Хаан Абдулла Обаматай уулзав

Жорданы хаан Абдулла өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзаж, Жордан улстай хил залгаа оршдог Израйль, Палестин улс хоорондын зөрчил, Сирд үүсээд байгаа эмх замбараагүй байдлын талаар ярилцлаа.
Жорданы хаан Абдулла өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзаж, Жордан улстай хил залгаа оршдог Израйль, Палестин улс хоорондын зөрчил, Сирд үүсээд байгаа эмх замбараагүй байдлын талаар ярилцлаа. Хоёр улсын удирдлагууд сэтгүүлчдэд хандан, Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх асуудлаар хоёр орон санал нэгдсэн тухайгаа мэдэгдээд, эвийн хүчээ нэгтгэж тэмцэх аваас бүтэхгүй зүйл байхгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын орон зайг нөхөж, Израйль Палестин улсын хоорондын харилцааны гүүр болоход Хаан Абдуллагийн үзүүлэх нөлөө сүүлийн хэдэн сарын туршид өндөр ач холбогдолтой болоод байгаа юм. Энэ сарын эхээр Жорданы нийслэл Амманд Палестин, Израйлийн энхийн хэлэлцээрт оролцогсод Ойрхи Дорнодын дөрвөл АНУ, Европын Холбоо, НҮБ болон ОХУ-ын төлөөлөлтэй жилийн турш зогсонги байдалтай болоод байсан яриа хэлэлцээрийн асуудлыг дахин эхлүүлэх асуудлаар уулзсан билээ. Хэлэлцээр төдийлөн үр дүнгээ өгөөгүй ч, талууд дахин уулзахаар болсон юм.

Уулзалтын үеэр, Ноён Обама Арабын хувьсгалыг эхлүүлсний ачаар Египет, Ливийн удирдагчид засгийн эрхээс буухад хааны оруулсан хувь нэмэр их байсныг онцолсон байна. Тэрээр Абдуллад хандан, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, ард иргэдийнхээ эрх ашгийг гаргуунд гаргасан Ерөнхийлөгч Башар Ассадыг огцрохыг шаардсан Арабын улс орнуудын анхны томоохон удирдагч болсон гэдгийг тэмдэглээд, түүний тус шаардлага Сирд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн,  Жорданы улс төрийн өөрчлөлт, шинэчлэлтийн ажилд ач холбогдол өгч, оролцохоо ч мөн мэдэгдсэн байна.
Хариуд нь,  Жорданы хаан Абдулла чин сэтгэлийн талархлаа илэрхийлээд, улс орондоо улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын тулд хичээж ажиллахаа амлан, улс орныхоо ирээдүйг сайн сайхнаар төсөөлж, гэгээлгээр харж байгаа” гэлээ.
Хаан Абдулла Ойрхи Дорнодын хоёр улсыг энхийн хэлэлцээрт хүргэж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж ирэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард Вэст Банк дахь Палестиний нийслэл Рамаллад айлчилсан бол долоо хоногийн дараа нийслэл Аммандаа Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перестэй уулзсан ажээ.





                                                                                                                                                              О.Удвал
www.UNEN.mn сайт  
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.23.142)

    2012-01-18

    hehe