С.Батхуяг: Өвчилсөн малын махыг хэрэглээнээс нь өмнө устгасан тохиолдол цөөнгй гарсан

 

        Сүүлийн үед малын янз бүрийн халдварт өвчин нэлээд гарах болсон. Энэ хүрээнд Мал эмнэлэг, үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуягтай ярилцлаа.

 

-Баруун бүсийн аймгуудад мал, амьтны гоц халдварт өвчин гарч, их хэмжээний хохирол учирсан. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Баруун бүсийн аймгуудад өнгөрсөн аравдугаар сард бог малын мялзан гэдэг гоц халдварт өвчин гарсан. Энэ өвчин Монголд анх удаа бүртгэгдсэн. Тухайлбал, Ховд аймгийн 11 суманд халдварлалт нэлээд хурдтай тархсан ч үүнтэй тэмцэх арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж, одоогоор өвчин намжсан байдалтай байна.

 

-Өвчний халдварлалтыг дарах, түүнээс сэргийлэх үүднээс вакцинжуулах ажлыг зохион байгуулсан. Хорио цээрийн дэглэмийг цуцалсан уу?

 

-Бог малын мялзан өвчний үед вакцинжуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үндсэндээ бид эрсдэлийг багасгаж, халдварыг төвийн бүс рүү оруулахгүйгээр богино хугацаанд дарах зорилгоор вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ 14 хоногийн хугацаанд баруун таван аймгийн 70 сумын 10.4 сая бог малыг хамруулсан. Энэ ажилд малын бүх эмч, тухайн орон нутгийн төр захиргаа, мал эмнэлгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, мал эмнэлгийн сургуулийн оюутнууд, дүйцүүлэх алба, онцгой байдлынхан зэрэг маш олон хүнийг дайчилсан. Хамгийн сүүлд малыг вакцинжуулснаас хойш 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг татан буулгадаг зарчмаар өнгөрсөн сарын 15-нд Ховд аймаг хорио цээрийн дэглэмээ буулгасан бөгөөд одоо мялзан өвчнийг хяналтдаа бүрэн авсан байна.

 

-Вакцинжуулалт хийсэн учир баруун аймгийн голомт бүхий 70 суманд халдвартай мал байхгүй гэсэн үг үү?

 

-Халдварт өвчинтэй тэмцэхэд баримталдаг олон улсын нэг зарчим бий. Энэ дагуу өвчин гарсан суурийн мэдрэмтгий бүх малыг устгаж, тухайн голомтыг хяналтдаа авдаг. Энэ ажлыг зохион байгуулахад асар их хэмжээний зардал гардаг. Манай улс дээрх зарчмыг баримтлах боломжгүй учир бид өвчилсөн малыг л ялгаж устгадаг учраас түүний цаана тодорхой тооны мал далд халдвар тээж байдаг. Ийм эрсдлийг багасгахын тулд нэгдүгээрт, вакцинжуулалтыг нэлээд өргөн хүрээнд хийж байна. Хоёрдугаарт, тухайн газраас нийслэл рүү амьд мал оруулж ирэх гарал үүслийн бичгийг олгохгүй байх зэрэг арга хэмжээг авсан. Уг арга хэмжээ зарим газарт одоог хүртэл үргэлжилж байна. Вакцинжуулалт хэр амжилттай болсон талаарх үнэлгээг гаргахаар бид лабораторийн шинжилгээ хийж байгаа.

 

-Вакцин хийсэн малын махыг тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэж болохгүй гэдэг. Гэхдээ магадгүй хэрэглэгчид заасан хугацаа нь дуусаагүй байхад халдвартай малын махыг идсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ. Тухайн хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?

 

-Хугацаа бол вакцин бүрт өөр өөр байдаг. Вирусийн болон ялангуяа импортоор орж ирж байгаа вакцин дээр хориглох хугацааг тодорхой заасан нь маш цөөн байдаг. Гэхдээ Монгол Улсад баримталдаг нийтлэг зарчмын дагуу вакцин хийснээс 21 хоногийн дараа тухайн амьтны махыг хэрэглэж болно. Энэ хугацаанд вакцины үлдэгдэл амьтны биеэс бүрэн гадагшилдаг гэж үздэг. Үүнийг л бид баримталдаг. Голомтын бүсээс мах авахыг хориглосон. Харин тухайн өвчнөөр өвчилсөн малыг муулахад бие эрхтэн, маханд ямар нэгэн ил шинж тэмдэг илэрсэн байдаг учир хүнсэнд хэрэглэх боломжгүй. Ийм тохиолдол гарч байсан. Шинж тэмдгийг нь малчид өөрсдөө мэдээд, тухайн махыг устгуулсан тохиолдол хэд хэд гарсан.

 

-Бог малын мялзан өвчинг Монголд анх удаа бүртгэсэн гэлээ. Магадгүй үүнтэй адил малын өөр гоц халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг түргэн оношилж, халдваргүйжүүлэх талд мал эмнэлгийн салбар хэр бэлтгэлтэй байдаг бол?

 

-Монголд өмнө нь гарч байгаагүй энэ төрлийн өвчнөөс сэргийлэх талд мал эмнэлгийн салбар тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, ийм төрлийн өвчин байдаг. Энэ нь ийм шинж тэмдэгтэй. Үүнээс хэрхэн сэргийлж, эрт илрүүлэх вэ гэсэн мэдлэгийг өгөх зорилготой сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн мал эмнэлгийн асуудал биш. Бид хилийн хяналтаа яаж сайжруулах, түүгээр орж ирэх эрсдэл ямар байгаа зэрэг олон зүйл нэгдэж байж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог.

