Зүүн Азийн эдийн засаг удааширсан ч дэлхийн өсөлтийг тэргүүллээ

Хятад улс экспортод чиглэсэн эдийн засгаас дотоодын эрэлтэд суурилсан эдийн засагтаа анхаарал тавьсан ч Зүүн Азийн хөгжингүй орнуудын өсөлтийг сааруулахад хүргэж байна. Хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ унасан, экспортын хувь хэмжээ төлөвлөж байснаас бага гарсантай холбоотойгоор Индонез, Малайз, Тайланд гэх мэт томоохон дунд орлоготой орны өсөлт суларч буй тухай өнгөрсөн сард Зүүн Ази, Номхон Далайн бүсийн тоймд дурджээ. Энэхүү тайланд уг бүсийн хөгжингүй орнуудын эдийн засгийг энэ онд 7.1, ирэх онд 7.2 хувь байна гэж тооцоолсон байна. Хэдийгээр энэ нь Дэлхийн банкны өнгөрсөн дөрөвдүгээр сарын тооцооллоос бага байгаа боловч хөгжингүй Зүүн Азийн бүс нь бусад бүсийг өсөлтөөрөө тэргүүлж байгаа юм. “Зүүн Ази, Номхон Далайн бүс нь дэлхийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. 40 хувь гэдэг нь өөр бусад бүсэд байхгүй үзүүлэлт юм. Дэлхийн ерөнхий эдийн засгийн өсөлт хурдасч буй тул эдийн засгийн өсөлтөө хадгалах, ядуурлыг бууруулах мөн ядуу, эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх үүднээс хөгжингүй орнууд бодлого болон бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон” гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Ирэх оны эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай байхаар төсөөлөгдөж байгаа боловч Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой эрсдэл тулгарсан хэвээр байна. Хөрөнгө оруулалт гэнэт буурсан нь уг бүс нутагт, ялангуяа Хятад руу үйлдвэрлэлийн хэрэглэл, аж үйлдвэрийн түүхий эд нийлүүлэгч орнуудад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хятадыг эс тооцвол уг бүсийн өсөлт энэ онд 5.2, 2014 онд 5.3 хувь гарна гэж тооцоолжээ. Дотоодын эрэлт өсөлтийг түрэн урагшлуулж байгаа боловч АЗЕАН-ы томоохон эдийн засагтай улс орнууд болох Индонези, Таиланд болон Малайз гэх мэт орны хөрөнгө оруулалтын өсөлт суларсан. Хэрэглээ болон зогсолтгүй мөнгөн шилжүүлэг Филиппиний эдийн засгийг тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Уг бүсийн жижиг эдийн засагтай улс орнуудын эдийн засаг илүү өөдрөг дүр зурагтай байна. Камбож нь хувцасны бүтээгдэхүүний экспорт болон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн өсөлтөө нэмэгдүүлсэн байна. АНУ, Евро бүс болон Японы өсөлт энэ оны хоёрдугаар улиралд эрчимжиж, эдийн засаг нь сэргэж эхэлсэн тул Зүүн Азийн хөгжингүй орнууд эдгээр орны гадаад худалдаанд эзлэх өндөр хувь хэмжээгээр дамжуулан эдийн засагтаа нааштай үр дүн авчрах боломжтой болсон. Гэсэн хэдий ч энэ бүсийн орнууд болзошгүй сөрөг тохируулгад бэлтгэлтэй байх нь зүйтэй. Сүүлийн хэдэн сард АНУ- ын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого зогсоно гэсэнтэй холбогдуулан хөрөнгийн биржэд үнийн уналт бий болж, вальютын ханш суларсан нь ихээхэн гадны оролцоотой санхүүгийн зах зээлтэй орнуудын эдийн засагт хохирол авчирсан. Холбооны Нөөцийн банкнаас зах зээлийн тогтворжуулалтын бодлогыг хязгаарлахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь бусад улс орнуудад ирээдүйн савлагаанаас үүсэн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хоёр дахь боломжийг бий болгожээ. Мөн гадаад мөнгөн тэмдэгтээр төлөх, богино хугацааны өр зээлээс хэт хараат байдлыг багасгах, өсөлт саарах үед вальютын ханшаа сулруулах, олон улсын чөлөөт эх үүсвэрийн нөхцөл байдлын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах бодлогын нөөцөө нэмэгдүүлэх нь улс орнуудын хувьд бэлтгэлтэй байх нь чухал бололтой. Япон өсөлтөө сэргээх шинэ стратеги болох “Абэномикс” нь уг бүс нутагт японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уг бүс нутаг руу чиглэх хөрөнгийн урсгалын хязгаарлалтын нөлөөллийг багасгаж болох юм. Дэлхийн эдийн засгийн хямралыг давах үүднээс хэрэгжүүлсэн сангийн болон мөнгөний тэлэх бодлого нь олон улс оронд сул тал бий болгосон байна. Хөгжсөн орнуудад хүүгийн төвшин тууштай өсөхөд Засгийн газрууд бэлтгэлтэй байж, санхүүгийн тогтвортой байдлыг сэргээн тогтоохоор илүү их чармайлт гаргах шаардлагатай болно. Урт хугацаандаа олон улсын хүүгийн төвшин нэмэгдэх нь хөрөнгө оруулалтад нөлөөлөх тул өсөлтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах нь бүтцийн өөрчлөлт хийхээс нэн хамаарна. Улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр төсвийн хөрөнгө оруулалтаа үр ашигтай байлгах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн өсөлт сайн байх төлөв байдал нь хөгжингүй орнуудад шинэтгэл хийхэд түлхэц үзүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтийг өөртөө нааштайгаар ашиглаж, өөрсдийн өсөлтийг бататгаж авах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЭРЧ ӨМНӨХ УЛИРАЛД
ЧАНГАРСАН Ч ОЛОН ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА


