Хул морьтой хүн

 

        “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах вэ?” хэмээх нийтлэл маань “Үнэн” сонинд гарснаас хойш хорин найман жил өнгөрчээ. Учир мэдэх онч мэргэн ухаантнуудын хэлэхийг сонсоход Монгол Улс эдүгээ тэжээгчээ үнэхээр алджээ. Монгол Улс гадаадын мөнгө хүүлэгчид, хөрөнгө оруулагчдын улыг долоож амь зуудаг боолын боол босгоны шороо гэгч нь болсон гэж байна. Олон улсын өрийн шоронгийн хоригдол орон болох аюул тулж ирсэн юм байна.

 

Монгол хэмээх энэ өвөрмөц амьдралтай үндэстнийг анх үүссэнээс өнөөг хүртэл хувь заяаг нь үүрч дүүрч, хариуцаж хаацайлж ирсэн малчин түмнийг гадуурхсан улс төрийн буруу бодлого энэ улсыг иймд хүргэсэн гэж үнэний элч болсон бодит баримт бидэнд ойлгуулж өглөө.

 

Чухам үнэндээ Монгол Улсын уламжлалт жинхэнэ эзэн болсон хэдэн мянган малчны дотроос ганц ч хүн өнөөгийн УИХ, Засгийн газарт байхгүй болсон нь сүүлийн хэдэн жилд Монголд улс төрийн ноцтой том гажуудал гарсныг нотолж байна. Нүүдэлчин соёл иргэншил бүхий цорын ганц туурга тусгаар үндэстэн болсон Монголын хувьд малчингүй төр засагтай болсон нь яалт ч үгүй улс төрийн завхруулга мөн бололтой. Нийт хүн амын дөрөвний нэг нь болох долоон зуугаад мянган хүн малчны өрх айлд данстай байгаа гэх агаад тэнд нэг хүнд далаас ная, нэг өрхөд 400 мал ногдож, тийм нэг малчин өрх дунджаар 22 хүнийг мах сүү, цагаан идээгээр тэжээж байна. Ийм улс орон манай гариг дээр Монголоос өөр байхгүй. Чингэхлээр малчнаараа тэжээлгэдэг Монгол Улс малчингүй төр засагтай болсон энэ гунигт баримт нь зөөлнөөр хэлбэл улс төрийн алдаа, хатуухан хэлбэл нийгмийн том хэлмэгдүүлэлт болжээ. Үлгэрлэвэл тэртээ холын нэгэн цагт өмнөд Африк болон АНУ-д ноёрхож байсан арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмтэй адилхан дэглэм манайд тогтсон байна. АНУ-д өнгөт арьстныг автобусны урд талын суудалд суулгадаггүй байсан гэлцдэг юм. Т эгвэл өнөөдрийн Монголд малчин хүн хаалгаар нь орох байтугай хаяа хатавчаар нь ч үзэгддэггүй төр засагтай болсон байна. Монголд малчин хүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй гэж манай дарга нар хэлнэ биз.

 

Үнээн үнэн, тийм хууль байхгүй. Харин сонгуульд малчин хүн өрсөлдөх боломжийг сонгуулийнхаа хуу лиар хаачихсан байдгийг тэд өөрсдөө анзаардаггүй байж мэднэ. Намд хэдэн зуун саяар нь хандив өргөх боломж малчинд тэр бүр байхгүй болохоор намууд тэднийг тоодоггүй. Бие дааж нэр дэвшье гэхээр 800 хүний нэр цуглуулах гээд гуйлгачилж явах хүмүүс нь малчид яав ч биш. Ерөөс том бага ямар нэг албан тушаал өгөөч хэмээн улаан цайм гуйж явах ширэн нүүр малчдад угаасаа байдаггүй. Сум багийн хурлаас нэр дэвшүүлэх эрх хуулиараа хаалттай байгаа. Намын нэрсийн жагсаалтад орох учрал тавилан ойрын он жилүүдэд лавтай заяахгүй юм шиг байна. Улс төрөөс нүд үзүүрлэгдэж буй малчин хүний байр байдал наад зах нь нэг иймэрхүү.

