Ш.Өлзийбаяр: Хөгжмийн урлагт шүүмж судлал үгүйлэгдэж байна
- 2017-03-07
- Үнэн
- 0

“Морин хуур 2016” наадмын Гран-при шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай ярилцлаа. Тэрбээр 2011 онд “Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, 2012 онд “Дөрөө” модерн бүжгэн жүжгээрээ хөгжмийн шилдэг бүтээлийн эзэн болж байжээ. Мөн өнгөрсөн онд Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр тодорч байсан юм.
-Юуны өмнө “Морин хуур” наадмын Гранпри шагнал хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. 100 гаруй дуунаас бидний бүтээл шилдгээр шалгарсанд их баяртай байна. Наадмын өрсөлдөөн нэлээд ширүүн байлаа. “Тэнэгэр их тал” дууны шүлгийг Н.Баянмөнх бичсэн. Дууг маань УДБЭТын гоцлол дуучин Э.Анхбаяр олон түмэнд маш сайн хүргэсэн учир энэ шагналыг хүртсэн гэж бодож байна.
-Та хөгжмийн урлагтай анх хэрхэн холбогдсон бэ. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Бага байхаасаа дуу хууранд дуртай хүүхэд байлаа. Ээж, аав намайг урлагийн хүн болох юм шиг байна гээд дугуйланд хөтөлж оруулаад, түүнээс хойш урлагийн хүн болох зам минь нээгдсэн. Зургаадугаар ангид байхдаа морин хуур, дараа нь төгөлдөр хуур тоглож сурсан. Улмаар Соёлын коллежид сурч хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлсэн.
-ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн гэж дуулсан?
-Тийм. Соёлын коллежийн Хөгжмийн багшийн ангид орсон ч Улаан-Үд хот руу шилжин суралцсан юм. Төгсч ирээд СУИС-д нэг жил суралцаад Москва хотын Соёл урлагийн их сургууль болон Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид сурсан. Орост нийтдээ зургаан жил сурсан. Одоо СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхмийн багшаар, улсын филармонид хөгжмийн зохиолчоор ажиллаж байна.
-Мэдээж энэ том амжилтыг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй байх. Мэргэжлийн багш нарынхаа талаар дурсахгүй юу?
-Миний мэргэжлийн багш Г.В.Чернов гэж Оросын нэрт хөгжмийн зохиолч хүн байдаг. Одоо нас сүүдэр бараг 80 дөхөж байгаа. Багш маань зургаан симфони, дан төрлийн хөгжмийн олон зохиол бичсэн. Энэ хүний арга, техникээр Монголд олон дүрслэлийг бий болгохыг зорьж байна. Арван жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш Батнасан, Соёлын коллежид төгөлдөр хуурын багш Батбаяр, Баатархүү гээд нэрлээд байвал олон сайхан багшийн хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тэр тусмаа Г.В.Чернов багшийн нөлөөн дор хөгжмийн зохиолч болох замдаа орсон доо. Хүмүүс янз янзын төрөл рүү ордог шүү дээ. Энгийн эстрад, поп гэх мэт олон жанр байдаг. Намайг хөгжим зохиож эхлэхэд багш “Үндэснийхээ хэв шинжийг хөгжимдөө сайн тусга. Чиний одоо бичиж байгаа хөгжим дэлхийн өнцөг булан бүрт, хаа сайгүй л эгшиглэж байна. Тиймээс онцгойр, хүн хүрдэггүй энэ төрөл рүү яв” гэсэн юм. Тэгээд намайг “Чи төгөлдөр хуураар тогловол сайн хөгжим биччих хүүхэд. Тиймээс төгөлдөр хуурынхаа аяыг гүнзгийрүүл. Энэ стильдээ зүтгэвэл чи оркестрын мэдрэмжээс эхлээд давуу тал ихтэй болно” гэсэн. Тэр нь надад их урам өгсөн.
-Анхны бүтээлээ хийж байсан түүхээсээ хуваалцаач?
-Жижиг сажиг дуу бичиж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Анги хамт олноороо ямар нэгэн дуу зохиож хөгжилдөх маягаар анхны бүтээл төрсөн. Төгөлдөр хуурын жижиг сажиг аяуд ч бас бичиж байлаа.
-Мэргэжлийн хөгжмийн зохиолч нэг хөгжмийн зэмсгийг бүрэн эзэмшсэн байх ёстой гэж ярьдаг юм билээ. Таны хувьд?
-Ер нь хөгжмийн зохиолчид төгөлдөр хуурыг бүрэн эзэмшсэн байх учиртай. Энэ нь томоохон хэлбэрийн бүтээл хийхэд гол суурь нь болдог. Миний хувьд морин хуур, төгөлдөр хуурийг өөрийнхөө хэмжээнд эзэмшсэн.
-Мэргэжил болгон өөрийн гэсэн мөн чанартай байдаг. Хөгжмийн зохиолч хүн чухам юугаараа ялгардаг юм бол?
-Байгаль эхээс заяасан багахан өгөгдлөө ашиглаад хөдөлмөрлөж чадах юм бол хөгжмийн зохиолч маш сайхан мэргэжил. Олон түмнийг дуу хуураар баясгаж чаддаг учраас бусад мэргэжлээс ялгардаг. Бас бахархалтай мэргэжил гэж боддог.
-Та зохиолоо бичихдээ өглөө, өдөр, оройн алийг нь сонгодог вэ?
-Орой эртхэн унтаж амрахыг боддог. Өглөө эртхэн босоод зохиол бүтээлээ туурвидаг. Толгой сэргэг байдаг юм.
-Зохиол бүтээлийнхээ санааг хаанаас олдог вэ?
