Б.Одонхүү: 60 хувьтай яваа ургац хураалтыг энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн
- 2016-10-06
- Үнэн
- 0

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.ОДОНХҮҮТЭЙ ярилцлаа.
-Манай улс ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй гэсэн мэдээлэл гарчээ. Сүүлийн үед хур тунадас орж хүйтэрч байгаатай холбоотойгоор үнэхээр ийм эрсдэл үүссэн юм уу?
-Сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутагт бага зэрэг хур тунадас орж байна. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн баруун урд хэсгээр энэ сарын 3, 4нд нойтон цас орсон. Харин өнөөдөр /өчигдөр/ийн байдлаар зөвхөн нийслэлд орлоо. Сэлэнгэ, Төв, Дархан зэрэг газар тариалангийн томоохон буюу үндсэн бүс нутагт хур тунадас ороогүй. Тиймээс ургац хураалт хэвийн үргэлжилж байгаа учраас 40 хувийн ургац алдаагүй. Цаг агаарын хувьд өнгөрсөн сар тийм ч тааламжтай байсангүй. Тодруулбал, хур тунадас ихтэй байсан учир ургац хураахад нэлээд хүндрэл бэрхшээлтэй байлаа. Өнгөрсөн сарын 4нд ургац хураалт эхэлж түүнээс хойш 1012 хоногийн хугацаанд тариа, ногоогоо хураан авсан. Бусадөдрүүдэдхуртунадастай байсан учраас ургац хураах боломжгүй байлаа.
-Газар тариалангийн бүс нутгийг аймгаар нь ангилж үзвэл ургац хураалт хэдэн хувьтай байгаа бол. Хур тунадас их хэмжээгээр орж ургац хураалтаа зогсоосон аймаг бий юү?
-Тариалангийн бүсийн аймгуудтай холбоо тогтоосон. Өнөөдрийн байдлаар цас ороод хураалтын ажил зогссон зүйл байхгүй. Төв аймгийн тариалангийн бүсийн хойд хэсэг болон Дархан-Уул аймгийн ойр орчимд ургац хураалт хэвийн үргэлжилж байна. Харин Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дорнод аймагт 35-40 хувьтай буюу удаашралтай байна. Эдгээрээс бусад аймгийн хувьд 60-70 хувьтай явна.
-Ямар шалтгаанаар нэр бүхий дөрвөн аймагт ургац хураалт удаашралтай байна вэ?
-Удаашралтай байгаа аймгуудын хувьд нэгдүгээрт, тухайн бүс нутагт таримлын болц арай хожуу байсан. Хоёрдугаарт, тухайн бүс нутагт хур тунадас тасралтгүй орсноос тариалангийн талбайд техник, тоног төхөөрөмж ажиллах нь бага байсан.
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэдэн тонн ургац хураан аваад байна вэ. Үлдсэн 40 хувийг хэдий хугацаанд хураан авахаар төлөвлөж байна вэ?
-Энэ сарын 4-ний мэдээллээр, улсын хэмжээнд 329 мянган тонн үр тариа, 126 мянган тонн төмс, 72 мянган тонн хүнсний ногоо, 28 мянган тонн тэжээлийн ургамал, таван мянган тонн тосны ургамал хурааж авсан байна. Хураалтыг хувиар авч үзвэл үр тариа 60 орчим, төмс, хүнсний ногоо 75- 82 хувьтай байна. Ус цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, энэ сарын 7, 8-наас цаг агаар тогтуун болох юм билээ. Тиймээс энэ сарын 15 гэхэд ургац хураалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Техник тоног төхөөрөмжийн хувьд ч ийм боломж бий. Гагцхүү цаг агаарын таагүй байдал ургац хураалтад сөрөг нөлөө үзүүлж, ажил эрчимтэй явахад саад болж байна.
