Томита Хидэши: Зүрх судасны өвчний төрөлхийн шалтгааныг хэн ч тодорхойлоогүй
- 2016-05-05
- Үнэн
- 0

Японы “Heart saving project” буюу “Зүрх хамгаалах сан” төрийн бус байгууллагын дэд тэргүүн, профессор ТОМИТА ХИДЭШИТЭЙ ярилцлаа.
-Та бүхэн жил бүр манай улсад зүрх судасны өвчний сайн дурын үзлэг, эмчилгээ хийдэг юм байна. Энэ үйл ажиллагаагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Манай байгууллагынхан Монголд сайн дурын катетр эмчил гээ, үзлэг оношилгоог2001 оноос эх лүүл сэн. Тухайн үед манай төрийн бус байгууллагын тэргүүн Ханида Нориюуки эмчид Монголоос“Төрөл -хийн зүрхний гажигтай хүү хэд их олон бөгөөд эмчилгээ их дутагдалтай байна” гэсэн мэдээлэл ирүүлсний үндсэнд бид эмч нарын баг бүрдүүлж ирсэн. Энэ удаагийн үйл ажиллагаанд Ханида эмч чухал ажилтай байсан учраас өөрийн биеэр ирж чадсангүй. 2001 оноос хойш манай эмч нар жилд хоёр ирж, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн зүрхийг нь нээлгүйгээр судсаар нь гуурс оруулж эмчилж байна. Энэ хугацаанд уг аргаар500 гаруй хүүхдийг эмчилж, бүрэн эдгээсэн. 2003 оноос Улаанбаатар болон орон нутагт24 удаагийн катетр үзлэг оношилгоог хийж, нийтдээ 5300 орчим хүүхдийг хамруулсан. Өмнө нь япон эмч нар зөвхөн зүрх судасны өвчтэй хүүхдүүдийг эмчилж ирсэн бол энэ жилээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нарт катетр эмчилгээний арга технологийг зааж сургах ажиллагааг эхлүүлсэн.
-Энэ удаад хэчнээн хүүхдийг эмчилсэн бэ?
-Манай оношилгооны баг дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд ажилласан. Нийт 119 хүүхэд үзэж, оношилсноос гурван хүүхдэд эмчилгээ хийх шаардлагатай гэж үзлээ. Ингээд эхний хүүхдэд нь маргааш /өнөөдөр/ эмчилгээг хийхээр болсон байгаа. 2003 оноос хойш 21 аймагт үзлэг оношилгоо хийсэн. Бидний судалгааны дүнд Ховд аймгийн хүүхдүүд зүрх судасны өвчнөөр хамгийн их өвдсөн байна. Тиймээс орон нутагт хийх оношилгоог Ховд аймгаас дахин эхлүүллээ. Ирэх арваннэгдүгээр сард Увс, Архангай, Говь-Алтай зэрэг аймагт очиж, үзлэг оношилгоог хийнэ.
-Зүрх судасны өвчтэй 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа юм байна. Эдгээр хүүхдийг хэрхэн сонгосон бэ?
-Бидний ажилд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Тус төвийн Хүүхдийн зүрх судасны тасгийн эмч нарын хяналтад байдаг хүүхдүүдэд хамгийн түрүүнд энэ эмчилгээг хийдэг. “Миний зүрх өвдөөд байна. Эмчилгээ хийлгэх гэсэн юм” гэвэл шууд хийчихдэг зүйл биш юм. Тодорхой хугацаанд эмчийн хяналтад байгаад эмчилгээ хийх боломжтой, боломжгүйг судалсны үндсэн дээр эмчилдэг. Тухайн орон нутаг, дүүргийн эмчид эхэлж үзүүлээд зүрхний өвчтэй байх магадлалтай гэсэн хүүхдүүдэд бид нарийвчилсан үзлэг оношилгоог хийдэг. Тэндээсээ зүрхний төрөл-хийн гажигтай, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаард лагатайг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн зүрх судасны тасаг руу шилжүүлж, эмчийн хяналтад оруулдаг юм.
-Сонгосон хүүхдүүдийн эмчилгээ хэдэн хувьтай явж байна вэ?
-Өчигдөр /уржигдар/ таван хүүхдэд эмчилгээ хийсэн. Эдгээр хүүхэд эдгэрээд эмнэлгээс гарч байна. Өнөөдөр /өчигдөр/ долоон хүүхдэд эмчилгээ хийлээ. Маргааш /өнөөдөр/ дөрвөн хүүхдийн эмчилгээг хийж дуусаад буцах төлөвлөгөөтэй байгаа.
-Эмчилгээний өртөг ер нь хэд байдаг юм бэ?