 

Монгол Улс бол энэхэн буурал замбуулингийн нэгээхэн орон зайд амь зуусаар өнөөдөртэй золгохдоо зөвхөн нүүдлийн соёл иргэншилд шингэсэн тэнгэрлэг ёс суртахууны буянаар хорвоогийн түмэн зүйлийн хатуу хүтүүг тэсвэрлэн туулж чадсан сүүлчийн бие даасан ганц үндэстэн мөн билээ. Хэрвээ Монгол Улс дахь энэхүү ховор нандин нүүдлийн соёл иргэншлийг алдвал хүн төрөлхтөн эдүгээ цор ганцаар үлдсэн цэвэр ариун ёс суртахуунтай, өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг соёл иргэншлээсээ бүр мөсөн хагацах болно. Хүний хорвоогийн өрөвч нинжин сэтгэл зөвхөн энэ л соёл иргэншилд нийтлэг байдлаар хадгалагдаж байдаг. Тусархуу, халамжтай халуун сэтгэл бас энэ л иргэншлийг доороос нь тулж, дотроос нь гагнаж байдаг. Ил цагаан, шулуун шударга ёс заншил энэ соёл иргэншлийг хазайхад тэгшилж, ухрахад нь ташуурдаж явдаг. Луйвар дээрэм энд байдаггүй. Авлига хээл хахууль бас байдаггүй. Нууц далд үгсэл хуйвалдаан, улс төрийн явцуу талцал хийгээд өш хонзон, хар тамхичин, хүний наймаачин энд байхгүй.

 

Хамгийн чухал нь хувь хувиа хичээж бусдыг хохироодог шунахай муу зуршил энд байдаггүй. Эдгээр олон сайхан давуу тал монголын өмнөх түүхийн гайхам содон онцлог мөн байсан төдийгүй цаашид хүмүүний орчлонгийн уудам мандалд сүүлт од лугаа адил гэгээ татуулан цахилж явах ирээдүйг нь замчилж байна. Монгол Улс өөрийнхөө ирээ-дүйг үнэхээр ингэж өөдрөгөөр харж байгаа л нүүдэлчин малч-дыгаа төрдөө залж, хууль ёсны эрх дархыг эдлүүлэх цаг нэгэнт болсон буй за. Үүний тулд өнөө маргаашгүй юу хийх ёстой вэ гэвэл юуны өмнө малчдыг төрийн шийдвэр гаргах төвшинд оруулж ирэх талаар зоригтойхон алхам хэрэгтэй байж таарна. Түүнд зориулсан хуулийг дөрвөн жилийн өмнө нэгэнт баталчихаад бэлхэн байж байгаа. Харин түүнийг түрүүчийн сонгуулиар зориулалтынх нь эсрэг ашиглаж нэр хүндийг баахан гутаасан тал бий. Энэ жил “амташсан хэрээ арван гурав дахин эргэнэ” гэгчээр бас л буруу ашиглаж магадгүй шинжтэй байна.

 

Энд ямар хуулийг яриад байна вэ гэвэл хувь тэнцүүлэн сонгох УИХ-ын сонгуулийн про-порционал тогтолцооны тухай ярьж байна. Намын нэрсийн жагсаалт гэдэг нь уг чанартаа бол төрийн эрх барих дээд байгууллагад заавал суулгаваас зохилтой боловч өөрсдөө бие дааж өрсөлдөх боломж гүй, жишээлбэл манай мал чин, тариачин, ажилчид, өндөр настай ахмад улс төрчид, эмзэг ядуу бүлгийнхэн зэрэг хүмүүсийг өөрсдийнх нь талархан дэмждэг намын авсан саналын тоогоор хувь тэнцүүлж сонгох ухаалаг тогтолцоо байсан байгаа юм. Одоо энэ хуулийг жинхэнэ агуулга, зориулалтаар нь ашиглах замаар малчдыг төрд оруулж ирэх боломж байх шиг байна.

 

Тийм учраас намуудын дэвшүүлэх нэрсийн жагсаалтын эхэнд тодорхой тооны малчдын төлөөллийг заавал оруулдаг журам тогтоох нь зөв шийдэл болно буй за. Гэхдээ энэ жилийн хувьд ийм шийдвэр гаргаж арайхан амжихгүй байх. Энэ удаагийн монгол төр засгийн олонхийн бие бүрэл дэхүү-нийг хувь хүн талаас нь сонир-хож ажваас тэдний дийлэнх нь сайд дарга, эрдэмтэн сэхээтний хүүхдүүд байдаг юм байна. Тэднийг цөмөөрөө буруу эрхэлсэн хүүхэд гэж хэлэхгүй. Сайн хүүхэд тэнд нэг бус байгаа. Бас цөмөөрөө монгол ёс заншлаа сайн мэддэг , дуулгавартай зөв сайхан хүмүүжилтэй залуус гэж хэлэхгүй. Хэт зоргоороо зүтгэдэг ярдаг оомой залуус тэдний дотор байж л байгаа. Ямар ч атугай одоо цагийн монголд төгрөг мөнгө гэхээс илүүтэй төрийн хар хүний хашир мэргэн ухаан л их дутаж байхыг олж харлаа. Монголын төр муудахдаа хүрвэл амархан мууддагийг, тийнхүү муудахдаа загас адил толгойноосоо мууд дагийг монголчууд олж мэдлээ. Тоглоомгүй үнэнийг хэлэхэд өнөөдрийн олонх нь энэ бүх үйлдлээрээ алтнаас ч үнэтэй ийм хоёр сургамж үлдээлээ. Үүнийг гавьяатайд тооцож болно. Хаяагаа манаж сүүдрээсээ ч бусгадаг хашруудын зүгээс бол зуун жил хүлээгээд ч гарч ирэхгүй үнэтэй цайтай сургамж гэдэг энэ мөн биз.

