Дэлхийн хамгийн нууцлаг удирдагч талийн одож бас нэг нууцлаг Кимийн “хаанчлал”ын он тоолол эхлэх нь

Өнгөрсөн 2010 онд дэлхийн оны тэмдэглэлт үйл явдалд Умард Солонгосын гуравдахь Ким албан ёсоор тодорч байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн оруулж байсан.

Өнгөрсөн 2010 онд дэлхийн оны тэмдэглэлт үйл явдалд Умард Солонгосын гуравдахь Ким албан ёсоор тодорч байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн оруулж байсан. Тэгвэл мөнөөх залуу хоёр он солигдох гэж буй энэ цаг үед жинхэнээсээ тус улсын гуравдахь удирдагчаар сонгогдох боломжтой боллоо.
Умард Солонгосын талийгаач удирдагч Ким Чен Ир өөрийн залгамжлагчаар бага хүү Ким Чен Уныг албан ёсоор зарласан нь 2010 оны гол үйл явдлын нэг. Өнгөрсөн 2010 оны наймдугаар сард харвалт өгсөн байж болзошгүй гэгдсэн Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байнга чих тавих болсон. Биеийн байдал хүнд байгаагаас олны өмнө тэр бүр ил гарахгүй байгаа гэгдсэн.
Харин тэрбээр дөрөвдүгээр сард  парламентынхаа хуралд өөрийн биеэр оролцсон ба ядруухан,  нэлээд хөгширсөн байдалтай харагдаж байсан нь хүнд өвчтэй гэсэн таамгийг баталсан.
Олон улсын ажиглагчид Хойд Солонгосын удирдагч өөрийн засаглалыг улам бэхжүүлэх зорилгоор цөмийн туршилт хийх шийдвэрийг гаргаад, дараа нь залгамжлагчаа албан ёсоор зарласан гэлцсэн. Үнэхээр ч Хөдөлмөрийн нам, Ардын арми болон Ардын дээд хурлын тэргүүлэгчид нь залгамжлагчийн талаарх мэдээллийг энэ үед л авсан бололтой.  Тэрбээр 2010 он гармагц өөрийн залгамжлагчаар бага хүүгээ гэж нэрлэсэн гэсэн таамаг мэдээлэл анх гарчээ. Гэтэл гуравдугаар сард Ардын их хурлын депутатын нэрсийн жагсаалтад Ким Чен Уны нэр ороогүй  байсан нь Хойд Солонгосын удирдагчийн залгамжлагч нь түүний хүргэн 63 настай Чан Сон Тхэк хэмээн таамаглахад хүргэсэн.

Харин энэ явдлаас нэг сарын дараа Ким Чен Ирын хоёр дахь хүү Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаалд томилогдсон нь дээрх таамагт эргэлзэхэд хүргэж байв. Хойд Солонгосын удирдагчийн хувийн тогоочоор олон жил ажилласан нэгэн өөрийн дурсамж номдоо Ким Чен Ун нь эцгийнхээ хамгийн хайртай, итгэлийг нь авсан хүү нь хэмээн бичжээ. Үүний нэг нотолгоо нь Ким Чен Ир бага хүүгээ “Өглөөний нарны хаан” хэмээн дуудаж байхыг туслах болон гэрийн үйлчлэгч нартаа “зарлигдсан” ба одоо хүртэл энэ нэрээр нь харьцдаг туслахууд байдаг гэнэ.

