Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийн сэргэлт тэр даруйдаа нийтэд мэдрэгдэх нөлөөлөл нь бага байдаг

 

        Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАНТАЙ ярилцлаа.

 

-Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний долоон сарын байдлаар ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар өссөн байна. Дефольт зарлахдаа тулж байсныг бодвол харьцангуй сайн өсөлт байх. Энэ нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа бол?

 

-Эдийн засгийн 2013 оны уналтын байдалтай харьцуулахад дээрх өсөлт нь мэдээж өндөр тоо. Өмнөх онд 1.4 хувийн өсөлттэй гарч байлаа. Үүнтэй харьцуулбал сайн үзүүлэлт боловч Монгол Улсын эдийн засаг өсөлттэй явж байна, сайхан болчихлоо гэсэн үг биш. Харин эдийн засаг ямартай ч сэргэж байна, гэхдээ хаанаа гэдгийг сайтар тунгааж, юунаас болсныг бодож цэгнэх учиртай юм. Миний хувьд энэ өсөлтөд гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж ойлгож байгаа. Юуны өмнө дэлхийн зах зээл дээрх эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханш сайжирч, зэсийнх гэхэд сүүлийн хоёр гурван жилд байгаагүй өндөр төвшинд хүрлээ. Одоо ч тийм байна. Манай экспортын гол түүхий эдийн нэг нүүрсний үнэ ханш ч дээшилж, тогтвортой болсон. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдсанаар олон улсын зах зээл дээрх нэр хүндээ сэргээлээ. Гаднаас авах санхүүжилтийн боломжоо нээс­нээр урт хугацаа, бага зардалтай тусламж, хөтөлбөрүүд орж ирж байна. Гуравдугаарт, энэ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогыг дурдах ёстой. Хамгийн гол нь шат дараалсан олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээний үр дүнд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үүд хаалгыг нээж, Монгол Улсыг санхүүгийн хүндрэлээс гаргаж чадлаа. Уул уурхайн салбарт маш хямдаар борлуулж байсан түүхий эдийн нөөцөө үнэд хүргэхэд тодорхой хэмжээний ахиц гаргасан.

 

-Засгийн газраас хүчин чармайлт гаргаж, иймэрхүү ахиц өөрчлөлт байгаа ч тэднийг огцруулах гэж эрх баригч намын гишүүд улайрч эхэллээ. Үүнийг эдийн засаг талаас нь та хэрхэн харж байна вэ?

 

-Аль ч Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийт, сөрөг хүчин шүүмжлэлтэй ханддаг. Харамсалтай нь, өнөөгийн УИХ дахь МАН-ын зарим гишүүн Засгийн газраа огцруулахаар өргөх бичиг бариад явж байгааг ойлгохгүй байна. ОУВС- гаас санхүүжилт авахдаа ярилцаж тохирсон зарим татварын өөрчлөлт гээд амлалтаасаа ухарсан цөөн зүйл бий. Гэхдээ л манай улсын эдийн засаг 2015-2016 онтой харьцуулахад сэргэх хандлага байна. Үүнийгээ зөв дүгнэж, цаашдаа өсөлтөө хадгалах, сайжруулахын төлөө ажиллах нь чухал.

 

-ОУВС-гаас олгож эхэлсэн санхүүжилтийг боломжийн төвшинд зөв зарцуулж байна гэж тус сангийн мэргэжилтэн, шинжээчид үнэлсэн. Гэхдээ эдийн засаг иймэрхүү өсөлттэй байхад микро төвшиндөө айл өрхийн амьжиргаанд яаж нөлөөлж байгаа юм бол. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр айл өрхийн орлого 56 мянган төгрөгөөр нэмэгдсэн (өнгөрсөн оны долоон сартай харьцуулахад) гэх боловч амьжиргаа улам л доошлоод байгаа юм биш үү?

