Т.Саруултөгс: Шантрах үедээ ”Яагаад эхэлснээ сана” гэж хэлдэг

 

        Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн Монголд гудамжны бүжгийг хөгжүүлэхийн төлөө гар нийлж яваа залуустай уулзахаар 116 бүжгийн студиэр зочиллоо. Тэнд энгийн мөртлөө хүүхэд залуус бүжгээр хичээллэхэд тохиромжтой орчныг бүрдүүлж чаджээ. Студид тодорхой цагуудад хичээлтэй байдаг аж. Энэ үеэр “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч, гудамжны бүжигчин Т.САРУУЛТӨГСТЭЙ ярилцлаа.

 

-“Aim4R” продакшн нэрээ “116 Dance studio” болгон өөрчилсөн нь ямар учиртай юм бол?

 

-Нэрээ ингэж сольсон нь бидний цаашдаа хийх ажилтай холбоотой. Энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн сард гудамжны бүжгийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Цаашдаа ийм уулзалтыг хоёр сар тутам тогтмол хийхээр зорьж байна. Гудамжны бүжгийг хөгжил талаас нь яривал Монголд хийх ажил олон бий. Үүнээс гадна бид сургалт зохион байгуулж байна. Уран бүтээлчдийн клипэд ч хамтран ажилладаг. Бид ирэх онд залуустаа хандсан эерэг мессэж өгсөн бүжгийн уран бүтээл хийхээр төлөвлөсөн.

 

-Бүжгийн студийнхэн хэчнээн бүжиг зааж байна вэ. Эдгээрийн дунд Монголд төдийлөн хөгжөөгүй бүжгийн төрөл бий юү?

 

-Монголд төдийлөн хөгжөөгүй ч шинэ бүжгийн суурь мэдлэг бидэнд бий. Жишээ нь, Chicago footwork, tampa бүжгийг улсад нь очиж сурсан хүн Монголд байдаггүй. Тиймээс сурч ирсэн мэдлэгээсээ би студийнхэндээ зааж байна. Хөгжиж байгаа төрлүүд болох popping, locking, b-boy, house, hip hop зэрэг таван төрлөөр хүүхэд залуус хичээллэдэг. Гэхдээ эдгээр төрлөө хөгжүүлэхийн тулд бусад улсын шинэ мэдээллээс хоцрох ёсгүй. Тиймээс тухайн газар нь очиж сурахаас өөр аргагүй. Иймээс би их аялж байгаа. Ерөнхийдөө манай студи hip hop, urban style гэсэн үндсэн хоёр бүжигт анхаарал хандуулан ажилладаг.

 

-Сүүлийн үед хийсэн аяллынхаа сониноос хуваалцахгүй юү?

 

-Энэ жил Швейцарь, Герман, Сингапур, Солонгос, Америкаар аялан, бүжиглэж яваад ирлээ. Бид өөрсдөдөө байгаа зүйлээ хэн нэгэнтэй хуваалцдаггүй болохоор хөгжихгүй байна. Тиймээс гадаадад гудамжны бүжигчдийн дунд “нухлагдаж” байгаад ирсэн хүн юу сурснаа бусадтайгаа хуваалцах хэрэгтэй. Үүний дагуу би гадаадад ямар шинэ зүйл сонссон, сурснаа одоо хуваалцаж байна. Үр дүн нь ч гарч байгаа.

 

-Аялах явцдаа гадаадын студи, байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийсэн үү?

 

-Хийгээгүй. Гадаадад сурахдаа тэндээс санал болгосон багцуудыг нь худалдаж аваад сургалтад хамрагддаг. Мөн дасгалжуулагчийн сургалтаар хичээллэдэг ангийнхны хичээлд суусан. Би гурван жилийн дотор Америкийн Лос-Анжелос хотод байдаг бүжгийн агентлагт бүртгэлтэй болохыг хичээж байна. Ингэж чадвал би дэлхийн томоохон дуучдын тоглолтод оролцох сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Бас шоу бизнесийн ертөнцөд нь орж байж Монголд шоу бизнес хөгжинө гэж боддог. Бид youtube – ээр бүжиг үзээд хөгжихгүйг ойлгосон.

 

-Бүжгийн урлагийг орчинд нь сурахад ямар мэдрэмж төрсөн бэ?

 

-Гадаад багш нар хамгийн түрүүнд “Чи хаан байгаагаа мэдэж байна уу” гэж асуудаг. Америкт байна гэхээр “Уучлаарай, Америкт ингэж бүжиглэдэггүй. Зайл” гэдэг. Дэлхийн бүжгийн төв нь Лос-Анжелос учраас бусад улсад очиход өрсөлдөөн бага байдаг юм шиг санагддаг. Тэнд сайн нь бус шилдэг нь үлдэх боломжтой гэдгийг ойлгосон. Тиймээс л шилдэг нь байх ёстой. Монголд бүжиглээд олон нийтэд танигдсан тохиолдолд амьдрах боломжтой. Үүнээс эхлээд бүжгийн үнэ цэнэ тэс өөр. Ингээд харьцуулахаар Америкийн бүжигчид сүүлчийн удаа тайзан дээр гарч байгаа мэт чадах бүхий л зүйлээ гаргадаг.

 

 

-Монголд гудамжны бүжигчдийн хувьд өрсөлдөөн бага байдаг нь тэднийг хөгжихөд саад болдог байх?

 

-Гудамжны бүжигчин болж амьдаръя гэж бодож байгаа залуусыг нэрлэвэл гарын таван хуруунд багтана. Бусад нь өөр ажил хийнгээ бүжгээр хичээллэдэг. Ингэж хэлэхээр Монгол дахь гудамжны бүжгийн хөгжил, өрсөлдөөний талаар ойлгох байх.

