онцолсон билээ. Бээжингийн олимпийн ширээний теннисний тэмцээн болсон цогцолбор гэхэд л Олимпийн хотхонд биш Бээжингийн их сургуульд баригдсан нь наадмын дараа оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гол газар болжээ. Энд одоо чийрэгжүүлэлтийн төв ажиллаж байгаа бөгөөд их сургуулийн оюутнуудаас гадна энгийн иргэд ч үйлчлүүлдэг байна. Харин өнөөг хүртэл олимпийн бэлгэ тэмдэг, гоёл чимэглэлээр дүүрэн байгаа гол танхимд нь урлаг соёлын арга хэмжээ, тоглолтууд болох болжээ. Цогцолборын эрхлэгч Лиу Бэйн ярьснаар тэдгээр арга хэмжээ, үйлчилгээнээс хангалттай ашиг олддог агаад тэд улсаас сохор зоос ч авдаггүй гэнэ. Тэрбээр албан ажлаараа бахархахаас гадна олимпийн наадмын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг дурсаж, тухайн үед Хятадын тэргүүн байсан Ху Жинтао үг хэлэхэд мөн ширээний теннисний аваргын төлөөх тоглолт эхлэхэд догдолж байснаа ярилаа. Бээжингийн их сургуулийн оюутнууд ч мөн бамбар бадамлах үед нулимс унагах шахсанаа дурсаж байна. Ер нь Хятадын хаанаас ч олимптой холбоотой иймэрхүү сайхан дурсамж сонсож болно. Хятадуудын хувьд олимпийн наадам үндэсний хэмжээний төсөл байсныг үүнээс харж болох бөгөөд чухамдаа амжилтынх нь гол шалтгаан нь энэ юм. Бээжингийн олимпийн тоглолтуудын тасалбараас 95.6 хувь нь борлогдсон нь бас л урьд байгаагүй тоо. 2008 он хүртэл Сиднейн олимп нийт тасалбарынхаа 88 хувийг борлуулснаараа энэ амжилтыг тэргүүлж байсан юм. Хятадын нийслэлийг олимпийн наадам хэрхэн өөрчилснийг харах бас л бахдалтай. Наадмаас өмнө метроны дөрвөн шугам байсан бол өдгөө найм болжээ. 2001 онд хотын төв метроны нийт зам ердөө 42 км байсан бол 2008 онд 200 болтлоо нэмэгдэж, 2010 онд 336 км-т хүрч, 2018 онд 600 км болох төлөвтэй байна. Орос Улс Сочигийн олимпод эхний ээлжинд 327 тэрбум рубль буюу 10-аад тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа. Одоогоор хамгийн том бүтээн байгуулалт нь 12 мянган хүний суудалтай уран гулгалтын Айсберг ордон бөгөөд 44 сая ам.доллараар боссон уг барилгад 15 мянган тонн ган төмөр ашиглажээ. Энд уран гулгалтаас гадна шорт-трекийн тэмцээн уралдаанууд болох юм. Харин олимпийн наадмын дараа унадаг дугуйчдын елодром болох төлөвтэй байгаа нь чухамдаа хятадуудаас авсан санаа гэлтэй.
Сэтгэгдэл (0)