Г.Нямдаваа: Усыг ашиглахаасаа өмнө хөрөнгө оруулалт хийдэг байвал зохистой

 

        Туул голын бохирдлыг бууруулахын тулд салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон одоо хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.НЯМДАВААТАЙ ярилцлаа. ­

 

-УИХ­ын Өргөдлийн байнгын хорооныхон болон холбогдох байгууллагын төлөөлөл Туул голын ай сав газарт олборлолт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Гэтэл холбогдох байгууллагынхны мэдээлэл зөрүүтэй байсан төдийгүй зөвшөөрлийг нь хаанаас цуцлах ёстой талаар нэлээд маргалдаж байсан. Зөрчил гаргасан тохиолдолд холбогдох байгууллагууд ямар шатлалаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой вэ?

 

-Үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл бий. Гол мөрний сав дагуу эргээс 200 метрийн зайд энгийн, 50 метрийн зайд онцгой хамгаалалтын бүс байдаг. Эдгээр бүсэд давхцалтай байвал тухайн зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл бүрддэг. Уул уурхайн лиценз авсан компани, аж ахуйн нэгж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж байж олборлолт явуулах ёстой. Тухайлбал, ашиглалтын лицензээс гадна тухайн жилийн олборлолтыг зохион байгуулах менежментийн болон үйл ажиллагааны борлуулалтын төлөвлөгөөг батлуулсан байх ёстой. Мөн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ. Энэ мэт шаардлагатай материалыг хуулийн дагуу бүрдүүлээгүй тохиолдолд лицензийг мөн хүчингүй болгодог. Үүнээс гадна олборлолт явуулсны дараа төлөвлөгөөний дагуу байгалийг нөхөн сэргээх ёстой. Хэрэв үүнийг биелүүлээгүй бол зөвшөөрлийг цуцалж болно. Энэ мэт олон хүчин зүйлийг үндэслэж, БОАЖЯ лицензийг хүчингүй болгох тухай санал гаргаж Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Ингэснээр эцсийн шийдвэрийг тэндээс гаргадаг. Гэхдээ үйлдвэрлэл, олборлолт хийж байх явцад холбогдох хууль дүрмийг зөрчиж байгаа үгүйд хяналт тавьдаг байгууллага бол МХЕГ учир улсын байцаагчийн эрхтэй хүн ямар нэгэн шийтгэл хүлээлгэх боломжтой байдаг.

 

-Нэлээд хэдэн аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг нийслэлийн Байгаль орчны газраас танай яаманд хүргүүлсэн гэсэн. Шат дамжлагынхаа дагуу дээрх хүсэлтийг нь танайх хянаж, Ашигт малтмалын газарт хүргүүлсэн үү?

 

-Нийслэлийн газар нутагт харьяалагдаж буй 35 зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Байгаль орчны газраас манайд ирүүлсэн. Гэхдээ эдээр лецензийг хүчингүй болгож өгөх саналыг зөвхөн жагсаалт хэлбэрээр ирүүлсэн. Тиймээс манай яам хүчингүй болгох санал гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой хуулийн үндэслэл хангасан тохиолдолд бид хүчингүй болгох саналыг гаргадаг. Гэтэл тухайн саналд хангалттай үндэслэл тусгаагүй байна лээ. Үүнээс гадна лицензийн байршлийн солбицол нь манайд байгаа кадастрын солбицолтой зөрөөд байгаа учир үүнийг нэг талд нь багтаах ёстой гэж бид үзсэн. Тиймээс цуцлуулах санал гаргаж өгөхгүй хүлээлгэх биш, харин ч шаардлагатай дүгнэлтийг дахин ирүүлэх тухай албан бичгийг нийслэлийн Байгаль орчны газар руу явуулсан. Ингээд хуулийн дагуу хүчингүй болгох нөхцөл нь бүрдчихвэл байгаль орчноо хамгаалахын тулд ямар ч эргэлзээгүйгээр хүчингүй болгох саналыг манайхаас хүргүүлдэг. Хэрэв хуулийн дагуу нөхцөл нь бүрдээгүй тохиолдолд лицензийг нь цуцлуулах санал гаргавал түүнээс улбаалж, нөхөн төлбөр төлөх шаардлага үүсдэг.