 

-Тэр таван хүнийг нэрлэж болох уу?

 

-Миний мэдэхийн “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон “Dream big” хамтлагийн Тэмүка, Кай болон манай студийн Билэгээ дээр нь би байна. Энэ бол миний л бодол. Гэхдээ нэрлэсэн хүнээс өөр хүн байхыг үгүйсгэхгүй. Бид өнөөдрийг хүртэл хэдийгээр мөнгөгүй ч Монголын гудамжны бүжгийг дэлхийн нийтийн жишигт тэнцүүлэхийн тулд ажиллаж байна.

 

-Гадаадаас багш авчраад хичээл заалгах бодол бий юү?

 

-Бид өнгөрсөн зун гадаадаас бүжигчин авчирсан ч 100 хүрэхгүй хүн сургалтад хамрагдсан. Гадаадын бүжигчнийг авчрахад 30 сая төгрөг зарцуулсан. Харин тэр хүний хичээлд суусан нэг хүн 10000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар гадаадаас бүжигчин авчрах нь битгий хэл, монгол багш нарынхаа хичээлд суух хүн алга. Бид ирэх таван жилд хүрээллээ нэмэх, чанаржуулах тал дээр анхаарах байх. Үүний дараа хөгжил, багш солилцоо, бүжгийн стандарт, шоу бизнесийн талаар ярих болов уу.

 

-Цахим ертөнц дэх хандалт, хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар бүжгээр хичээллэх хүн олон байгаа ч хөгжихгүй байгаа нь юутай холбоотой вэ. Магадгүй бүжиглэхийг хүсдэг ч зориг хүрдэггүй бол яаж өөрийгөө задлах ёстой вэ?

 

-“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг шиг нэг удаа зориглоод тайзан дээр гарчихсан байхад зугтаах эрхгүй шүү дээ. Тэгэхээр бүжиг хүнээс заримдаа тэнэг мөртлөө зоригтой байхыг шаарддаг. Ийм байдаг болохоор хүн өөрийгөө эрсдэлд оруулан таатай орчноосоо гарч, сул талаа мэдрэхийг хүсдэггүй байх. Ер нь бүжиг гэлтгүй урлаг, спорт хүнээс байнга эрсдэл шаарддаг.

 

-Монголын гудамжны бүжгийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

 

-Би цаг хугацаа хэлж мэдэхгүй байна. Учир нь, бидний бүжиг “Болоогүй дээ” гэж бодоод ЛосАнжелост очиход шилдэгт нь би сонгогдоод байсан. Энэ байдлаас би нэг дүгнэлт хийсэн. Бид хасах 40 хэмийн хүйтэнд амьдардгаас гадна “өлсгөлөн” чанартай. Дутуугийн мэдрэмж байгаа учраас тэмүүлж, хичээж амьдардаг. Эндээс дүгнэж хэлэхэд Монголд байгаа гудамжны бүжигчид “өлсгөлөн” байна. Гэхдээ ийм чанар биднийг дараагийн таван жилд төсөөлөөгүй газарт хүргэж чадна гэдэгт найддаг. Харин хаана гэдгийг би хэлж мэдэхгүй юм.

 

-“Авьяаслаг монголчууд” шоунд шинийг санаачилж, ихийг бүтээх хүсэлтэй бүжигчин залуус ордог ч үзэгчдийн саналаар хасагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Миний бодлоор залуучууд бүжигчдийг дэмжиж байгаа. Гэхдээ фэйсбүүкийн лайк-тай адилхан үнэ цэнэ дэмжээд байгаа юм болов уу. Залуучуудын утас нэгжгүй гэдэг шалтгаан биш, ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаагаас гэж бодож байна. Бидний сургалтад 1000 хүн ирнэ гэдэг ч тэдний арав нь л хэлсэндээ хүрдэг. Магадгүй одоохондоо арай цаг нь биш байх. Гэхдээ цаашдаа хүрээгээ тэлэх нь тодорхой юм. Тиймээс бүжигчид шоунд тэнцсэнгүй гээд шантрах хэрэггүй. Энэ бол жам ёсны зүйл. Харин ч улам хичээж, ур чадвараа ахиулах нь чухал гэж бодож байна.

 

-Та мөрөөдлөө хэзээ олсон бэ?

 

-22 настайдаа. Хүмүүс намайг тухайн үед арван жилийн сургуулиа төгсөөд их сургуульд ороогүй, гадаадад гурван жил амьдарч байгаад ирсэн бүтэхгүй нөхөр байна гэж харсан байх. Гэхдээ би дургүй зүйлээ хийж, харамсч амьдрахыг хүсээгүй. Хийхийг хүссэн зүйлээ олохын тулд багагүй хугацаа зарцуулсны эцэст бүжиг миний амьдрал гэдгийг ойлгосон. Түүнээс хойш бүжгээр тууштай хичээллэж, студийнхээ ажилд анхаарч байна.

 

-Гудамжны бүжгийг хөгжүүлэх замдаа бүдэрч байв уу?

 

-Бүдэрч байсан. Өглөө орноосоо босмооргүй хэвтмээр үе ч гардаг байлаа. Гэхдээ шантраад зорилгоосоо ухрах уу гэдэг нь бидний шийдвэр. Шантрах амархан. Энэ үед “яагаад эхэлснээ сана” гэж хэлдэг шүү дээ. Бид дуртай зүйлээ хийж, аз жаргалтай болдог учраас байгаа зүйлдээ талархаад цааш явах хэрэгтэй.

 

С.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)