Б.Мөнхболд: Аав бид хоёр Хүүхэлдэйн театраас хөгжмийн гараагаа эхэлсэн
- 2016-10-15
- Энтертайнмент
- 0
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн хүү Төрийн соёрхолт хөгмийн зохиолч Б.Мөнхболдтой ярилцлаа.
-Аавын тань мэндэлсний 100 жилийн ойг энэ сард тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Аавынхаа авьяасыг нь өвлөсөн хүүгийн хувьд хийж гүйцэтгэх ажил их л байгаа байх даа?
-Хүүгийн хувьд хийж гүйцэтгэх ажил их байна. Аавын минь мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг 2016 оны нэгдүгээр сарын 22-ноос Улсын Филармониос зохион байгуулж, “Монгол зохиол” төслөөр анх эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед аавын “Улаан дарцаг” симфони суэтийн төгсгөлийн анги, “Эрдэнэ тээлийн уянга” дуурийн Дантээн ариг Улсын филармонид тоглосон. Албан ёсоор ой тэмдэглэх ажил энэ сарын 15-нд Улсын Ардын дуу бүжгийн чуулгад тоглох “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт хүүхдийн бүжгэн жүжгээр эхэлнэ. Тухайн өдрийн 19.00 цагт аавын “Харц хатан” дуулалт жүжгийг УДЭТ-т тоглоно. Үүний дараагаар Баянхонгор аймагт олон үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон. Тус аймгийн ЗДТГ, ИТХ-аас санаачлага гарган дэмжин ажиллаж байна. Түүнчлэн аавын нэрэмжит дууны уралдааныг зохион байгуулна. Тус уралдаан нь мэргэжлийн, ардын авьяастан, хүүхдийн дуулаачийн гэсэн төрлөөр энэ сарын 23-25-нд хоёр үе шаттайгаар болох юм. Шагналын сан их өндөр. Гранпри хүртсэн дуучин таван сая төгрөгийн шагнал хүртэнэ. Аавын дуу их өргөн цар хүрээтэй, сонсголонтой сайхан байдаг. Энэ дашрамд аавын маань ойг тэмдэглэхэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гаргаж буй Баянхонгор аймгийн ЗДТГ, ИТХ болон “Тэмүүжин” театрынхаа хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Эдгээрийн дараа энэ сарын 26-нд Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дунд зохиодог “Алтан намар” хөгжмийн наадам болно. Ерөнхийдөө энэхүү “Алтан намар” наадмыг аавын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй. Наадмыг аавын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд зориулсан бүтээлээр эхлүүлж, “Дамдин Чойжилын Дором” хэмээх шашны симфони зураглалаар өндөрлөх юм. Мөн ирэх сарын 16-нд Хөгжим бүжгийн коллежид эрдэм шинжилгээний бага хурал болно. Ирэх сарын 21-нд хүндэтгэлийн томоохон хэмжээний тоглолтыг зохион байгуулснаар аавын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил өндөрлөх юм. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим гол үүрэг гүйцэтгэх бөгөөд олон алдартай уран бүтээлч оролцох болно. Улсын филармонийг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавтай аав маань хамтран ажиллаж байсан юм.
-Аавын тань төрсөн нутагБаянхонгор аймагт олон үйл ажиллагаа болно гэлээ. Ер нь та аавынхаа нутагт хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
-Очилгүй яахав. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 27-нд Б.Мөнхдорж ахтай хамт очсон юм. Ойг тэмдэглэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар албаны хүмүүстэй уулзаж ярилцаад ирсэн. Аавынхаа нутагт очих бүртээ сүү өргөж, хүндэтгэл үзүүлж, талархлаа илэрхийлдэг. Тун удахгүй дахиад очно доо.
-Адилхан мэргэжилтэйн хувьд аавын тань ямар уран бүтээл танд таалагддаг вэ?