 

-Ер нь Улаанбаатар орчимд ашигт малтмал олборлох хэчнээн тусгай зөвшөөрлийг олгосон байдаг вэ. Түүнээс хэд нь усны сан бүхий хамгаалалтын бүсэд орсон байна вэ?

 

-Улаанбаатар хот орчимд түгээмэл дархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 74 аж ахуйн нэгж байна. Үүнээс нийслэлд буюу Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь 16-18, Төв аймагт 5-8 аж ахуйн нэгж тогтвортой олборлолт хийж байна. Нийт 74 зөвшөөрлөөс усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд 29 аж ахуйн нэгж хэсэгчилсэн давхцалтай байна. ­

 

-29 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл энгийн хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн давхцалтай гэлээ. Эдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэсэн үг үү?

 

-Яам бодлогоороо хамгаалалтын бүсийг хуульд тусгасан. Үүний хэрэгжилтэд орон нутаг хяналт тавих үүрэгтэй. Тухайн голд хамгаалалтын бүсийн хил татах ажлыг орон нутгийн Байгаль орчны газар, тухайн голын сав газрын захиргаатай хамтарч мэргэжлийн үүднээс хийх ёстой. Хамгийн багадаа хамгаалалтын бүс 200 метр гэж заасан учир үүнээс дээш нэмэгдүүлж тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-аараа батлуулж болно. ­

 

-Дээр дурдсан нийт аж ахуйн нэгжээс нөхөн сэргээлт хийгээгүй нь хэд байна вэ?

 

-Нөхөн сэргээлт хийгээгүй компани, аж ахуйн нэгж байж магадгүй. Ядаж, техникийн нөхөн сэргээлт хийж тэгшлэх шаардлагатай. Үүний дараа эцсийн байдлаар биологийн нөхөн сэргээлт хийх ёстой. Байгаль орчноо хамгаалах хамгийн гол механизм бол ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд байдаг. Үүнийг батлахдаа төлөвлөгөө боловсруулж өгдөг. Түүний дагуу нөхөн сэргээлтийн болон бусад ажлыг хийж байгаа эсэхийг хянадаг. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын гол мөрний ай сав дагуу алтны олборлолт явуулж байх үед орон нутгаас нь хүсэлт ирүүлсэн тул манайхаас ажлын хэсэг гарч, Гутаан даваан дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Гэтэл дээр дурдсан шаардлагыг хангаагүй байсан учир зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг шууд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

 

-Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хүчингүй болгосон гэсэн үг үү?

 

-Санал хүргүүлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа тул яаж шийдвэрлэснийг хэлэх боломжгүй. ­

 

-Хан­Уул, Сонгинохайрхан дүүрэг орчмын аж ахуйн нэгжүүдийн олборлолт явуулсан газар дээр очиход тухайн хэсэгт нөхөн сэргээлт хийгээгүй харагдсан. Тиймээс тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт яагаад хүргүүлэхгүй байна вэ?

 

-Бидний очсон хэсэгт ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Улаанбаатар хотын Байгал орчны газар зөвшөөрлийнх нь дагуу нэг бүрчлэн шалгаж үзээд МХЕГ-аас түүний дагуу акт тогтоож, үнэлэлт дүгнэлтээ ирүүлэх ёстой байдаг. Ийм байдлаар гаргасан шийдвэртэй дүгнэлтүүд нь ирэхгүй байгаа учраас “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүллээ. Зөвшөөрлийг нь цуцалж өгнө үү” гэсэн саналыг хүргүүлж чадахгүй байна. Нэг зүйлийг дахин хэлэхэд, удаа дараа зөрчил гаргасан тохиолдод МХЕГын улсын байцаагч зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг шууд оруулах хуулийн заалттай. Гэтэл ийм байдлаар үүргээ биелүүлэхгүйгээр манайх руу “чихэх” тохиолдол гарч байна.

 

­Ийм байдлаар аж ахуйн нэгжүүд Туул голын сав дагуу олборлолт хийгээд байвал усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлнэ биз дээ. Хэрэв одооноос усаа хайрлаж хамгаалахгүй бол 2030 он гэхэд цэвэр усны хомсдолд орно гээд байгаа?

 

-Туул голын сав дагуу хамгаалалтын бүс дотор олборлолт хийвэл усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, голын гадаргын ил хэсгээс гадна далд хэлбэрийн урсац байдаг учир эх ундаргатай зэрэгцээ болон хажуунаас нь орж буй булаг шандыг хаах тохиолдол бий.

