Б.Мандах: Ирээдүйд эмэгтэйчүүд манлайлна гэдэгт итгэдэг
- 2016-05-09
- Үнэн
- 0

“Нэг нь эмэгтэй” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга, эх орон эмэгтэйчүүдийн жендерийн намыг үүсгэн байгуулагч Б.Мандахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Та өөрийгөө танилцуулаач?
- Чоныхон овогт Баадайн Мандах гэдэг. Ам бүл 5. Гахай жилтэй.
- Танай ТББ-ын үйл ажиллагааны талаар?
- Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, чадавхижуулах, гол нь энэ талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын дуу хоолойг нэгтгэх зорилготой. Гүйцэтгэх захирал нь эрх зүйч мэргэжилтэй Намсрайн Уянга гэдэг эмэгтэй бий.
- Нэгтгэнэ гэдэг чинь?
- Бүгдийг нь нэгтгээд нэг ТББ болгоно гэсэн үг биш. Эмэгтэйчүүд бүх шатандаа зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэснээр олуулаа болж чадна. Эвт шаазгай буга барина гэдэг биз дээ. Нийгэмд олон эерэг үр дагавар гарна.
- Нам байгуулах ажил тань ямар шатандаа явж байна?
- Манай байгууллага эмэгтэйчүүд бүх шатандаа нэгдэж 2016 оны сонгуульд оролцох талаар өөрсдийн санал бодлоо эмэгтэйчүүдийн талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ, УИХ-ын эмэгтэй гишүүд, нийгмийн идэвхитэй эмэгтэйчүүдэд илэрхийлж ирсэн. Саяхан “Монголын мэдээ” сонинд мэдээ өгсөн. Одоо гарын үсэг цуглуулах, хүмүүстэй уулзах ажилдаа орсон. Ирээдүйд эмэгтэйчүүд манлайлна гэдэгт итгэдэг.
- Нам байгуулах зорилго?
- Эмэгтэйчүүдийн дуу хоолой сул байна. Намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагынхаа ч үгийг сонсохгүй байна. Үгээ хэлэх хүсэл эрмэлзэлтэй олон эмэгтэйчүүд гарч ирж чадахгүй, хаагдаж боогдож байна. Тэднийг нээх чадавхижуулах, нэгтгэх зорилготой. Ингэснээр эмэгтэйчүүд бүх шатанд олуулаа болж чадна.
- 2016 оны сонгуулийн талаар?
- Одоогоор аль тойрогт аль нам, эвслээс, бие дааж хэдэн эмэгтэй нэр дэвшихийг мэдэхгүй. Захиж хэлэхэд эмэгтэй нэр дэвшигчид нэг тойрогт битгий давхардаасай болж өгвөл олуулаа дэвшээрэй. Бид та бүхнийг нам, эвсэл, бие даагч харгалзахгүй бүгдийг нь дэмжиж ажиллана.
- УИХ-аар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг үгүй болгочихлоо. Энэ талаар таны бодол?
- Энэ бол гэм биш зан. Энэ нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсохгүй байгаагийн тод жишээ. Квотын тухайд миний бодол гуйх биш гуядаж авахыг боддог. Энэ нь эмэгтэйчүүдийг илүү их хөдөлмөрлөх, нэгдэх, эвтэй байж, олуулаа болохыг нийгэм шаардаж байгаа юм.
- Нам байгуулах ажилд чинь амжилт хүсье. Өөр хэлэх үг байна уу?
-Баярлалаа. Ээж нам байгуулснаар эмэгтэйчүүд өөрийгөө нээх зам нь шулуун шударга элдэв шахалт дарамтгүй ээлтэй сайхан болно. Энэ удаагийн сонгууль эмэгтэйчүүдэд сайн, муу аль ч талаар нь юм бодогдуулсан сонгууль болох байхаа. Аль ч талаар нь юм бодогдуулсан бид нэг зүгт нэг зорилготой болох ёстой. Тэгсэн цагт бид ялна. Та бүхэндээ амжилт хүсье.
- Бидэнтэй харилцах утас: 99047958
О.Түвшин

Сэтгэгдэл (0)