 

Залуу улс болохоороо амьдралын мэдлэг багатай ялангуяа нүүдлийн соёл иргэншлийн тухайд бол бүр таг, умаахан гэмээр байна. Эд нарын дотор айл нүүлгэж, атан тэмээ хомнож, унь өлгөж, ханын ам нийлүүлж сурсан хүн их л цөөн юм шиг байна. Нүүдлийн айл тосч цай идээ өгч үзсэн нь бараг үгүй биз. Даага сургаж, ховоо татаж, сарлаг үхрээ дүүгүүрдэж, саахны хурга ишиг зөрүүлж мэдэхгүй хүн ч олон байх. Уламжлалт хөдөө-нөөс үе дамжин холдож төсөөр-сөн сэтгэхүйтэй исгэлэн залуус нүүдэлчин удмын монголыг удир-даж нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн хэмжээнд хөгжүүлэх тухай санал санаачлага ундруулна гэвэл ёстой л мөнөөх матар гэгч амьтан хайлан уярч усан нулимс унагахыг хүлээх лугаа адил байж магадгүй. Тэд өөрсдийн мэддэг, сэтгэл зүрхэнд нь ойр санагддаг суурин соёл иргэншил рүүгээ монгол түмнийг гулдран чирч байна. Тэгэлгүй яахав. Нөгөөдүүл нь нүүдлийн соёл иргэншлийн давуу талыг алдахгүй гэж чадахын хэрээр хойшоо чаргуулдан тээж байна.

 

Тэд ч бас ухаалаг байна. Нэгдсэн нэг Монгол Улс маань удирдлагын голдуу ийм л шалтгаанаар нүүдлийн ба суурин гэсэн хоёр өөр соёл иргэншилд хуваагдчихлаа. Одоо үүнийг яалт ч байхгүй, энэ бол бодитой оршин байгаа хорвоо. Манай цагаан гарт торгомсог (элит) удирдагчид бол малчдыг мал шиг биш хүн шиг л хүмүүс гэдгийг маш сайн мэднэ. Тэр талаар эргэлзээ байхгүй. Харин малчид бол төрийн эрхийг барих эрдэм чадалтай бас тийм түүхэн туршлагатай хүмүүс мөн гэдгийг төдийлөн мэддэггүй, түүнд итгэдэггүй хүмүүс болов уу. Тэгэхлээр малчдад төр барих эрх мэдлийг нь эдлүүлэх тухай санаа тавина гэж горьдвол үнэндээ зангууны үлгэр гээч нь болох биз. Нөхцөл байдлыг ингэж л харж байна. Хэрэвхүйеэ азын шоо дайрч, төр засгийн шийдвэр гаргах суудалд малчдыг сонгож чаддаг болвол Өмнөд Африкийн Нелсон Манделла, АНУ-ын Мартин Лютер Кинг нар шиг ухаантай, зоригтой, чин шударга удирдагч төрд орж ирээд монгол дахь нүүдлийн аж төрөх ёсыг хүн төрөлхтний орчин үеийн оюунлаг хөгжлийн охь юу манлай болгож чадна.

