Зам, талбайн хальтиргаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсаар л...
- 2013-11-18
- Эрүүл мэнд
- 0
Өвлийн эхэн сар дөнгөж гарч буй энэ үед нийслэлийн гудамж, талбай тэр аяараа л мөсөн далай мэт болжээ. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс төв зам, олон нийтийн талбайд давс цацан хайлуулж буй ч явган иргэд зорчих зам талбай, гудамжинд анхаарал хандуулах нь тун ховор аж. Хэдийгээр ТҮК-ийн шар хантаазтанууд цас, мөсийг хүрз, жоотуугаар цохин ховхолж, цэвэрлэж буй ч хариуцдаг хэсэгтээ хүн хүч нь хүрэлцдэггүйг албаныхан хэлдэг юм. Уг нь энэ жилээс дүүргийн ТҮК-иуд орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын гудамж, туслах замуудыг хариуцахаар болсон. Гэвч одоогийн байдлаар тэд гэр хорооллын гудамжинд давс цацаж буй нь харагдахгүй л байна. Энэ сарын 16-17-нд ГССҮТ- ийн хүлээн авахаар осгосон, халтирч бэртсэн, нохойд хазуулсан, ахуйн осолд өртсөн, зодуулсан гээд нийт 235 иргэн үйлчлүүлжээ. Тэдний багагүй хувь нь хальтиргаа, гулгаанаас болж гэмтсэн, автомашинтай осолдсон байх аж. Үүнээс одоогийн байдлаар 24 хүн хэвтэн эмчлүүлж, бусад нь анхан шатны тусламж аваад буцсан байна. Өөрөөр хэлбэл, зөөлөн эд гэмтсэн, гар нь хугарсан зэрэг арай л хөнгөн бэртэлтэй нь эмчийн тусламж аван буцаж, харин хүнд бэртэлтэй иргэд хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс эмнэлгийнхэн “Одоо ийм байгаа юм чинь ес эхлэхээр яана даа” хэмээн халаглаж сууна. Гэмтэл, согогийн чиглэлийн өвчнийг эмчлэх ганц газар нь ГССҮТ. Тус төв өвлийн улиралд ачаалал нь хэт ихэсч хонгил нь хүртэл хүнээр дүүрсэн байх нь бий. Сүүлийн үед “Халтирч унаад бэртлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байдаг ажээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД
50 МЕТР ДОТОРХ ТАЛБАЙГАА
ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ
50 МЕТР ДОТОРХ ТАЛБАЙГАА
ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ
Жил бүр ийм асуудал тулгардаг ч мөстсөн замд халтирч унаад бэртэх нь эцэстээ энгийн үзэгдэл мэт болж байх шиг. Уг нь үүнийг зохицуулахын тулд хотын захиргаанаас нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж байх журмыг баталсан байдаг. Гэвч энэхүү журам нь бараг хэрэгждэггүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, цас орсоны дараа олонх байгууллага зөвхөн үүдэн хэсгээ л цэвэрлэдэг. Хэрэв тэд журамд заасныг биелүүлдэгсэн бол цас, мөстэй өчүүхэн ч зай нийслэлд үлдээлгүй цэвэрлэхээр ойр ойрхон байрлалтай шүү дээ. Гэтэл өвөл болохоор л хүмүүс унахгүйн тулд тогоруу шиг, эсвэл доголон юм шиг тонголзож алхах болж. Нөгөө талаар энэ нь иргэд өөрсдөө ч эрүүл мэнддээ төдийлэн анхаардаггүйтэй холбоотой байж мэднэ. Учир нь өдөр бүр унах вий хэмээн түгшин алхахдаа, унаж бэртэхдээ ч тухайн байгууллагад шаардлага тавьдаггүй. Түүнчлэн ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулдаггүй. БЭРТСЭН ИРГЭД ХОХИРЛОО
НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
Иргэд халтирч унан зөөлөн эд, цаашлаад тархиа доргиож, хөл, гараа хугаллаа ч даруйхан эмнэлэгт хандах тухай бодохоос ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ анхаардаггүй. Уг нь 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх xoг, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл заалт бий. Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна. Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна. Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ. Ийм байтал холбогдох байгууллагаас эмчилгээний зардал, нөхөн олговор гаргуулсан хүн бараг үгүй. НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
