Б.Ганзориг: Ноосны урамшууллыг малчдын данс руу шилжүүлж эхэлсэн
- 2016-05-17
- Үнэн
- 0

Ноосны урамшууллын талаар ХХААЯ-ны Мал хамгаалах сангийн ахлах мэргэжилтэн Б.ГАНЗОРИГООС тодрууллаа.
-Ноосны урамшууллыг хэзээнээс өгч эхлэв. Уг урамшууллыг хэдэн малчин авах вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны гуравдугаар сарын 10-ны А-38 тоот тушаалын дагуу 21 аймаг, нийслэл дэх хоршооны гишүүн малчин, мал бүхий 74254 иргэний үндэсний үйлдвэрт тушаасан 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоор болсон. Урамшууллыг энэ сарын 11-нээс эхлэн Монголбанкаас малчдын данс руу шууд шилжүүлж эхлээд байна. Мөн үүний хамт 10 хувийн хүүний орлогын албан татвар суулгадаг. Тухайлбал, 100 мянган төгрөгийн урамшуулал авах хүн хүүний албан татварт 10 хувиа суутгуулсан хүн татвар төлөгч болж байна. Тиймээс татварын зээлийн дэвтрийг тухайн орон нутгаасаа авч, тэмдэглүүлэн татвар төлөгч болох боломжтой.
-Килограмм тутмыг хэдэн төгрөгөөр тооцож өгдөг вэ. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой юу?
-Өмнө нь бүх төрлийн ноосонд 2000 төгрөгөөр бодож урамшуулал олгож байсан. Ноосны урамшуулал эхэлснээс хойш мөнгөн дүнгээр бодоход 110 гаруй тэрбум төгрөгийг малчдад өгсөн байна. Харин одоо яамны зүгээс барьж буй бодлого бол мөнгөн дүнг нэмэгдүүлэхээс илүүтэй аль болох малын чанарыг сайжруулах, нарийн нарийвтар ноостой хонь үржүүлэхэд анхаарч байна. Тиймээс тэмээний болон хонины нарийн, нарийвтар ноосонд2000 төгрөг, мөн бүдүүн, бүдүүвтэр ноостой цөм сүрэг үржүүлдэг нутгийн хонины ноосонд 2000 төгрөг, нөгөөтэйгүүр ширүүн, ширүүвтэр, бүдүүн, бүдүүвтэр ноосонд 1000 төгрөг олгодог.
-“Ноосны урамшууллыг олгохгүй дөрвөн сар өнгөрлөө” хэмээн хоршооны малчид мэдээлж байсан. Яагаад олгохгүй байсан юм бэ. Ер нь урамшууллыг хэдийгээс олгох ёстой вэ?
-2013 оны ноосны урамшуулалд олгохоор 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Гэтэл тухайн онд хамгийн их буюу 117 мянган малчны 18.3 мянган тонн ноосонд 36.6 тэрбум төгрөгийг өгөхөөр материал ирсэн. Төсөвт суулгасан мөнгө нь хүрэхгүй байсан учир 2014 оны төсөвт суусан 20 тэрбумаас 18.3 тэрбумыг нь аваад өгчихсөн. Тэгэхээр 2014 оны ноосны урамшууллыг өгөх гэхээр тодотгол хийгээгүй болохоор 2015 оны төсөвт суусан мөнгөнөөс аваад өгчихсөн. Одоо2015 оныхоо өгөх гэхээр2016 оныхоо төсвөөс авч өгч байгаа юм. Гэхдээ Сангийн яамныхан татварын орлогоосоо хамаарч ноосны урамшууллыг 2016 оны дөрөв, тавдугаар сарын хуваарьт тусгасны дагуу л өгч байна. Бид өмнөх онд өгөх ёстой байсан ч мөнгө байхгүйгээс дараа он руу орохоос өөр аргагүй болж байгаа. Түүнээс биш албаар бариад удаагаад байгаа юм биш. Ер нь малчид ноосоо зараад мөнгөө авчихсан. Одоо урамшууллаа авч байгаа юм. Энэ бол хоёр талтай асуудал. Зөвхөн малчдад урамшуулал олгоод байгаа хэрэг биш. Үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж байгаа юм. Үйлдвэр түүхий эдтэй болсноор ажлын байр нэмэгдэж, үндэсний үйлдвэрүүд авсан ноосоо зөвхөн угаагаад гаргадаг байсан бол зарим нь дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүрч байна.
-Улсын хэмжээнд хэчнээн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байдаг вэ?
-Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо гэж бий. Тус холбоо жил бүр холбооны гишүүнчлэлдээ шинэчлэлт хийгээд явдаг. Өнгөрсөн жил гэхэд138 үйлдвэр байсан. Ноосны урамшуулал өгч эхэлснээс хойш одоо сум бүрт эсгийний цех буй болоод байна.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)