Ким Жон Илийн оршуулах ёслол өнөөдөр болно

Хойд Солонгос удирдагч асан Ким Жон Илийн оршуулах ёслол өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх ажээ.
Хойд Солонгос удирдагч асан Ким Жон Илийн оршуулах ёслол өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх ажээ. Түүний оршуулах ёслолд гадны төлөөлөгчдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд Пхеняны нэр нөлөө бүхий 10000 гаруй иргэд оролцохоор болсон байна.
Түүнийг ийнхүү хүндэтгэлтэй оршуулж байгаа нь шинэ удирдагч Ким Жон Уны улс орноо авч явах их урам зоригийг бадрааж, цаашид эцгийн үлдээсэн их үйл хэргийг амжилттай авч явахад нь дэм өгөх зорилготой хэмээн эх сурвалжууд онцолж байгаа юм.
Ким Жон Уны нэр Үндэсний Оршуулгын Хорооны гишүүдийн жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн байсан бөгөөд тус оршуулгын хорооны гишүүд Ким Ил Суны оршуулах ёслолд мөн оролцож байжээ. Ким Жон Илийн нөгөө хоёр хүү нь тус хороонд харьяалагддаггүй бөгөөд тэднийг оршуулах ёслолд байлцуулахгүйгээр шийдсэн байна.
Оршуулах ёслол нийслэл Пхеняны төв талбайд өдрийн нэг цагт 24 удаагийн  цэргийн ёслолын буудлага үйлдэж, цэргийн сүрт жагсаал хийснээр эхлэх бөгөөд их удирдагчийнхаа инээмсэглэл тодруулсан хөргийг барин жагсах ажээ. Хотын оршин суугчид хар хувцас өмсч, гудамжиндаа гарч зогсон, их удирдагчийнхаа араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлэхээр болжээ.
Маргааш үд дунд түүний дурсгалыг хүндэтгэн, гурван минут дуугаа хураан зогсох бөгөөд усан онгоц, галт тэрэгнүүд дохиогоо дуугарган гашуудах ажээ.
Шинжээчид “Шилдэг удирдагч” болно гэгдээд байгаа Ким Жон Уныг дадлага туршлагатай цэргийнхэн болон удирдагчид хүрээлэх хэдий ч, Пхеняны элит гаралтай нөлөө бүхий зарим эрхэм улс төрийн туршлагын хувьд дулимаг түүний засгийн эрхэд санаархаж болзошгүй хэмээн таамаглацгааж байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)