 

-Өрхийн орлого сүүлийн хоёр жилд байнга буурч, 2016 оны III улиралд хамгийн доод төвшинд хүрсэн байдаг. Одоогоор өсөлттэй гарч эхэлсэн өрхийн орлого болон ДНБ-ий өсөлт нийт масст мэдэгдэж мэдрэгдэх хугацаа хараахан болоогүй байна. Магадгүй, та бидний ажиллаж байгаа сэтгүүл зүй, боловсролын салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас мэдрэгдэхгүй байгаа байх. Тиймээс “Өрхийн орлого өсөөгүй. Бидний хувьд амьдрал сайжирсан юм алга” гэх гомдол санал байгааг үгүйсгэхгүй. Ер нь эдийн засгийн өсөлт гэх богино хугацааны сэргэлт тэр даруйдаа иргэдэд мэдрэгдэж, нөлөөлөл нь очих магадлал бага байдаг. Хэрэв энэ өсөлтийг ядаж энэ төвшинд барих, ирэх онуудад бага боловч ахиулж чадвал нөлөөлөл нь нийт иргэдэд очих боломж бүрдэнэ. Гэхдээ дээрх үзүүлэлт нь олон газар, Монголын өнцөг булан бүрийн ард иргэдийн амьжиргааны өссөн, буурсан, тогтвортой байгаа үзүүлэлтийн дундаж гэдгийг бас бодолцох л хэрэгтэй.

 

-Манай улсын эдийн засгийн голлох салбар нь уул уурхай боловч тулгуур баганын нэг уламжлалт мал аж ахуй, газар тариаланг орхиж болохгүй байх. Эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан ч хөдөө аж ахуйгаа үр тариа, улаанбуудай гэж л хараад байна уу гэж бодогддог. Энэ талаар та ямар санал бодолтой байдаг вэ?

 

-Эдийн засгийн голлох салбар болж, экспортын 80-90 хувийг уул уурхай бүрдүүлж байна. Ойрын хэдэн жилдээ энэ салбар түүчээ болох нь тодорхой. Гэхдээ гадаад зах зээлийн үнэ ханшаас шууд хамааралтай тухайн салбарын уналтыг саармагжуулахын тулд уул уурхайн менежмент, дэд бүтэц, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудаа зөв шийдэж явуулах ёстой. Үүний үр дүнд уул уурхайн салбар Монголын эдийн засагт үр өгөөжөө илүү их өгч, нөлөөгөө үзүүлнэ гэж боддог. Хоёрдугаарт, зөвхөн уул уурхайд түшиглэж эдийн засгаа ганцхан тулгууртай болгочихсон, нийгмийн халамж, тогтолцооны бодлогоо алдагдуулчихсан, улс төрийн амлалтад суурилсан эдийн засаг, нийгмийн давхаргатай болчихсоноо эргэж хармаар байгаа юм. Үүнээс гарах арга зам нь уул уурхайн бодлогоо зөв менежментээр цогцоор нь удирдах, эдийн засгийн бусад салбараа жигд хөгжүүлэх явдал гэж боддог. Ингэхгүй бол гадаад зах зээлээс хамааралтай эмзэг эдийн засагтай байсаар байх нь гэсэн хувийн бодол байдаг юм.

 

-Эдийн засгийг тэтгэх гол салбар уул уурхайн эрдсийн үр өгөөжийг дээшлүүлэх гол арга зам нь дэд бүтэц, төмөр зам гэж бас л олон жил ярилаа. Дээс томж найзыгаа уснаас татаж гаргадаг үлгэр шиг. Одоо хамгийн ойрын боломж юу байж болох вэ?

 

-Төмөр замын асуудлыг босоо, хөндлөн чиглэл, нарийн өргөн цариг гэж үнэхээр олон жил ярьсан. Миний бодож байгаагаар босоо чиглэлд илүү анхаарч, Тавантолгойгоос гараагаа эхлэх 246 км төмөр замыг яаралтай баримаар байгаа юм. Энэ нь босоо чиглэлийн замтайгаа холбогдсоноор олон улсын геополитикийн хувьд ч ач холбогдолтой. Биднийг тойрсон төмөр замын сүлжээг хоёр хөрш маань бүтээн байгуулсаар л байна. Үүнээс хоцрох ёсгүй юм. Ингэснээр олон улсын геополитикийн интеграцид бид нэгдэж чадна. Тиймээс Монгол орны төв болон баруун хэсгийг холбосон төмөр зам бидэнд чухал шиг санагддаг. Үүнээс гадна дотооддоо нүүрсний гол орд газрууд, аж үйлдвэрийн төвийг холбосон төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд төмөр замаар дамжуулан үндэсний аюулгүй байдал алдагдах байдал үүсэхгүй гэж боддог.

