Иран АНУ-ын иргэнийг тагнуулын хэрэгт холбогдуулан цаазаар авах ял оноов

Ираны шүүхээс тагнуулын ажиллагаанд оролцож байсан АНУ-ын нэгэн иргэнд цаазаар авах ял оноосон тухай тус улсын радиогоор өчигдөр мэдээлсэн байна.
Ираны шүүхээс тагнуулын ажиллагаанд оролцож байсан АНУ-ын нэгэн иргэнд цаазаар авах ял оноосон тухай тус улсын радиогоор өчигдөр мэдээлсэн байна. АНУ-ын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох үүднээс шинээр батлан гаргасан, хатуу чанд шийдвэрээс үүдэн, хоёр орны харилцаа таагүй хэвээр байгаа энэ үед Иран ийнхүү Америкийн иргэнд ял оноож, битүүхэн сануулга өгч байгаа бололтой.
Иран улсын шүүхээс АНУ-ын усан цэргийн багийн гишүүн, Амир Мирзаей Хекматиг дайсагнагч оронтой хамтран, нууц үйл ажиллагаа явуулж, Иран улсыг терроризмын хэрэгт хутган үймүүлэх санаатай байсан хэмээн буруутгаж, Иранд явж байх үед нь баривчилсан ажээ. Тэрээр тагнуулын хэрэгт холбогдохоосоо өмнө Ирак, Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний багт багтан, ажиллаж байсан туршлагатай ажилтан гэнэ. 28 настай, цэргийн хүчнийхний орчуулагчаар ажиллаж байсан тэрээр Аризона мужид төрж өсч, Мичиганд их сургууль дүүргэсэн байна.

Хекматигийн гэр бүлийнхэн Иранаас гаралтай бөгөөд эцэг нь Мичиганы Их Сургуулийн профессор хийдэг ажээ. Тэрээр хүүгээ тагнуулын ажилтан биш, баривчлагдах үедээ Иранд эмээгийндээ зочилж явсан хэмээн мэдүүлсэн байна. Харин ээж Бехназ Хекмати Ассошэйтд Пресс агентлагт руу илгээсэн имэйлдээ “Хүүд маань цаазаар авах ял оноосон хэргийг сонсоод ихэд гайхаж, балмагдсан.
Түүнд цаазаар авах ял оноосон нь шударга бус, ор үндэслэлгүй хэрэг” хэмээн бичсэн байжээ.
Ираны хуулийн дагуу давж заалдахад 20 хоног үлдээд байгаа бөгөөд Хекмати шүүхэд давж заалдах тухай өргөдлөө өгсөн хэдий ч, энэ асуудлаар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ. АНУ-ын Төрийн Департментаас Хекматыг суллахыг шаардсан албан бичгийг Ираны шүүхэд хүргүүлээд байгаа юм байна.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)