Б.Шарав: Дэлхий дээр “ЧИНГИС ХААН” гэсэн өөр дуурь байхгүй

 

        Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт арав гаруй жилийн өмнө анх олны хүртээл болсон “Чингис хаан” дуурийг тайзны шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүргэлээ. Дуурийн хөгжмийг бичсэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.ШАРАВТАЙ ярилцсанаа хүргэе.

 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар арав гаруй жил үзэгчдэд хүрсэн “Чингис хаан” дуурийг шинэчиллээ. Энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржид бүтээлийг шинэчлэх үүрэг ногджээ. Драмын театрын найруулагчийн дуурийг шинэчилсэн нь танд ямар санагдав?

 

-2003 оноос хойш арван жил тайзан дээр тоглосон жүжгийг шинэчлэн тавилаа. Энэ удаагийн найруулгыг Ч.Найдандорж хийсэн. Драмын найруулагч дуурь найруулахад онцлог бий. Дуурийн дуучид дуулахаа эн тэргүүнд тавьдаг болохоос бүжиглэх, жүжиглэх тал дээр дулимаг байдаг. Драмын найруулагч ажиллаж байгаагийн гол давуу тал нь дуурийг жүжиг тал руу нь үзүүлэх бололцоотой юм. Дуурийг шинэчлэн найруулахад хөгжмийн зохиолчийн хувьд би багахан шинэчлэл хийсэн. Өмнөх бүтээлийг илүү өргөн цар хүрээтэй, олон хөгжимчин тоглохоор бодож хийсэн. Түүнийгээ өнөөдрийн театрын нөхцөлд тааруулж арай хялбар болгосон нь миний бодлоор гайгүй болчих шиг санагдлаа. Дуурь 20 гаруй дүртэй. Бид заримыг нь хассан. “Чингис хаан” дуурь олон дүртэй байхаас аргагүй. Учир нь, Чингис хааны талаар хийсэн бүтээл учраас түүний хүрээлэл, өргөн хүрээг оруулахгүй байх боломжгүй. Энэ бүтээлийг тавихын тулд Өүлэн эх, Жамухаас гадна Тоорил ванг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс тайзан дээр тавихад их нүсэр, нэлээд хөдөлмөр шаарддаг дуурь юм.

 

-Ч.Найдандорж найруулагч “Энэ бүтээл дээр ажиллахад цаг үнэхээр давчуу байлаа. Хэрвээ илүү цаг байсан бол...” гэж хэлж байлаа?

 

-Ер нь театрын ажил их учраас шахуу хуваарьтай. Миний мэдэх 20-иод жилийн хугацаанд театр нэг өдөр ч хөл хөдөлгөөнгүй байгаагүй. “Чингис хаан” дуурийг ч гэсэн маш шахуу хугацаанд тавилаа. Ахиад хэд хоног байсан бол хөгжмийн зохиолчийн хувьд надад ч гэсэн янзалмаар зүйл байна шүү. Надад хүртэл ингэж бодогдож байхад найруулагч энэ талаар бодох нь аргагүй. Даанч бидэнд хугацаа бага байлаа.

 

-Энэ дуурийг хоёрхон өдөр тавиад дуусчихгүй. Шинэчилсэн найруулгаар тайзнаа дахин тавина. Тэр үед юунд анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

 

-Хөгжмийн хувьд илүүдсэн эсвэл дуугаралт нь дуучдаа дараад байгаа зүйл олон бий. Ер нь төгс бүтээл гэж байдаггүй. Миний хувьд 10 гаруй жилийн дараа хөгжмийг нь дахин шинэчилж байгаа учраас сэтгэлдээ хүртэл хийхийг хичээсэн. Цаашид энэ чигээрээ явах байх. Үүнээс гадна засчихмаар жижиг зүйл олон учраас цаашдаа үүнд л анхаарах хэрэгтэй дээ.

 

-Дуурийг шинэчлэн найруулгатайгаар хийж байгаа ч тайз засал, хувцас хэрэглэлийн хувьд өнгийг нь өөрчилсөн нь ховор байна. Дээр дурдсан зүйлийг шинэчилсэн бол дуурийн үзэгдэх орчин, тайзны хувьд өөр харагдах байжээ?

 

-Манай урлаг мөнгөтэй холбоотой. Бид жүжигчдийнхээ хувцсыг шинэчлэх санаатай байсан ч энэ удаа чадсангүй. Дээр нь жижиг гэлтгүй тайзны бүх зүйлийг шинэчлэх ёстой байсан ч төсөвтөө захирагдаад төлөвлөсөн ажлаа хийж амжсангүй. Яваандаа хувцас, тайзыг шинэчлэх ёстой. Нэгэнт л шинэчилсэн дуурь юм бол бүх зүйл шинэ байх ёстой. Энэ талаасаа бид сэтгэл дундуур байна.

 

-Хүн бүр өөрийн гэсэн бодолтой байдаг. Дуурийг шинэчлэх явцад найруулагчтайгаа санал зөрөх үе гарсан л байх?

