Өмч хувьчилж, өр тавьж бүрдэх төсөв
- 2016-09-13
- Нийтлэл
- 0

-ТӨСВИЙН АЛДАГДАЛ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ-
Дэлхийн банк болон ОУВС-гаас төсвийн сахилга батыг сайжруулж Монгол Улсыг төсвийн алдагдлаа бууруулахыг сануулж ирсэн. Харамсалтай нь, жил бүр төсвөө орлогоосоо илүү зарлагатай баталж намар нь тодотгол хийсээр. Энэ оны төсвийг УИХаар хэлэлцэж байх үед сүүлийн таван жилд төсвийн алдагдал хуримтлагдаж 4.2 их наяд төгрөгт хүрснийг анхааруулсан удаатай. Төсвийн алдагдлыг энэ онд 900 тэрбум төгрөг байхаар тооцсон. Гэтэл 1.1 их наяд төгрөгөөр илүү гарч 1.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүнийг энэ оны эхний найман сард Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байсан тухай статистикийн мэдээллээс харж болно. Тухайлбал, улсын төсвийн орлого, тусламж 3.5 их наяд төгрөг. Харин зарлага, эргэн төлөгдөх зээл нь 5.3 их наяд төгрөгт хүрээд байна.
Хэрэв ОУВС-гийн дээрх зөвлөмжийг ойшоож үзсэн бол хямралыг арай зөөлөн давж, хэт тэлсэн төсвөө хумьж эдийн засгийн эрүүл голдиролд орох байлаа. Учир нь, ямар ч бизнес эрхлэгч улсын төсвийг эдийн засгийн толь хэмээн хардаг жамтай. Энэ хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр, хөрөнгө оруулалтаа зохицуулдаг гэхэд хилсдэхгүй. Төсөв бүрдэхгүй гол шалтгаан нь төлөвлөсөн татварын орлогууд сох дутсан, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурсантай холбоотой. Жишээ нь, ашигт малтмалын үнэ унасан тул нөөц ашигласны татварын орлого хоёр дахин багасав. Мөн импорт буурч гаалийн татвар төлөвлөсөн хэмжээнээс 10 хувиар бага байна. Үүнээс гадна татварын бус орлогод газрын тосноос орж ирэх ашиг буурсан. Учир нь, уг ашигт малтмалын үнэ хямдарсан тул бүтээгдэхүүн хуваах гэрээгээр авдаг орлогын хэмжээ бага байгаа юм.
Энэ оны эхний найман сард татвар, төлбөр хураамжийн орлого өнгөрсөн жилийнхээс 126 тэрбум төгрөгөөр буурсан. Ингээд Засгийн газар улсын төсвийн тодотголд зарим татварыг нэмж 500 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоо хийсэн ч амжилт олсонгүй. Учир нь, төсөвт орсон мөнгө ёроолгүй саванд хийсэн зүйлтэй адил хэмээн эсэргүүцэгчид олон байсан тул татвар нэмэх тооцоогоо эргүүлэн татахаас өөр сонголт үлдээгүй билээ. Одоо төсвийн алдагдлыг хааж мөнгө олох хоёр арга л Засгийн газарт үлдсэн гэж хэлж болно. Эхнийх нь төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг хувьчлах. 2012 онд хийсэн төрийн өмчийн тооллогоор 14 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон. Тэгээд төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж байгаа тул хувьчлах хэрэгтэй гэж байв.
Сангийн яамнаас 2015-2016 онд МИАТ, Хөрөнгийн бирж зэрэг компанийн хувьчлалаас улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийсэн байдаг. Тэгэхдээ бүрэн хувьчлах обьектод ес, төрийн эзэмшлийн хувийг бууруулах 11 компанийн нэрийг гаргасан. Иймд өмч хувьчлалаар алдагдалтай төсөвтөө орлого оруулах нэг боломж байна. Төрийн өмчийг хувьчлахдаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах ёстой. Ингэж байж унтаа байдалд байгаа хөрөнгийн зах зээлээ дэмжих, улсын төсөвтөө орлого авч ирэх нэг алхам болно хэмээн эдийн засагчид хэлж буй юм. Хоёрдугаарт, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлж зээл авах. Гэхдээ Хөгжлийн банк, “Чингис” бонд шиг 5-6 хувийн бага хүүтэй зээл авах боломжгүй болсон. Учир нь, авсан мөнгөө үр ашиггүй төслүүдэд зарцуулсан тул уг бондыг төлөх эх үүсвэр Монгол Улсад алга. Энэ бондын өр нь төсөвт дарамт болж байгааг Сангийн сайд мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчид бондоо зараад гарсан тул уг бондууд хоёрдогч зах зээлд 10-аас дээш хувийн хүүтэй болсон гэх мэдээлэл бий. Энэ хэрээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч бараг л найдваргүй гэсэн ангилалд орсон хэмээн эдийн засагчид хэлж байгаа. Тэгэхээр зээл авлаа гэхэд их өндөр хүүтэй олдоно. Энэ нь эдийн засагт ирэх дарамтыг улам өсгөнө үү гэхээс хөнгөлөхгүй. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх үлгэр л гэсэн үг.
Иймд эдийн засгаа сэргээх, төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжит арга бүрийг Засгийн газар яаралтай сүвэгчлэх шаардлага зүй ёсоор тулгараад байгаа юм. Эдийн засагч Ч.Хашчулуун “Олон улсын валютын сангийн “Стэйнд бай” хөтөлбөрт орох нь зөв шийдэл байж магадгүй” гэсэн. Үүнтэй санал нэгдэх эдийн засагч ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, манай улс тус сангийн “сэхээний тасагт хэвтэж” хямралыг давах ёстой гэсэн үг. Үүний тулд зардлаа танах, мөнгөний бодлогоо хатууруулах гээд шалгууруудыг нь биелүүлэх учиртай. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд ажиллаж эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус сангийн удирдлагууд туслахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр тус сангаас тусламж авах боломж бий гэж ойлгож болох нь. Үүнээс гадна уул уурхай болон эдийн засгийн бусад салбартаа хөрөнгө оруулагчдыг урин дуудаж мөнгөө бариад хүрээд ирэх нөхцөл бүрдүүлэх нь чухал болоод буй билээ. Эдийн засгийн хямралаас гаргадаг тусгай жор байхгүй. Харин цаг үеэ мэдэрсэн сонголт, боломж, шийдвэрүүд л гол үүрэг гүйцэтгэнэ.
Т.Жанцан
Монголын үнэн

Сэтгэгдэл (3)
(202.131.252.213)
ÐÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. Ó¨Ó©ÑÑдөө ÐÐЯÐÐÐÐ.ÐÐÐ ÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . ÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. ÐÑд ÑүмÑн Ð¥ÐÐÐÐ. Ò®Ñ Ð´Ò¯Ð½ Ð½Ñ ÐÐ. ÐÐ Ñ Ð¸Ð¹Ñ Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ Ñ Ð¸Ð¹Ð½Ñ.Ðөн ÑÐ°Ð½Ð°Ñ Ð½Ñ ÐÐÐ. ÐÐРнÑÑÐ°Ð°Ñ Ñг Ð½Ñ Ð½ÑÑаана.Ð£Ð³Ð°Ð°Ñ Ð§ÐÐÐÐ Ð½Ñ ÑÑÑ. Өглөө Ð±Ò¯Ñ Ñанаж бай.
(59.153.114.20)
ÐӨРШҮҮ
(112.72.11.113)
34,7 ih naydaa il bolgoj huraaj avaach .eniig il bolgohgvigeer tatvaraa tul gj heleh nvvr bhgvi shvv ta nart