Ираны Ерөнхийлөгч Венесуэльд айлчиллаа

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Латин Америкт хийж буй айлчлалаа Венесуэль улсаар эхлүүлж, өчигдөр тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Латин Америкт хийж буй айлчлалаа Венесуэль улсаар эхлүүлж, өчигдөр тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад болон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез нар ойр дотно хамтын ажиллагаагаа тэмдэглэж, ядуурал, эзэрхэг түрэмгий ёсыг халахын төлөө тэмцэхээ мэдэгдсэн байна.
Хоёр орны удирдагчид аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи болон улс төрийн салбарт авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээг үзэглэсэн бөгөөд тэдний сөрөг хүчин гэгдээд байгаа АНУ-ын асуудлыг ч авч хэлэлцжээ.
Тус өдрийн эхэнд, Венесуэлийн Ерөнхийлөгчийн ордны гадаа болсон Ираны Ерөнхийлөгчийг угтан авах ёслолын үеэр  Ираны Ерөнхийлөгч Уго Чавезийг “ах минь” хэмээн дуудаж, найрсаг харилцаагаа бататган мэндчилсэн гэнэ.
“Манай зэр зэвсэг бол логик. Манай зэр зэвсэг бол соёл. Манай зэр зэвсэг бол хүн төрөлхтний бүтээсэн үнэт өв” хэмээн Ахмадинежад цохон тэмдэглээд, “Манай хоёр орны хөгжил цэцэглэлт дээд цэгтээ хүрэх вий гэхээс АНУ айж байгаа нь тодорхой” гэсэн байна.
Чавез мэргэжил нэгт нөхөртөө хандан, АНУ-ын эзэрхэг түрэмгий ёсыг халахын төлөө хамтран ажиллахаа мэдэгдээд, АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн “Миний бие Ахмадинежад хоёр АНУ-ыг чиглүүлэн, цөмийн тийрэлтэт онгоцоо хөөргөж, нийслэл Вашингтон хотыг дэлбэлнэ гэдгийг дамжуулаарай” хэмээн хошигноод авчээ.“Бид дайн дэгдээгсэд биш” хэмээн Чавез нэмж хэлсэн бөгөөд Ираны Ерөнхийлөгч харин яриаг нь  чимээгүй чагнан, толгой дохиж суусан байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хоёр орны харилцаа улам бэхжсээр байгаа бөгөөд бүтээн байгуулалтын томоохон төслүүд, худалдаа, автомашины үйлдвэр болон банкны салбарыг хөгжүүлэх зорилгоор 270 гаруй гэрээ, хэлэлцээрийг байгуулан, хамтарч ажиллаж, найрсаг харилцаагаа өргөжүүлсээр байгаа юм.
Ахмадинежадын Латин Америкт айлчлах болсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан бөгөөд Барууны хүчирхэг гүрэн болон Ираны Тегераны цөмийн хөтөлбөр хоорондын асуудал хурцдах вий гэсэн түгшүүр байсаар байсан билээ.
АНУ төдийгүй Барууны томоохон улс гүрнүүд арваннэгдүгээр сараас хойш Ираны эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байсан бөгөөд НҮБ-н цөмийн эрчим хүчний ажиглагч агентлаг Ираны засгийн газар цөмийн зэр зэвсгийг дэлгэрүүлэхээр зэхэж, нарийн технологийг нэвтрүүлж байна хэмээн мэдээлж байсан. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны төв банкны эсрэг хориг арга хэмжээ авч, улмаар хоёр орны харилцаанд сэв суугаад байгаа юм.

Ираны Ерөнхийлөгч Латин Америкт хийх таван өдрийн айлчлалынхаа хүрээнд Никарагуа, Куб, Эквадор зэрэг улсуудад айлчлахаар төлөвлөөд байгаа ажээ.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)