Дамжуулах хоолойн Эзэнт гүрэн
- 2013-11-20
- Дэлхий
- 0
...Оросын энэ монополчлолтой өрсөлдөхүйц хэмжээний байгалийн нөөц, чадамж одоогоор ганц Азербайжанд л байна. 2000-гаад оны эхээр эндхийн газрын тос, байгалийн хийг нийслэл Баку хотоос нь Гүрж, Туркийн нутгаар дамжуулан цааш Европт гаргах Набукко хий дамжуулах хоолойг барих ажлыг барууны орнууд дэмжин хөрөнгө оруулж эхэлсэн ч төсөл зурагт нь Ирак, Ираны нутаг багтаж байгаа нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгосон юм. Тиймээс Оросын байр суурийг ганхуулж мэдэх жинхэнэ “аюул” Азербайжан биш шингэрүүлсэн байгалийн хийн технологи байж мэдэх юм. Далай тэнгисийн эрэг дагуу баригдах байгалийн хийг шингэрүүлэх үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ тэнгисээр дамжуулан түгээх нь өртөгийн хувьд ч хуурай газрын дамжуулах хоолойноос бага байх боломжтой...Эдүгээ Европын хувь заяа ертөнцийн аль ч хэсгээс илүүтэй үзэл санаанд бус геополитикт захирагдаж байна. Орос, туркууд болон Византын грекчүүдийн нүүдэл суудал, эзлэн түрэмгийлэл гээд мянгаад жилийн турш энэ тивийн хувь заяаг дорнынхон шийдэж ирсэн. Төв, зүүн Европ гэхэд л Азийн тал нутаг, Анатолийн хойгийн дундах гүүр болохын хувьд тэдгээр эрс эргэлтийн ул мөрийг хамгийн их хадгалж үлджээ. Арга хэлбэр нь л нарийссан болохоос өнөөдөр ч энэ байдал хэвээр байна. Их цэрэг жагсахын оронд нүүрстөрөгч урсч байна. Тэр бол өнөөгийн Европ дахь шинэ Оросын нөлөө юм. Энэ нөлөөлөл хэр хүчтэй байгааг ойлгохын тулд эрчим хүчний дамжуулах хоолойнуудын газрын зургийг харах хэрэгтэй. Европын нийт эрчим хүчний дөрөвний нэгийг ОХУ дангаараа хангадаг. Гэхдээ энэ нь тивийн дундаж үзүүлэлт агаад баруун Европоос төв, зүүнтээ чиглэхэд хувь нь бүр ч нэмэгдэнэ. Энд, байгалийн хий газрын тосноос илүү чухал сэдэв хэдий ч эхлээд нефтийн тухай хэдэн үг хэлье. Орос Улс газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг орны нэг бөгөөд баруун, зүүн Сибирь дэх нефтийн нөөц нь мөн дээгүүр бичигддэг. Тус улс саяхнаас энэ байр сууриа хадгалж үлдэхээр дэвшилтэт технологид ихээхэн мөнгө зарж эхлэв. Газрын тос төдийгүй байгалийн хийгээ Европт хүргэх Оросын гол гарц нь хойд талд Беларус, өмнөдөд Украины нутаг юм. Дружба хэмээх дамжуулах хоолойн нэгдсэн сүлжээ нь Оросын нефтийг Беларус, Польшийн нутгаар дамжуулан умардад Герман, өмнөдөд Украины нутгаар цааш төв Европ, Балканы хойг, бүр Итали хүртэл аваачдаг. Гэхдээ Оросын газрын тос Беларус, Украинд л улстөрийн хэмжээний асуудал болохоос Европын гүн рүү ердөө ханган нийлүүлэлт, үнэ өртөг, худалдаа наймааны асуудал болон хувирна. Тэгэхээр Оросыг Европт хүч нөлөөтэй болгож байгаа гол зүйл нь газрын тос бус байгалийн хий юм. Үүнээс үүдэн эрчим хүч гэдэг оросуудын хувьд улстөрийн ашигтай зэвсэг болсон. Байгалийн хийн нийлүүлэлтээрээ Орос АНУ-ын дараа орно. Дээр дурдсанаар, Европ эрчим хүчнийхээ 25 хувийг Оросоос авдаг ба тус тивийн орнууд Оростой хэр ойр байна, төдий хэрээр Москвагаас эрчим хүчний хараат байна гэсэн үг. Өөрсдийн нөөц баялагтай Румыныг эс тооцвол төв Европын орнууд байгалийн хийн 70 хувиа Оросоос авдаг бол Беларус, Болгар болон Бальтын орнуудад энэ тоо 90-100 хувьтай байна. Оросын энэхүү хараат, нөлөөт байдлыг өдгөө Варшавын гэрээтэй адилтгаж үзэх улстөрийн ажиглагч олон болжээ. Яамалийн дамжуулах сүлжээгээр Оросын хий Беларусаар дамжин Польш, Германд хүрдэг бол Хөх урсгал хэмээх сүлжээ хоолой бүр Турк хүрнэ. Харин 2011 онд ашиглалтад орсон Умард хоолой Оросын хийг Беларус-Польш гэсэн чиглэлээр дамжуулалгүй шуудхан Бальтын тэнгист хүргэж байна.