-Цаг агаарын таагүй байдал ургац хураалтын хугацааг хойшлуулахаас гадна түүний чанар болон бусад байдалд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Болц нь гүйцсэн, хураалт жигд яваа тохиолдолд хур тунадас орох нь ургац хураалтын явцад сөргөөр нөлөөлнө. Ерөнхийдөө хүндрэлтэй нөхцөл байдалд ургац хурааж байгаа нь үнэн. Тариаланчид хур тунадас дахин орж болзошгүй хэмээн болгоомжилж сиймхий гарангуут бага зэргийн чийгтэй байхад нь ургацаа хураан авах тохиолдол гарч байна. Ингэснээр хаягдал их гарч магадгүй байна. Тиймээс ургац хураах үед хаягдал гаргахгүй байхыг тариаланчдад анхааруулж байгаа. Хур тунадас орж, цаг агаар тогтворгүй болохоор хаягдал нэмэгддэг. Нөгөө талаас чийгтэй будаа үтрэмд бууснаар ачаалал нэмэгддэг. Учир нь, гурилын үйлдвэр буюу хүлээж авч буй байгууллага стандартад нийцсэн будаа нийлүүлэх шаардлагыг тариаланчдад тавьдаг. Чийгтэй будаагаа цэвэрлэж, хатаасны дараа нийлүүлэлт хийх гэсээр байтал хугацаа алддаг. Цаг агаарын таагүй байдал удаан үргэлжилбэл хоёр хүндрэл үүсч болзошгүй. Нэгдүгээрт, талбайн ажил саатаж, хаягдал гарах магадлалтай. Хоёрдугаарт, үтрэмд их хэмжээний ачаалал үүсвэл хорогдол гарах эрсдэлтэй. Үүнийг бид аймаг, орон нутгаар дамжуулан тариаланчдад хэлж, сэрэмжлүүлж байна. Тиймээс байгаль, цаг уур тааламжтай байх үеийг ашиглан хураалтыг шуурхайлж, үлдсэн ургацаа аль болох хаягдал хорогдол багатай авах хэрэгтэй байна. Хугацаа хойшлох тусам ургацын хаягдал нэмэгдэнэ.
-Цаашид цас үргэлжлэн орж хүйтэрвэл ургац хураалт удааширч, тэр хэрээр эрсдэл үүсэх магадлалтай гэлээ. Хүн хүч дайчлах зэргээр үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу. ХХААХҮЯ-ны зүгээс энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Төмс хүнсний ногоог хучиж хамгаалах хэрэгтэй. Газар тариалангийн бүх бүс нутагт нэгэн зэрэг цас орж хүйтрээгүй учраас цаг агаар тогтуун бүс нутагт хураалтыг эрчимжүүлэх ёстой. Ингэхдээ газар тариалангийн бүс нутагтай аймаг, сум хоорондоо техникийн зохицуулалт хийх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, ургац хураалт нь дууссан орон нутаг техник тоног төхөөрөмжөө боломж муутай бусад хэсэгт шилжүүлэх юм. Энэ намар улсын хэмжээнд цэргийн алба хаагч, оюутан залуус болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагчид гээд нийт 2500 гаруй хүн ажилласан. Үүнээс өнөөдрийн байдлаар 1900 гаруй хүн ажилласан гэсэн мэдээлэл ирсэн.
-Өнгөрсөн жил тариаланчид ургац алдсан. Энэ жилийн ургац өмнөх жилийнхээс юугаараа онцлог, давуу үзүүлэлттэй байна вэ?
-Энэ жилийн ургацыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэгж талбайн ургац өндөр, тарианы чанар харьцангуй сайн байгаа. Өнгөрсөн жил бид ургац алдсан нь үнэн. Нэг га-гаас улсын дунджаар 6.9 центр ургац авч байсан. Харин энэ удаад улсын дундаж нэг га-д 15 центр байна. Энэ жил ургац хураалт 60 гаруй хувьтай байгаа бол өнгөрсөн жилийн өдийд 37 хувьтай байсан.
-Нэг га-гаас авах ургацын центр 15 хүртэл нэмэгдэж тарианы чанар харьцангуй сайжирсан нь юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Ийм хэмжээнд хүрсэн нь урд жилүүдийг бодвол тариаланчид ургамал хамгааллын арга хэмжээг зохистой авч хэрэгжүүлж чадсан. Мөн ХХААХҮЯ-наас долоон мянга гаруй бордоог тариаланчдад нийлүүлсэн. Энэ бүхний үндсэнд ургацын чанар сайжирч, хог ургамлын хольц багатай байна. Ганцхан зохицуулж болохгүй хэцүү асуудал бол хур тунадастай холбоотойгоор чийг нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ тэр нь ургацын амин чийг биш учраас сэлгэлт хийж хатаавал чийг хурдан хатдаг. Ингэснээр ачаалал нэмэгдэж, үйл ажиллагааны нэмэлт зардал гарна.
