Б.Мягмар: Боломжгүй гэсэн хариу хүлээж авахгүй. Тууштай тэмцэх болно
- 2017-09-19
- Үнэн
- 17
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эмч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ. Хэчнээн төгрөгөөр нэмэх шаардлага тавьсан бэ?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн 3.2 дахь заалт гэж бий. Энэ нь ирэх онд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид гурван талт нэмэлт хэлэлцээр байгуулах талаар юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны улсын төсвийг батлахаас өмнө цалин, хөлсийг нэмэх тухай талууд хэлэлцэх ёстой. Гэвч тэрхүү хэлэлцээрийг өнөөг хүртэл хийгээгүй байна. Яамдын төсвийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар батлах хугацаа ойртлоо. 2014 оноос өнөөг хүртэл эмнэлгийн ажилтны цалинг огт нэмээгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнийг бүгд мэднэ. Цахилгаан дулаан, талх, нийтийн тээвэр гээд л зайлшгүй шаардлагатай хэрэглээний үнийн өсөлтөөс үүдэн эмч, эмнэлгийн ажилтны авч буй цалин 50 орчим хувиар буурснаас ялгаагүй болсон гэж үзэж байна. Тиймээс ирэх онд эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50- иас доошгүй хувиар нэмэгдүүлэх тухай шаардлагыг хүргүүллээ. Энэ нь үндсэндээ цалингийн нэмэгдэл бус төгрөгийн худалдан авах чадварыг нөхөж буй хэлбэр юм. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хүрэлцэхүйц төвшинд хүргэе гэвэл гурван сая төгрөгийн цалин олгох хэрэгтэй. Гэхдээ манай салбарынхан улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд тодорхой тооцоо судалгаанд үндэслэсэн шаардлагаа тавьж байна.
-Хүний нөөцийн хүртээмж, орон тоотой холбоотойгоор эмч нарын ажлын ачаалал өндөр байдаг гэсэн. Хүрэлцээний хувьд ямар байдаг вэ?
-Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн 51 байгууллагад хүний нөөцийн хүрэлцээ хангамжийн талаар судалгаа явуулсан. Уг судалгаагаар эмч нарын хувьд бүх шатны эмнэлэгт 10-55 хүртэлх хувийн орон тооны дутагдалтай гэсэн дүн гарсан. Тэгэхээр бүтэц үйл ажиллагааны стандартад хүрэхгүй төвшинд ажиллаж нэг эмч, сувилагч хоёроос гурван хүний ажлыг хавсарч хийж байна гэсэн үг. Мөн уг судалгааны явцад төрөлжсөн нарийн мэргэжил, клиникийн том эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд удирдах албан тушаалтан буюу дарга нар хэт олон байгааг ажигласан. Дарга нар баталсан орон тооноос олон боловч хүнд үйлчлэх ёстой албан тушаал нь хүрэлцээгүй, дутагдалтай байна. Үндсэндээ толгой нь данхайж хүнд хүрдэг үйлчилгээ нь шувтарчихсан гэсэн үг. Эмч нар ажлын байрны стресс, сэтгэл санааны дарамттай нөхцөлд ажилладаг. Тэднийг шалгадаг байгууллага, дарамталдаг дарга дэндүү олон. Таатай нөхцөлөөр нь хангах үүрэгтэй албан тушаалтан нь ажил үүргээ зүй ёсных нь дагуу хийхгүй байгаа учраас эмч нар шаардлага тавьж ирэх онд цалин нэмэх асуудлыг гурван талт хэлэлцээрийн хүрээнд яаралтай шийдвэрлэхийг хүсч байна.
-Хүргүүлсэн шаардлагын хариуг хэзээ авах вэ. Хэрвээ шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах бол?
-Шаардлагын хариуг ажлын тав хоногт багтааж авах ёстой. Хэрвээ хүргүүлсэн шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна. Гэхдээ бид юун түрүүнд ажил хаялт зарлахыг эрмэлзээгүй. Суулт хийж, эцсийн арга нь сануулах ажил хаялт хийх төлөвлөгөөтэй байна.
-Уг шаардлагад нийт хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан нэгдсэн бэ?
