Н.Сугар: Хүн амын дунд амин дэмийн дутагдал өндөр хувьтай байна
- 2017-01-26
- Үнэн
- 0

Монголчуудын хооллолтын хэвшил, шим тэжээлийн талаар Шим тэжээл судлалын төвийн захирал, Доктор Н.СУГАРТАЙ ярилцлаа.
-Хоол, хүнс судална гэдэг нарийн мэргэжил бололтой. Манайд энэ талын боловсон хүчний хүртээмж хэр байдаг вэ?
-Эмчилгээний хоол зүйч нь өвчин төдийгүй олон төрлийн хүнсний шим тэжээлийг судалдаг учир анагаах ухаанаас дутахгүй боловсрол шаарддаг. Би ШУТИСын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг эмчилгээний хоол зүйч мэргэжлээр бакалавар, мастер, Тайванд таван жил суралцан докторын зэргээ “Сонгино, сармис яс сийрэгжилтэд үзүүлэх нөлөө” сэдвээр хамгаалсан. Манайд энэ талын мэргэжилтэн дутагдалтай байдаг. Эмнэлэгт мэргэжлийн хоол зүйч ажилласнаар өвчтөнд тохирох хоолны цэсийг боловсруулан эмчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд тустай. Эмчилгээний жишиг загварыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлсэн. Тус эмнэлэг олон улсын жишгээр 15 төрлийн өвчинд тохирох хоол бэлтгэн, үйлчилж байна. ШУТИСийн үйлдвэрлэлийн технологийн сургууль нь 2000 оноос хойш эмчилгээний хоол зүй, тэжээхүйн ухааны чиглэлээр нийт 150 гаруй төгсөгч бэлтгэсэн.
-Монголчуудын хоол хүнсний шим тэжээлийн байдал ямар төвшинд байна вэ. Бид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хоолноосоо авах ёстой илчлэг, шимт бодисыг хангалттай авч чаддаг болов уу?
-Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширсон хэдий ч монголчууд өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дагнах явдал хэвээрээ л байна. Монголчуудын хоол тэжээлийн байдлыг нутаг тус бүрээр нь ангилж, судлахад өөх тос, давсны хэрэглээ өндөр бөгөөд эрдэс бодис, амин дэмийн дутагдалтай байна. Өдөрт авах ёстой амин дэм, эрдэс бодисыг тогтмол авч чадахгүй, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон дундаж хэмжээнд хүрэхгүй байна. Ялангуяа хүүхдийн амин дэм, эрдэс бодисын дутагдал өндөр байна. Энэ нь хүнсний чанар болон хүнсний ногоог бага хэрэглэдэгтэй холбоотой юм. Насанд хүрсэн хүн өдөрт 400 гр жимс, ногоо хэрэглэх ёстой байтал манайд нэг тогоотой хоолондоо хэдхэн төмс, ганц лууван зэргийг хийхээс хэтэрдэггүй. Гэтэл төмс бол хүнсний ногооны ангилалд хамаарахгүй, цардуул ихтэй учир үр тариа, гурил будааны ангилалд хамаарах болсон. Мах, гурилнаас илчлэг, нүүрс ус, уургаа хангалттай авдаг ч амин дэм, эрдэс бодисыг бага авдаг.
-Эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдал, органик хүнсний тухай сүүлийн үед их ярих боллоо. Үүнийг хувь хүн хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?
-Хүнсийг гэмтэж, муутгалгүй технологийн дагуу зөв хадгалж, тээвэрлэх нь хүнсний аюулгүй байдал бөгөөд элдэв химийн бодисгүй, байгалийн бордоо ашигласан эсвэл хөрсөнд ургуулсан хүнсний зүйлийг органик гэж нэрлээд байгаа юм. Иргэд баталгаатай газраас хүнсний сонголтоо зөв хийж, зохистой хооллох хэрэгтэй.
-Хоол хүнсээс улбаатай өвчлөл нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар хэрхэн анхаарах вэ?
-Хүн амын дунд ханасан өөх тосны хэрэглээ өндөр байгаагаас зүрх судасны өвчлөл буурахгүй байна. Мөн давс, сахарын хэрэглээ их байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор хоногт нэг хүн таван грамм давс хэрэглэх ёстой бол манайд дунджаар нэг хүн хоногт 13.2 грамм давс хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Мөн амин дэмийн дутагдлаас болж хүүхдийн эрүүл мэнд, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байна. Хүүхэд багадаа эхийн сүүгээр бойжоод, чанартай сайн нэмэлт хоолоор тэжээгдвэл дархлаа сайтай болдог. Мөн өсвөр насны хүүхэд чанартай сайн хооллох хэрэгтэй. Сүүлийн үед ахимаг болон өсвөр насныхан цагаан хоолонд орох явдал их байна. Энэ бол маш буруу юм шүү. Манайх шиг өвөлдөө хасах 30 хэм хүрч хүйтэрдэг нөхцөлд мах, шөл идэхгүйгээр өөр юунаас ч өвлийг давж гарах илчлэгийг авахгүй.
- Яс сийрэгжилтэд “Сонгино, сармисны үзүүлэх нөлөө” судалгааныхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу. Манайхан сонгино, сармисыг тосонд хуурч хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй гэж ойлгодог нь зөв үү?