Энэ оны хоёрдугаар улиралд АНУ, Япон болон Евро бүсийн орнууд сүүлийн хоёр жилд анх удаа эерэг өсөлттэй гарлаа. Евро бүс энэ оны хоёрдугаар улиралд /улирлаас улиралд харьцуулсны дагуу/ 1.2 хувийн өсөлттэй гарч, удаан хугацааны эдийн засгийн уналтаас гарав. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрсэн нь эдийн засгийн сэргэлт эрчимжиж буйг нотолсон бол Японы эдийн засаг 3.8 хувь хүрч тэлсэн байна. Бразил, Хятад, Малайз, Өмнөд Африк болон Турк гэх мэт хөгжингүй орны өсөлт мөн хурдасчээ. Түүнчлэн эдийн засгийн гол үзүүлэлтүүд дэлхийн үйлдвэрлэл, худалдааны мөчлөг гуравдугаар улиралд хамгийн доод цэгтээ хүрсэн байж болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын төсвийн гацаатай холбоотой тодорхойгүй байдал, тэргүүлэх эдийн засагтай орнуудын мөнгөний бодлогоор эдийн засгаа сэргээх хөтөлбөрөө зогсоосны нөлөө, Хятадын хөрөнгө оруулалтын огцом уналт болон Ойрхи Дорнодод гарч буй үймээн гэх мэт эрсдэл дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нүүрлэсэн хэвээр байгаа юм.

ЗҮҮН АЗИЙН ХӨГЖИНГҮЙ ОРНУУД ЭДИЙН ЗАСГИЙН
ТЭРГҮҮЛЭГЧ БАЙР СУУРИА ХАДГАЛЖ БОЛНО

 Хятадын өсөлт нь засгийн газраас тавьж буй 7.5 хувийн зорилтод хүрэх төлөвтэй байгаа. Хятадын Засгийн газраас бүтээмж ба инноваци, хөрөнгө оруулалт бус хэрэглээнд суурилсан өсөлт бий болгох замаар эрэлтийг тэнцвэржүүлэхэд түлхүү анхаарч байгаа тул тус улсын өсөлт дунд хугацаандаа 7.5-7.7 хувийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Хятадаас бусад Зүүн Азийн хөгжингүй орнуудын өсөлт 2012 онд 6.2 хувь байсан бол энэ онд 5.2 хувь хүртэл буурч, харин 2014 онд 5.7 хувь хүртэл өсөх таамагтай байгаа. Сингапур болон Бруней гэх мэт өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт нь энэ онд 5.1, 2014 онд мөн 5.1, 2015 онд 5.4 хувь тус тус гарах төлөвтэй байна. Зүүн Ази, Номхон Далайн бүс /ЗАНДБ/-ийн өсөлт энэ онд бага зэрэг саарсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтийн тавны хоёрыг бүрдүүлж, дэлхийн бусад бүсээс хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

