П.Сэргэлэн: Гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

 

        Улсын ургацын комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд П.СЭРГЭЛЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Энэ жил дийлэнх буюу газар тариалангийн бүс нутаг гантай байсан учраас багагүй хэмжээний ургац алдахад хүрлээ. Манай улс урьдчилсан тооцооллоор энэ жил хэчнээн тонн ургац хураан авах боломжтой байна вэ?

 

-Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гарсан.

 

-Төлөвлөсөн тооцооноос бага ургац хураан авахаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрч байна уу?

 

-Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га-д ургац алдах урьдчилсан төлөв гарсан. Үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбайн ургац алдаж, 15.2 мянган га-г тэжээлд шилжүүлнэ. Ингэхээр улаанбуудай тариалсан талбайн 70 гаруй хувийг хураана гэсэн үг. Төлөвлөсөн буудайн 54.3, хэрэгцээт гурилынхаа 52.5, төмсний 74.5, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах урьдчилсан төлөв гарсан.

 

-Ургац алдах сургаар гурилын үнэ “тэнгэрт хадахвий” гэсэн болгоомжлол байна. Энэ эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

 

-Энэ жил байгалийн хүчин нөлөөнөөс болж ургац алдсан ч Монгол Улсын дотоодын хэрэглээний гурилын үнийг нэмэхгүй байх бүрэн боломжтой. Гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг ургацын комиссын даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.

 

-Дотоодын хэрэгцээг хангахад шаардлагатай, дутсан улаанбуудайг худалдан авах саналыг ОХУ-д тавьсан гэсэн. Энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Дутах үр тариа, улаанбуудай, хадлангийн талаар бид ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамныхантай санал солилцсон. Саяхан би ОХУ- ын Хөдөө аж ахуйн дэд сайд болон Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын даргатай уулзаж, 170-200 мянган тонн улаанбуудай, 400 мянга орчим тонн өвс худалдан авах хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийг ОХУ-ын тал нааштай хүлээн авч байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тоот бичгийг ОХУ-ын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ нь хоёр улсын хоорондын худалдан авах үйл ажиллагаа, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно.

 

-Ургац алдахгүй байх чиглэлд салбар яамны зүгээс хэрхэн анхаарч, ямар бодлого баримталж ажиллав?

 

-Энэ оны зургаадугаар сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Улмаар долоодугаар сарын 28-нд аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим хурал хийж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Мөн ургац болон бэлчээрийн төлөв байдлыг тогтоох ажлын хэд хэдэн хэсгийг яам дээр байгуулж, энэ чиглэлд бид ажиллаж эхэлсэн. Ургацаа амжилтай хурааж авах, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чиглэлд яам өнгөрсөн хавраас эхлэн бодлогын арга хэмжээг авсан. Гэсэн ч сүүлийн 60 жилд болоогүй их халалт, гангын улмаас бид үндсэндээ 40 орчим хувийн ургац алдах нөхцөл үүсээд байна. Энэ жилийн таримлын болц урьд жилийнхтэй харьцуулахад эрт байгаа ч сүүлийн өдрүүдэд орж байгаа борооны улмаас ургац хураалтын ажил хүндэрч болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор яаманд ургац хураалтын штаб байгуулж ажиллана. Зайлшгүй тохиолдолд Улсын комиссыг хуралдуулах болно. Бид бэлтгэл хангах, цаашид гарах хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд тодорхой ажлыг зохион байгуулсан. Харин одоо цаг алдалгүйгээр хугацаанд нь үлдсэн ургацаа хураах шаардлагатай. Тиймээс энэ хүрээнд Улсын ургацын комиссын хуралдааныг зохион байгуулж, холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид үүрэг, даалгавар өглөө.

 

-Ургац алдсан тариаланчдын хувьд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал бол зээл, мөн үлдсэн ургацаа хураахад шаардлагатай шатахуун. Тэд зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах санал хэлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо бий юү?

 

-Бид Тариаланчдын холбоо болон тариаланчидтай байнга холбоотой, хамтарч ажилладаг. Ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан тариаланчдын зүгээс төр засагт хандаж хүсэлт тавьсан. Бид санал хүсэлтийг нь судалж, хэлэлцэн шийдвэрлэсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагыг тооцож авахдаа хүнсний буудайн үнийг өнгөрсөн жилийнхээс бууруулахгүй. Энэ жил нэг тонныг 600 мянган төгрөгөөр худалдаж авна. Өнгөрсөн жил нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Тариалан эрхлэгчдийнхээ хөдөлмөрийг үнэлж ийм үнэ тогтоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний буудайнд олгох мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн оныхтой ижил төвшинд байлгахаар болсон. Үнэхээр ургацаа алдчихсан тариаланчдын зээлийн асуудлыг бид Тариалан эрхлэлтийг дэмжих сантай ярилцаад нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэж байгаа. Харин арилжааны банкуудад өр зээлтэй байгаа асуудлыг бид зохих шугамынх нь дагуу тавьж, энэ чиглэлд анхаарч ажиллана. Ургац хураахад шаардлагатай 5.4 мянган тонн шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр, зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.

 

-Ургац хураахад гэрээгээр ажиллах оюутан, цэргийн нэг өдрийн хөлсийг хэдээр тогтоож байгаа вэ?

 

-Ургац хураалтад гэрээгээр ажилладаг оюутан, цэргийн нэг өдрийн хөлсийг 20 мянган төгрөг байхаар тооцсон.