-Сонгино, сармисны ач тусыг олон талаас нь судалж тогтоосон байдаг. Би яс сийрэгжилтийн эсрэг сайн талуудыг нь олж тогтоосон. Турк хүн жилд дунджаар 17 кг сонгино хэрэглэдэг учир тухайн улсын хүн амын дунд ясны сийрэгжилт өвчин маш бага тохиолддог. Учир нь сонгинод агуулагддаг хүхэрлэг нэгдэл нь элдэв нян, бактер, халдвар хавдрын эсрэг нөлөөлөхөөс гадна яс бэхжүүлэх кальцийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг, өөх шатаах зэрэг олон ач тустай. Харин эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар дуулаагүй юм байна. Хэт шарж түлсний улмаас хурц болж, элэг, цөс, ходоод, нойр булчирхайд тохирохгүй болдог учир түлэхгүй, шөл буцалсны дараа хийх хэрэгтэй. Туркчүүд сонгиныг болгож хэрэглэхээс илүүтэй хоолны хачир маягаар шууд хэрэглэдэг.
-Монголчуудын хоол хийх арга хэр зөв бэ. Бүгдийг нэг тогоонд хийж, чанах нь амин дэм алдагдахад нөлөөлөхгүй биз?
-Хүнсний зүйлээ нэг тогоонд чанаж боловсруулах нь нэг талдаа элдэв нян бактер устах сайн талтай ч нөгөө талдаа С, В зэргийн усанд уусдаг, халуунд тэсвэргүй амин дэм ууршиж гарах эрдэл бий. Нэгэнт монголчуудын хоолны онцлог учир энэ талд онц, ноцтой асуудал байхгүй ч хүсний нарийн ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Нарийн ногоог түүхийгээр хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг учир олон оронд хоолны хачраа тусад нь бэлтгэж, иддэг. Мөн манайд нэг буруу зуршил байдаг нь хоолныхоо амтанд илүүтэй анхаараад, чанарыг нь орхигдуулаад байдаг нь анзаарагддаг. Жишээлбэл, хүнсний ногоогоо түлтэл нь хуурч, давс, амтлагч, тос их хэрэглэдэг. Хоол хийхэд зөв арга технологи гэж бий. Жишээлбэл, эхлээд луувангаа тосонд зөөлөн гал дээр хуурвал А, Е амин дэм нь тосонд уусч, ууршиж гарахгүй болно. Шөл гаргая гэвэл ногоо, махаа хүйтэн усанд хийж чанах, эсрэгээр нь мах, ногоогоо болгоод шүүж, авна гэвэл буцалсан усанд хийх зэрэг технологийн заавар байдаг.
-Иргэд зөв хооллох талаар мэдлэг, мэдээлэл аваад дадал хэвшлээ өөрчлөх хандлага нь хэр байдаг бол?
-Хүүхэд байхдаа хичээлдээ яараад өглөөний цайгаа ууж амжилгүй явсаар өглөө юм идэж чадахгүй болсон хүн байдаг. Түүнчлэн оройн хоолоо оройтуулж идэх, давс, өөх тос ихээр хэрэглэж хэвшсэн хүмүүсийн дадлыг өөрчлөх хэцүү. Гэхдээ тухайн хүн өөрийнхөө эрүүл мэндэд онц анхаарах юм бол чадна. Ер нь манайхан өвдсөний дараа л биеэ боддог буруу хандлага ажиглагддаг. Тиймээс аль болох хүүхдээ бага насанд нь зөв хоолны талаар сургаж, зөв хооллож хэвшүүлэх хэрэгтэй. Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн зорилго нь зөв хооллолт болон ногооны ач тусыг таниулж, идэж хэвшүүлэхэд чиглэх хэрэгтэй. Зарим эцэг, эх манай хүүхэд байцаа, лууван иддэггүй гээд өгдөггүй. Гэтэл хүнсний ногооноос хүүхдийн өсөлтөд нөлөөлөх А амин дэм лууванд л байдаг. Тэгэхээр бага сартайд нь лууван, төрөл бүрийн жимс, ногооны нухаш өгөөд байвал хүүхэд ногоонд дуртай болдог.
-Удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Энэ үеэр нэг хүн хэчнээн хэмжээний илчлэг илүү авдаг талаар судалгаа хийж үзсэн үү?
-”Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэдэг. Энэ баяр бол үнэндээ буруу хооллолтын баяр болдог шүү дээ. Насанд хүрсэн хүн нэг айлд дунджаар гурван ширхэг бууз, гурван хэрчим хиам, даршилсан өргөст хэмх, 100 грамм нийслэл салат, цагаан архи, айраг цагаа тэргүүтэн амсах төдийд 5000 ккал илчлэг авдаг гэсэн сонирхолтой судалгааг хийж байсан. Нэг хүн өдөрт 2500 ккал илчлэг авах ёстой байтал 4-8 дахин давуулж, хоол боловсруулах эрхтэндээ асуудал үүсгэдэг.
-Баярын зоогоо зохистой бэлтгэж, зөв хооллоход юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Баяраар манайхан төмсний салатыг их хэрэглэдэг. Төмс, майонез, хиам зэрэг илчлэг өндөртэй, амархан муудах эрсдэлтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Хийсэн тохиолдолд хоёр цагийн дотор дуусгах шаардлагатай байдаг. Тиймээс их хэмжээгээр найруулахгүй байх, бусад ногооны салат, ялангуяа байцааны салатыг өргөн хэрэглэхийг зөвлөе. Мөн буузаа аль болох өөх тос, амтлагч багатай хийвэл зохистой.
Т.Дуламжав
Монголын үнэн

Сэтгэгдэл (0)