Хятадад сургуулийн автобус дахин осолдлоо

Хятадын Зүүн өмнөд хэсэгт явж байсан сургуулийн автобус осолдож, бага ангийн 15 сурагч нас барж, бусад найм нь хүнд бэртэж гэмтсэн тухай орон нутгийн удирдлагууд мэдээллээ
Хятадын Зүүн өмнөд хэсэгт явж байсан сургуулийн автобус осолдож, бага ангийн 15 сурагч нас барж, бусад найм нь хүнд бэртэж гэмтсэн тухай орон нутгийн удирдлагууд мэдээллээ.Автобус сурагчдыг гэрээс нь аван, сургуулийн зүг хүргэхээр явж байсан бөгөөд үдийн алдад Жиангсу мужийн Пен тосгоны ойролцоохи шуудуу руу орж, онхолдсон байна. Гэмтэж, бэртсэн сурагчдыг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Төрийн мэдээллийн агентлаг Синхуагийн мэдээлж байгаагаар, автобус зам дээр байсан саадыг тойрч гарах гэж байгаад, жолоодлогоо алдан, их хэмжээний  усаар дүүрсэн шуудуу руу орж, осолдсон байна.  Осол болох үеэр автобус 29 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд  жолоочийн хувьд хөнгөн гэмтэл авсан бөгөөд цагдаагийнхан түүнийг баривчилж, хориод байгаа ажээ. Сурагчдын ихэнх нь машины бүхээгт түгжигдэн, живж амиа алдсан тухай мөн мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард мөн Хятадын баруун хойд хэсгийн нутаг Гансу мужид ачааны бүхээгтээ 64 зорчигч суулгаж даац хэтрүүлж явсан сургуулийн автобус осолдож 19 хүүхэд амиа алдаж байсан хэрэг гарч байсан бөгөөд сургуулийн автобус ийнхүү осолдох тохиолдол ихээр гарах болсон байна. Ар араасаа цувран үйлдэгдэж буй автобусны осол Хятад даяар сургуулийн автобусны аюулгүй байдалд анхаарах цаг болсныг сануулсаар байгаа билээ.
Ерөнхий Сайд Вэн Жиабао тус хэргийг авч үзэж, холбогдох засгийн газрын нэгжүүдэд мэдэгдэн, улсын сургуулийн автобусны чанар, аюулгүй байдал төдийгүй үйлдвэрлэл, загвар хийцэд өндрөөр анхаарал тавихыг үүрэг болгосон байна. Долоо хоногийн эхээр, Бээжин дэхь Улсын Төв Консул хуралдаж, сургуулийн автобусны аюулгүйн хэм хэмжээний талаар авч хэлэлцсэн байна.  Хэлэлцсэн асуудалд зургаан сар тутамд чанар аюулгүй байдлын үзлэгт хамруулж, тогтоосон дүрэм журмыг чандлан сахиж байх тухай тусгагдсан байсан ажээ.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)