 

-Энэ жил зуншлага тааруу байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Эрсдэлийн үнэлгээг салбарын яамнаас хийсэн үү?

 

-Ажлын олон хэсэг гаргасан. Бид бэлтгэл ажлаа сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ эрт муу амлаад яах вэ. Наадмаас хойш бороо хур орж, өвс ургаж зуншлага сайжирсан. Хадлан бэлтгэх асуудал бий. Үүнийг бид зүүн бүсийн аймгууд болон ОХУ- аас шийдвэрлэнэ.

 

-Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд аль аль талдаа өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газраас хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх талаар ярьж байна. Энэ ажил албажсан уу?

 

-Хүндэрч болзошгүй ийм үед бид тусгай хамгаалалттай болон дархан цаазат газруудынхаа нөөцийг ашиглах ёстой. Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг, даалгавар өгчихсөн. Тиймээс бид тусгай хамгаалалттай болон дархан цаазат газраас хадлан хадна. Мөн тэнд мал өвөлжүүлнэ. Энэ талаар орон нутгийн улирдлага, холбогдох байгууллагын хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд орон нутгийн удирдлага, салбар яамдын сайд нартай уулзаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, албан даалгавар өгсөн. Тухайн үед бид нэлээд дэлгэрэнгүй, тодорхой ярилцсан. Тэндээс гаргасан саналыг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажил амжилттай явж байгаа. Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулж, аймгуудад эхний удаад 700 сая төгрөг шийдэж өгсөн. Мөн хадлан, тэжээл бэлтгэхэд зарцуулах 4.5 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Ингэснээр бүх аймаг аюулгүйн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой болсон.

 

-Хадлан, тэжээл бэлтгэхэд зарцуулах 4.5 тэрбум төгрөгийг 21 аймагт хэрхэн хуваарилах вэ?

 

-Аль аймаг хэр хэмжээний аюулгүйн нөөц бүрдүүлэх шаардлагатай гэдгийг яамнаас судалж үзээд 4.5 тэрбум төгрөгийг харилцан адилгүй олгоно.

 

-Малын гоц халдварт өвчин сүүлийн үед хэд хэдэн аймагт гарлаа. Үүнд салбарын яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Малын гоц халдварт өвчний асуудлаар Мал эмнэлгийн үржлийн газар ажиллаж байна. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлтэй холбоотойгоор гоц халдварт өвчин тархах байдалтай байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд отор нүүдэл, өвөлжилт, хаваржилтын ажлыг зохион байгуулах албан даалгавар өгсөн. Үүнд байгууллага, иргэд, малчдын үүрэг хариуцлагыг тодорхой заасан. Тухайлбал, отор нүүдэл хийхээсээ өмнө орон нутгийнхаа Мал эмнэлгийн үржлийн газарт малаа оношлуулах шаардлагатай. Ингэснээр очих тухайн орон нутгийнхаа удирдлагуудтай холбоо тогтоох зэргээр хоорондоо мэдээллээ солилцож байж отор нүүдэл хийнэ. Харин халдвартай малыг тодорхой хугацаанд тусгаарлаж, вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

 

-Өвөлжилт хүндэрч болзошгүй гэдэг үүднээс малчдын хувьд мах бэлтгэх, малаа борлуулах хүсэл давамгайлж байна. Төлөвлөсөн хэмжээнээс илүү мах бэлтгэх боломж бий юү?

 

-Мал, мах худалдан авах чиглэлээр нэлээд ажлыг зохион байгуулж байна. Монгол Улс жилд дунджаар 150 мянга гаруй тонн мах экспортлох боломжтой. Өөрөөр хэлбэл, хонин толгойд шилжүүлснээр арван сая орчим толгой малын махыг экспортлох буюу дотоодынхоо хэрэгцээнд бэлтгэх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ жил бид 2-3 сая хонь экспортлохоор төлөвлөсөн. Мөн Саудын Арабын Хунтайж манай улсад айлчилж, тэд 3-4 сая толгой хонь худалдан авах санал тавьсан. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, өвөлжилт хүндэрч болзошгүй орон нутгийн малчдаас мах худалдан авахаар шийдвэрлэсэн.

 

-Малчдад хүлээлт үүсгэсэн нэг асуудал бол улсын Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах явдал. Энэ ажил юу болсон бэ?

 

-УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар холбогдох хуулийг нь хэлэлцэж, соёрхон батална. Үүний дараа 2018 оноос улсын Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, малын гоц халдварт өвчний эсрэг менежментийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллана.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (139.5.217.69)

    2017-08-28

    Өнөөдөр Бөмбөгөр худалдааны төвөөс Алтан тариан дээд гурил 1300 төгрөгөөр авлаа. Өмнө нь 1100 төгрөг л байсан. Нэмэгдсэн л байна даа

  • иргэн (202.72.245.122)

    2017-08-28

    Энэ сайд чинь мэдээлэлгүй хүн үү эсвэл ард биднийгээ доромжлоод байна уу? Гурилын үнэ нэмэгдэхгүй гэж юугаа дахин дахин яриад байгаа юм бэ? Гурилын үнэ аль 7 сард нэмэгдсэн, сайд та эх орныхоо үйлдвэрийн гурил хэрэглэдэггүй байж болно, харин үнэ мэдэж байх үүрэгтэй баймаар санагдах юм.