Ким Чен Ун  нь чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөр хичээллэдэг, үлгэр жишээч, тэргүүний оюутны нэг хэмээн хувийн хэрэгт нь тодорхойлжээ. Ким Чен Ун 2006-2008 онд парламентын гишүүн болсноор улс төрд анх хөл тавьж.  Хойд Солонгосын гурав дахь удирдагчаар түүнийг сонгосныг Хөдөлмөрийн намын Их хурлын үеэр олон нийт мэдсэн юм.
Хурлын үеэр аравдугаар сарын 10-нд тэмдэглэх Хөдөлмөрийн намын 65 жилийн ойг тохиолдуулан ерөнхий командлагчийн хувиар Ким Чен Ир зарлиг гарган Солонгосын ардын армийн нийт 39 офицерыг тушаал дэвшүүлж, зургаан хүнийг армийн генерал болгосны нэг нь түүний бага хүү Ким Чен Ун байсан нь гуравдугаар Кимээр тодрох хамгийн өндөр магадлалтайг нь улам батласан.
Албан ёсоор залгамжлагчаар зарлаагүй ч бага хүүгээ өндөр албан тушаалуудад дэвшүүлж чимээгүйхэн бэлдэж байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир агсан урьдаас тооцохын аргагүй үйлдэл хийдгээрээ алдартай нэгэн байж билээ.  Ким Чен Ир нь 1994 онд эцэг Ким Ир Сенийг нас барахад төрийн дээд удирдлагыг гартаа авсан ч Ерөнхийлөгч гэдэг нэрийг хэзээ ч хэрэглэж байгаагүй. Учир нь эцэг Кимийг Солонгосын ард түмний мөнхийн Ерөнхийлөгч гэж үздэг учраас тэр гэдэг. Дарангуйлагчдын дундаас хамгийн нууцлаг нь хэмээн түүнийг Америкийн нэгэн нэртэй улстөрч хэлж байжээ.

БНАСАУ-ын хоёр дахь удирдагч Ким Чен Ир 1941 (зарим эх сурвалжаар 1942) оны хоёрдугаар сарын 16-нд Хойд Солонгосын Пөктусан хэмээх тосгоны ойролцоо нэгэн партизаны хуаранд солонго татаж хурц од гэрэлтсэн үед төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг ч ихэнх эх сурвалжид ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлццэг. Эцэг Ким Ир Сен нь хуудээ Юрий Ирсенович Ким гэдэг орос нэр хайрлажээ.
Тухайн үед Ким Ир Сен Улаан армийн 88-р бригадын командлагч байсан бөгөөд 1945 оны арваннэгдүгээр сард гэр бүлийнхнээ аван Пхеньянд ирснээр бяцхан Юрагийн эх орондоо хөл тавьсан анхны мөч нь тэр болсон аж. Тэрбээр 1953 онд эхэлсэн Солонгосын дайныг дуустал Хятадад бага насаа өнгөрүүлж байгаад эргэн ирж эцгийнхээ нэрэмжит Пхеньяны их сургуульд элсэн суралцжээ. Их сургуулиа төгсмөгцөө эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна.
Үүнээс хойш тэрбээр Хойд Солонгосын төрийн дээд удирдлагын бүх л албыг хашсан ба шагнуулсан одон медаль нь дотоод гадаадтайгаа нийлээд 200-д дөхдөг гэдэг. 1974 онд Ким Ир Сений албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан ч 1994 онд эцгийгээ нас барсны дараа л албан ёсоор төрийн тэргүүн болсон.

Тэрбээр төрийн тэргүүний хувиар ердөө долоон удаа л хилийн чанадад зорчиж байсны дөрөвт нь Хятад руу гурав нь Орос руу. Энэ 2011 онд тэрээр Хятад болон Орост гэнэт хуягт галт тэргээрээ зорчсон билээ.
ОХУ-ын Улаан-Үд хотноо тус улсын төрийн тэргүүи Д.Медведевтэй уулзаж Солонгосын хойг руу байгалийн хийн хоолой татах болон Умард Солонгост туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Харин хувийн амьдралын тухайд гэвэл тэрбээр олонхи удирдагчдын адил тогтворгүй нэгэн. Анх эцгийнхээ заавраар Ким Юн Сук хэмээх эмэгтэйтэй гэрлэж байсан ч тэр үедээ хоёр дахь эхнэр Сонг Хи Римтэй далдуур амьдарч байсан гэдэг.
Анхны эхнэр нь түүнд Ким Сул Сонг буюу Силсон хэмээн дууддаг охин төрүүлж өгчээ. Энэ охин нь одоо 37 настай ба өмнөд Солонгосын тагнуулын албаныхны тодорхойлсноор "Францад их сургууль төгссөн, тун сэргэлэн, бас үзэсгэлэнтэй нэгэн ба томоохон албан тушаал хашдаг" хэмээсэн байдаг. Удирдагчийн хоёр дахь эхнэрээс төрсөн хүү Ким Чен Нам нь одоо 40 настай, нэг хэсэг Японд саатуулагдаж, Хятадад казинотой холбогдож нилээн манаргаад авсан. Барууны үзэл сурталд автсан хэмээн эцэг нь түүнд муу байдаг байж. Харин гурав дахь эхнэр Ко Юн Хи нь түүнд хоёр хүү төрүүлж өгсний бага нь өдгөө түүний орыг залгамжилж байгаа Ким Чен Ун. 