-Үргэлж л шинэ бүтээлийн санаа эрж бэдэрч явдаг. Хүний хийгээгүй шинэ зүйл хийх юмсан гэж байнга л боддог. Ингээд явж байхад бүтээлийн санаа энд тэндээс аяндаа ороод ирдэг юм.
-Зохиол бүтээлээ хүнд хүргэх нь их чухал байдаг байх. Энэ талд та яаж ажилладаг вэ?
-Энэ талд би их дутагдалтай. Менежмент муутай гэж найз нөхөд минь хэлдэг юм. Би дуучин хөгжимчдөд л даатгаад хаячихдаг. Тэд л түмэн олонд бүтээлийг минь хүргэдэг.
-Хөгжмийн зохиол бичихэд авьяас, мэдрэмжээс гадна хувь хүнээс юу шаарддаг вэ?
-Мэргэжлийн хөгжмийн зохиолч авьяастай, мэдрэмжтэй байх нь эхний шаардлага. Үүний зэрэгцээ маш өндөр боловсролтой байх хэрэгтэй. Томоохон хэлбэрийн симфони, дуурийг бичихэд маш өндөр боловсрол шаарддаг. Мөн аливаа зүйлийг томоор хардаг, сууж сурсан байх шаардлагатай. Асар их тэвчээртэй байхыг шаарддаг. Маш удаан хугацаагаар суух хэрэг үргэлж гардаг. Босч харайгаад байдаг хүн бол хөгжим бичиж чадахгүй. Дээр нь хөдөлмөрч байх хэрэгтэй. Ер нь хийж буй зохиол бүтээлдээ цаг хугацаа, бие сэтгэлээ бүрэн зориулах ёстой.
-Цаашдаа ямар уран бүтээл хийхийг зорьж байна вэ?
-Бодож санасан зүйл олон байна. Манайд томоохон хэлбэрийн бүтээл, дан хөгжмийн концертууд эрэлттэй байна. Өвөрмонголоос хүртэл захиалга ирэх юм. Манай үндэсний хөгжим сонгодог хөгжим шиг баялаг урын сантай болж чадаагүй явна. Морин хуур, ятга нэг үеэ бодвол урын сантай болсон. Бусад хөгжмийн зэмсэг уран сангүй байна. Ялангуяа шанз, хуучир хөгжим их хоцрогдож байна. Энэ нь манай хөгжмийн зохиолчдын хийх ажил. Тиймээс эдгээр зүйлс дээр би анхаарч ажиллана даа.
-Монголын хөгжмийн урлагийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Манайд өнөөдөр урлаг хөгжихгүй байна. Массын буюу нийтийн урлаг түлхүү хөгжиж байна. Энэ нь нийгмийн үзэгдэл учир тодорхой цаг хугацааны дараа шигшигдээд зөв голдирлоороо явна гэж боддог. Харин мэргэжлийн хөгжмийн зохиол бичиж буй гарын таван хуруунд багатах цөөхөн хүн байна. Тиймээс мэргэжлийнхэн нь нийгмийн чиг баримжааг тодорхойлж, авч явах ёстой.
-Монгол, орос оюутны чадвар хэр ялгаатай байдаг бол?
-Монголчууд авьяасаараа хаана ч дутахгүй гэдгийг хүн болгон хэлдэг. Манай улсын хувьд орчин хамгийн их дутагддаг. Оросын хажууд хаана нь хүрэхгүй. Орост бүр тусдаа хөгжмийн сургууль гэж байдаг. Тэнд нь хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хөгжмийн онол үзнэ. Түүнээсээ өмнө хөгжмийн цэцэрлэгт сурсан байх ёстой. Тэгж багаасаа хөгждөг байхад манайд хөгжмийн дээд сургууль байхгүй гээд бод л доо. Тэгэхээр л жаахан хэцүү болоод байгаа юм. Сайн хөгжмийн зохиолч болъё гэсэн хүнд системтэй боловсрол мөн үзэж судлах ном сурах материал их чухал. Гэтэл тийм орчин манайд одоохондоо алга байна. Манай тэнхимд ирээдүйн хөгжмийн зохиолч, найруулагч, хөгжим судлаачийг бэлтгэж байна. Ирээдүй хойч үеэ бэлтгэх үүрэг бидний нуруун дээр байна. Авьяастай сайн сурагч олон байна. Тэд хөгжмийн зохиолч болохоосоо найруулагч болохыг илүүд үзэж байна.
-Манай хөгжмийн урлагт юу дутагдаж байна вэ?
-Томоохон хэлбэрийн бүжгэн жүжиг, дуурь хэрэгтэй байна. Үүнийг хийхэд мөнгө санхүү их хэрэгтэй болдог. Мөнгө санхүүгээр төр засаг маань дэмжлэг үзүүлэхгүй юм. Тиймээс бид өөрсдөө л ямар нэгэн ажил хийж байж санхүүгээ босгож байна. Цаашдаа төр маань урлаг соёлоо анхаарна гэж итгэж байгаа. Мөн хөгжмийн урлагт шүүмж судлал алга. Судлаачид үүн дээр анхаарах цаг ирсэн.
-Монголын хөгжмийн урлагийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна?
-Маш өөдрөгөөр төсөөлдөг шүү. XXI зуун бол язгуур урлагийн зуун болж байна. Манай улс язгуур урлагийн арвин их өвтэй. Ардын дуу, бүжиг, хөөмэй, уртын дууны олон гайхалтай өв бидэнд бий. Бид үүнийгээ ашиглаад дэлхийн тавцанд гарах боломжтой. Гол нь бид л үүнийг хийх үүрэгтэй.
Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)