ИРЭЭДҮЙД ЭДИЙН ЗАСАГ САВЛАХААС ХАМГААЛНА

АНУ-ын Холбооны нөөцийн банк /ХНБ/-ны мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх бодлогоо хязгаарлахыг хойшлуулсан шийдвэр нь хөг- жиж буй орнууд руу чиглэх хөрөнгийн урс галыг сэргээж, уг орнуудын Засгийн газарт ирээдүйн савлагаанаас үүдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хоёр дахь боломжийг олгож байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хязгаарлана гэсэн таамаглал хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнийг бууруулж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж, дотоодын бондын хүүг огцом өсгөсөн юм. Индонез үүнд хамгийн их өртсөн ба Таиланд, Филиппин болон Малайз улс арай бага өртсөн байна. Санхүүгийн зах зээлд нь гадны оролцоо өндөр байсан орнууд нь хөрөнгө оруулалтаа харьцангуй их хэмжээгээр алдсан ба энэ нь тэднийг савлагаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлжээ. ХНБ-наас мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх бодлогоо хязгаарлахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, ЗАНДБ-ийн орнуудад уг бодлогыг хязгаарлахтай холбоотой нөлөөнд бэлтгэх цаг хугацаа, хоёр дахь боломжийг олгосон. Уг бодлогыг хязгаарлахаас үүдэн гарах эрсдэлийг бууруулахад гадаад мөнгөн тэмдэгтээр төлөх богино хугацааны өр зээлийн хэт хараат байдлыг багасгах, өсөлт саарах үед вальютын ханшаа сулруулах, мөн олон улсын чөлөөт эх үүсвэрийн нөхцөл байдлын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах бодлогын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал.

МӨНГӨНИЙ БОДЛОГОДОО ТОХИРУУЛГА ХИЙХ НЬ ГАРЦААГҮЙ

ЗАНДБ-ийн ихэнх орнууд энэ жил өсөлтийг дэмжих үүднээс төсвөөс эдийн засагт дэмжлэг үзүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн ба эдгээрийн зарим нь өнгөрсөн хугацаанд явуулсан тэлэх бодлоготой холбоотой төсвийн тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. Зээлийн өсөлт уг бүсийн томоохон эдийн засагтай орнуудад саарсан боловч ихэнх орнуудын ДНБ, зээлийн харьцаа 2008 оныхтой харьцуулбал өндөр байгаа юм. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд гарсан зээлийн тэлэлттэй холбоотой эрсдлийг бууруулах үүднээс макро-зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түүний сацуу ЗАНДБ-ийн орнууд татаасын тогтолцоог оновчтой болгохыг эрмэлзэж байна. Үүнд Индонез болон Малайзын түлшний татаас мөн Таиландын будааны татаас илүү тод жишээ болон харагдаж буй.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ АХИЦ ГАРГАХ НЬ
БҮТЦИЙН ШИНЭТГЭЛЭЭС ХАМААРНА

Хятад улс өөрийн хотжилтын бодлого, газрын менежментийн тогтолцоо, санхүүгийн тогтолцоо, сууршилт /хукуо/-ийн систем болон төсвийн төвлөрлийг сааруулах талаар томоохон шинэтгэл хийхээ зарлахаар зэхэж байгаа гэж ойлгогдож байна. Малайзын Засгийн газар улсаа 2020 онд өндөр орлоготой орны төвшинд хүргэх зорилгоор “Эдийн засгийн шинэтгэлийн хөтөлбөр”-өөрөө хэрэгжүүлсээр байна. Харин Индонезийн хувьд илүү нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын дэглэм тогтоох хэрэгтэй байгаа бол Филиппин улс дотоодын өрсөлдөөнөө нэмэгдүүлж, гадаадын оролцоонд тавьсан хязгаарлалтаа зөөллөх хэрэгтэй байна. Таиландын дунд хугацааны төсвийн оновчтой хүрээ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Эдгээр орны хувьд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал ба төсөл сонгон шалгаруулах арга замаа боловсронгуй, санхүүжилтийн механизмаа шинэлэг мөн төслийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох замаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай юм. АНУ-ын уламжлалт бус мөнгөний бодлогын зохион байгуулалтгүй хумилт, АНУ-ын төсвийн үргэлжилсэн гацаа болон Хятадын эдийн засгийн гэнэтийн удаашрал нь үндсэн гурван тулгамдсан эрсдэл болоод байна. Гэсэн хэдий ч эрсдэл бүр өсөлтийн сааралтаас үүдээгүй байгаа юм. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрчимжилт олон улсын худалдаагаар дамжин ЗАНДБ- ийн орнуудад дам эерэг нөлөө авчрах болно. Энэ нь уг орнуудад эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдээ өсөлтөд хүчтэй нөлөөлөлгүйгээр хаах боломж олгож байна. Хоёрдугаарт, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал, Японы дефляциас гарч, эдийн засгийн өсөлтийг сэргээх шинэ стратеги нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хязгаарлалтын ЗАНДБ-ийн орнуудад чиглэх хөрөнгийн урсгалд нөлөөлөх нөлөөллийг багасгах боломжтой юм. Энэ нь банкны зээлийн өсөлт, зээлийн чанарын тэнцвэржүүлэлт, гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтаар дамжин ЗАНДБ-ийн орнуудад эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Товчхон хэлбэл нэмэгдэж буй хүүгийн төвшнөөс үүдэх эрсдэлийг багасгахын сацуу худалдааны тэлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн улс орон эдийн засгаа сайжруулж чадна.

В.НЭРГҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)