Түүний ах Ким Чен Чул нь аавынхаа адил бие муутай нэгэн байдаг ба лидер болох чанаргүй хэмээн эцэгтээ гологддог ирсэн гэнэ. Удирдагч бээр нас бартлаа Ким Ок хэмээх дөрөв дэх эхнэртэйгээ амьдарч байжээ. 2010, 2011 онд жил дараалан БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж шуугиулаад авсан нь сонирхол татна. Хуяглагдсан галт тэргээрээ тэрбээр хойд хилээ даван Хятадын төрийн тэргүүнтэй томоохон уулзалт хийсэн.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийн залгамжлагч Ким Чен Унаа хүлээн зөвшөөрүүлэхээр очсон, мөн ихээхэн хэмжээний эд материал, санхүүгийн тусламж гуйхаар очсон хэмээн янз янзаар тайлбарлан шуугилдаад л өнгөрсөн. Чухам юуг тэд хэлэлцсэн нь нууц. Зарим барууны хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр хятадууд түүний хүсэлтийн хариуд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зургаан талт гэрээнд буцаж нэгдэх эсрэг саналыг тавьсан гэж ч мэдээлсэн. Ким Чен Ирийн даяанч амьдрах Чучхегийн үндэс нь цөмийн бөмбөгийн аюулаар наймаалцах явдал. 
Хятадууд ч Хойд Солонгосын цөмийн аюул тэдэнд эрсдэлтэйг мэддэг хэдий ч зарим талаараа үүнийг ашиглаж улс төрийн тавцанд бойкот болгохыг хүсдэг. Түүний нууцлаг айлчлалууд магадгүй үүнтэй ч холбоотой байсан биз. Зарим хэвлэлүүд түүний эдгээр айлчлалуудыг амьдралынх нь сүүлчийн томоохон айлчлалууд хэмээн нэрлэсэн билээ.
Тэгвэл залгамжлагч бас л нууцлаг нэгэн. Ким Чен Уны багадаа авахуулсан ганц зургаас өөр зураг олддоггүй гэх ба Швейцарьт нууц нэрээр дунд сургууль төгссөн, барууны боловсролтой, 27 эсхүл 28 настай гэхээс өөр баримт олонд ил гараагүй. Щвейцарийн нэгэн залуу дэлхий даяар мэдээлэгдээд байгаа шинэ удирдагчийн багын зургийг хараад түүнтэй хамт дунд сургуульд сурч байсан  солонгос хүү мөн байна хэмээсэн талаар CNN мэдээлж шуугиан тарьж байсан.

Тэр залуугийн баталснаар нэгэн удаа солонгос найз нь би Хойд Солонгосын нэгэн том даргын хүү болох талаар яриад баахан гэрэл зураг үзүүлсэн ба тэрхэн үедээ итгэлгүй тэгээд мартагдсан хэмээж байжээ. Ийнхүү дэлхийн хамгийн нууцлаг дарангуйлагч хадан гэртээ одож түүний залгамжлагч бас л маш нууцлаг хүн болох Ким Чен Ун гэдэг залуугийн “хаанчлал”-ын он жилүүд шинэ оноос эхлэхээр боллоо.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • yag unen (202.179.18.135)

    2011-12-19

    yag unen ih sain dygnelt ugsun bn

  • (202.179.24.50)

    2011-12-19

    bye boljdee huurhii