 

Монголын манделлачууд манайд байж л байгаа. Тийм аугаа чадварлаг удирдагчид л өмнөх он жилүүдэд монголыг удирдан жолооддог байсан юм. Малчин гаралтай Арвай хээрийн Гэндэн, маршал Дэмид, жанжин Лхагвасүрэн, Жамс рангийн Самбуу, Жамбын Батмөнх, Дашийн Дамба, Со-номын Удвал, Түмэнбаярын Раг-чаа, Чимиддоржийн Сүрэн жав, Думаагийн Содном, Пун цагийн Жасрай, Човд ронгийн Даш-дэмбэрэл, сайд Рин чинпэлжээ, Б.Дорж, М.Дүгэрсүрэн, П.Дамдин алдарт мал чин, хөдөл мөрийн баатар Ц.Намхай нямбуу, Цогтгэрэл, Л. Бэгз, сум орон нутгийн домогт дарга, хөдөлмөрийн баатар Лодой-хүү, Чулуун, Минжүүр, Ү.Аварзад, Намжиг, Жамсран, Гомбожав... Тэд бол монголд төрсөн малчин-манделлачууд төдийхөн бус, тэд бол монголын таана ерхөгт тал нутаг, заг бударганат говь хээр, цэцэг жимст хангай, хэнтий нутагт малчин ээжийн аминаас амь тасалж төрөөд нэхий өлгий дээр тарвалзаж өсөхдөө мөнөөх л нүүдлийн соёл иргэншлийн хамаг ариун сайхан чанарыг эхийнхээ сүүтэй хамт хөхөж, түүгээр хүмүүжсэн, олонд зартай шилдэг удирдагчид мөн байсан. Эдэнтэй нэгэн адил авьяас чадвар нь хүмүн биендээ буцалсан ирээдүйн тэрхүү аугаа удирдагч нь хул морьтой ирэх учиртай гэж зөгнөж байна. Зүгээр нэг хул морь биш гол дайрт, годил сүүлт орогшин хул морь хүлэглэсэн байх биз. Манай тооллын аравдугаар зууны үед Бодончор өвөө ийм хул морь хүлэглэж явсан түүх байдаг. Түүнээс хоёр зуун жилийн дараа XII зуунд Тэмүжин хүү найман шарга морио олж авахдаа бас ийм морь унаж явсан тухай МНТ-нд тэмдэглэсэн бий.

 

Тэгэхлээр гол дайрт, годил сүүлт орогшин хул морь гэдэг бол түүхэн их өөрчлөлтийн эзний хүлэглэдэг зөн бэлгэдлийн хүлэг мөн байж магадгүй. Харин тэрхүү орогшин хул морийг бид хоёр алаг нүдээрээ хараад хараад олж үзэхгүй, бэлгийн мэлмийтэй үзмэрч гэж үнэхээр байдаг бол харж магадгүй. Хул морьтой хүний хийж хэрэгжүүлэх ёстой үндсэн том зорилт бол малчны хот айлыг орчин үеийн аз жаргалтай, амар амгалан амьдралын бичил диваажин болгох явдал мөн байх. Энэ зорилгоор монголын хөдөөд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг болон орчин үеийн эрчим хүч, зам гүүр, усан хангамж, түлээ түлш, худалдаа үйлчилгээ зэрэг дэд бүтцийн талаар санаанд багтамгүй том өөрчлөлт хийх байх. Эзэн Чингисийн эдэлж хэрэглэж явсан шиг гэр тэргийг орчин үеийн технологийн шаардлагад нийцүүлэн зохион бүтээж ашиглаваас дэлхийд хаана ч байхгүй их л оновчтой санаачлага болж мэднэ.

 

Чухал бүхнээс чухал зорилт бол монгол малын удмын санг (генийг) мөнгөнд дулдуйдсан зах зээлийн дайралтаас хамгаалж, цэвэр авч үлдэх шаардлагатай. Нүүдлийн соёл иргэншил бол тусгайд нь онцолж болох өвөрмөц ёс зүйтэй байдаг. Тэр нь хүн хүнээ түшиж амьдрах ёс жудаг буюу хүмүүс хоорондоо шүтэн барилдаж эв найртай аж төрөх бурханлаг ёс зүй. Энд тухайлбал “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг”, “Түмний хэрэг бүтвэл хувийн хэрэг бүтнэ”, “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно турж үхдэггүй”, “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэх зэрэг зүйр цэцэн үгээр дамжин хадгалагдаж ирсэн бий.Эдгээр ёс зүйн шаардлага бүдгэрч эхэлбэл нүүдлийн соёл иргэншил удаж төдөлгүй устаж алга болох тийшээ ханддаг учиртайг өнгөрсөн хорин жил нотоллоо.Хул морьтой хүнийг заавал ирээсэй хэмээн зөгнөж хэлэх санаа бодол минь ийм буюу. Тэгэхдээ “Хул морьтой хүн” гэдэг нь зөвхөн хүслэнт сэтгэмж болохоос биш бодит хүн бус гэдгийг энд нэмж хэлье.

 

Х.ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.91.87)

    2016-04-17

    stedenbalaa martadag ni toogui