П.Түвшинтөр: Монголын анхны хиймэл дагуулыг 300 сая төгрөгөөр бүтээсэн
- 2017-05-31
- Үнэн
- 0

Монгол Улс сансрын уудамд иргэнээ илгээсэн төдийгүй өөрийн хиймэл дагуулаа задгай сансарт гаргасан орон болох цаг ойртож байна. Энэ үйл явдалтай холбогдуулан МУИС-ийн физикийн тэнхмийн багш П.ТҮВШИНТӨРТЭЙ ярилцлаа.
-Манай улс удахгүй өөрийн хиймэл дагуулаа сансарт хөөргөх нь. Энэ ажилд МУИС-ийн багш, эрдэмтэн судлаачид хэрхэн оролцов?
-Одоогоос хоёр жилийн өмнө өөрийн хиймэл дагуулгүй хэд хэдэн орныг хамруулсан нэгэн төслийг Японы Кюүшүгийн технологийн их сургуулиас санаачлан хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд Гана, Нигери, Бангладеш болон манай улс хамрагдаж, Тайланд, Тайвань улс газрын станцаар нэгдэж байгаа. Бидний хийсэн хиймэл дагуул хамгийн жижиг ангилалд багтаж байгаа нь нэг талаас төсөв хөрөнгө багатайгаас гадна 1-2 жилийн хугацаанд бэлэн болгох боломжтойгоороо давуу талтай юм. Том оврын хиймэл дагуулыг бүтээхэд 5-10 жил шаардагдах, тэр хэрээр хөрөнгө санхүүгийн асуудалтай тулгардаг. Тиймээс сансрын технологийг эзэмшиж, өөрийн орны эрдэмтэн судлаачид гараараа хийж, оюунаа зарцуулах боломжтой ийм хэлбэр хэмжээг сонгосон. Хиймэл дагуулыг Кюүшү технологийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байгаа манай сургуулийн гурван залуу багш Японы эрдэмтэдтэй хамтран бүтээсэн.
-Хөрөнгө, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэв. Сансрын технологи гэхээр багагүй мөнгө шаардлагатай болсон байх?
-Манай сургуулийн багш судлаачид оролцож байгаа болохоор бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн улс орны нэр хүндтэй холбоотой учраас Шадар сайд У.Хүрэлсүх анхаарал тавьж, санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Дээр нь олон нийтийн хандив тусламжаар тодорхой хэсгийг санхүүжүүлсэн. Нийтдээ 300 сая ам.долларын хөрөнгөөр энэ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
-Хиймэл дагуулаа бэлэн болгоод “гарааны зурхайд сойчихсон” гэсэн байх аа?
-Энэ оны хоёрдугаар сард бэлэн болгож, Японы “JASCA” сансрын агентлагт хүлээлгэн өгч тестлүүлээд шаардлага хангасан гэж үзсэн. Манайд сансрын технологид нийцэх лаборатори байхгүй болохоор тэндээ туршилтыг явуулж баталгаажуулсан. Улмаар АНУ-ын сансрын NASA төвд манай хиймэл дагуулыг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс задгай сансраас дамжуулах мэдээллийг хүлээж авах газрын станц шаардлагатай болсон. Үүнийг МУИС-д ажиллаж буй багш, судлаачдынхаа хүчээр угсарч дуусаад сансрын уудамд байгаа Японы хиймэл дагуулаас мэдээлэл авах туршилтыг хийж байна.
-Монголын хиймэл дагуул хэдийд сансарт гарч, мэдээллээ илгээж эхлэх вэ?
-Бидэнд өгсөн мэдээллээр ирэх сарын 2-нд АНУ- ын ачаа тээвэрлэгч SРX пуужингаар 05.00 цагийн үед хөөрөх юм. Сансарт ажиллаж буй олон улсын хиймэл дагуулд манай хиймэл дагуулыг хүргэсний дараа хуваарийн дагуу задгай сансарт “шидэх” учиртай. Энэ нь бидний багцаагаар ирэх сарын 22-нд байх болов уу. Задгай сансарт гарсны дараа бид газрын станцаас хиймэл дагуултайгаа холбогдож мэдээлэл авч эхлэх юм.
-Хиймэл дагуулаа яаж ашиглах юм бэ?
-Манай хиймэл дагуул хэрэглээний хоёр, шинжлэх ухааны туршилтын дөрвөн даалгавар биелүүлэхээр төлөвлөсөн. Үүнд Монгол орны газрын зургийг 100 метрийн нарийвчлалтай авч дамжуулах, энэ хөтөлбөрт багтсан бусад зургаан улсын хиймэл дагуултай сүлжээ үүсгэж холбогдсоноор тэдний мэдээллийг бид бас авах юм. Хиймэл дагуул маань газрын гадаргаас 400 км алсад хөөрөх учраас тэнд агаарын эсэргүүцэл ямар байх, сансрын туяа бүтэх процесс зэрэг судалгааны ажлыг ч хийнэ.