 

-Сүүлийн үед малын янз бүрийн халдварт өвчин их гарах боллоо. Энэ нь ямар шалтгаантай гэж харж байна вэ?

 

-Өвчний шалтгаан олон янз байдаг. Ялангуяа гоц халдварт гэх малын энэ төрлийнхийг олон улсад хил дамжин халдварладаг өвчин гэдэг. Өөрөөр хэлбэл, хил хязгааргүй өвчин гэж үздэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүйгээр тархаж байдаг. Жишээлбэл, хэн нэгэн тухайн өвчин гарсан газраас ирэхдээ бохирдсон ямар нэг зүйлийг авч ирээд орхиод явахад түүнээс нь өвчний үүсгэгч дамжин халдвар тархдаг. Тиймээс үүнд хилийн хяналт, ариутгал маш чухал үүрэгтэй. Тэгэхээр манай улс халдвар тархсан гол шалтгааныг тогтооход хүндрэлтэй. Харин бусад гоц бус халдварт өвчин байгалийн голомттой газраа дахин илэрдэг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн тодорхой нэгэн газар нутагт халдварт өвчин гарч байсан бол тэр газартаа дахин гарах магадлал өндөр байдаг.

 

-Мөн хонины цэцэг өвчин нэлээд өргөн хүрээг хамарч байх шиг байна. Орон нутагт одоогоор нөхцөл байдал ямар байна вэ. Энэ өвчний тархалтыг зогсоох боломж байна уу?

 

-Хонины цэцэг өвчинг Монголд хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оношилсон. Түүнээс хойш хоёр жил хүртэлх хугацаанд 11 аймгийн 66 сумыг хамран үргэлжилж байна. Одоогоор долоон аймгийн 16 суманд уг өвчин гарч, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. Хонины цэцэг өвчин ийм байдлаар их тархаж буйгийн нэг гол шалтгаан нь малчид маань бидний хяналтаас гарсан явдал юм. Бид өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд төвийн бүс рүү халдварыг оруулахгүй үүднээс өвчин тархсан газруудад вакцинжуулалт хийдэг. Энэ бодлогоо ч хэрэгжүүлж байна. Гэтэл малчдын шилжилт хөдөлгөөн, амьд мал худалдаалалт, өөр бүсээс хуц, ухна авч ирэх, өөр аймаг, сумын нутаг руу отроор болон түр нүүдэл хийж очдог. Ингэхдээ тухайн газраа малаа бүртгүүлээгүйгээс мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Ингээд нутагтаа өвчин тээгээд ирэх зэрэг олон хүчин зүйлээс болж хонины цэцэг өвчний тархалт дийлдэхгүй газар авч байна. Үүний бас нэгэн дутагдалтай зүйл нь вакцин үйлдвэрлэх асуудал. Үндэсний үйлдвэрлэгч Биокомбинат түүхий эдийн хараат байдлаас болж вакцин хангалттай үйлдвэрлэж чадахгүй байна. Технологийн шинэчлэл хийх замаар үүнийг цаашид сайжруулах байх гэж найдаж байна.

 

-Ер нь мал, амьтны халдварт өвчний гаралт хэр байна вэ?

 

-Жилд 26-28 төрлийн халдварт өвчинг оношилдог. Эдгээрийн зонхилох хувийг хөрсний халдварт өвчин эзэлдэг. Энэ нь боом, дуут гэх мэт орон нутгийн шинж чанартай өвчнүүд. Хил дамжин тархдаг гоц халдварт өвчин болох мялзан, шүлхий, хонь ямааны цэцэг гэсэн хэд хэдэн өвчин энэ жил зэрэгцэж гарлаа. Тийм учраас 2016 онд Монгол Улсад гоц халдварт өвчний үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өндөр хувьтай гарч байна.

 

-Мал амьтны гоц болон энгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө илүү анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй нь мэдээж. Энэ талаар малчдад юу зөвлөх вэ?

 

-Малчдын хариуцлага маш чухал. Нэгдүгээрт, малаа байнгын хариуллагатай байлгах. Хоёрдугаарт, айлын нэг мал ч бэлчээрт үлдсэн тохиолдолд мал эмнэлгийн хяналтгүйгээр түүнийг өөрийн малдаа нийлүүлэх хэрэггүй. Мөн малын эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор нь авч байх шаардлагатай. Хэрэв малын ямар нэгэн өвчин гарсан бол малын эмчийг яаралтай дуудаж үзүүлэх хэрэгтэй. Малчдад дутагдаж буй бас нэг зүйл бол энэ. Тодруулбал, мал нь өвчилснөөс олон хоногийн дараа малчин эмчид ханддаг. Гэтэл нөгөө өвчин нь хэд хэдэн айлын малд халдварлачихсан байдаг. Өвчнийг эрт илрүүлэх тусам эмчлэх арга хэмжээ үр дүнтэй болно. Мөн гаднаас хуц, ухна ч юм уу ямар нэгэн мал авах бол заавал малын эмчид үзүүлэх шаардлагатай.

 

Л.Баяржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)