-Улс орон даяар 20 мянган эмч, эмнэлгийн ажилтан тэмцэлд нэгдэж, гарын үсгээ зурсан. Мөн алслагдсан сумдаас дэмжиж буйгаа илэрхийлсэн 2000 гаруй хүн гарын үсгээ ирүүлж байна. 10 мянга гаруй хүний гарын үсэг нэмж ирэх төлөвтэй байгаа юм. Цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай саналыг эмч нар гаргаж, манай ҮЭ- ээс зохион байгуулалтад оруулахад тав хоногийн дотор 20 мянган хүний гарын цугларсан.
-Эмч, эмнэлгийн ажилтан хэчнээн төгрөгийн цалин авдаг вэ?
-Эрүүл мэндийн салбарын ажилтны дундаж цалин 520-620 мянган төгрөгийн хооронд байдаг. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал, зээлээ төлөхөөр халаасанд нь юу ч үлдэхгүй байна. Талх, мах гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцад идэгдээд ирэхээр цалин хөлс амьжиргаа залгах хэмжээнд хүрэхгүй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохистой хөдөлмөр эрхлэлтийн төвшинг амьдралынх нь хамгийн наад захын хэрэгцээг хангах хэмжээний цалин авах гэж үздэг. Гэтэл манай улсад бодит байдалд наад захын хэрэгцээгээ хангаж ч чаддаггүй.
-Эмнэлгийн байгууллагын хүний нөөц бүтэц үйл ажиллагааны төвшиндөө хүрэхгүй байна гэлээ. Нэг эмчид ойролцоогоор хэчнээн өвчтөн ноогдож байна вэ?
-1986 онд эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн норм, норматив гэж гарч байсан. Тэр үеэс хойш энэ тоог дахин шинэчлээгүй. Тухайн үеийн 500 мянган хүнд үйлчилж байсан стандартаараа өнөөг хүртэл ажиллаж байна. Шинэ эмнэлэг барихад орон тоог нэмэхээс хүн амын өсөлтөөс үүдэн нэмдэггүй. Төрийн албан хаагчийн данхар бүтэцтэй байна гэж “царцаасаар” өнөөг хүрлээ. Тогтвортойгоор нэмж байсан бол эмч ийм их ачааллыг үүрэхгүй байсан байх. Нэг эмчид ноогдох өвчтний тоо ажиллаж буй бүлэг, салбараасаа хамаарч ялгаатай байдаг. Тухайлбал, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч өдөрт дээд тал нь зургаан хагалгаанд ордог. Нөхцөл байдлын хувьд чийгтэй орчинд, хүйтэн пильтан дээр зогсоогоороо ажилладаг. Дотрын эмч өдөрт 20- 25 хүнд үйлчлэх ёстой ч 60-70 өвчтөнг үзэж байна. Өдөр тарианд 3-4 сувилагч гардаг ч, шөнөд 100 хүнд ганцаараа үйлчилж хонодог. Өвчтөнөөс, өвчтөний хооронд гүйсээр өглөө тамирдсан хүн шөнийн ажлын тайлангаа бичээд цагтаа ч буудаггүй.
-Эмч нарыг дундаж давхаргыг бүрдүүлэгчдийн нэг хэмээн ярих нь бий. Гэвч нийгмийн баталгааны хувьд энэ ангилалд багтах уу гэвэл эргэлзээтэй юм байна?
-Эмч, эмнэлгийн ажилчид ядуусын эгнээнд багтаж байна. 48 мянган эмнэлгийн ажилтан 600 орчим мянган төгрөгийн цалинтай гэж бодвол тэдний ард байгаа 200 орчим мянган хүн ядуу, зүдүү амьдарч байна гэсэн үг. Гаднын улс оронд эмч, сувилагч хамгийн өндөр цалинтай байдаг. Монголд энэ нь эсрэгээрээ хамгийн бага цалинтай нь байна. Ямартай л эмч нар маань шөнөжин эхнэрээ тэвэрч хоносон “Шүүгч дөрвөн сая төгрөгийн цалин авч байхад шөнөжин нойргүй хоносон эмч 400 мянган төгрөгийн цалинтай” хэмээн ярьж байх вэ дээ. Гэхдээ энэ бол бодит үнэн. Эрдэнэт хүний амь насны төлөө нойр хоолгүй зүтгэдэг эмч, сувилагчдыг үнэлэх үнэлэмж дэндүү бага байна. 30 жил ажилласан эмч амьдралынхаа 7-8 жилийг эмнэлэгт өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Үүнтэй адил эмч нар маань амьдралынхаа ихэнх хугацааг ажиллаж өнгөрүүлдэг мөртлөө дунджаас доогуур орлоготой иргэдийн тоонд багтаж байна. Цалин нь хоол хүнс гээд өргөн хэрэглээний шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авахад хүрэхтэй, үгүйтэй байгаа болохоор хуримтлал үүсгэнэ гэх ойлголтгүй болсон. Үүнээс үүдэн байрны урьдчилгаа төлж, зээлд хамрагдахад ч хүндрэлтэй байна.