-Би аавынхаа уран бүтээлүүдийг европ, америк шинж чанартай гэж боддог юм. Яагаад гэвэл европ Америкийн уран бүтээлчдийн нас явах тусам туурвиж буй бүтээл нь улам чанаржиж, гайхамшигтай болдог юм. Яг түүнтэй ижил аав минь нас ахих тусмаа чанартай сайн бүтээлүүдийг туурвиж байсан. Тэр дундаа аавын хамгийн сүүлд бичсэн “Дамдин Чойжилын Дором” шашны симфони зураглал маш сайтай гэж боддог. Энэ симфони надад хамгийн их таалагддаг. Гэхдээ бусад бүтээл нь ч ялгаагүй сайн. 1998 онд шашны симфони гэж байгаагүй үед бичиж байжээ. Аав яаж энэ симфоныг бичсэн бэ гэвэл өөрөө 6-12 настайдаа Ламын гэгээний хүрээ хийдэд шавилан суусан. Тэр үед аав эх, эцэгтэйгээ хамт шашин, номын зан үйлийг нүдээр харж, чихээр сонссоны учир энэхүү симфонийг бичсэн. Аавын жинхэнэ нэр нь Лувсанбазарбирваа шүү дээ. Яагаад Бирваа болсон гэхээр цэрэгт очтол улс төрийн ажилтан нь “эсэргүүний нэрээ хас” гэсэн болохоор зүгээр Бирваа болгосон гэдэг.
-Тэгвэл таны бүтээлүүдээс аавын тань сэтгэлд хүрч үнэлэгдсэн ямар бүтээл байгаа бол?
-Аав болон Хүүхэлдэйн театрын дарга асан А.Чойсан гуайтай хамтарч 1982 онд нэгэн бүтээл хийсэн. Тэр үед надад аав хоёр бүтээл хий гэсэн үүрэг даалгавар өгсөн. Энэ нь миний хөгжмийн зохиолч болох анхны гарааг нээж өгчээ гэж одоо боддог юм. Би наймдугаар ангид сурдаг байсан бөгөөд аавынхаа өгсөн даалгаврыг их л хурдан гүйцэтгэж байлаа. Энэ нь миний анхны бүтээл болсон. Аав бид хоёрын уран бүтээлийн гараа их адилхан шүү. Аав Хүүхэлдэйн театраас хөгжмийн зохиолч болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Би ч мөн адил шүү дээ. Яг хөгжмийн зохиолчийн хувьд аавдаа үнэлэгдсэн үе гэвэл төрийн шагнал хүртсэн ятга симфони найрал хөгжмийн концерт юм. Аав, “Миний хүү одоо л хөгжмийн зохиолч болжээ” гэж тэр үед анх бодсон байх. Их сургууль төгсөөд 12 жилийн дараа намайг үнэлсэн байгаа юм. Тэгэхээр сургууль төгсөөд л хөгжмийн зохиолч болчихно гэж байдаггүй юм билээ.
-Мэргэжлийн хөгжмийн зохиолч нэг хөгжмийн зэмсгийг бүрэн эзэмшсэн байх ёстой гэдэг. Таны хувьд төгөлдөр хуур уу?
-Тийм ээ. Төгөлдөр хуур. Би наймтайгаасаа 20 нас хүртлээ төгөлдөр хуураар хичээллэсэн. Төгөлдөр хуур бол миний хамгийн түшигтэй хөгжмийн зэмсэг.
-Таны ах мундаг найруулагч. Ахтайгаа хамтарч хэчнээн уран бүтээлд ажилласан бол?
-Ахтай хамтарсан бүтээл олон бий. 1990-ээд оны үед Армийн театр гэж байсан “Сократын сүүлчийн шөнө” гэж драмын жүжиг бичиж байлаа. Үүний дараа ч хийсэн олон уран бүтээл бий. Заримыг нь одоо санахгүй байна. 2009 онд байгаль экологийн сэдвийг анх удаа хөндсөн “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг тавьсан. Дараа нь Ховдын театрт “Галдан бошигт” дуулалт жүжгийг тавьж тухайн жилийн “Гэгээн муза”-г хүртэж байлаа шүү дээ.
-Ер нь хамтарч ажиллахад ямар байдаг вэ?
-Ажлын шаардлагаар ахтайгаа бага зэрэг санал зөрөх үе гаралгүй яахав. Гэхдээ нэгнийхээ санаа бодлыг сонсч зөвлөлдөнө шүү дээ. Ахтайгаа хамтарч хоёр ч дуулалт жүжиг хийлээ. Хамгийн гайхамшигтай нь ах “Хөгжим гараагүй байхад би ямар ч ажил хийхгүй” гээд суучихдаг юм. Ингэхээр бүх зүйл надаас шалтгаалдаг. Ах бол хөгжмийг их сайн сонсч мэдэрдэг хүн шүү.
