Казахстаны Н.Назарбаев дарангуйлагч бишээ харуулах гэж хэлбэр төдий сонгууль явуулдаг гэнэ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын Парламентын доод танхимыг тараан, ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгдэж, санал хураалт нь энэ сарын 15-нд болж өнгөрсөн.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын Парламентын доод танхимыг тараан, ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгдэж, санал хураалт нь энэ сарын 15-нд болж өнгөрсөн.
Казахстаны Парламентын доод танхимын 107 гишүүний 53 нь олон намын тогтолцоог бий болгож, ардчиллыг хөгжүүлэхийг уриалж, ээлжит бус сонгууль явуулах хүсэлт гаргаж байснаас ийн сонгууль явуулжээ.

Тус улсын Парламентын доод танхим буюу Мажилисын гишүүдийн 98 нь бүх нийтийн санал хураалтын дүнд, ес нь Казахстаны Ардын Ассамблейгаас сонгогддог юм байна. Үүнийг Казахстаны одоогийн дэглэмд дургүй, түүнд итгэдэггүй казах хүмүүс Нурсултан Абишевич ээлжит хууран мэхлэлтээ хийх гэж байна гэж анх ярьж байсан бол одоо үнэхээр хууран мэхлэлтээ давтлаа гэлцэж байгаа юм.
Өөрийгөө ардчилсан хүн болгож гадаад ертөнц, дэлхий нийтэд харуулах ээлжит дон нь хөдөлсөн нь энэ гэлцэж байна. Түүний хүргэнээр олон жил “ажилласан” гэж Б.Баабарын тодорхойлсон Рахат Алиевын “Загалмайлсан хадам эцэг” номонд иймэрхүү “чөлөөт ардчилсан сонгууль”-ийн тухай тодорхой дурдсан нь бий.

Рахат Алиев нь “Засаглалын дээд өндөрлөгт хүрсэн хэн боловч жил өнгөрөх тусам хүчилтөрөгчийн өлсгөлөнд автдаг байна. Иймд аль ч оронд эрх барих хугацааг хязгаарладаг. Ардчилал, эрх чөлөөнд төгсгөл үтэр түргэн тохиохгүйн баталгаа ч үүнд оршдог” хэмээн бичсэн байдаг.
Австри улсад Казакстаны элчин сайд асан хүргэн Рахат Алиев нь 2009 онд “Загалмайлсан хадам эцэг” нэртэй баримтат туужаа бичиж хэвлүүлжээ.
Орос, Герман хэл дээр хэвлэгдсэн уг ном гарсан даруйдаа шуугиан тарьсан. Тиймээс Казакстаны тусгай албаныхан Европ даяар түүнийг хайх шаргуу эрлээ одоо ч үргэлжлүүлсээр байгаа гэдэг. 2007 оны 5 сард ерөнхийлөгч Назарбаев Үндсэн хуулиндаа гар хүрч улсын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч гэх эрхээ үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Тэр үед Австрид элчин сайдаар ажиллаж байсан түүний хүргэн анагаахын болон эдийн засгийн ухааны доктор, нэрт улс төрч, бизнесмен Рахат Алиев уг шийдвэрийг нь эрс эсэргүүцэж хадам эцэгтэйгээ бүр мөсөн тангараг тасарчээ. Р.Алиев нь Казакстаны мэдээллийн агентлагаар дамжуулан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн байгаагаа зарлангуут Назарбаев тэр даруй түүнийг элчин сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлж Эх орныхоо төрийн номер нэг дайсан болгосон байна.
Тус улсын анхны болон цорын ганц ерөнхийлөгч Н.А.Назарбаев нь төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Мөн тэрээр Ерөнхий сайд болон нэгдүгээр орлогч сайдыг томилдог.

