Ш.Наранчимэг: Босго өндөртэй театрын гоцлол дуучин нь болж, сонгодог бүтээл туурвиж яваадаа баярладаг
- 2016-11-16
- Энтертайнмент
- 0
Монголын сонгодог бүтээлүүдийг олонтаа амилуулж, үзэгчдэдээ бүтээсэн дүр, дуулсан дуугаараа танил болсон Улсын дуурь, бүжгийн театрын алтан гургалдайнуудын нэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэгийг ярилцлагын зочноор урилаа. Тайзан дээр гарахдаа тодоос тод гэрэлтэж, заримдаа гал мэт асч байдаг дуучны хамгийн хайрлаж, бахархдаг зүйлийн нэг нь театрын тайз. Эгэл даруухан хэрнээ сэтгэлд дулаахан дуурийн театрыг уран бүтээлчид нь хоёр дахь гэрээ хэмээн бодож, тэр л сэтгэлээр дэлхийн сонгодог бүтээлийг амьдруулдаг гэлтэй. Ийм халуун дулаан, төгөлдөр хуурын аянд бялуурам орчинд бидний ярилцлага өрнөлөө.
-Дуулж чадахгүй монгол хүн байдаггүй ч хэдэн цаг үргэлжлэх сонгодог бүтээлийг амилуулж чадах нь ховор. Иймээс л дуурийн дуучдын авьяас төрмөл байдаг хэмээн ярьдаг байх. Таныг хонгор нутгаас төрсөн дуурийн анхны дуучин гэхэд хилсдэхгүй байх. Ямар хувь төөргөөр сонгодог урлагтай амьдралаа холбосон бэ?
-Урлагийн өнөр өтгөн гэр бүлийн нэгэн гишүүн болох замыг аав, ээж маань тавьж өгсөн. 16 настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөхөөр зорин ирэхэд орохыг хүссэн анги дүүрчихсэн байсан ч шантралгүй зүтгэсээр төлбөр төлж оюутан болж байлаа. Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа ард гарах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд 1999 онд үргэлжлүүлэн Соёл урлагийн их сургуульд элсэн суралцлаа. Сургуулиа төгссөний дараа театрын найрал дууны ангид орохдоо “Хэзээ нэгэн цагт заавал театрынхаа гоцлол дуучин болно” гэсэн зорилго тавьсан. Жил гаруйн дараа би зорилгоо биелүүлж гоцлол дуучин болсон юм. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны анги бол дуучин хүн бүр хүссэнээрээ орчихдоггүй. Босго өндөртэй таетрынхаа гоцлол дуучин нь болж тайзан дээр Монгол болон дэлхийн сонгодог бүтээлийг дуулж яваадаа баяртай явдаг юм.
-Мөрөөдөлдөө хөтлөгдөн унаж босч явах хугацаанд танд хэн хамгийн их урам зориг хайрлаж байсан бэ?
-Дуурийн дуучин болоход маш их тэвчээр, хөдөлмөр, хувь хүний зохион байгуулалт, сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдаг. Мэдээж сайн муу зүйл хослон байдаг болохоор уйлж дуулах үе тулгаралгүй л яах вэ. Гэрээсээ холдож үзээгүй хүүхэд хотод ганцаараа байхдаа аав, ээжийгээ санадаг байсан. Тэр үед миний мэргэжлийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд намайг охин шигээ санаж мэдэхгүй, чадахгүй болгоныг минь заасан гавьяатай хүн дээ. Заримдаа би гутарна. Чадахгүй, болохгүй зүйлийнхээ талаар их боддог хүүхэд байсан. Тэгээд бүр яаж ч чадахгүй болохоороо уйлчихдаг шартай хүүхэд байж.