-Хамгийн сүүлд энэ шаардлагыг өгөхөд ямар хариу хэлж байв?
-Цалин нэмүүлэх шаардлагыг сүүлчийн гурван жил дараалан өгсөн. Боломжгүй гэдэг хариу л өгдөг. Гэхдээ бид энэ удаад боломжгүй гэсэн хариу хүлээж авахгүй. Тууштай тэмцэх болно.
-Олон улсын эмч, эмнэлгийн ажилтнууд ямар хэмжээний цалин авдаг бол. Та судалж үзсэн үү?
-Бидний авч буй цалин тэдний бараг нэг хувьд ч хүрдэггүй. Сард хамгийн багадаа 10 орчим мянган доллараас эхлээд 200 мянган ам.долларын цалинтай ч байна. Манай эмч нар элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал, дурангийн хагалгаа, алсын зайн мэс заслын тусламж үйлчилгээг хийж байна. Шинэ эмчилгээ, оношилгооны аргыг нэвтрүүлж чадвар нь олон улсын төвшинд хүрчихлээ. Гэтэл гаднын улс оронд 250 мянган ам.доллараар хийдэг мэс заслыг энд 620 мянган төгрөгийн цалингаар үнэлсэн хэвээр байна. Мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, бусдаас илүү дэвшил гарсан ч ямар нэмэлт, урамшуулал алга. Энэ салбар чадвартай эмч нараа хувийн эмнэлэгт алдаад дууслаа. Хувийн зардлаар анагаахын сургуульд 10 жил сурч мөн мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд сургалтад тасралтгүй хамрагдаж байна. Эзэмшсэн мэргэжлийнхээ төлөө ингэж хичээж буй хүмүүсийн нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй.
-Багш нар мөн цалин нэмүүлэх шаардлага хүргүүлсэн. Цаг хугацааны хувьд ойрхон таарч байгаа учраас тэдэнтэй барьцлаа гэж хэлж магадгүй юм?
-Эмч нарын цалин орлогоо нэмэгдүүлэх шаардлагыг улстөржүүлж битгий хараасай гэж хүсч байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэндүү бага байна. Энэ үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө ажиллаж, эмч нарын өмнөөс дуугарах байгууллага байхгүй байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө тэмцэж, цалин орлогоо нэмүүлэх шаардлагыг гурван жил дараалан тавилаа. Мөн үүнтэй адил хугацаанд бүсээ чангалав. Тэд цаашдаа тэсэхгүй гэдгээ хэлж, зохион байгуулалтад орсноос биш хэн нэгэнтэй барьцдаг оюуны доройтолтой хүмүүс эмч нар биш юм.
А.Даваа

Сэтгэгдэл (17)
bat (202.170.84.83)
yag zow2
bat (202.170.84.83)
yag zow
зочин (202.179.24.96)
Төрөх гэж буй Эхчүүдээс гар харж удаан тарчилгалгүй Өргөсөн тангарагийнхаа дагуу Эмчилгээ үйлчилгээ явуулах хэрэгтэй баймаар байнаа, Мөн Эмч нарынхаа Хариуцлагыг Ухамсарлуулж ажиллах хэрэгтэй,
zochin (122.201.22.101)
MYGMAR chi arai eereer ajillaachee, tsalin nem l gej, esbel jagsaal stuglaan hkiine geed l ZG g shaardaad baidag. ENE yildberhcnii eblel odoo buur khereggyi bolson , tegeed bas olon khun ajillakhiig yanaa Amgalanbaatar gedeg hkun ajlaa hkii , hkeruul bish ,,,,
zochin (202.9.43.67)
neg l ih ymar ch hariu huleej awhgui etsesee hurtel temtsene gsn ulsuud.