-Та бүхэнд аав тань ямар зүйлийг зааж сургасан бэ?
-Ажил, мэргэжилдээ үнэнч бай л гэдэг байсан. Аавын нэг айхтар үг бий. Халтуур гэдэг үгийг амнаасаа хая гэдэг байлаа. Манайхан чинь хөгжим бичиж байхдаа халтуур хийнэ гэж ярьдаг шүү дээ. Аав бол халтуур гэх үгийг хэзээ ч битгий хэрэглэ, зүрхэндээ бүү байлга гэж байнга захидаг байсан юм. Энэ үг одоо надад их хэрэг болж байна. Яагаад гэхээр халтуур гээд хэлээд сурчихаар сэтгэл чинь хүртэл халтуур болчихно, тэгээд л тухайн хүн бүтээл туурвиж чадахаа больчихно. Чи хэн ч биш болно.
-Аавын тань бичсэн “90 жилийн дурсамж” номыг дахин хэвлэхээр болсон гэж дууллаа. Энэ тухай дэлгэрэнгүй яривал?
-Аавын ой санамж гэж их гайхалтай. “90 жилийн дурсамж” чинь 760 хуудастай ном шүү дээ. Гэтэл энэ номд орсон материал бүрийг өөрийн гараар монгол бичгээр бичиж, дараа нь криллээр бичсэн байгаа юм. Тийм сайн ойтой. Номоо бичиж байгаад нойр нь хүрвэл жаахан унтчихаад босч ирээд л бичээд суучихдаг байсан юм. Бид чинь нэг утасны дугаар тогтоодоггүй шүү дээ. Гэтэл аав нэг л сонссон бол л мартана гэж байхгүй. 80 нас гарсан ч тийм сайн ойтой байлаа. Өөрийнх нь хэлж байснаар хөдөө хөл нүцгэн гүйж байсны ач тус гэдэг. Сүүлдээ хөл нь ямааны эвэр шиг болсон байсан гэж ярьдаг байсан юм. Аавын минь сэтгэл хүч хөдөлмөрөө шингээсэн энэхүү номыг дахин хэвлэхээр болсон. Энэ дашрамд Монголын соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн хоёр хүү Болдхуяг, Болд “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нарын дэмжлэгтэйгээр дахин хэвлэхээр болсонд гүн талархал илэрхийлж байна.
-Та аавынхаа зохиол бүтээлээр бахархахаас гадна хувь хүнийх нь хувьд ямар зан чанараар нь бахархдаг вэ?
-Зан чанарын хувьд гайхалтай шүү. Тэр дундаа хувийн зохион байгуулалт маш сайн хүн. Ер нь цэргийн зохион байгуулалттай хүн байсан гэж хэлж болно. Өглөө дөрвөн цагт босч, гадаа нэг цаг гаруй алхаж, гимнастик хийнэ. Орж ирээд хувцсаа тайлаад түмпэнтэй хүйтэн ус, алчуур авч гадаа гараад биеэ арчина. Өвлийн хүйтэнд шүү дээ. Уур савсана. Би харж л байсан. Тэгээд бас болоогүй буцаж орж ирээд ваннд хүйтэн ус дүүргээд цаг гаруй хэвтчихэнэ. 80 настай хүн шүү дээ. Гараад ирэхээр нь би гараараа биеийг нь барьж үзэхэд хальтирдаг байсан. Тэгээд л цайгаа уугаад номоо бичээд суучихна. Аав ерөөсөө зөнөөгүй шүү дээ. Өдөр болгон толгойгоо ажиллуулж юм бичдэг хүн зөнөнө гэж байдаггүй юм шиг байна лээ. Бид нарыг жаахан хэвтэхээр л “Бос, бос юу хийж хэвтдэг юм. Ажлаа хий” гэнэ шүү дээ. Одоо энэ зан чанар нь их үгүйлэгдэж байна. Хэрэв аав минь амьд байсан бол энэ үг нь надад их ташуур болно доо гэж хааяа бодох юм. Аав хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан юм. Тэгээд яана гээч. Маш нямбай. Ямар нэгэн ажил хэргийн уулзалт болбол хувцсаа өөрөө индүүдэж, франц сүрчиг цацаад түрийвчээ онгойлгоно. Нэг талд нь монгол төгрөг, нөгөө талд нь доллар хийнэ. Тэгээд л алхаад гараад явчихна. Автобус унаанд суух нь ховор. Автобусанд суулаа ч гэсэн дандаа зогсоогоороо явна. Тийм л хараа өндөртэй нэгэн байсан юм. Нас дээр гарсан хэрнээ ийм л жавхаатай хүн байж. Тэгэхээр залуудаа ямар байсан нь тодорхой шүү дээ.
