Д.Батдорж: ”Аймгаа бөхийн хадагтай болгосон”

Аймгийн заан, спортын мастер, самбо, жүдогийн дасгалжуулагч Д.Батдоржтой ярилцлаа. Жүдогийн ОУХМ Б.Жанчивдорж, байлдааны самбын хошой аварга Б.Дамланпүрэв, сумогийн дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Туяа гээд түүний шавь нар өдгөө эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа юм.

-Таны дасгалжуулсан олон шавийг танина. Тэд таныг үндэсний бөхөөр хичээллэж тамирчны гараагаа эхэлсэн гэдэг юм билээ?
-Хөдөөний хүүхдүүд үндэсний бөхөөр барилдаж өсдөг юм шүү дээ. Бага байхдаа сумынхаа хүүхдийн наадамд үзүүр, түрүү авдаг байсан. 1991 онд үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улмаар Булганд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлж байлаа. Тухайн үед Жамьянсан түрүүлж Сумъяабазар хоёрт, Элбэг гуравт орж байсан юм. Мөн сумогийн Батбаяр бидний насанд барилддаг байсан. Тэр үед аймгийн арслан Насанжаргалын удирдлага дор анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан даа. Тэгээд тэр жилийн наадмаар сумандаа сайн барилдаад 1992-1993 онд Ардын армид ирсэн. Армийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж Барилгын цэргийн “Барилгачин” бөхийн клубт улсын начин Батбаяр, Чулуун зэрэг бөхтэй бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Тэгж л үеийн залуустай ноцолдож дөр суусан. Цэргээс халагдаад Үндэсний биеийн тамирын сургуульд элсэн орж самбо жүдо сонирхож эхэлсэн юм. Тухайн үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Баатаржав миний багш байсан. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймагт дасгалжуулагчаар очсон. Зах зээл хүнд байсан үед дасгалжуулагчаар очсон доо.

-Самбо, жүдогийн анхны охидын секцийг та бүрдүүлсэн гэдэг?

-Би оюутан байхдаа эмэгтэй тамирчидтай бэлтгэл хийдэг байсан. Тиймээс эмэгтэй бөхийг хөгжүүлэхийн тулд Өвөрхангай аймагт анхны охидын секц байгуулсан. Аймгийнхан тухайн үед эмэгтэй бөх гэхээр үл ойшоогоод төдийлөн тоодоггүй байлаа. Гэтэл нэг өдөр Цэргийн ангид ажилладаг байсан Оюунтуяа гэдэг охин манай секцэнд суралцахаар болсон. Түүнээс хойш хүмүүс ч эмэгтэй хүүхэд бөхийн төрлөөр хичээллэх боломжтойг ойлгож самбо, жүдогоор хичээллэх охид олширсон. Ер нь би дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа аймгийнхаа биеийн тамирын багш нарыг улсын аварга шалгаруулах тэмцээнд дагуулж явдаг байсан. Тэгж юу ч мэдэхгүй багш нарт хүүхдүүдээ хэрхэн бэлтгэх болон бусдын туршлага судлах боломж олгодог байсан юм. Үүнийг дагаад багш нарын идэвх сайжирсан. Дасгалжуулагчаар ажилласан 10 жилийн хугацаанд миний шавь нар 130 гаруй медаль улсын аваргаас авсан.

-Аймгийн цолтой бөхийн хувьд үндэсний спортоо ч орхигдуулалгүй хөгжүүлсэн байх?
-Олон хүүхдийг спортод элэгтэй болгосон доо. Одоо ч гэсэн зундаа нутагтаа очоод шавь нарынхаа шавийг дасгалжуулдаг. Мөн Өвөрхангай аймгийн үндэсний бөхийн бэлтгэлийнх нь үеэр очиж мэдсэн сурснаа зааж өгдөг. Манай аймагт морины хадаг гэж байдаг. Түүнтэй адилхан бөхийн хадаг гэдэг зүйлийг би аймагтаа зохион байгуулсан. Бөхийн хадагтай болсноор бөхчүүд мориноос ялгаагүй шагнал авдаг болсон. Энэ нь бөхчүүдийн барилдах итгэлийг төрүүлж, туршлага судлуулах том давуу талтай. Аймгийн цолтой дасгалжуулагч байсан учраас үндэсний бөхийг хөгжүүлэхийн төлөө олон ажил хийсэн. Тиймээс ч одоо улсын начин Б.Сангисүрэн, улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Д.Цэвэлсодном зэрэг шавь маань сайн барилдаж байна. Манай их спорт үндэсний бөхдөө суурилан хөгжиж байгаа. Ер нь монгол хүүхэд тэр чигээрээ л бөх болж төрдөг. Хэнээр ч залгуулаагүй мөртлөө сайн бөхчүүдийн хийдэг мэхийг өөрсдөө хийж сурдаг. Ялангуяа тонгорох, тохох мэхийг уран гоё хийж байгаа харагддаг юм. Тийм болохоор бөхийн авьяас мэдрэмж монгол хүүхдийн цусанд байдаг.

-Одоо та дасгалжуулагчаар ажиллахгүй байгаа юм уу?

-Хүний амьдрал болсон хойно дасгалжуулагчийн цалингаар ар гэрээ аваад явах боломжгүй юм. Тиймээс “Бат-Уянга гэр” компанийг үүсгэн байгуулсан. Одоо хэдийгээр өөр ажил хийж байгаа ч спортынхонтойгоо ойрхон явдаг. Дээрээс нь миний шавь ажлыг минь үргэлжлүүлэн хийж байгаа болохоор сэтгэл өег явах юм даа.

-Дасгалжуулагчийн хараа гэж чухал зүйл бий. Шавиас тань тэр зүйл харагдах юм уу?
-Миний шавь сайн дасгалжуулагч болсон. Гэхдээ яаж дуугүй байх вэ, “Дасгалжуулагч хүн хоёр сайн хүүхэдтэй байх хэрэгтэй. Тэгвэл бусад нь тэднийг хараад сайн хөгждөг юм шүү” гэж захидаг. Ер нь хүүхдийн ар гэр, удам угсаа гээд бүхий л зүйлийн талаар дасгалжуулагч судалгаатай байх шаардлагатай. Мөн амьдрал тааруу нэгэнд нь туслах нь дасгалжуулагч хүний үүрэг юм.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)