(124.158.77.39)
эмч нар бол бас харьцангуй бүтэн өдрийн турш ажилладаг цалингаа нэмүүлнэ гээд явахад болно оо харин багш нар өдрийн тал 4-5 цаг ажиллаж байж юундаа цалингаа нэмүүлдэг юм зааж буй хичээлээ хагас дутуу мэддэг. Ер монголын багш нар ямархуу боловсролтой ямархуу мэдрэмжэй гэдэг нь харагдаж байна. Унаж байгаа ЗАСГИЙН ГАЗРААС ЦАЛИН НЭМҮҮЛЭХ ГЭЭД АЖИЛ ХАЯНА ГЭЭД БАЙДАГ. ЭНЭ ЗГ ямар ч шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой шүү дээ. Улс орны эдийн засаг хүнд үед юун 1600000 вэ 2018 оны 1 сараас 20% нэмбэл их юм шүү дээ. Гэтэл одоо 21,26-нд цалингүй ажил хаяна гэж байдаг. 2 өдрийн цалингаараа багш нар л хохирно. эргээд ирэх хавар энэ нь амралтын мөнгөнд нөлөөлнө. Тэр түр хорооны дарга нь гэж бага ангийн багш байна лээ дээ чааваас багын багш бага ангийн хүүхэд шиг л сэтгэдэг байхгүй юу даа.
gorid (202.70.46.211)
Tur zasgaas bish turiiin hulgaich naraas munguu nehvel yasan yum
Уучилаарай (182.160.6.100)
Миний бодлоор зах зээлийн шалгарал гэж боддог. Төрийн эмнэлэгүүдэд чадалтай эмч нар ховор. Чадалтайнууд нь хувийн салбарт эрдэм мэдлэг чадвараа зөв үнэлүүлээд боломжийн цалин авч сайн ажиллаж байна.УБ хотын төрийн эмнэлэгийн эмч нарт эмчийн тангарагтаа үнэнч чанар үнэндээ бага шүү дээ. Хөдөөний эмч нарын тухайд бол үнэндээ ачаалалтай ажиллаж байгаа. Тэдний ахуй хангамжийг тусад нь ярих хэрэгтэй.Тэдний далбаан дор байгаа хотын эмч нар болимоор юм. Төрийн эмнэлгийнхэн хүнд сурталаа арилгаж байж цалингаа яривал дээр санагдаж байна. Нийгмийн хөгжлөөсөө дэндүү хоцрогдсон сэтгэхүйтэй зүгээр л авилгачид болчихсон.Салбарын доторхи ажлаа сайжруулаад дараа нь асуудлаа тавих хэрэгтэй шүү ҮЭ-ийн нэртэй эмэгтэйчүүдээ. Ард түмний олонхи та нарт итгэхгүй болчихсон байна.
(103.11.193.234)
Энэ бол АН ын захиалга эрх барих хүчнээ хазайсан дээр нь дарж авах увайгүй бодлого энэ ажиллагаанд үйлдвэрчний эвлэл ордог нь харамсалтай. Улсад ийм мөнгө байхгүйг захын хүн мэднэ. Улс оорноо сүйрүүлэх гэсэн новшнууд.
(27.123.214.116)
Хандлага болоод ёс зүйг нь харвал 1000 төгрөгийн цалин ч ихэдмээр эмч нар байдаг шүү. Гомдмоор.
