Өнгөрсөн онд болсон ачааны хөлөг онгоцны сүйрлүүд
- 2012-01-04
- Дэлхий
- 0
2012 оны нэгдүгээр сарын дөрвөнд Владивосток хотын боомтод бүртгэлтэй “Ирина” хөлөг сүйрлийн SOS дохио өглөө. Хөргүүрийн “Ирина” хөлөг онгоц Номхон далайд осолдсон байна.
2012 оны нэгдүгээр сарын дөрвөнд Владивосток хотын боомтод бүртгэлтэй “Ирина” хөлөг сүйрлийн SOS дохио өглөө. Хөргүүрийн “Ирина” хөлөг онгоц Номхон далайд осолдсон байна.
ОХУ-ын Алс дорнодын Онцгой байдлын албанаас өнгөрөгч 12 дугаар сарын 25-нд мэдээлэхдээ Лаперузын хоолойгоос сүйрлийн дохио өгсөн “Альфа-3” хөлөг онгоц тэндээ живсэн бөгөөд Японы тэнгисийн аюулгүйн албаны тайланд дурдсанаар Камбожийн энэхүү хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүн найман хүний бүрэлдэхүүнтэй байсан байна. Эрэл хайгуулын явцад тэднээс гурвынх нь цогцосыг олсон гэжээ.
Мөн өнгөрөгч 12 дугаар сарын есөнд Францын эргийн ойролцоо Атлантын далайд шавар ачиж явсан ачааны хөлөг онгоч нефть тээгч танкертай мөргөлдсний улмаас живжээ. Энэхүү Доминикийн далбаан дор хөвөгч Le Florence хөлөг онгоц Францын Бретани дахь Лорьен боомтоос 450 километрийн зайд Багамийн арлуудын далбаан дор хөвөгч Afrodite танкертай мөргөлдсөн нь энэ юм. Le Florence дээр долоон хүн явж байсан бөгөөд тэдний хэн нь ч бэртэж гэмтээгүй байна. Живж буй ачааны хөлөгийнхний багийнханд Америкийн Ocean Titan хөлгийнхөн тусалжээ. Le Florence мөргөлдсөнөөс хойш хагас цагийн дараа живсэн байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Ирландын тэнгист найман баллын шуурганд өртсөн “Свонлэнд” ачааны хөлөг онгоц живэв. Ачааны хөлөг онгоцыг олон метрийн өндөр давалгаа нөмрөн авч тэхий дундуур нь хувааж хаясан агаад үүнээс хойш ойролцоогоор есөн минутын дотор живсэн аж. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүн нь Доод Новогород болон Петрозаводскийн найман орос иргэдээс бүрдсэн байсан байна. Тэднээс хоёрынх нь амийг аварч, нэгийнх нь цогцосыг олсон ч үлдсэн таван хүн одоо хүртэл ор сураггүйд тооцогдож байгаа юм.
Мөн 11 дүгээр сарын 21-нд Сингапураас Хятадын Шаньдун муж дахь Жичжао боомтыг чиглэж явсан Өмнөд Солонгосын ачааны «Bright Ruby» хөлөг онгоц Хонгконгоос өмнө зүгт тэнгисийн 338 миль буюу 625 километрийн зайд Өмнөд Хятадын тэнгисийн Сиша арлын ойролцоо сүйрч живжээ. Энэ худалдааны хөлөг онгоны тавцан дээр 16 тонн болд төмөр эдлэл, мөн багийн 21 гишүүн түүнээс есөн Солонгос, 12 Мьянмагийн иргэн байсан байна. Тэднээс 15 хүнийг аварч амжжээ.
Наймдугаар сарын дөрвөнд Энэтхэгийн Мумбай хотоос холгүй Аравийн тэнгист ачааны«Рак» (MV Rak) хөлөг онгоц живсэн нь тодорхой болов. «Рак» (MV Rak)-ын багийнхан Энэтхэгийн Гужарат мужаас нүүрс ачиж явсан агаад хөлөг онгоцны доод хонгилд ус нэвтэрч эхлэх үед ослын дохио өгөн Мумбайгаас өрнө зүгт тэнгисийн 22 милийн газар зангуугаа буулгасан байна. Харин багийн бүх гишүүд аврагдсан гэнэ.