 

-Саяхан Засгийн газраас нүүрсний тээвэрлэлттэй холбоотойгоор Цагаанхадны гаалийн хяналт шалгалтыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Энэ нь Өмнөговь аймгийн удирдлага болон тэнд үйл ажил эрхэлж байсан компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Үүнийг та эдийн засаг талаас нь хэрхэн харж байна вэ?

 

-Зөвхөн энэ биш, аливаа шийдвэрийг гаргахдаа эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаас нь цогцоор харж байх нь чухал санагддаг юм. Ингэж чадаагүйгээс уул уурхай, байгаль орчны бодлого алдагддаг ч юмуу зөрчилддөг, уялдаа холбоогүй болдог тал байна. Цагаанхадны тухайд түүгээр дайрч өнгөрдөг нүүрсний тээвэрлэлтийг Хятадын талтай тохиролцоод нарийн царигтай төмөр замаар тээвэрлэж болдоггүй юм болов уу гэж боддог. Тэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хэдэн хүн ажиллаж, амьдралаа залгуулж байгаа нь үнэн боловч Тавантолгойн нүүрсийг Цагаанхаданд буулгаж, дахин ачиж автомашинаар зөөвөрлөх нь экологи, эдийн засгийн талаасаа хохиролтой. Тэр орчмын газар нутаг талхлагдах, нүүрсний тоосонцорт булагдах, хорогдол гарах, чанар нь муудах гээд олон асуудал байдаг юм билээ. М.Энхсайхан сайдын үед ийм тээвэрлэлтэд гурван ам.долларын илүү зардал гардаг гэсэн тооцоо хийсэн байсан. Ер нь нэг улсын нутаг дэвсгэрт уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээ буулгаж, дахин ачдаг ийм тээвэрлэлт одоо хоцрогдсон. Үүнийг Тавантолгойгоос Хятадын хилийн наад захад хүрсэн нарийн царигийн төмөр замаар л шийдчихмээр байгаа юм. Харамсалтай нь, мэргэжлийн яамныхны хэлж байгаагаар нарийн царигийн төмөр зам барих эсэх нь тодорхойгүй, барьсан ч урд очоод нийлэх үгүй нь мэдэгдэхгүй л байгаа бололтой. Үүнийг ярьснаараа аль эрт шийдчихсэн бол Монголын нүүрс хамаагүй хямд зардлаар экспортод гарч, багагүй хэмжээний орлого олох боломж байсан.

 

-Хөдөө аж ахуй, түүний дотор малын гаралтай түүхий эдийн тухайд ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ. Түрүүний асуултад та тодорхой хариулт өгсөнгүй?

 

-Монголчуудын аж амьдрал, улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг, оруулсаар ч байгаа салбар нь хөдөө аж ахуй мөн. Түүний дотор мал аж ахуй, түүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийг улам хөгжүүлэх шаардлагатай. Гэвч бодлогын алдаанаас шалтгаалан түүхий эдийн үнэ ханшийг бид өөрсдөө удирдах боломжгүй, үүнээс улбаалан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжаа алдсан. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс ширэнд гаалийн өндөр татвар ногдуулах боломжгүй. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн техник технологийг ашиглах замаар түүхий эдийн боловсруулалтыг сайжруулах нь эхний алхам болно. Дараа нь төр, засгаас дотоодод нэмүү өртөг шингээсэн, чанартай бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэлийг шаргуу, бодитоор дэмжих нь чухал болж байна. Дэлхийтэй харилцах цонх нээлттэй өнөө үед байтугай социализмын хаалттай нийгэмд монголчууд дотооддоо түүхий эдээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг байлаа. Энэ байр сууриа л эргүүлж олж авах хэрэгтэй байна. Үүнд, төр, засгийн бодлого л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)