Ж.Одгарьд: Жилийнхээ заслыг хаврын сардаа багтаан хийлгэж болно
- 2017-03-11
- Үнэн
- 0
Монголчууд шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх нь буян заяаг тэгшитгэж, тэр жилийн олз хийморийг арвижуулдаг хэмээн сүсэглэдэг. Тэр ч утгаараа ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж монгол түмэн засал номоо хийлгэх нь элбэг. Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬДААС шинийн 15-нд засал, номоо заавал хийлгэх учиртай эсэхийг тодрууллаа.
-Хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны өдрүүдэд ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж монгол түмэн засал номоо хийлгэдэг. Энэ өдрүүд нь ямар учиртай байдаг юм бол?
-Бурхан багшийн ном сургаалаа айлдсан цаг үе хаврын тэргүүн сарын шинийн 1-15- ны хооронд таардаг. 2600- гаад жилийн тэртээ Бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг /өргөл/ өргөсөн гэдэг. Үүнд нь, бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ. Тийм учраас энэ 15 хоногийг бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Тухайн үед бурхан багшийн номыг сонссон нь хутагтын мөрийг олж, аз жаргалтайгаа учирсан түүхтэй. Тийм ч учраас бурхны шашин дэлгэрсэн улс орон тэр дундаа монголчууд шинийн 1-15- ны хооронд жилийн барцдыг арилгах, аливаа үйл хэргийг даатгах засал номоо хийлгэж ирсэн уламжлалтай. Тиймээс шинийн 1-нээс 15-ныг ихэд бэлгэ дэмбэрэлтэй, дүйцэн өдөр хэмээн үзэж буян үлэмж ихээр үйлдэж, хураадаг. Магадгүй бид энэ хураасан буяныхаа үрд сайн сайхантай учирч, хутагтын мөрийг ч олж чадахаар болдог.
-Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Үүнийг хатуу чанд мөрдөх ёстой юм уу.Заавал энэ өдрүүдэд амжиж засал номоо хийлгэх учиртай юу?
-Үгүй. Заавал эдгээр өдөрт амжиж засал номоо хийлгэх албагүй. Энэ нь сүсэгтний өөрийнх нь хүслээр болох зүйл. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад хэзээ ч хийлгэж болно. Ер нь монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл, хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Нөгөө нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй. Монголчууд тариа ногоо элбэгшиж, идээ цагаа дэлгэрсэн цаг үед засал номоо хийлгэдэг байсан уламжлал байдаг. Намрын эхэн, дунд саруудад жилийн засал, зан үйлээ хийдэг, бурхан шүтээнээ тахидаг байсан. 1937 оноос өмнө монголчууд бумба тахих, түүнчлэн намрын дэлгэр цагт жасаа хурал хуруулдаг байсан түүхтэй. Энэ хурлын үеэр бумба тахих ёслолоо хийж дэлгэрүүлэх дэвжихийн бэлгэдэл болдог байжээ. Өмнөх нийгмийн үед хүрээний зиндааны лам нар нийлж хурдаг байсан гэдэг. Харин 1990 оноос сүсэгтэн олон хүрээ, хийдүүд тахисаар цараа нь өргөжин тэлсэн байдаг. Мөн өвлийн эхэн сарын 22-ноос өвлийн адаг сарын хуучдын өдөр хүртэл, ялангуяа өвлийн адаг сарын битүүний өдөр заслаа хийлгэж, улирч одож буй жилийнхээ унал хилэнцийг наминчилж, ирж буй жилийнхээ заяа буян, үйлсээ даатгадаг уламжлал бий. Эдгээр цагт засал номоо хийлгэхэд буян арвиждаг.
-Тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. Шороон үхрийн шинжээр тодорхойлоход жилийн өнгө ноён нуруу ямар байх бол?
-“Шороон үхэр”-ийн толгойгоор ард иргэд болон улирлын эхлэл, эвэр чих сүүлээр салхи шуурга, омруугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр ургац тариа, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг. Үхэр хариулаачаар нийт хүн зон, ард иргэдийн санаа сэтгэл, мал сүрэг, жилийн өнгө төрхийг шинжинэ. Үхэр хариулаач бага насны хүүхэд бол ард иргэдэд амгалан, залуус хийгээд өвгөдөд ширүүн жил хэмээн үздэг. Урган гарч буй “Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилийн “Шороон үхэр”- ийн шинжээр жилийн эхээр хур сайтай, хур чийг ихтэй. Мөн салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна. Үхэр хариулаач нь хүүхэд тул хүүхдэд амгалан, өвгөдөд ширүүн, залууст ээлтэй жил гарна. Тахиа жилийг “Алтан унжлагат” хэмээн тодотгосон нь ард олны сэтгэлд нийцэж байна. Жил бүр өөрийн оноосон нэртэй байдаг. Гал тахиа жил ёгт нэрийн хувьд ч ард нийтийн сэтгэлд сайнаар бууж байна. Ерөнхийдөө монголчууд “Алтан унжлагат” гэдэг нэрийг ихэд бэлгэшээж сайхан жил гарна гэдгийг хэлж байгаа.
