Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгажээ

 

        Европын холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ирэх оны хоёрдугаар сар хүртэл сунгахаар шийдвэрлэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Европын холбоо болон АНУ 2014 онд ОХУыг Крымийн хойгийг өөртөө нэгтгэж авсан гэж эдийн засгийн хориг тогтоосон билээ. Хориг тогтоосноос хойш Европын холбооны улсын эрх баригчид Украины зүүн нутагт энх тайван тогтоох үйл явцыг эрчимжүүлэх шаардлага хүргүүлж, ОХУ-ыг хямралд хөндлөнгөөс нөлөөлж буй гэсэн үндэслэлээр хоригийг өргөтгөж байсан юм. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард Европын холбооны зөвлөлөөс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар санал хураалт явуулсан. Тус санал асуулгад Орос улс гал зогсоох тухай Минскийн гэрээг бүрэн дагаж мөрдөхгүй, Крымийн хойгийг Украинд эргүүлж өгөөгүй тохиолдолд хориг арга хэмжээг улам чангатгахаас гадна Украинд хамгаалалтын зэвсэглэл нийлүүлэх асуудлыг онцгой авч үзнэ гэж мэдэгдэж, Минскийн гэрээ бүрэн хэрэгжих хүртэл хоригийг цуцлахгүй байх шийдвэр гаргасан юм. Тус хоригийн хэрэгжилтийн хугацаа энэ оны зургаадугаар сарын 31-нд дуусах байсан юм. Баруунаас тавьсан уг хориг арга хэмжээ нь ОХУ-ын эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалах салбар болоод хоёр дахь хэрэглээний чиглэлээр ашиглах бараа бүтээгдэхүүний салбарыг хамарсан байгаа юм. Тухайлбал, Оросын компаниудын Европын холбооны анхдагч болон хоёр дахь зээлд нэвтрэхийг хязгаарлаж, төрийн банкуудыг санхүүжүүлэх хэрэгсэл, зэвсгийн экспорт, импортыг хориглох, цэрэг армийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоох, ОХУ-ын газрын тос олборлолт болон, нефтийн салбарын тоног төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж хоригтоо хамруулжээ. Мөн Европын холбоо ОХУ-ын 146 иргэн, 37 аж ахуй нэгжид аялал жуулчлалын хориг тогтоож, эдийн засгийн гацаанд оруулсан байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)