Сирийн босогчид Дамаскийн ойролцоох хотыг эзлэн авлаа

Өнгөрсөн бямба гаригийн орой Сирийн хэсэг босогчид Дамаск хотын ойролцоох Дум хэмээх бага шиг нэг хотыг эзлэн авчээ. Дум нь Дамаскаас ойролцоогоор 20 километрийн зайд байдаг юм байна.
Өнгөрсөн бямба гаригийн орой Сирийн хэсэг босогчид Дамаск хотын ойролцоох Дум хэмээх бага шиг нэг хотыг эзлэн авчээ. Дум нь Дамаскаас ойролцоогоор 20 километрийн зайд байдаг юм байна.
Энэ дагуул хотын оршин суугчдын тоо 200 мянгад хүрдэг гэнэ. Өчигдрийн байдлаар тус хотын гудамжинд тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд босогчид гудамжинд хаалт, бэхлэлт босгож байна. Хоёр талаас хохирол байгаа ч яг хэдэн хүн алагдаж, шархадсан талаархи мэдээ тодорхойгүй хэмээн тус бүс нутагт байгаа гадаадын сэтгүүлчид мэдээлжээ. Харин эдгээр босогчдын ихэнх нь Сирийн армиас оргон зугтаж босогч ард түмэнтэй нийлсэн цэргийн албан хаагчид байгаа нь тодорхой байгаа юм.

Үүний дээр Кайр хотод тус улсын нөхцөл байдалд бараг сарын турш шинжилгээ хийсэн арабын улсуудын ажиглагчдын илтгэлийг авч хэлэлцэхээр арабын орнуудын лигийн / АОЛ/ гишүүдийн Гадаад харилцааны яамны сайд нар хуран цуглаад байна. Илтгэлийг тус ажиглагчдыг тэргүүлэгч Суданы генерал Мухаммед Ахмед Мустафа ад-Даби тавилаа.
Суданы генерал Мухаммед Ахмед Мустафа ад-Дабигийн илтгэлийг сонссоны дараачаар АОЛ-ын сайд нарын зөвлөгөөнийг өргөжүүлэх шийдвэр гаргах учиртай билээ. Харин ажиглагчдын комиссийн тэргүүн генерал адДаби “Сири дэх ажиглалт бодит хийгээд ил тод байдлыг дээд зэргээр авч үзснээрээ энэ ажиллагаа амжилттай боллоо. Мөн Сири дэх ажиглагчдын ажиллагааг өргөжүүлнэ хэмээн найдаж байна” хэмээн онцолсон байна. Харин Кайрт хүрэлцэн ирсэн Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн тэргүүн Бурхан Гальюн ажиглагчдын илтгэлийг нэг бүрчилэн үзэж танилцах бөгөөд хэрэв энэ илтгэл бодит байдлаас зөрвөл сөрөг хүчнийхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм.
Үүнийгээ тэрбээр “Би АОЛ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль Арабитэй уулзаж манай ард түмэн болоод хувьсгалч залуучуудын ажиглагчдын ажил хэргийн тухай санал бодлыг сонсгож тэдний үйл хэрэг маш хязгаарлагдмал байгааг аль хэдийн дуулгасан юм” хэмээн тайлбарлалаа.
Өмнө нь Дамаскийн зүгээс АОЛ шаардвал нэгдүгээр сарын 19-нд дууссан ажиглагчдын мандатыг сунгаж болно гэж илэрхийлж байсан авч ажиглагчдын үйл ажиллагааны хүрээг тэлэхийг эрс эсэргүүцсэн билээ. Уг нь Лигийн орнуудын зүгээс хийсэн сириарабын протоколын дагуу АОЛ-ээс өнгөрсөн сарын 26-нд ажиглагчдаа Сири рүү илгээсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт ажиглагчдын багийн 11 гишүүн халдлагад өртсөний дараа Сирид дахин ажиглагчид илгээхгүй байхаар шийдсэн аж. Газар дундын тэнгисийн эрэг хавь дахь Сирийн Латаки хот орчимд Алжир, Марокко, Ирак, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Кувейтийн ажиглагчид дээрх тоонд орсон билээ. Харин халдагчдын хэн болохыг тэр үед нь тогтоож чадаагүй гэдэг.

Түүнчлэн АОЛ-ын зөвлөлгөөний урьдхан Сири дахь ажиглагчдынхаа мандатыг дор хаяж сараар сунгах эрмэлзлэлттэй байгаагаа илэрхийлж байсан билээ. Гэвч одоог хүртэл энгийн номхон иргэд, босогчид хийгээд хүчний байгууллагын гээд олон зуун хүний амь нас өдөр болгон эрсэдсээр байна. Гэхдээ НҮБ-аас гаргасан судалгаагаар нийт хохирогчдын тоо 5000 хол давсан ч Сирийн Засгийн газраас сөрөг хүчнийхэнтэй хийсэн тулгарлалтаас болж хууль хамгаалах байгууллага болоод цэргийн албан хаагчдаас нийт 2000 хүний амь үрэгдээд байгаа гэж байгаа юм.

Тэгэхээр энгийн иргэдийн амь нас үүнээс илүүтэй хохирсон байх өндөр магадлалтай хэмээн зарим ажиглагчид үзжээ.


С.МАЙДАР


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)