Эл аварга том сүлжээний дараагийн томоохон төсөл нь Өмнөд урсгал хэмээх дамжуулах хоолойн нэгдсэн сүлжээ бөгөөд энэ нь Оросын байгалийн хийг Хар тэнгис гаталган Болгар, Серб, Унгар, Австри, цаашлаад Италиар дамжин Балканы орнууд болон Адриатын тэнгист хүргэх юм. Өөрөөр хэлбэл, Өмнөд урсгал нь төв Европын болоод Балканы орнуудыг оросуудын хараанд аваачна. Оросын энэ монополчлолтой өрсөлдөхүйц хэмжээний байгалийн нөөц, чадамж одоогоор ганц Азербайжанд л байна. 2000-гаад оны эхээр эндхийн газрын тос, байгалийн хийг нийслэл Баку хотоос нь Гүрж, Туркийн нутгаар дамжуулан цааш Европт гаргах Набукко хий дамжуулах хоолойг барих ажлыг барууны орнууд дэмжин хөрөнгө оруулж эхэлсэн ч төсөл зурагт нь Ирак, Ираны нутаг багтаж байгаа нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгосон юм. Тиймээс Оросын байр суурийг ганхуулж мэдэх жинхэнэ “аюул” Азербайжан биш шингэрүүлсэн байгалийн хийн технологи байж мэдэх юм. Далай тэнгисийн эрэг дагуу баригдах байгалийн хийг шингэрүүлэх үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ тэнгисээр дамжуулан түгээх нь өртөгийн хувьд ч хуурай газрын дамжуулах хоолойноос бага байх боломжтой. Польш, Литви зэрэг улс Бальтын тэнгисийн эрэг дээр хэдийнээ ийм станцууд барьж эхэлсэн бол Хорват Адриатын тэнгисийн эрэгт нэгийг барихаар төлөвлөж байна. Унгар, Словак, Чех зэрэг улс мөн энэ талаар далайцтай судалгаа хийж эхэлсэн мэдээ байгаа. Шингэрүүлсэн хийн станц нь хойд Африк, Ойрхи Дорнод, хойд Америк зэрэг олон газраас түүхий эд авах боломжтойгоороо газар дээрх хий дамжуулах хоолойноос эрс ялгаатай. Тиймээс ч Оросын эрх баригчид Набукко хоолойд гэхээсээ олон орны шингэрүүлсэн хийн станцын бүтээн байгуулалтад илүүтэй анхаарал хандуулж байгаа юм. Байгалийн хийн дамжуулах хоолойгоор эзэнт гүрэн байгуулсан хэмээн Оросыг шүүмжлэгчид, тэр дундаа Европын холбоо эрх зүйн аргаар Оросын монополыг мөн түлхэн унагахыг санаархах болов. Эрчим хүчний гуравдугаар тунхаг хэмээн нэрийдсэн хоригоороо Европын холбоо эрчим хүчний нэг компани үйлдвэрлэл, нийлүүлэлт, худалдааг дангаараа хариуцахгүй хэмээн хуульчлахыг оролдож байна. Өнөө ч төслийн шатандаа яваа энэ тунхаг хэрэв батлагдвал Оросын эрчим хүчний гол корпораци Газпромын эрх их, бага хэмжээгээр хумигдах юм. Гэхдээ тэр болтол наанадаж таван жил, цаанадаж олон арван жил байгааг сануулах хэрэгтэй биз ээ. Байгалийн хийг Европт нөлөөллөө тогтоох улстөрийн хэрэгсэл болгосон хэмээн Оросыг шүүмжлэгчид захаасаа аваад олон ч Москвагийн хувьд энэ нь нэг талаар улсын төсөв хийгээд эдийн засаг, улстөрийн тогтвортой байдлынх нь баталгаа болдог зайлшгүй нөхцөл байдал билээ. Тэгэхээр европчууд Оросын нөлөөг буруулах өөр арга зам эрэлхийлж эхэлсний адил оросууд ч мөн эзэнт гүрнээ хадгалж үлдэхийн тулд шинийг сэтгэх биз ээ.Роберт Д.Каплан “Stratfor”
Г.ЛХАГВАДУЛАМ
Г.ЛХАГВАДУЛАМ

Сэтгэгдэл (0)