ХАЛЬТИРЧ УНААД БЭРТСЭНЭЭ
ИРГЭД БАРИМТЖУУЛАХ НЬ ЧУХАЛ
ИРГЭД БАРИМТЖУУЛАХ НЬ ЧУХАЛ
Байгууллагын үүдэнд хальтирч унан бэртээд хуульд заасан эмчилгээний зардлыг тухайн байгууллагаар төлүүлэхийн тулд иргэд баримтжуулсан байх шаардлагтай ажээ. Харамсалтай нь иргэд хэн нэгнийг буруутгах биш, байгалийн үзэгдэл хэмээн бодож, өөрийн мөнгөөрөө эмнэлгийн тусламж авсан л бол өвлийн гурван сарыг хамаг тэвчээрээ баран өнгөрүүлдэг. Харин гомдол гаргасан нэг нь баримт нотолгоогүйгээс болж хохирч үлдсэн гэх. Уг нь мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед хохирно гэдэг байж боломгүй асуудал. Өнөөдөр гар утас хэрэглэдэггүй хүн бараг үгүй болсон. Тиймээс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудах, гар утсаараа бичлэг хийх, хэн нэгнээс тусламж хүсэх зэргээр баримтжуулах олон боломж бий. Ингэснээр тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах үндэслэл бий болох юм. Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн буюу нэг ёсондоо төр хариуцдаг аж. Тиймээс гомдлоо хотын захиргаанд гаргаж болно гэсэн үг. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй. Энэ жилийн хувьд нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-д давс 180, бодис 540 орчим тонн байгаа аж. Өнөө жилийн анхны цас орсноос хойш буюу гурван удаагийн оролтоор нийт 90 орчим тонн давс хэрэглэсэн байна. “Одоохондоо давс цацаж байгаа. Бодисоо -20 хэмээс дээш хүйтрээд ирэхээр нь хэрэглэнэ. Нөөцөлсөн давс, бодис энэ өвөлд хангалттай хүрнэ” хэмээн тус байгууллагын Ерөнхий инженер, Удирдлагын хэлтсийн дарга С.Баяр-Өлзий хэлсэн юм. Түүнчлэн дүүргүүдийн ТҮК тус бүр 200-гаас дээш тонн давс, 60 орчим тонн бодис нөөцөлдөг ажээ. ГЯЛГАР, ГӨЛТГӨР ХАВТАНГААР
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙ
ХИЙХЭЭ БОЛЬЁ
Нөгөө талаар хүмүүс бэртэж буйн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр хавтангаар хийдэгтэй холбоотой аж. Уг гөлгөр хавтан нь эрс тэс уур амьсгалтай манай оронд тохиромжгvй, дулаан оронд хэрэглэдэг материал гэдгийг албаныхан хэлдэг ч ашиглахыг нь хориглоогүй байна. Шил, толь мэт гөлтгөр чулуун хавтангууд цас ормогц хүн гишгэх аргагүй болдог. Уг нь явган хүнд зориулсан зам тодорхой стандарттай, халтирч гулгахааргүй, өндөр настанд ч гэсэн санаа зовох юмгүй алхаж болохуйц байх ёстой аж. Гэтэл орон нутгийн болон улсын төсвөөр явган хүний замын хавтанг солихдоо улам л өнгөлөг, гөлтгөр болгодог нь нууц биш. Үүнийг албаныхан ч өөрсдөө мэдэж байгаа байх. Уг хавтан нь цас, мөстэйд бүү хэл энгийн үед ч иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор учруулж байдаг. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд баталсан хууль, журамдаа нийцүүлэн хальтиргаа, гулгаа үүсгэдэг хавтанг тодорхой хэмжээгээр хязгаарлах нь чухал болов уу. Хальтиргаатай замд ихэвчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд унаж бэртдэгийг эмч нар хэлж байна. Өндөр настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас ихэвчлэн гарын шуу, хөлийн шилбэний ясаа гэмтээдэг ажээ. Мөн заримынх нь дунд чөмөг нь хугарсан байдаг гэнэ. Ийм гэмтэлтэй хүмүүс заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай болдог аж.ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙ
ХИЙХЭЭ БОЛЬЁ
М.НАРАНБОЛД

Сэтгэгдэл (0)