zochin (202.55.191.102)
namiin zahialga
зөв монгол (103.9.90.130)
зочин 66,181-тэй санал нэг байна. АН-ын үед жагсаал цуглаанаа хийж байхгүй яасан юм. Эд нарын ард АН-ын хулгайч луйварчид байгаа шүү дээ
зочин (66.181.177.121)
АН засгийн эрх барьж Чингис, Самурай фондын мөнгөөр тоглож байх үед цалингаа нэмүүлэхгүй шаардлага тавихгүй айж бэмбээд байсан багш, эмч нарын ҮЭ одоо зориг орж ноолоход номхон, хүлцэнгүй, аймхай МАН-ын засгийн үед ажил хаяна, тууштай тэмцэнэ гэнэ дээ. Ухаант багш нар 1,5 сая төгрөгийн цалин авна гэдэг нь орлогогүй ядуу эцэг эхээсээ тэнэг хүүхэд 1 сая төгрөг нэхээд сууж байгаа юм шиг. Төр, засгийн ядуурал сульдаа ард олныг мөн ийм болгодог юм байна. Нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх цаг болжээ. 27 жил буруу замаар будаа тээв. Зөв улс төртэй Хятад улс мандаж, буруу улс Монгол улс доройтов. Улс төрийн Авилгад идэгдсэн Монголын төрийг ард олон сонгов
Баяраа (202.5.196.10)
багш нарыг бодвол арай улс орноо бодсон шаардлага тавиа юудаа.
ган (119.40.97.94)
Манай төрийн албан хаагчдын цалин бага гэдэгтэй санал нэг байна. Цалин нэмж болно. Цалин нэмэхтэй зэрэгцээд эмч нарын мэдлэг, хариуцлага, үйлчилгээний соёл нэмэгдэх хэрэгтэй. Шүүгчийн цалин нэмэгдсэн боловч иргэдийн гомдол, хохиролыг шударга шүүх явдал дээрдэхгүй байгаа талаар иргэд халаглан ярьж байна. Үүний адил байвал хэцүү л болно. Захиргааны албан тушаал дэндүү нүсэр байна. Тухайлбал: Дарга, түүний туслах, зөвлөх, нарийн бичиг, Орлогч дарга, Хэлтсийн дарга, туслах, нарийн бичиг, хуулийн зөвлөх, Хүний нөөцийн менежер, Ерөнхий ня-бо туслах гээд явж өгнө. Энэ байдал бүхий л салбарт байна. Даргын суудал мөрөөдсөн юу ч хийдэггүй орлогч, хэлтсийн дарга, туслах гэсэн албан тушаалуудаа цомтгох хэрэгтэй. Цалин нэмэхтэй зэрэгцүүлэн бүтэцийн, менжментийн шинэ арга барилд шилжих хэрэгтэй байна. Ажилтан хийснийхээ хэрээр хөлсөө авдаг шударга зарчим үйлчлэхгүйгээр хавтгайран хөлс олгох нь амжилт авч ирэхгүй.
Зочин (103.14.36.6)
Үнэндээ төрд ажиллуулж байгаа алба бүхэн чухал л даа. Цалин нэмүүлэх асуудал дээр цалингийн сүлжээнд хамаардаггүй албан хаагчид ч байгаа л юм. Ялангуяа хөдөө аж ахуйнхан цалингийн сүлжээнд зарим нь хамрагддаггүй. Цалин эмч нарынхтай ижил гэхдээ багш нарынхаас доогуур шүү. Бас орон тооны дутагдалтайгаас 1 хүн 2-3 хүний ажил хийнэ. Ийм тохиолдолд 1 ажлыг бүрэн хийх цаг хугацаа гарах ч үгүй шүү дээ. Тиймээс авлига авч магадгүй гээд заримынхыг нэмж болсон бусдыг яагаад нэмж болохгүй гэж. Бусад нь эсхүл ар гэр, амьдралгүй, үр хүүхэдгүй юм уу.
зочин (203.91.118.180)
Үнэхээр сэтгэл гаргаж хүн ардынхаа төлөө ажиллахаар бол цалингийн нэмээрэй. Өнөөдөр хамгийн хүнд сурталтай, үзүүлэхээр ороход ганц удаа чагнаж үзэхгүй, сэтгэл гаргаж асуухгүй маш олон шинжилгээ хийлгүүлэхээр явуулдаг, түүнийг нь хийлгүүлсээр байтал бүтэн сар өнгөрдөг ингээд нөгөөх эмч дээрээ ирэхээр хэдэн эм бичиж өгөөд явуулдаг, бүгд хувийн эмнэлэгтэй, тэнд очихоороо үнэхээр сайхан сэтгэл гаргаж мөнгө саах арга замаа хийнэ дээ.Харин ээлжийн ажилтай жижүүрийн эмч болон сувилагчдын цалинг нэмбэл зохилтой, бусад нь мэдэхгүй.