Үүнээс гадна үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засгийн газрыг томилох огцруулах, парламентыг тараах, өөрийн саналаар бүх ард түмний санал хураалт явуулах, хот мужуудын удирдагчдыг томилох гэх мэт маш өргөн эрх мэдэлтэй нэгэн. Тиймээс ч байс гээд нэр төдий парламентаа тарааж ээлжит бус сонгууль явуулж “ардчилсан” болохоо харуулдаг.
Гэхдээ жинхэнэ ардчилсан улс орнуудын улстөр судлаач нар Казакстан улсад тухайн дэглэм нь сонгуулийг зөвхөн өөрийгөө легитимжүүлэхэд ашигладаг гэж үздэг юм. Ийм сонгуулийн үеэр сонгогчид намаас дэвшсэн нэг хүний төлөө ямар ч сонголтгүй санал өгөх хэрэгтэй болдог. Манайд ийм тогтолцоо 1990 он хүртэл тогтож байсан билээ.
Нурсултан Назарбаев 1995 оны дөрөвдүгээр сард улс орондоо бүх нийтийн санал асуулга явуулан 2000 он хүртэл өөрийн бүрэн эрхийн хугацаагаа сунгуулсан.
Тэр мөн 2005 оны 12 дугаар сард 91.15% буюу нийт 6,871,571 санал авч дахин сонгогдсон. 2007 оны тавдугаар сарын 18-нд Казакстаны Парламент, түүний хүсэлтийн дагуу дахин дахин сонгогдох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайшаан дэмжин баталснаар, энэ нь улс орны ирээдүйн ерөнхийлөгч нь зөвхөн Назарбаев байхаар болгосон гэсэн үг юм байна. Рахат Алиев “...сонгуульд сонгогчдын саналыг хулгайлсны адил тэрбээр тэр суудлыг мөн л хулгайлсан юм” хэмээн экс хадам эцгийнхээ тухай бичжээ.

Тэрээр “Назарбаевын зээ Кайратын эзэмшлийн “Дауир” хэвлэлийн газар Сонгуулийн төв комиссын захиалга санхүүжилтээр санал хураах хоёр төрлийн яг ижилхэн хуудсыг хэвлэсэн байдаг. Эхний багцыг эхлээд сонгуулийн хэсэгт, дараа нь санал хураах хайрцагт “хоёр удаа” илгээнэ. Хоёр удаа гэдэг нь эхлээд хүмүүс сонгогчийн хуудсаа санал өгөх хайрцаганд хийнэ, харин тэндээс тэдгээр цаасыг хогийн саванд хаяна. Сонгуулийн хуудсанд ямар ч тамга, ямар ч дэс дугаар байхгүй.
Тэгэхээр хувийн хэвлэлийн газарт хичнээнийг хэвлэснийг гагцхүү Английн адал явдалт зохиолын баатар Шерлок Холмс л тоолж чадах биз.
Олон улсын ямар ч ажиглагч үүнийг хийж чадахгүй. Хэрэгтэй саналын хуудсуудыг мужуудаар тараана. Тэдгээрийг эртнээс гараар бөглөж үндэсний аюулгүй байдлын хороо болон ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны соргог удирдлага дор нягтлан шалгаад Сонгуулийн Ерөнхий хороонд илгээнэ.  Астанад ярьдагчлан, саналаа яаж өгөх нь бус хэрхэн тоолох асуудал л хамгийн чухал.
Албан ёсны “сонгууль” болохоос барагцаалбал хоёр долоо хоногийн өмнө орон нутгийн сонгуулийн комиссууд саналын хуудас тоолсон тэмдэглэгээг урьдаас гарын үсэг зурж бэлтгэсэн байдаг. Үүнийг зохион байгуулах тийм ч хэцүү биш. Сонгуулийн хороодод район, хот, мужийн аким-захирал нараас шууд хамааралтай төсвийнхөн ажилладаг.

...Өнөөдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл шууд, эсвэл итгэмжлэгдсэн олигархуудаар дамжин Назарбаевын мэдэлд орсон. ...Назарбаевын сонгуулийн машин хэрхэн ажилладгийг би 1999оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олж мэдсэн юм. Тэгэхэд би Үндэсний аюулгүй байдлын хорооны Алма-Атагийн салбарт ажиллаж, алан хядагчидтай тэмцэх нэгж болон тагнуулын албыг хашиж байв.
Афганистанаас Орос, Европ руу манай хилээр хар тамхи урсаж байв. Гэтэл гэнэт болох сонгуульд анхаарлаа хандуулах асуудал болов. Сонгуулийн төв комиссын дарга Загип Балиев, ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Алихан Байменов нартай шууд хамтран ажиллах даалгавар Назарбаев буулгав. “Юуны тулд” гэж асуухад улсын ач холбогдолтой үйлс, “зааварчлагчид” гэж дэлгэрэнгүй хэлнэ гэв. Үнэхээр ч шоконд ормоор. Нөгөө л “Дауир”-ын саналын хуурамч хуудсуудыг хийсэн “Самсонайт” том хар чемодантай ҮАБХ-ны элч төлөөлөгчийг Алма-Атагаас бусад бүх нутагт илгээж байв.

Ерөнхийлөгчийн нярав Владимар “АК-40” онгоцоор элчүүдийг шаардлагатай газруудад нь хүргэж өгч байв. Хуурамч саналыг үйл олноор үйлдвэрлэх нь сонгуулийг будлиантуулах Загалмайлсан хадам эцгийн гол арга хэрэгсэл юм. Гэхдээ манай илбэчний толгойд олон сонирхолтой үзүүлбэр багтдаг. Жишээ нь, сонгууль явуулах өдрийг тохоон товлох асуудал байна.
Манай оронд урьд өмнө хуулиар товлосон өдөртөө сонгууль хэзээ ч явагдаж байгаагүйг та анзаарсан байх. Ямар нэгэн шалтгаанаар хэдэн сарын (заримдаа бүр жилийн) өмнө хугацааг гэнэт урагшлуулдаг. 1994, 1999, 2005, 2009 онуудад ингэсэн. Үндэслэл нь энгийн.

Тэрслүү үзэлтэн болгон үгэнд ордоггүй бүгдэд сонгуульд бэлтгэх бололцоо олгодоггүй гэж тэр. Гэнэт зарлагдсан сонгуулийг ээлжийн амралтын үеэр явуулна.
Сонгогчид ч идэвхигүй, улс төрийг төдийлөн сонирхдоггүй, олон улсын ажиглагчид ч гэр бүлээрээ испанид амрах айлчлалаа албаны айлчлалаар арилжаалж нарлаг Казакстан руу тэмүүлэхгүй... гэхчилэн бас бичжээ. Тэгэхээр Н.А.Назарбаевын энэ удаа явуулсан сонгууль бас л хугацаанаасаа өмнө боллоо.
Парламентын доод танхимаас ээлжит итгэж болохгүй хүмүүсийг шахсан хэрэг гэж зарим казахууд үзэж байна. Нээрээ ч Жанаозены хэрэг явдлын дараа болсон саяын ээлжит бус сонгуулиар “Нур-Отан” нам 80 гаруй хувийн саналаар ялж байна гэдэг сонирхолтой хэмээх нөхдүүд ч цөөнгүй байна.
Казахстаны эрхэм Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын энэхүү сонгууль луйварддаг арга Төв Азийн станууд гэгддэг улс орнуудад өргөн тархсан байдаг гэх ба Монгол улсад ч сүүлийн хэдэн удаагийн сонгуулиар ийм маягийн бульхай луйвар хийсэн тухай асуудал яригдсаар байна.

Энэ удаа тэднийг бодвол арай л “ардчилал”-тай гэгддэг Монголчууд сонгуулийн хувьсгал өнгөрлөө, одоо зэвсэгт хувьсгал хийхээс аргагүй гэлцэж байна.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Amanjol (49.0.147.179)

    2012-04-12

    Sn uu hun buhen adilhan nowchroh herhgui chuu anda mongol iluu gej magtah duurtay teged iilu gedgee harulj chadahgui baij bitgi dawar

  • ZOCHIN (203.91.117.4)

    2012-01-24

    NAZARBAIEB SAY 10 AAD HUN ALAAD 6000 DOLLARAAR UNELSEN HARIN MANAI ZASAG TUR BARIGCHID 5 HUN ALAAD 50000000 SAYAAR UNELSEN TEGEHEER KAZAK HUNEES MONGOL HUN HAMAAGUI UNETEI UM BNA SHUU