 

-Хувь уран бүтээлч юм чинь өөр санал бодол байлгүй яах вэ. Энэ утгаараа аль болохоор нэгнээ ойлгохыг хичээсэн. Би өмнө нь дурдсан. Драмын найруулагч илүү өргөн хүрээнд сэтгэж болдог. Дуурь бол эсрэгээрээ явцуу шүү. Дуучин дуулж байгаа учраас хангалттай хөдөлгөөн хийж чадахгүй. Энэ тал дээр Дуурь, бүжгийн эрдмийн театр мэргэжлийн боловч гол анхаарлаа дуулахад л зориулдаг. Ингээд бодохоор мэргэжлийн онцлогоос хамаарч өөрийнхөө тайзанд таарсан зүйлийг л тоглодог гэсэн үг. Тиймээс бид энэ бэрхшээлийг аль болохоор давах, театрынхаа тайзанд тааруулж үзүүлэх зорилготой байна.

 

-Энэ удаагийн дуурьт залуу уран бүтээлч зонхилжээ. Тэд таны төсөөлсөн шиг дуурийг амилуулж чадсан уу?

 

-Хөгжмийн зохиолчийн санаанд хүртэл дуулахад амаргүй. Бараг л байдаггүй гэж хэлж болно. Учир нь, хөгжмийн зохиолч бүтээлээ зохиож байхдаа оюундаа Тэмүүжингийн дүр ийм байна гээд бодчихсон байдаг. Гэтэл дуулж байгаа хүн надаас өөр хүн учир миний бодсоныг илэрхийлж чадахгүй. Манай дуучдын төвшин өндөр. Эхнээсээ дэлхийд гайхуулаад явж байна. Тийм учраас дуучид жигд сайн байна. Энэ нь тийм, тэр нь ийм гэж хэлэх зүйл алга. Ялангуяа гол дүрд дуулж байгаа театрын дуучид өндөр төвшинд дууллаа.

 

-Шинэ оны эхэнд “Чингис хаан” дуурийг шинэчилсэн нь цаашид олон улсад таниулах зорилго, бодол тээсэнтэй холбоотой байх?

 

-Зорилгогүй хийдэг нэг ч зүйл гэж үгүй. Хамгийн наад зах нь аялал жуулчлалаа хөгжүүлье гээд бид ярьж байна. Манай улсад зун цагт олон жуулчин ирдэг. Тэдний тэн хагас нь хөгжмийн сонирхолтой байгаа. Үнэхээр Монголын өвөрмөц зүйлийг агуулсан бүтээл байвал үзье гэдэг. “Чингис хаан” гэсэн дуурийг бид л хийхгүй бол өөр хэн хийх юм бэ. Хийгээд ч үр дүнд хүрэхгүй байх гэж бодож байна. Тийм ч учраас Монголд байгаа “Чингис хаан” дууриас өөр ийм сэдэвтэй бүтээл байдаг гэж сонсоогүй. Дэлхий дээр “Чингис хаан” гэсэн өөр дуурь байхгүй. Тиймээс байгаа ганц дууриа тордож, тал талаас нь түшиж тулж сэргээгээд адаглаад жуулчдад үзүүлэх хэрэгтэй байна. Цаашилбал, театр олон улсын хэмжээнд үйлчлэх байгууллага шүү дээ. Уран бүтээлчид нь өндөр төвшнийх учраас зөвхөн Монголд гэсэн сэтгэлгээгээр өөрсдийгөө хайрцаглаж болохгүй. Хөрш орныхоо театруудад тоглолтоо хийх, тэднийг авчирч уран бүтээлийг нь тоглуулахын далимд Монголынхоо түүх соёлыг сурталчлахад “Чингис хаан” дуурь хамгийн гол зүйл байх ёстой гэж бодсон учраас би олон жил зарцуулж байгаа юм.

 

-“Чингис хаан”-аар эхэлсэн 2017 он таны хувьд уран бүтээл арвин болох байх. Хараахан ажил болоогүй ч эхлүүлсэн бүтээл, ажлынхаа талаар уншигчдад танилцуулна уу?

 

-Чингис хааны тухай өөр жанрын бүтээл хийхээр төлөвлөж байна. Хийгээгүй зүйлээ хэлдэггүй нь миний онцлог учраас энэ тухай тодорхой зүйл яримааргүй байна. Ер нь зорилго бий. Үүнээс гадна багахан хэмжээний бүтээл дээр ажиллах, дуу зохиох бол бидний өдөр тутмын ажил. 2017 он миний хувьд хөдөлмөрлөх жил байх болно.

 

-Гадаад улстай уран бүтээлийн хувьд хамтын харилцаатай байдаг танд эртнээс оролцохоор төлөвлөсөн наадам бий юү?

 

-Тавдугаар сард би Бээжинд болдог олон улсын орчин үеийн хөгжмийн наадамд нэг симфони зохиолоо тоглуулна. Энэ мэтчилэн гадаадад тоглуулах зохиолууд байгаа. Уран бүтээлийн ажил хүнээс байнгын хөдөлмөр шаарддаг. Хэрвээ нэг л өдөр хөгжмийн зохиолч гэдгээ мартвал энэ нэр ч намайг ч адилхан мартана.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (103.26.193.215)

    2017-01-24

    Delhiin ard tumen ene huniig Haanaa gej boddog uchraas