-Энэ ажлын хамгийн гол зорилго нь юу юм бэ. Бас ач холбогдлыг хэрхэн урьдчилан харж байгаа бол?
-Эхний зорилго нь монголчууд сансрын технологийг эзэмшиж, өөрсдөө хиймэл дагуул хийх хэмжээнд хүрснийг батлах явдал юм. Хоёрдугаарт, дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ илүү олон төрлийн хэрэглээг хамруулах суурь хөрсөө бэлтгэхэд анхаарлаа хандуулах болно.
-Хэрэглээний чиглэлээр 100 метрийн нарийвчлалтай зураг авснаа боловсруулаад газрын доорх ашигт малтмалын нөөц, байршлын зураглал гаргах боломжтой юу?
-МУИС дээр Зайнаас тандан судлах лаборатори бий. Бид хиймэл дагуулаас авсан зургийг боловсруулж, цөлжилт ч юмуу ойжилт хаана илүү явагдаж байгааг тодорхойлдог. Иймэрхүү судалгаанд ашиглаж болох юм. Түүнээс биш яг ашигт малтмалын орд, нөөцийг тогтоох нь бидний эн тэргүүний зорилго биш.
-Дээрх хиймэл дагуулыг ямар хугацаанд ашиглах боломжтой вэ?
-Бага оврын хиймэл дагуулын “амьдрах нас” нь 6-12 сар байдаг. Энэ хугацаа болмогц өөрөө унтраад ажиллагаагүй болно. Тэр хооронд 25-30 минутын давтамжтайгаар хиймэл дагуул маань Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч, дэлхийг тойрч байх юм. Тухай бүрт нь бид газрын станцаараа мэдээллийг цуглуулж авах болно. Мөн энэ төсөлд хамтарч байгаа бусад улсын хиймэл дагуулаас ирүүлж буй мэдээллийг ч авах боломжтой, бид нэг л сүлжээнд байгаа учраас.
-Монгол Улс өөрийн гэх хиймэл дагуултай болсноор сансар огторгуй, агаар мандлын орон зайг ашиглан үйлчилгээ үзүүлдэг оператор компаниудын үнэ хөлс буурах боломжтой гэж зарим хүн үздэг. Тийм нөхцөл бүрдэх үү?
-Том хэмжээний хиймэл дагуултай болчихвол тийм боломж бүрдэнэ. Манай энэ удаагийн хиймэл дагуул маш бага оврын, хүчин чадал сайнгүй учраас одоохондоо тийм хэрэглээг хангаж чадахгүй. Ер нь сансрын технологид суралцаж эзэмшсэн эрдэмтэн судлаач амьдралынхаа туршид том хэмжээний хоёр хиймэл дагуул бүтээхэд л оролцох магадлалтай гэж үздэг юм билээ. Манайх шиг хиймэл дагуулыг 2-5 жилд нэгийг хийж бүтээх боломжтой. Бид анхан шатандаа л явж байна шүү дээ.
-Бага, жижиг оврын л гэж яриад байх юм. Нууц биш бол яг ямар хэмжээтэй хиймэл дагуул байна вэ?
-Хааш хаашаа 10 см хэмжээтэй куб хэлбэртэй дагуул байгаа. Үүрэг зорилгоосоо хамаараад өөр байдаг. АНУ-д гэхэд хөл бөмбөгийн талбайтай дүйцэхүйц том хиймэл дагуул ч ашиглаж байна. Маш их хөрөнгө шаардлагатай л даа.
-Сансрын уудмыг эзэмшсэн улс орнууд задгай сансарт хог хаягдал үлдээж байна гэхчлэн хэл аманд их өртдөг. Манай улс үүнд хамрагдчих юм биш үү?
-Бидний хиймэл дагуул хугацаа нь дуусаад унтарсны дараа өөрөө унана. Унах явцдаа шатаад л дуусна. Тиймээс задгай сансрын хог хаягдалд “нэмэр” болохгүй.
-Анхны хиймэл дагуулаа 300 сая төгрөгөөр босгосон гэж хэллээ. Түүнээс гадна АНУ-ын ачаа тээвэрлэгч пуужингаар “зорчсон”-ы төлбөр байх уу?
-Үгүй. Дээр хэлсэн төсөвт бүгд багтаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (0)