Т.Баярсайхан: Чөлөөт зах зээл нь бодлогогүй, хэн дуртай нь орж гардаг тогтолцоо биш

 

        Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

 

-Та бүхэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа шударга бус байгаа тухай мэдэгдсэн. Энэ байгууллага бизнес эрхлэхэд яг ямар саад учруулаад байгаа юм бэ?

 

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүд 2013 оноос эхлээд ямааны арьсыг ноолууртай нь, хонины нэхийг ноостой нь худалдаж авч байгаа. Малчдаас худалдаж авсан арьсаар гутал, цүнх зэрэг бүтээгдэхүүн хийж, ноос, ноолуурыг нь ялгаж экспортолдог. Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг оронд гаргадаг 20 гаруй компани одоогоор байна. Гэтэл ноос ноолуураа гаргах гэхээр Хөдөө аж ахуйн биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журам үйлчилдэг. Бид малчнаас авсан арьс, ширээ балансдаа тусгачихаж байгаа юм. Эргээд экспортлохоор заавал Хөдөө аж ахуйн биржээс худалдаа хийсэн гэсэн бичиг хэрэгтэй гэдэг. Тэгэхээр баланс дээрээ хоёр удаа тусгах шаардлага үүсч байна. Нэг худалдаж авсан бараагаа хоёр удаа тусгах ийм гажиг тогтолцоо үүссэн. Өөрөөр хэлбэл, бид худалдаж авсан зүйлээ дахин авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэх ёстой болж байгаа юм.

 

-Энэ талаар холбогдох байгууллагуудад хандсан гэсэн. Ямар нэгэн хариу ирүүлсэн үү?

 

-Энэ талаар бид Хөдөө аж ахуйн бирж болон салбарын яаманд хүсэлт тавьсан. Гэвч энэ байдал өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, малчны авах мөнгийг хөдөө аж ахуйн бирж дээр компьютерийн ард суусан хэдэн нөхөд л аваад байна гэсэн үг. Уг нь малчид ямааныхаа ноолуурыг тэдэн төгрөгөөр зарна гэсэн дуудлага худалдаа болж, тэндээс нь бид худалдан авалт хийдэг байх учиртай. Гэтэл энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй. Хамгийн наад зах нь, орон нутагт баталгаатай агуулах, лаборатори, онлайн сүлжээ алга. Ноолуурын чанар сайтай гэдгээр нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумаар жишээ авахад энэ газрын ноолуур гэж батлах ямар ч боломжгүй. Уг нь бирж сонгодог утгаараа ажиллавал маш ашигтай. Харин одоо манай биржийн үйл ажиллагаа компаниудад гай болж байна. Тухайлбал, биржээр худалдсан гэсэн бичиг өгөхийн тулд 34 тонн ноолуураас 19.2 сая төгрөгийн хураамж авдаг. Манай улс жилдээ 8.4 мянган тонн ноолуур авдаг. Үүнийхээ мянган тонныг дотооддоо ашигладаг гэж үзвэл үлдсэн 7.4 мянган тонныг гадагш гаргаж таарна. Гэтэл үүнээс багаар бодоход 1.5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр Хөдөө аж ахуйн бирж бичиг олгоод олчихож байгаа юм. Уг нь энэ мөнгө малчдад очих учиртай биз дээ. 100 кг ноолуур жилдээ тушаадаг малчин биржийн энэ гажиг тогтолцооноос болж, ойролцоогоор 50 мянган төгрөг алдаж байна гэсэн үг л дээ.

 

-Тэгэхээр ченжүүд биржтэй хуурамч худалдан авалт хийдэг гэсэн үг үү?

 

-Тийм. Журам нь тийм юм чинь өөр яах юм. Гэтэл энэ бүхний цаана би хүртэл гэмт хэрэгтэн болчихсон явж байна. Эдийн засгийн цагдаа “Биржтэй хийсэн худалдааны баланс чинь хаана байна” гэхээр надад үзүүлэх юу ч байхгүй. Бидэнд зөвхөн малчнаас авсан арьс, ширний баланс л бий.

