Тосгоны охидын дундаас торойж гарч ирсэн топмодел
- 2011-12-13
- Дэлхий
- 0
Хятадын алдарт загвар өмсөгч Лиу Вэн. Өдгөө 23-хан настай ч, өөрийн байр
сууриа хэдийнэ олж, их амжилтын эзэн болоод байгаа чадварлаг загвар
өмсөгч түүнийг “Дэлхийн хүн” буландаа онцолж байна.
Хятадын алдарт загвар өмсөгч Лиу Вэн. Өдгөө 23-хан настай ч, өөрийн байр сууриа хэдийнэ олж, их амжилтын эзэн болоод байгаа чадварлаг загвар өмсөгч түүнийг “Дэлхийн хүн” буландаа онцолж байна.Дэлхий нийтийн танил болсон Ази гаралтай загвар өмсөгч Лиу Вэн нь 1988 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын Хунан мужийн Ёонзо хотод айлын ганц охин болж мэндэлжээ. Хятад улсын хүн амын хэт их нягтралаас сэргийлэн, айл гэрийн хүүхдийн тоог хязгаарладаг хатуу бодлогын дагуу тэрээр дүүтэй болох боломжгүй байсан учир ийнхүү ганцаараа өссөн байна.
Түүнийг эрүүл энх өсгөж, хүмүүжүүлж, алдар нэрийн оргилд хүрэхэд ээж нь хамгийн ихээр нөлөөлсөн бөгөөд түүнд далд авьяасаа нээн хөгжүүлж, дэлхий нийтэд танигдах боломжийг бүрдүүлж өгсөн ачтай нэгэн ажээ.
Лиу загварын ертөнцийн анхны гараагаа өдгөөгөөс таван жилийн өмнө 18 настай охин байх үедээ шагналын санд нь компьютер амласан тэмцээнд санаандгүй орсноор эхлүүлжээ. Тэрээр тус тэмцээнд амжилт гаргаж чадаагүй ч, загварын ертөнцийн амтыг мэдэрч, тайзан дээр бардам алхах хүсэл гижигдсэн бөгөөд удалгүй аяллын хөтөчийн ажлаа орхин, загварын тайзтай сэтгэл зүрхээ нэгтгэсэн байна.
Хятаддаа төдийгүй Азидаа нэртэй од тэрээр энэ долоо хоногийн эхээр оролцсон Майкл Корсын шоунд зочноор оролцох үедээ “Би 18 настай байхдаа үнэхээр юу ч мэдэхгүй бяцхан охин байжээ. Тэр том тайзан дээр би зөвхөн компьютер өгнө гэсэнд нь л болж гарсан байгаа юм. Жижиг тосгонд өсч торнисон учраас загварын ертөнц битгий хэл, хувцас загварын талаар ямар ч ойлголтгүй нэгэн байсан” хэмээн дурсан ярьжээ.
Шоуны өмнө тайзны ард хүрэлцэн ирэхдээ тэрээр бусдыгаа хүндэтгэн, цагаасаа эрт ирсэн бөгөөд, нүүр будалтын сандал дээр чимээгүйхэн ирж суугаад, iPod-оо сонсонгоо нүүрээ будуулж эхэлсэн байна. Шоу эхлэхээс өмнө тэрээр аяга халуун кофегоо уун, тухтайхан гэгч нь сууж байсан нь түүнийг энэ мэт олон сорилтуудыг хэдийнэ даваад сурчихсан гэдгийг нь илтгэж байсан аж.
Түүнийг суурь хүмүүжил сайтай, найрсаг харьцаатай хэмээн загварынхан ам сайтай байдаг бөгөөд шинэ ажлын саналууд үргэлж ирдэг гэнэ. Тэрээр “Өнөөдөр л гэхэд би таван шоунд дараалан оролцох ажилтай байгаа” хэмээн инээмсэглэн ярьж байсан байна.
Эелдэг, дотно харьцаатай, “өндөр” бүсгүйн дүрсийг бичихэд камерын хөлөө сунгах шаардлага гарахад тэрээр зураглаачдад “туслах уу” хэмээн гүйж ирсэн бөгөөд зураглаачдын багийнхан түүний найрсаг занг гайхан, магтсан гэнэ. Түүнд Хятадын Элчин Сайдын дүрд тоглох киноны санал ирсэн авч, тэрээр ахадсан дүр хэмээн даруухнаар татгалзсан байна.
Лиу бүсгүй дэлхийн томоохон загварын тайзнуудын ихэнхэд нь хөл тавьсан бөгөөд 2010 оноос эхлэн, “Estie Lauder”, “Constance Jablonski” брэндүүдийн нүүр царай болж ажиллаж байгаа ажээ.
Товч анкет:
Төрсөн он, сар, өдөр: 1988.01.27
Төрсөн газар: Хятадын Хунан муж, Ёонзо тосгон
Биеийн өндөр: 1,79 см
Биеийн жин: 50 кг
Биеийн харьцаа: 80-59.5-87.5
Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: Хар
Харьяалагддаг агентлаг: Миланы Марилин агентлаг
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
Zochin zochin (202.179.16.191)
hujaa geheergui l saihan amitan bna dag haha
Зочин (202.179.16.236)
Хятадад бас ийм хүүхэн байдаг аа хэхэ