-Тариаланчид улаанбуудайгаа борлуулах талд жил бүр нэлээд асуудал үүсдэг. Энэ жил Тариалан эрхлэгчдийг дэмжих сан хэчнээн тонныг худалдан авахаар төлөвлөж байна вэ?
-Тариаланчид борлуулалтаа хийж эхэлсэн. Хураалтын дүнгээр одоогоор 320 гаруй мянган тонн үр тариа үтрэмд бууснаас 120- иод мянган тонныг гурилын арваад үйлдвэр болон Тариалан эрхлэгчдийг дэмжих сан хамтарч авсан байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний будаа үтрэмээс үйлдвэрийн агуулахад хүрсэн гэсэн үг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн савны багтаамж 120-128 мянган тонн байдаг. Урд жилүүдийг бодвол ургац сайн байгаа учир аль болох савныхаа багтаамжаар авах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд өгсөн. Гурилын үйлдвэрүүд өөрсдийн хэрэгцээний хэмжээнд аваад зогсдог. Тиймээс түүний цаана үлдсэн буюу сул чөлөөтэй байгаа будааг тодорхой хэмжээнд авахаар Тариалан эрхлэгчдийг дэмжих сан ажиллаж байна. Одоогоор яг тийм хэмжээгээр авна гэж тооцоолж хэлэх боломжгүй.
-Нэг тонн улаанбуудайг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?
-Үнэ ханшийг хэлж мэдэхгүй болчихоод байна. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан бол стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаанбуудайг 560 мянган төгрөгөөр авч байгаа. Ингэхдээ өр төлбөрөөр орлогодоо тооцож авч байна. Харин гурилын үйлдвэрүүд янз бүрийн үнийн саналыг тариаланчдад хэлж байгаа. Өнгөрсөн жил ургац алдсан учир тариаланчид санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаагаас Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн авч буй жишиг үнэнд хүрэхүйц үнээр авах саналыг гурилын үйлдвэрүүдэд тавьж байна. Тиймээс хоорондоо харилцан тохирч борлуулалт хийж эхэлсэн. Бид ерөнхийдөө борлуулалт, нийлүүлэлтэд зохицуулалт хийж өгөх чиглэл баримталж байгаа.
-Яг ямар үзүүлэлттэй улаанбуудайг стандартын шаардлага хангасанд тооцох вэ?
-18-аас доош хувийн цавуулагтай, арваас дээш хувийн тарианы хольцтой, 700-гаас доош натур жинтэй бол стандартад нийцэхгүй. Харин стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний буудай нь 18 болон түүнээс дээш хувийн цавуулагтай, 15 хувийн чийгтэй, 720-иос дээш натур жинтэй байх ёстой. Тэгвэл гуравдугаар ангиллынх нь 23-аас дээш хувийн цавуулагтай, 14 хувийн чийгтэй, 750-иас дээш натур жинтэй гэх зэргээр тодорхойлдог. Энэ мэтчилэн стандартын шаардлага хангасан будааг авч байна.
-Манай тариаланчдын ургац дээрх үзүүлэлтийг хангаж чадаж байна уу?
-Ерөнхийдөө хангаж чадаж байна. Архангай, Өвөрхангай аймгийн тарианы цавуулаг арай бага буюу 20-21 хувьтай. Харин бусад газар тариалангийн бүс нутгийн хувьд 23-аас дээш хувийн цавуулагтай.
-Энэ жил 482 мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоо гаргасан. Улсынхаа хэрэгцээний нөөцийг бүрдүүлж чадах болов уу?
-Өнөөдрийн байдлаар 60 хувь буюу 330 орчим мянган тонн улаанбуудай үтрэмд буусан. Тооцоолсон хэмжээний буюу 482 мянган тонн улаанбуудай авч чадвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг.
-Манай улсын улаанбуудайн үнэ олон улсын зах зээлээс өндөр байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Манайд харьцангуй өндөр байгаа нь үнэн. Ийм үнэтэй байгаагийн гол шалтгаан нь газар тариалангийн бүс нутагт хэрэглэдэг техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэрэг бүгд импортынх. Тариаланчид барууны орнуудаас өндөр хүчин чадлын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж байна. Гэтэл тухайн газарт нэгжээс 60-70 центр ургац авдаг. Харин манай улс нэгжээс дунджаар 10-15 центр ургац авдаг. Бид хангалттай ургацтай байгаа тохиолдолд дэлхийн зах зээл дэх улаанбуудайн үнэ бидэнд нөлөөлөх ёсгүй.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)