 

-Уг нь биржийн брокерууд орон нутагт байдаг биз дээ. Тэд юу хийдэг юм бэ?

 

-Хөдөө орон нутагт биржийн брокер гэж байхгүй. Уг нь биржийн хууль батлагдсанаар Монголын 329 суманд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах тогтолцоо бий болох ёстой байсан. Хуулийн зорилгоо ч ингэж тодорхойллоо. Үүнийг үндсэнд нь орхисон. Хууль, хөтөлбөрийн аль алинд нь зааснаар хоршоо нь анхан шатанд түүхий эдээ стандартын дагуу, чанарыг алдагдуулахгүй бэлтгэж, аймгийн төв дээрх биржийн баталгаат агуулахад хадгалж, эцэст нь төв бирж дээр үнэ хаялцуулан, хамгийн өндөр үнэ санал болгосонд нь түүхий эдээ нийлүүлэх учиртай. Харин одоо манай биржид ямар ч түүхий эд байхгүй. Хөдөө аж ахуйн бирж өдөрт тэдэн зуун сая төгрөгийн арилжаа хийлээ гэсэн зар, мэдээлэл явдаг биз. Тийм зүйл огт байхгүй. Зүгээр л ноос, ноолуур, улаанбуудай зэргийг экспортлох гэж биржээс худалдаж авсан бичгийн мөнгөн дүн.

 

-Манай улс малын гаралтай таваараа түүхийгээр нь гаргахгүй байх тухай олон жил ярьж байна. Тухайлбал 10 сая ширхэг арьсыг боловсруулах хүчин чадал дотоодод байна уу?

 

-Яг энэ асуултыг асуугаасай гэж хүсч байлаа. Одоогоор арьс, шир боловсруулах 30 орчим үйлдвэр бий. 10 сая ширхэг арьс гэдэг боловч бидний ажиглалтаар 7-8 сая ширхэг л арьсыг жилдээ гаргаж байгаа. 8000 тонн орчим ноолуур, 20 гаруй мянган тонн ноос авч байна. Дотоодын үйлдвэрүүд аж­ лын 180 хоногоор бодоход 22 сая ширхэг арьсыг боловсруулах чадалтай. Өнөөдрийн бэлтгэж байгаа арьснаас гурав дахин илүү хүчин чадалтай болж таарч байгаа биз. Тэгэхээр үүнд эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй. Нэг хэсэг хонины нэхий 500 төгрөгийн үнэтэй байсан. Зарим нь хог дээр хаяж байгаа тухай ч ярьдаг байлаа. Гэвч тухайн үед буюу наадмаас өмнө хонины нэхий тарз байсантай л холбоотой. Ийм хонины нэхий үйлдвэрийн шаардлага хангадаггүй юм.

 

-Одоогийн байдлаар дотоодын үйлдвэрүүд түүхий эдийнхээ хэдэн хувийг авч байна вэ?

 

-2013 онд түүхий эдийнхээ 20 хувийг авч байсан бол уржнан 50 хувийг худалдан авсан. Харин өнгөрсөн жил буцаж буугаад 30 гаруйхан хувийг худалдан авлаа. Бид гудамжаар зөрж өнгөрсөн хүмүүсийн хэдэн хувь нь дотоодын үйлдвэрийн гутал өмссөн бол гэж харвал харамсалтай тоо гарна. Арьс ширний салбар бол малчдын түүхий эдийг аваад эцсийн бүтээгдэхүүн хийх зорилгоор л ажиллаж байгаа. Тэр цагт түүхий эдийн үнэ ч дагаж өснө.

 

-Тэгвэл дотоодын үйлдвэрүүдэд зах зээлээс түүхий эдээ татах санхүүгийн боломж хэр байгаа бол?