-Гал тахиа жилд улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байх төлөвтэй байна вэ?
-Тахиа жил залуучууд буюу дунд суудалтанд сайн, ахмадууд, төрийн өндөр суудалтанд таатай биш гэж зурхайд буусан.
-Жил нь орж байгаа хүмүүс болон харш жилтнүүд юуг анхаарвал зохистой вэ?
-“Гал тахиа” туулай жилтэй их харш учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу бага харшид морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртай. Эдгээр суудал өнцөгдсөн болон жил нь орж буй хүмүүс манай Гандантэгчинлэн хийдээс Шинийн 14-ний бэлэгт сайн өдөр зохион байгуулж буй хурал, номын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, засал номоо хуруулах боломжтойг дуулгая. Гал тахиа жилийн шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч халсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар “Буянт-Ухаа” спорт цогцолборт үнэ төлбөргүй ном айлдана. Өндөр Гэгээн Занабазар Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14- нд нирваан дүрийг үзүүлсэн. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйчэн өдөр хэмээн тогтоож, Цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс Богдууд ерөөл хурдаг уламжлал тогтсон юм. Энэхүү уламжлалын дагуу Гандантэгчинлэн хийдийн хансүр, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс Цагаан Дара-Эхийн насны авшиг хайрлана. Эл өдөр Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, тахиа жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм. Иймд сүсэгтэн олныг даллагын уут, тавгийн идээтэй ирэхийг уриалж байна. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
-Гандантэгчинлэн хийд засал номыг цахимаар хийдэг болсон. Энэ нь ямар учиртай юм бол. Уг нь сүсэгтнүүд арц хүжээ үнэртээд номоо сонсвол сайн биш үү?
-Энэхүү шинэ үйлчилгээг нийтэд хүртээлтэй байх үүднээс нэвтрүүлж байгаа юм. Америк, Герман зэрэг хилийн чинадад амьдарч байгаа сүсэгтэн олны хүсэлтээр энэхүү үйлчилгээг хийхээр болсон юм. Гадаадад амьдарч байгаа иргэд маань “Бид хилийн чинадад олон жил амьдарч байна. Тиймээс онлайнаар бидэнд ном уншиж өгөөч. Веб сайт дээрээ Гандан хийдийн айлтгал, хурал номыг тавьж байгаач. Хүнд хэцүү цаг үе тохиолдох үед засал ном онлайнаар хийж өгнө үү” гэж таван жилийн өмнөөс удаа дараалан хүсэлт тавьсан. Тэдний хүсэлийг хүндэтгэн Гандантэгчинлэн хийд гал тахиа жилийн эхэнд айлтгал хурал номоо вэб хуудастаа байршуулж, онлайн үйлчилгээг хийж байна. Бурхны шашинд итгэл болоод сүжиг байх юм бол цаг хугацаа болоод орон зайны хязгаар байхгүй гэж үздэг. Тиймээс алс Америкт суугаа хүн энд засал номыг нь уншихад чин сэтгэлээсээ сүсэглэх юм бол өөрийн биеэр ирж засал номоо уншуулж буй шиг буяныг хураана. Энэ нь бурхны номонд харшлахгүй. Харин Монголдоо амьдарч байгаа зон олон маань Гандан хийддээ ирж эргэл мөргөлөө хийж, бурхан шүтээндээ мөргөдөг уламжлалаа хадгалах ёстой. Өөрсдийн сайн сайхны төлөө засал ном уншуулж байгаа учир Гандан хийддээ зорьж ирээд хурал номдоо суугаад ариун нандин шүтээнүүддээ мөргөн залбирч, үйл хэргээ даатгах нь чухал. Энэ үйлчилгээг хилийн чинадад суугаа монголчууддаа зориулж хийж байгааг ойлгох хэрэгтэй.
Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (2)
kkkk (75.83.137.132)
Hugatsaa zaaj munguu tul gej surduulj baina. Havriin sardaa bagtaaj munguu tuluhgui bol... Lambugain nulimas.
Haha (75.83.137.132)
Havriin sardaa bagtahgui bol yaahuu bagshaa??? ta mini orloggui bolhuu??? kkk