 

-Туул голыг хамгаалах тусгай хуультай болох талд УИХ­ын гишүүд санал нэгдсэн гэсэн. Үүнтэй та санал нэг байна уу, хуультай болсноор одоогийн нөхцөл байдал сайжирна гэж тооцож байх шиг байна?

 

-Бэрхшээлтэй. Туул гол Монгол орны нийт хүн амын олонхийн усны гол тэжээл болдог ч хамгийн их бохирдсон нь. Тодруулбал, V зэрэгт хүртэл бохирдсон Туул шиг гол Монгол орны хаана ч байхгүй. Голын бохирдлыг зургаан зэрэглэлээр хэмждэг. Энэ утгаараа онцгой анхааралд авах ёстой. Гэхдээ тусгай хууль гаргах нь зүйтэй гэж байгаа нь Монгол оронд усаа хамгаалах тухай хууль байдаггүй юм шиг санаа харагдаж байгаа юм. Тухайлбал, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг бие даасан хууль бий. Тиймээс нэг голд тусгайлан хууль санаачилбал бусдад нь адилхан гаргах шаардлагатай болно. Монгол Улсын бүх гол цэвэр, тунгалаг байх ёстой. Тиймээс энэ тэр голд тусгайлан хууль гаргах асуудлыг ярьж эхэлнэ. Энэ утгаараа Туул голыг хамгаалахын тулд тусгайлан хууль гаргах нь боломж багатай. Хуулиар бүгдийнх нь хэм хэмжээг тогтоодог болохоос биш ганцхан зүйлд зориулдаггүй. Энэ талаасаа түүнийг бодлогын хүрээнд дэмжихэд учир дутагдалтай.

 

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч дагаж гарах журмыг нь гаргаагүй учир одоог хүртэл хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм билээ. Хуулийг нь баталчихаад байхад журмыг нь яагаад хойшлуулаад байна вэ?

 

-Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж гарах журмыг Засгийн газраас баталж өгөх ёстой. Хуулийг баталснаас хойш дөрвөн жил болж байхад журмыг нь одоог хүртэл гаргаагүй л явна. Ингэснээр цаг хугацаа алдаж байна. Манай яамны сайд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн тухайн журмыг батлуулах саналын Засгийн газарт оруулсан. Гэсэн ч компани, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болох юм байна. Үүнээс гадна сонгууль дөхөж байгаа учир мөнгөтэй холбоотой асуудал ярихгүй гээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хойшлуулсан.

 

-Одоо дахин санал оруулах боломжтой биз дээ. Журмыг баталж, хуулийг хэрэгжүүлснээр Туул голыг бохирдуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлага нэмэгдэж, тэр хэрээр бохирдол багасах байх?

 

-Тэр үнэн. Нөгөө талаасаа журмыг одоо батлуулахад огт боломжгүй биш. Ингэхдээ үүний учир нь үнэхээр бохирдуулсан компани, аж ахуйн нэгж төлбөр төлдөг зарчим маань усыг бохирдуулахгүй байх эдийн засгийн хөшүүрэг болох ёстой. Энэхүү хөшүүргээ л бүрдүүлж чадахгүй байна. Ер нь бол усыг бохирдуулж болохгүй гэсэн үүрэг хүлээлгэсэн заалтуудыг холбогдох хуулиудад тусгачихсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагаж гарах журамд хоёр хэсэг зүйлийг тусгахаар бэлтгэсэн. Тухайлбал, нэгдүгээрт, Монгол орны 29 усны ай сав газрыг дотор нь ангилж, тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж зэрэглэл тогтоосон. Үүний дагуу бохирдлын хэмжээг тогтоож өгсөн. Хоёрдугаарт, бохирдуулаагүй байгууллагуудыг хэрхэн хөнгөлөхийг тодорхойлсон. Төв цэвэрлэх байгууламж руу хэтэрхий их бохирдолтой ус нийлүүлж байна гэсэн гомдол гарч байна. Тиймээс гуравдугаарт, тухайн компани, аж ахуйн нэгжүүд өөрсдөө стандарт хэмжээнд хүртэл цэвэрлэх үйл ажиллагааг хийх ёстой. Хэрэв стандарт хэмжээнээс давсан бохир усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлбэл нөхөн төлбөр гээд гурав дахин илүү төлбөр төлөх зүйл заалтыг журмаар зохицуулж өгч байгаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүд усыг ашиглахаас гадна цэвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг болох учиртай. Тэгэхгүй бол өөрсдөө хохирол их амсч, ашиггүй ажиллах учраас үүнийг хийдэг механизм бүрдэнэ.