-Таны нэг зүйлийн төлөө тууштай тэмцдэг зан чанар зарим уран бүтээл дээр илэрдэг. Тогтуун тайвнаас илүү асч гялалзсан дүрийг сайн гаргадаг юм шиг санагдсан. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Магадгүй л юм. Манай найруулагч ч гэсэн хөдөлгөөнтэй, гялалзуур зан чанартай дүр надад өгдөг. Гэхдээ би намбалаг Нансалмаагийн дүрд ч дуулчихдаг. Ер нь жүжигчин хүн янз бүрийн дүр бүтээх чадвартай байх ёстой. Дуурьт дуулах бүртээ “Бүтээсэн дүрээ хүмүүсийн сэтгэлд хоногшуулах юмсан” хэмээн бодож тайзан дээр гардаг. Үнэхээр мэргэжлийн өндөр төвшинд дуулж, жүжиглэхийг хүсч, өөрийгөө хурцалж явдаг.
-10 гаруй жил тайзан дээр гарахдаа үндэсний болон сонгодог олон дүрийг бүтээжээ. Тэдгээрээс таны сэтгэлээс гардаггүй, үргэлж уяатай байдаг нь хэний бүтээл байдаг вэ?
-Дуучид бүтээхийг хүссэн дүрээ найруулагчид хэлэхэд бидний саналыг ихэнхдээ хүлээн авдаг. Би театрын дуучин болсноос хойш 20 гаруй дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Эдгээр уран бүтээлийн дийлэнхийг нь би хүслээрээ дуулсан. Тэр дундаа сопрано хоолойн чансааг гаргадаг учраас би “Аида”-г дуулах ёстой гэж бодоод дуулсан. “Тоска” ч гэсэн дуучнаас маш их ур чадвар шаарддаг бүтээл шүү дээ. Монгол дууриудаас “Учиртай гурван толгой”-н Нансалмаа бол нэлээд намбалаг учраас дуулахдаа өөрийгөө нэлээд дарж, нүднийхээ хурц харааг зөөлрүүлж дүрдээ тааруулан дуулдаг. “Ламбагуайн нулимс” дуурьт хүрээ хүүхний дүрийг бүтээхийн тулд уян налархай хөдөлнө. Эр хүнийг өөртөө татахаар дуулах ёстой болдог. Энэ мэтчилэн бүтээж байгаа дүр болгон эрс өөр. Тэр бүхэн миний ажил учраас би хийх, бүр хамгийн сайнаараа хийх ёстой болдог. Ер нь хамгийн сайхнаар дуулж, хамгийн сайнаараа жүжиглэж, тоглолт бүртээ дуулаачийн ур чадвараа харуулахыг хичээдэг.
-Тайзан дээр олон жил хамтран дуулахаар дуучид нэгнээ үгүйлдэг гэдэг. Танд ч гэсэн олон жил нөхөрлөж, тайзан дээр сонгодгуудыг эгшиглүүлсэн алтан партнер цөөнгүй бий болов уу?
-Б.Гомбо-Очир, Э.Амартүвшин, Р.Доржхорол, Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг гээд яг одоо дуулж байгаа уран бүтээлчид маань миний алтан партнер. Тайзан дээр гарах бүртээ нэгэндээ дэмтэй, нэгэн үеийн шижигнэсэн уран бүтээлчидтэй ажиллаж байна.
-Хэдхэн хоногийн дараа та тайлангаа үзэгчдэдээ тавих гэж байна. Тоглолтоо Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүний заяа” бүтээлээр яагаад нэрлэх болов?
-“Хүний заяа” миний дуулах дуртай уран бүтээлийн нэг. Сайхан үг, аялгуутай сопрано, тенор хоолойтнуудын чадлыг шалгасан дуу юм. Би найруулагчтайгаа ярилцаж байгаад тоглолтоо энэ дугаараа гэж нэрлэсэн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг хүн сайн сайхан зүйлийн талаар бодож мөрөөдөж, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж, ямар нэгэн байдлаар эрч хүчтэй байвал азтай, одтой явж болдог гэсэн үүднээс тоглолтоо ингэж нэрлэсэн юм.
-Нэг ангид, нэг ширээнд тохой нийлүүлэн суусан найзууд хийсэн сонголтоо батжуулан салбар бүртээ манлайлж явна. Хэрвээ та дуурийн дуучин болоогүй байсан бол гэж бодож байсан удаа бий юү?
