Г.Лхаахүү: Бүх хүүхдэд Монгол бичиг заасан нь сургалтын алдаа байсан
- 2016-10-05
- Үнэн
- 0

Монгол Улсын боловсролын салбар, түүний дотор бага ангийн хүүхдүүдийн суурь боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулж, олноо “Цагаан толгойн” гэж хүндлэгдсэн, МУБИСийн хүндэт профессор зөвлөх багш Г.Лхаахүүтэй ярилцлаа.
-Танд юуны өмнө Монголын багш нарын баярын мэндийг дэвшүүлье?
-Баярлалаа. Монголынхоо мянга мянган багш нарт энэ өдрийн мэндчилгээг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
-Та багшийн мэргэжлийг яагаад сонгон эзэмших болов. Энэ хугацаанд таны зохиосон сурах бичиг, гарын авлагаар хэдэн зуун мянган хүүхэд бичиг үсэгт тайлагдсан байх даа?
-Баянхонгор аймгийн БаянОвоо сумын дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч байхдаа л багш болохсон гэж хүсч мөрөөдөж эхэлсэн. Манай ангийн багш Тампуулин гэж аймгийнхаа ууган сэхээтнүүдийн нэг, мундаг хүн байлаа. Тэр багшийн минь сурагч бидэнтэй харилцаж байгаа байдал л илүү нөлөөлсөн байх. Тэгээд Өлзийт суманд долоодугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд суралцахаар хотод ирсэн нь 1957 он байлаа. Манай сургуулийн уран зохиолын багш Өлзийханд багшийнхаа хичээл заах арга барил, ярианы уран чадварыг дахин биширч, энэ нь намайг мэргэжилдээ үнэнч тууштай суралцаж, ажиллахад чухал нөлөө үзүүлсэн гэж би боддог юм. Улсын Багшийн дээд сургууль /хуучин нэрээр/-д суралцахдаа М.Базаррагчаа багшийнхаа бичгийн чадварыг шүтсэн. Самбар дээр чухам л сийлж байх шиг санагддаг байв. Багшийн маань өндөр зарчимч шаардлага, шударга шулуун зан чанар нь бидэнд жинхэнэ үлгэр болсон юмдаг. Энэ бүх багш нар, үлгэр дуурайл авсан хүмүүсийнхээ тухай “Багшийн тухай онч үгс” гэдэг ном бичсэн. 1979 онд дээд боловсролтой багш болсноос хойш Багшийн сургуульдаа өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
-Тэр цагаас хойш бага сургуулийн “Цагаан толгой”-г зохиоход олон жил оролцсон ач, гавьяатай хүн юм байна. Ер нь хүүхдийн боловсролын суурь, цаашид хэрхэн суралцаж, хэн болоход бага ангийн багш нар маш чухал үүрэгтэй гэж боддог. Энэ талаар та санал бодлоо хуваалцана уу?
-Сургуулиа төгсөөд хэдэн жил ажиллаж байтал нэг өдөр гавьяат багш Б.Цэвэгжав гуай намайг сурагласаар сургууль дээр ирдэг юм аа. “Ном бичиж чадах уу” л гэж байна. Чадах эсэхдээ эргэлзэж байсан ч Г.Цэрэндорж, Б.Цэвэгжав багш нарынхаа тус дэм, Боловсролын яамны сайдын тушаалаар анхныхаа “Цагаан толгой”-н номыг бичиж боловсруулан хэвлэлтэд өгсөн нь 1982 он байжээ. Түүнээс хойш сургалтын явцад засч сайжруулж явсаар 1986 онд дахин хэвлэсэн байдаг юм. Мөн албан бус боловсрол олгоход зориулсан сурах бичиг гээд тооцоод үзвэл 10-аад “Цагаан толгой” бичиж хэвлүүлсэн, одоо ч ашиглаж байгаа юм.
-1988 оноос хүүхдийг долоон наснаас нь сургуульд элсүүлдэг байсан бол одоо бүр зургаатайгаас нь сургаж эхэлсэн. Энэ бүх өөрчлөлт, хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулж “Цагаан толгой”-г бичиж зохионо гэдэг бас л явдалтай ажил байх, тийм үү?
-Найман настай хүүхдэд зориулсан “Цагаан толгой” номыг хийж байхад ердөө л Б.Цэвэгжав багшийн удирдлага, чиглэлээр ажилладаг байсан. Нийгэм хөгжөөд долоон настнуудыг сургаж эхлэхэд бид үг сонголт, зураг дээр нь ч анхаарч, сурах бичгээ өөрчилж байлаа. Улмаар 2005 онд бүх хүүхдэд нэгдүгээр ангиас нь монгол бичиг заахаар болж, бид бас л “Цагаан толгой” дээр ажилласан. Тухайн үед ямар ч бэлтгэл хангаагүй, монгол бичиг заах багш нар ч хүрэлцээгүй байх үед хүчээр шахуу хийчихсэн ажил л даа. Үүнийг бид боловсролын салбарт гарсан гажуудал, сургалтын алдаа байсан гэж дүгнэдэг юм. Дээр нь сурах бичгийг тендерийн сонгон шалгаруулалтаар бичиж зохиодог болсон. Тиймээс хамгийн сүүлд 2008 онд зургаан настай хүүхдэд зориулсан “Цагаан толгой” бичсэн маань дөрвөн жил сургалтад албан ёсоор хэрэглэгдсэн. Тухайн цаг үедээ ардчилсан Засгийн газар гарч ирээд дахиад л тендер зарласан байгаа юм. Түүнд би өөрийн шавь нараа “сойсон”. Тэд амжилттай оролцож шалгарсан байдаг.