 

-Гурав орчим сая ширхэг ямаа, мөн сая орчим тооны хонины арьс, үхэр, сарлаг нийлээд 500 орчим мянга, 250 мянган адууны арьсыг жилд гаргадаг. 30 орчим үйлдвэрийн хувьд бүгдийг нь худалдаад авчих санхүүгийн боломж байгаа.

 

-Ямааны арьсыг 30 мянга, кг ноолуурыг малчдын гар дээрээс 80 мянган төгрөгөөр татах санхүүгийн боломжтой дотоодын үйлдвэр байхгүй шүү дээ. Өнгөрсөн өвөл ямааны арьс 30 гаруй мянган төгрөгийн ханштай байсан даа?

 

-Нуух зүйл байхгүй ээ. Ямааны арьсыг 30 мянган төгрөгөөр худалдан авч чадахгүй. Харин цаашид энэ бодлогоо сайжруулахыг хичээж байгаа. Нэг кг ноолуур аваад хялгасыг нь салгаж, боловсруулахад хэдэн төгрөг гардаг юм. Мөн үйлдвэржилтийн яв­ цад ус, тог цахилгаанаас шалтгаалаад үйл ажил­ лагааны зардал гарна. Манайд энэ зардал их өндөр. Дээрээс нь дотоодын зах зээлээ хамгаалах бодлого, Худалдааны тухай хууль байхгүй. Энэ бүхнийг тооцож байж үнэ гарна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүндээ захирагдаж түүхий эдээ авдаг. Энэ бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль. Хэрэв 50 мянгаар худалддаг байсан цамц 100 мянган төгрөгт хүрвэл түүхий эдийнхээ үнийг өсгөж болно. Дээрээс нь дотоодын үйлдвэрүүд үхрийн шир, хонины арьсаа дотооддоо 100 хувь худалдан авч чадаж байхад Засгийн газар хагас боловсруулсан арьс гаргахгүй гэсэн журам гаргаж болж байгаа юм. Тэгвэл захын хятад нөхөр авч гарахаа болино. Үүний үр дүнд бүгд гүн боловсруулдаг хэлбэрт шилжиж таарна. Үүнийг бид зохион байгуулалт гээд байгаа юм. Чөлөөт зах зээлийн нийгэм гэдэг ямар ч бодлогогүй, хэн дуртай нь орж гарч байдаг тогтолцоо биш л дээ.

 

-Дотоодынхоо түүхий эдээр үндэсний үйлдвэрээ дэмжих нь мэдээж эдийн засагт нэмэртэй. Гэвч үүний эсрэг талд хорио, цээр тогтоочихоор дотоодын үйлдвэрүүд хүссэн доод үнээрээ малчдын түүхий эдийг авах боломж бүрдэх юм биш үү?

 

-Би баталгаатай нэг л зүйл хэлье. Дотоодын зах зээл дээр 30 тоглогч байна. Өөрөөр хэлбэл, 30 өрсөлдөгч гэсэн үг. Мөн бүгд өөр өөрийн зориулалттай. Нэг үйлдвэрт гутлын арьс хэрэгтэй байхад нөгөө үйлдвэрт цүнх хийх арьс хэрэгтэй. Зарим нь Европын зах зээл рүү гаргана. Мэдээж бизнес хийж байгаа юм чинь хэлцэл, захиалга авч таарна. Захиалгын гэрээгээ нийлүүлэхийн тулд дотоод өрсөлдөөн ширүүснэ.

 

-“Засгийн газар хагас боловсруулсан арьс гаргахгүй гэсэн журам гаргавал...” гэж та ярилаа. Таныг ингэж ярихаар дотоодын үйлдвэрүүд үгсэн хуйвалдах вий гэсэн болгоомжлол төрж байна.

 

-30 үйлдвэр бүгд 500 мянган ширхэг арьсыг Европын зах зээл дээр нэг цонхоор гаргана гэвэл үгсэн тохирох байдал үүсч болох юм. Гэтэл тийм биш, бүгд өөр өөрийн зориулалттай гэдгийг хэлсэн шүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)