-Ямар оноштойгоос хамаарч гарах зардал нь өөр. Зүрхний катетр эмчилгээ гэдэг нь цавины артерын судсаар нэгээс хоёр мм-ийн бүдүүнтэй гуурс оруулдаг. Тэр гуурсан дотроо дахин гуурс хийж зүрхэнд байгаа цоорхойг бөглөдөг. Үүнд янз бүрийн нарийн мэргэжлийн хэрэгслүүд шаардлагатай болно. Тухайн хүүхдийн эмчилгээнд яг ямар хэрэгсэл ашигласнаас хамаараад үнэ өртөг нь янз бүр байдаг. Ерөнхийдөө сүүлийн үед 100 мянга орчим иень буюу 1200-1300 ам.долларын өртөгтэй хийгдэж байгаа. Монголын нөхцөлд технологи гэхээсээ илүү яг эмчилгээний дэд бүтэц талаасаа шаардлагатай суурь тоног төхөөрөмж нь бүрдчихсэн. Цаашлаад Монголын эмч нар эмчилгээг бие дааж хийх боломж бүрдсээр байна. Гагцхүү тухайн хүүхдийн эмчилгээнд шаардагдах төлбөр, нарийн хэрэгслийг өвчтөн гаргах уу, улс хариуцах уу гэдгээ шийдчихвэл цаашид энэ эмчилгээг хийгээд явах бүрэн боломжтой.
-Танай байгууллага хэрхэн санхүүждэг вэ?
-Бидний үйл ажиллагаа ямар нэгэн санхүүжилтээс бүрддэггүй. Цэвэр хувь хүмүүсийн хандиваар энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Монголд нэг удаад 13-15 хүн ирж ажилладаг бөгөөд эмч нар хувиасаа зардлаа гаргаж байна. Энэ бүрэлдэхүүнээрээ жилд хоёр удаа Монголд ирэхэд хамтарч ажилладаг байгууллагын дэмжлэг туслалцаа маш их байдаг. Японд болон Монголын маш олон сайхан сэтгэлтэй хүний дэмжлэг, хандиваар зүрхний өвчтэй хүүхдийг эмчлэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, эм, бэлдмэл зэрэг зарим шаардлагатай зүйлийг худалдаж авдаг. Энэ үйл ажиллагаанд 338 эмч, сувилагч, орчуулагч ээлжлэн ирсэн байна. Учир нь, манай эмч нар Японы эмнэлэгт албан ёсоор ажилладаг учраас ажлын зав чөлөөгөөр Монголд ирж сайн дурын эмчилгээний ажилд оролцдог.
-Багийнхаа эмч нарын туршлагаас хуваалцахгүй юу?
-Би зүрх судасны мэргэжлээр 40 орчим жил ажиллаж байна. Яг одоо хэчнээн хүнд эмчилгээ хийснээ сайн санахгүй байгаа ч ойролцоогоор 4000 орчим хүнийг эмчилсэн байх. Японд зүрх сэтгүүрдэх аргаар эмчилгээ хийдэг эмч нарын холбоо байдаг. Манай холбооноос Монголын эмч, мэргэжилтэнд зүрх сэтгүүрдэх арга заах төвшний 4-5, шинээр суралцаж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн.
-Зүрх судасны өвчин нь юунаас үүдэлтэй байдаг юм бол. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Төрөлхийн зүрхний гажиг нь маш олон төрөлтэй. Тухайлбал, ураг эхийн хэвлийд байхдаа судасны гаж байрлалаас болоод зүрхний өвчтэй болдог. Хоёрдугаарт, төрсний дараа янз бүрийн бактераас хамаараад зүрхний даралт, судасны эргэлтэд өөрчлөлт орсноос болоод төрөлхийн зүрхний гажиг үүсдэг. Бидний хувьд төрөлхийн битүүрээгүй цоргыг эмчилдэг. Зүрхний төрөлхийн гажиг хром сом, генийн өөрчлөлтөөс гадна эхийн хэвлийд байхад эх нь согтууруулах ундаа хэрэглэсэн, чихрийн шижин туссан зэрэг олон шалтгаанаас үүддэг. Яг ийм шалтгаанаар энэ хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай болжээ гэдгийг өнөөдөр анагаахын шинжлэх ухаан хэлж чадахгүй байгаа. Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь спирт, тамхи хэрэглэхгүй, чихрийн шижин болон бусад халдварт өвчнөөр өвдөхгүй байх нь энэ өвчнөөс хамгийн түрүүнд сэргийлж чадна.
-Зүрх судасны өвчин бусад оронд хэр их байдаг юм бол?
-Төрөлхийн зүрхний гажгаар дэлхийн улс орнуудын 100 хүүхэд тутмын нэг нь өвчилдөг. Япон улсын хувьд тухайн хүүхдийг төрөнгүүт яаралтай оношлоод эмчилж чаддаг. Монголын хувьд оношилж чаддаггүйгээс өвчин нь хүндэрсэн тохиолдол олон байна. Бид бүхэн ганц хоёр сартай нярайгаас 20 нас хүртэлх хүнд эмчилгээ хийж байгаа. Ийм өвчтэй хүүхдийг бага байхад нь эмчилбэл илүү үр дүнтэй байдаг.

Сэтгэгдэл (0)