-Та бас нэгдүгээр ангийнхны монгол хэлний сурах бичгийг зохиосон гэсэн байх аа. Энэ талаараа сонирхуулна уу?
-“Цагаан толгой” номоор бичиг үсэгт суралцсан хүүхдүүдэд цаашид үзэж хичээллэх залгамж чанартай монгол хэлний сурах бичиг зайлшгүй хэрэгтэй. Энэ үүднээс 6, 7, 8 настнуудад зориулсан сурах бичиг зохиож, 1980-аад оноос хойш үе үедээ л ашиглаж байсан. АНУын зарим хотод байгуулсан монгол сургуульд миний сурах бичгийг хэрэглэж л байна билээ. Биднийг сурах бичиг зохиож байх үед нийгэм, боловсролын байгууллага, багш нарын дунд ч монгол ахуй, сэтгэлгээ давамгайлж байжээ гэж хардаг. Одоо мэдээ мэдээлэл өргөн дэлгэр, цар хүрээ ихтэй болсноор гаднын нөлөө, сэтгэлгээ, үг яриа их орж ирж байгаа нь даяаршлын өнөөгийн нийгэмд байх ёстой боловч тунг нь тааруулж, авах гээхийн ухаанаар хандахгүй бол болохгүй нь. Хүүхдийг багаас нь бие даалган хөгжүүлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх нь чухал болж байна. Хүүхдэд өөрт нь байгаа нөөц бололцоогоо дайчлан ашиглах сэдэл, тэмүүлэл төрүүлэх, түүнийг нь хөхиүлэн дэмжиж урамшуулах явдал маш чухал болсон. Одоогийн 3-4 настай хүүхдүүд 20-оод жилийн өмнөх найман настай хүүхдийн сэтгэдгийг сэтгэж, бодоогүйг бодож байна шүү дээ.
-Гэхдээ дэд бүтэц болон бусад шалтгаанаар амьдрал ахуй, нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, хот хөдөөгийн ялгаа их байхад бүгдийг тэгшитгээд зургаан наснаас сургах нь хэр зөв байдаг юм бол?
-Үнэн л дээ. Хот, хөдөөгийн хүүхэд багш нар, эцэг эхийн хооронд сэтгэлгээний ялгаа байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэгэнт боловсролын тогтолцоо ийм болсон нөхцөлд бүгд л нэг системд захирагдах учиртай шүү дээ. Ахуйтай нь холбогдуулаад малчны хүүхдийг долоон настайгаас нь суралцуулж болно л гэнэ. Үүнд хамгийн гол нь судалгаа хэрэгтэй. Янз бүрийн байдлаар туршилт хийгээд ном сурах бичгээ байн байн өөрчлөөд байгаа зэргийг нь бид буруу гэж бодохгүй байна. Гагцхүү энэ хийж, туршиж буй өөрчлөлт шинэчлэлдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, дүгнэлт гаргадаг байх нь чухал. Тэгэхгүйгээр бид гаднаас зүгээр л хуулбарлаад байвал амжилтад хүрэхгүй, боловсролын систем ч хөгжихгүй.
-Лхаахүү багш аа, “Цагаан толгой” зохиоход зайлшгүй баримтлах гол чиг шугам, арга зүй гэж байдаг байх. Энэ талаар та өөрийн туршлагаасаа хуваалцаж, сонин сайхан мэдээлэл өгнө үү?
-Нэг зүйлийг сонирхуулахад, монгол хэлний үгсийн сангийн нийт үг дотор хамгийн олон давтамжтай үсгийг “Цагаан толгой”-н эхэнд оруулдаг. Тухайлбал, монгол хэлний долоон эгшгээс гадна м, х, л үсэг хамгийн олон давтагддаг юм. Тийм ч учраас ам, ах гэж үг холбож эхэлдэг нь тийм учиртай.
-Сонирхолтой л юм байна. Манайхны кирилл бичиг үсгийн түүхэн замнал хэдий үеэс эхэлдэг юм бэ?
-1940-өөд оны эхнээс бэлтгэл ажлыг хангаж, сурах бичгээ зохиож, багш нараа сургасны дараа 1946 онд албан ёсоор кирилл бичиг үсэгт шилжсэн байдаг. Анх “Үсэглэл” нэртэй сурах бичгийг Б.Цэвэгжав багш зохиож байжээ. Энэ нь орос хэлний “Азбука” гэдэгтэй дүйнэ. Хожим “Цагаан толгой” гэж нэрийдэх болсон нь “Букварь” гэсэн үг юм даа. Оросын их зохиолч Л.Н.Толстой орос хэлний үсэглэлийг зохиож журамласныхаа дараа “Миний амьдралдаа бүтээсэн хамгийн том бүтээл энэ боллоо” гэж Ясная полинад хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр “Цагаан толгой” зохионо гэдэг яггүй ажил байгаа биз /инээмсэглэв.сур/.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.29.168)
Ug ni sain bagsh san. Mongol hel Mongol bichgee deedlehed buh huudiig bagaas ni surgah ni deer. odoo huduuginiin huuhded hurtel angli hel zaagaad suraad baidag mongol bichee bolohoor bolohgui geed baidag ta ubur mongoliig har daa eh helee yaj surgaj b.na. Bosoo bichig maani saihkan shuu