Амаржих газрыг дахиад л дээрэмдэх нь үү?
- 2011-10-22
- Эрүүл мэнд
- 0
Амаржих газраа аврахын төлөө...
Аливаа улс гүрний хувьд шинэ хүн мэндэлдэг амаржих газар нь чухал байдаг ажээ. Бүр тусгай бүс болгож ойр орчны газар нь цэцэрлэгт хүрээлэнтэй, амарч зугаалах талбайтай байдаг гэх. Харин манайд амаржих газраас ч илүү чухал өөр нэгэн зүйл байдаг аж. Энэ нь ашигтай байрлал, үнэтэй газар, эрх мэдэл. “Манай хоёрдугаар төрөхийн хажууд “Орбита” гэх нүдний эмнэлэг байрладаг. Анх энэ эмнэлэг н.Эрдэнэцэцэг гэх хүн авсан гэдэг ч одоо үүнийг өөр газарт худалдсан байгаа. Манай эмнэлгийн баруун талд байрлах Солонгос рестораны эзэн авсан гэсэн сураг дуулдсан” гэж Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын орлогч дарга Д.Цэцэгээ ярьж байсан юм. Тэд хашаа хатгаж эхэлсэн тэр цаг үеэс хойш чадах, ядахынхаа хэрээр тэмцсэн ч одоог хүртэл хүчрэхгүй байгаа аж. Ямар ч байсан тэд Нийслэлийн барилга хот, байгуулалтын газар, газрын албад руу шаардлага, албан тоот хүргүүлээд байгаа аж.
Арай ч барилга барихгүй байлгүй дээ, мэдэхгүй, зөвшөөрөл өгөөгүй...
“Хүүхэд, эхчүүдээ бодсон ч энэ газар арай өөр барилга барихгүй байлгүй дээ”. Энэ бол тэдний чин хүсэл. Одоо тэдэнд хүсэхээс өөр зүйл алга. Арга ч үгүй юм тэд ямар урд талын талбайгаа бусдад өгчихсөн биш. “Арай ч барихгүй байх аа. Ухаантай хүмүүс л бол хүүхэд амарждаг энэ газар барилга барихгүй байх гэж найдаж байна” гэж Д.Цэцэгээ ярьж байсан юм. Газраа хэн нэгэнд алдсан хоёрдугаар амаржих газарт өнгөрсөн жилд л гэхэд 5100 эх амаржжээ. Одоогоос дөрвөн жилийн тэртээ 3100 орчим их амаржсан энэ газарт жил ирэх бүр амаржих эх, мэндлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа аж. Гэтэл өнөөдөр газраа алдсан эмгэнэлтэй байдалтай тэд нүүр тулгарчихаад байгаа нь энэ. Монголд амаржих газар байгуулах гэхээр алгын чинээ газар олддоггүй, шорон байгуулах газар бол хэдийнэ олдоно гэдгийн нэг жишээ өнөөдөр хоёрдугаар амаржих газрынханд нүүрлээд байна уу гэлтэй.
Чухам яагаад хоёрдугаар амаржих газрын зай талбайг ийн хашиж орхисон тухай нийслэлийн хот байгуулалтын албанаас асуух гэтэл хариулт өгөх хэн нэгэн алга. Учир нь тэд зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Барилгын ажил эхэлсэн ч тэд мэдэхгүй. Учир нь зөвшөөрлийг тэд өгөөгүй. Тэгээд чухам хэн энэ газрыг эзэмших зөвшөөрлийг хэнд өгөв. Тэд ч, бид ч, өөр хэн ч мэдэхгүй. Хэрвээ барилгын ажил эхэлчихвэл ямар нэгэн байгууллага, хэн нэгэн дарга мэдэхгүй өнгөрөх дээрээ тулчихаад байна.
“Ямарваа нэгэн эмнэлгийн байгууллагын ойролцоо барилга барьж болохгүй дүрэмтэй л дээ. Бүр ийм стандарт ч бий. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэхгүйгээр л хашаа хатгачихсан шүү дээ. Ямар ч байсан амаржих газар гэдэг бол ердийн нэг эмнэлгээс өөр. Хэрвээ барилга баривал тоосжилт, бактери зэргээс авахуулаад олон асуудал гарна. Энэ газар бол амаржих газар, энгийн нэг эмнэлгийн газар биш” гэж Д.Цэцэгээ ярьж байсан юм. Хэрвээ том хэмжээний барилга баригдлаа гэж бодвол хүйтэнд тэсвэртэй нян, тоосонцорууд дэгдэх эрсдэлтэй ажээ.
Хашаа хатгасан ч төсөв нь бага...
Нийслэл хотод цөөхөн байдаг газруудын нэг нь яах аргагүй амаржих газрууд. Гэтэл энэ цөөхөн газруудын нэгээхэн хэсэг болсон Хоёрдугаар амаржих газарт улсаас өгдөг төсөв нь даанч чамлалттай. Улсаас өгсөн хэдхэн төгрөг нь хүрэлцдэггүй ч тэд өөрсдийнхөө хэмжээнд болгосоор өнөөг хүрчээ. “Төсөв үнэхээр бага. Одоохондоо нарийн тоог нь хэлж хараахан чадахгүй байна. Нэг эхийн ариун цэврийн хэрэглэл зэрэгт 50 мянган төгрөг зарцуулагддаг болохоор хаанаа ч хүрдэггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирэх ёстой мөнгө нь ч ордоггүй. Хуулиндаа улсаас эх, хүүхдийн төрөх асуудлыг төр даана гээд цаачихсан болохоор багахан юм л ирдэг. Гэхдээ бид эмнэлгийн олон арван үйлчлүүлэгчид, ажилтнуудынхаа сэтгэлийн дэмээр болдог л юм” гэж Д.Цэцэгээ ярьж байсан юм. Хашаа хичнээн хатгасан ч төсөв нь хүрэлцээтэй байж болохоор. Гэвч төсвөөс хуваарилдаг нь бага хэвээр л байна.
Өнгөрсөн жилд 5100 эх амаржсан энэ амаржих газар хэн нэгэнд эзлэгдсэн газраа авах гэж тэмцэж байна. Болохоосоо болохгүйг хүртэл. Хөгжингүй оронд тусдаа газартай, тусгайлсан хөрөнгө, санхүүтэй байдаг энэ чухал газар манай Монголд жижиг төсөвтэй, жижиг газартай байсан хэвээр. Тэдэнд өнөөдөр нэг л хүсэл бий. Газраа хэн нэгэнд алдчихгүй байх. Уг нь тэд улсын төсвөөс хэтийдсэн их хөрөнгө, цалин хангамж хүсээгүй. Тэдний хүсэл бол зүгээр л бүтэн газартай үлдэх.

Сэтгэгдэл (0)