 

­Туул голыг бохирдуулж байгаа бас нэг хүчин зүйл бол Төв цэвэрлэх байгууламж. Үүнийг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч хөрөнгө оруулалт нэлээд хүндрэлтэй учир ойрын хугацаанд шийдвэрлэж чадахгүй юм шиг харагдаж байна. Өөр гарц харж байна уу?

 

-Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрөө шууд хөрөнгө оруулалт хийх нь хязгаарлагдмал байна. Тиймээс гадаадын буцалтгүй тусламжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх талаар арга зам эрэлхийлж байна. Тухайлбал, Мянганы сорилтын корпорацийн хоёрдугаар компакт гэрээг Монгол оронд хэрэгжүүлэх санал хүсэлтийг тавиад Ази тивийн бусад оронтой өрсөлдөж байна. Тус газраас олгож байгаа буцалтгүй тусламж учраас авахыг хүссэн улс орон олон байгаа. Гэхдээ манайхыг дэмжих боломж харьцангуй бүрдсэн. Энэхүү санхүүжилтийг усны чиглэлд зарцуулахаар тохирсон. Ингэхдээ хамгийн их бохирдолтой байгаа Туул голын усны эх үүсвэрүүдийг сэргээж, усан хамгамжийг нэмэгдүүлэх. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд зарцуулж, саарал усыг стандарт хэмжээнд нь хүртэл цэвэрлээд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Учир нь, дулааны цахилгаан станцууд жилд 18-20 сая метр.куб усыг Туул гол орчмын гадаргын гүнээс авч хэрэглэж байна. Усны хомсдолд орох гээд байхад шууд цэвэр усыг ашиглаж байгаа нь буруу. Төв цэвэрлэх байгууламж руу жилд 53-58 сая метр.куб усыг нийлүүлдэг гэсэн тооцоо бий. Үүний 20 сая метр.кубыг нь дээрх байдлаар станцуудад хэрэглүүлэх нь зүйтэй. Ингэснээр гүний усны нөөцөд хэмнэлттэй бөгөөд улмаар Туул голын бохирдуулахгүй байхад ашигтай. Үйлдвэр аж ахуйн нэгжүүд ашиласан усаа цэвэрлээд дахин хэрэглэх буюу эргэлтэнд оруулдаг болох ёстой. Үүнээс гадна арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, Эмээлтийн орчимд төвлөрүүлж, хөнгөн үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж, усны нөөцийн судалгааг хийчихсэн.

 

-Мянганы корпорацийн хоёрдугаар компакт гэрээг манай улс хэрэгжүүлэхээр болбол хэчнээн төгрөгийн санхүүжилт орж ирэх вэ?

 

-260 саяас доошгүй ам.доллар. Монгол мөнгөөр тооцвол бараг 600-аад тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж учраас үүнийг авахын тулд Үндэсний ажлын албыг байгуулсан. Үүнээс гадна манай яаман дээр надаар ахлуулсан ажлын хэсэг гарч, ажиллаж байна.

 

-Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг солих гэж байгаад иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Үр дүнг нь хэрхэн тооцсон бэ?

 

-Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн бохирдол хөрсөөр дамжиж гүний усыг бохирдуулдаг. Энэ чиглэлд гаднын тусламж авахаар хөөцөлдөж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас гурван сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Үүгээр эхний ээлжид Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хороонд ариун цэврийн боловсронгуй болгосон 5000 байгууламжийг суурилуулахаар болсон. Тэндээс нойтон, хуурай аргаар боловсруулалт хийж бордоо болгож гаргахаар шийдвэрлэсэн. Гэр хороололд ариун цэврийн 300 мянган байгууламж байна. Олон улсын туршлагаас харахад гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн бохирыг цахилгаан эрчим, энерги болгож гаргаж байна. Зарим нь бордоо хэлбэрээр ашиглаж байх жишээтэй. Тиймээс манайх ч гэсэн олон улсын жишгээр гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ хөрсний болон гүний усыг боридуулахгүй байх чиглэлд ажилллах ёстой.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)