Finnoey Glimt хэмээх ачааны хөлөг онгоц 10 дугаар сарын долоонд Норвегийн Хаугезунд хотоос умард зүгт эргээс 700 метрийн газар живжээ. Ryfylke Shipping компанид харьяалагдах энэ онгоц Норвегийн эрэг дагуу аялж явсан байна. Багийн гурван гишүүний нэг нь сураггүй алга болсон аж.
12 дугаар сарын 28-нд Вьетнамын Van Don-2 ачааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист цаг агаар муудсаны улмаас живсэн аж. Тухайн сүйрлийн бүст хөвж явсан загас агнуурын хөлөг живсэн онгоцны багийн 12 далайчныг аварсан ч 11 хүн ор сураггүй болсон байна. Тус ачааны онгоц металл боловсруулах материал тээвэрлэж явжээ.
Өмнөд Солонгосын No. 1 Insung хөлөг онгоц Шинэ Зеландын эргээс өмнө зүгт 2593 километрт осолдон живсэн байна. Хөлөгийн тавцан дээр 42 далайчид байснаас 20-ыг нь л аварч чаджээ. 17 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
Израйлын эрэг хавийн газар 12 дугаар сарын 12-нд Молдавын хөлөг онгоц шуурганд өртөн живсэн байна. Adriatic хөлгийн тавцан дээр 11 далайчин байсан бөгөөд бүгдийг нь аварч чадсан гэнэ. Хөлөг онгоц Ашдод хотын боомтоос 16 километрийн зайд байхдаа ослын дохио өгсөн бөгөөд металл эдлэл тээж явжээ.
Шведээс Алжир руу мод тээвэрлэж явсан мод тээврийн North Spirit хөлөг онгоц Бискайн буланд живсэн байна. Украйны 10, ОХУ-ын найман иргэнээс бүрдсэн багийнхныг Ла Коруна нисэх буудалд хүргэж өгсөн агаад бүгд эсэн мэнд үлджээ.
12 дугаар сарын дөрвөнд Хятадын загас агнуурын далбаат завь Ираны ачааны Pantea хөлөгтэй мөргөлдөн сүйрчээ. Загасчдаас нэгийг нь л аварч чадсан бөгөөд үлдсэн долоон гишүүнийг ор сураггүй алга болсонд тооцож байна.
11 дүгээр сарын 24-нд “Берил” ачааны хөлөг Азовын тэнгист хөвж явахдаа “Санта-Виктория” хөлөг онгоцтой мөргөлдсний улмаас живэв. Коморын арлуудын далбаан дор хөвж явсан “Санта-Виктория” ачааны хөлөг онгоц нь үзэгдэх орчин муу байсны улмаас зангуугаа хаян зогсож байсан Сьерра-Леоны далбаатай, гурван мянган тонн төмрийн хаягдал ачсан уурын “Берил” онгоцыг мөргөсөн байна.
Мөн есдүгээр сарын есөнд Монгол Улсын далбаан дор хөвөгч, төмрийн хүдэр тээж явсан хөлөг онгоц ачаагаа буулгасныхаа дараа Энэтхэгийн Парадип боомтын хяналтын цэг орчим хөмөрч, живсэн байна. Тус Монгол Улсын далбаатай хөлөг онгоц 27 тэнгичний бүрэлдэхүүн бүхий багтай байсан аж. Тэдний гурав нь Оросын иргэн, долоо нь Украйны харин 17 нь Бангладешийн иргэд байжээ. Украйны иргэн ахлах механик Александр Ильюшенко амь үрэгдсэн бөгөөд бусдыг нь аварч чадсан байна.
С.Майдар
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
12 (182.160.56.36)
manaih dalbaagaa ashiluulaad her ih mungu oldgiig il tod bichij boldoggui yum uu