-Анх Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөхөд дуурийн ангид элсүүлэх сурагчдын тоо гүйцчихсэн уртын дууны ангид орох боломжтой байсан ч би заавал дуурийн дуучин болно гэж хэлж байлаа. Би Баянхонгор аймгийн Богд сумынх. Манай нутгаас төрсөн дуурийн дуучин байдаггүй. Тиймээс нутгаасаа төрсөн дуурийн дуучин болъё гэдэг бодолдоо хатуу зогссон. Надад зохиолын дуучин болох боломж ч байсан. Гэхдээ миний сэтгэл сонгодог урлаг руу тэмүүлсэн хэрэг.
-Уран бүтээлчийн тайзан дээрх амьдрал тодорхой хугацаатай байдаг. Тиймээс тайзнаас буусан хойноо ямар зорилго тавьж ажиллахыг одооноос төлөвлөж тунгаадаг байх?
-Тодорхой хугацааны дараа багшлах байх. Одооноос Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангийн хүүхдүүдтэй дууны хичээл хийж байна. Магадгүй хэдэн жилийн дараа мэргэжлийн хичээл зааж, олон сайхан шавьтай болно гэж боддог. Үүний тулд одооноос багшийнхаа хичээлд сууж туршлага судалж байна.
-Амьдралдаа ямар зарчмыг түлхүү баримталдаг вэ?
-Эмэгтэй хүн болохоор цэвэрч нямбай байдлыг эрхэмлэдэг. Ер нь хөдөлмөрлөж байж үр шимээ үзэх учраас өдрийн ихэнх цагийг театртаа өнгөрөөдөг. Одоо бие даасан тоглолтоо хийх гээд бүр ч завгүй явна. -Өдрийн ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг болохоор гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамж төдий чинээ багасдаг байх? -Амралтын өдөр ч гэсэн тоглолттой байдаг болохоор гэр бүлтэйгээ өнгөрөөх хугацаа бага байдаг. Гэрийн ажлаа бусдадаа даатгачихаад л явдаг юм. Чөлөөт цаг гарвал гэрээ цэвэрлэж, үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Манай аав мундаг цэвэрч хүн байсан.
-Таны сэтгэл зүрхэнд хоногшсон, амандаа аялдаг уран бүтээл бий юү?
-“Хүний заяа”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэсэн дууг дуулах дуртай. Эдгээр дууг дуулахад хүмүүс ч сайхан хүлээж авдаг. Хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг үг, ая нь гоё дуу юм.
-Бидний ярилцлага 2016 оны төгсгөлд болж байгаа юм чинь энэ жил танд тохиолдсон онцгой үйл явдлаас тодруулж өндөрлүүлье гэж бодлоо?
-2016 он маш сайхан жил байлаа. Он гармагц би Ж.Пуччинийн “Тоска” дуурьт дуулсан. Мөн Д.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” гэж сайхан дуурьт тоглосон. Сая Солонгос явж дуулаад ирлээ. Ингэж ямар ч завгүй явсаар оны төгсгөл ирсэн байна. Нэг бодлын завгүй байх сайхан. Одоо хэдхэн хоногийн дараа болох тоглолтын талаар бодож байгаа ч үүний зэрэгцээ дараагийн уран бүтээлийн талаарх бодол төрж байна. Дараа жил сонгодог концерт хийе гээд төлөвлөсөн. Дээр нь “Турандорт” дуурийг хурдан шинэчлэн тоглуулаасай гэж мөрөөдөөд сууж байна даа.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (1)
ÐÐ°Ñ Ð¾Ð¹ÑÑн Ñ Ð°Ð¼Ð°Ð°Ñан Ð°Ñ Ð½Ñ (103.9.90.130)
ÐÓ©Ó© ÑÐ¼Ð°Ñ Ð¼Ñндаг ÑÑилÑлага өгÑөн Ñм бÑ. ÐүүдÑÑ Ð±Ð°ÑÑ Ñ Ò¯ÑгÑе. Ð¢Ð¾Ð³Ð»Ð¾Ð»Ñ Ð½Ñ Ñ ÑзÑÑ Ñм болоо. Ò®Ð·Ð½Ñ ÑÑ