-Хүн бүхэнд эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлсэн мартагддаггүй сайхан мөч бий. Таны хувьд тэр мөчөө эргэн дурсвал?
-Намайг 20 настай байхад аав минь тэтгэвэрт гарчихсан аймгуудын театрын хөгжмийг захиалгаар бичиж байжээ. Тэр үед бид хоёр хамтран ажиллаж байсан гэж хэлж болно. Аав надаар юм хийлгэж сургаж байгаа нь тэр. Би чинь хөгжмийн сургуулийн оюутан байсан үе шүү дээ. Тэр үед аавтайгаа ажиллаж байгаад би унтчихаж, тэгсэн нэг хүн үнэрлэх шиг болсон. Сэрээд хартал аав намайг үнсч байсан юм. Энэ миний хувьд хамгийн сайхан мартагддаггүй мөч.
-Аав тань бас төрийн соёрхолт хүн. харин танд төрийн соёрхол олгоход ямар санагдаж байсан бэ?
-Төрийн шагнал авчихаад ааваасаа их л дутмаг юм шиг санагдаж байсан. Аав минь 83 насандаа энэ өндөр шагналыг хүртсэн. Би чинь 43 насандаа хүртсэн. Тэгээд бодоход жаахан ичиж л байсан. Аавтайгаа өөрийгөө дэнсэлж байгаа нь тэр юм даа. Гэхдээ хийсэн бүтээсэн зүйл байлгүй яахав. Гэвч эцэгтэйгээ өөрийгөө дэнслээд үзэхэд жаахан чамлалттай байсан нь үнэн. Аавын хажууд би юу билээ л гэж бодож байлаа. Тэр хүний хийж бүтээсэн зүйл нь уул овоо мэт байхад минийх дов шиг л байлаа шүү дээ.
-Удам залгасан их авьяас тасрахгүй үргэлжилсээр л байна. Таны хүү бас урлагийн мэргэжилтэй болох уу?
-Манай хүү одоо урлагийн чиглэлээр сурч байгаа. Би уг нь өөр мэргэжилтэй болгох санаатай байсан юм. Гэтэл өвөө нь өнгөрөхөөсөө өмнө “Хүүг минь хөгжмийн хүн болгоорой” гэж захисан юм. Тэгэхээр удам залгах гэдэг чинь болоод байгаа хэрэг л дээ. Манайх чинь гурван үеэрээ дуу хөгжмөөр явж байна шүү дээ. Гайхамшигт өвөг эцэг уртын дууч, ерөөлч, магтаалч Гончиг, тэгээд аав, би одоо миний хүү дөрөв дэх үе нь болж байна шүү дээ.
-Ямар ч хүнд урам зориг, бардамнал гэж байдаг. Та ямар уран бүтээлээ биччихээд өөрийгөө их үнэлж байсан бэ?
-Зохиол бүтээл болгоноо би муу хэлж чаддаггүй юм. Ятга, морин хуурын симфони найрал хөгжмийн концерт бол зохих хэмжээнд өөрчлөлт шинэчлэлт гаргасан гэж үздэг. Энэ хоёр найрал хөгжмийг олон улсад нэлээд тоглодог сайн бүтээл. Гэхдээ учиргүй би ийм сайн бүтээл хийсэн гэж бардамнаад явдаггүй. Дотроо л бодож явдаг юм. Энэ бол эх, эцгийн хүмүүжил юм даа.
-Одоо ямар уран бүтээл туурвиж байна вэ?
-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнол “Эхийн сэтгэл, хүүгийн сэтгэл” гэсэн ганц хүний дуурь бичиж байна. Энэ дуурийг Ардын жүжигчин А.Долгор эгч дуулах юм.
Г.Нямсүрэн

Сэтгэгдэл (0)