ХӨСҮТөвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Б.Цацралт-Од: Элэг бол өөрөө хаан эрхтэн юм

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Б.Цацралт-Одтой элэгний вирусын өвчлөлийн талаар цөөн хором ярилцлаа.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Б.Цацралт-Одтой элэгний вирусын өвчлөлийн талаар цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө танд манай сайтын ярилцлага булангийн энэ удаагийн зочноор оролцож байгаад талархал илэрхийлье?

Баярлалаа. www.emch.mn сайтыг үүсгэн байгуулсан хамт олондоо талархаж ажлын өндөр амжилт хүсье. Монгол улсын   эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй байгаа чухал мэдээллүүдийг агуулсан энэ сайтыг ажиллуулж эхэлж байгаа нь хүн амын  эрүүл мэндийн боловсролд  томоохон хувь нэмэр оруулж байна гэж би бодож  байна.

Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой хөдөөнөөс хот руу шилжих хүн амын хөдөлгөөн ихэссэн. Энэ нь нэг талаар сайшаалтай ч нөгөө талаар зарим өвчлөлүүдийн тоог нэмэгдүүлэх хандлагатай байна гэж үздэг.Тэгвэл элэгний вирусын тархалт монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд ямархуу түвшинд байна вэ?

Монгол улсад элэгний вирусын өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа. Үүнийг манай улсын эрдэмтэд,  гадаадын  олон эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн судалгааны үр дүнгээс үзэж болох юм.
Эрүүл болон харьцангуй эрүүл хүний дунд В вирусын тархалт 10%,С вирус тархалт 14%,D вирусын тархалт  В вирусын халдвартай хүмүүсийн 80%-д хавсарч  байхад А вирусын халдвар нь өсвөр насныханд илүүтэй тохиолдож дэгдэлт байдалтайгаар жилээс жилд ихсэх хандлагатай байна. Цаашид энэ талаар судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

В,С вирусын халдвар ямар замаар дамжин халдварлах боломжтой вэ? Халдварын нууц хугацаа ойролцоогоор хэдэн хоног байх вэ? Халдварлагдсны дараа ямар шинж тэмдгүүд илрэх вэ?


Ихэвчлэн цус цусан бүтээгдэхүүн, халдварлагдсан зүү тариур, мэс ажилбар, бэлгийн замаар, эхээс урагт дамжин халдварлана. Халдварт өвчний нууц хугацаа нь тухайн вирусын идэвхижлийн зэрэг, хүний бие махбодийн онцлог, гадаад орчны хүчин зүйлүүдээс  хамаарч ойролцоогоор 60-90 хоног үргэлжилнэ. Юуны түрүүнд бие сулрах ,амархан ядрах, хоолонд дургүй болох, арьс загатнах, арьс салст шарлах, жин буурах зэрэг шинж тэмдгүүд  илэрнэ.
Эмэгтэйчүүдийн хувьд кесар хагалгаа,гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь ихэссэн. Үүнтэй холбоотой халдвар авсан тохиолдол байдаг уу? Ер нь энэ өвчин халдварлахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа ямар байна вэ?
2007 онд хийгдсэн судалгааны үр дүнд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд С вирусын халдвар ихэсч  харин 20-29 насныханд хүйсийн ялгаагүйгээр  В вирусын халдвар ихэсч байгаа нь ажиглагдсан. Мэс ажилбараас шалтгаалж вирус халварласан эсэхийг судалж байгаа удахгүй үр дүнг нь гаргах бодолтой байна.

Бичил мэс ажилбар хийлгэсний дараа өөрийгөө элэгний вирусээр халдварлагдсан эсэхийг мэдэхийн тулд ямар хугацааны дараа шинжилгээ өгөх нь зүйтэй вэ?


Ойролцоогоор 1 сарын дараа, 3 сарын дараа, 6 сарын дараа тус тус шинжилгээ өгөхөд өөрчлөлт гараагүй тохиолдолд халдваргүйд тооцно.
Эхээс урагт халдварласан тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Эхээс урагт В вирусын халдвар ихэвчлэн дамждаг. Харин С вирусын халдвар харьцангуй цөөн тохиолдолд урагт халдварладаг. Эх нь В вирусын халдвартай байвал 90% орчим нь урагт дамжин халдварлах магадлалтай байдаг. Урагт халдварлагдсан тохиолдолд төрсний дараа В вирусын вакцин мөн вирусын эсрэг иммуноглобулин хйилгэхэд хүүхэд В вирусын халдвараар өвчлөхгүй байх бүрэн боломжтой.

В,С вирусын халдвар нь хүний дархлаа чадамжтай холбоотой юу? Вирусээр халдварлагдсан л бол өвчлөх үү?


Халдвар авсан л бол өвчлөх магадлал өндөр байдаг. Халдварлагдсаны дараа хүний бие махбодийн дархлааны систем ажиллаж эхэлдэг. Дархлааны систем хир идэвхитэй ажиллаж байгаагаас вирусын идэвхжил хамаарч шинж тэмдэг бүдэг эсвэл тод илэрнэ. С вирусын халдвар авсан л бол эмчилгээ авахад төвөгтэй байдаг. Тийм болохоор урьдчилан сэргийлэх нь л зайлшгүй чухал юм даа.

Халдварласны дараа шинжилгээнд ямар өөрчлөлт гарах вэ?

Цусны биохимийн шинжилгээнд элэг задралын ферментүүд болох АЛАТ,АСАТ-ын хэмжээ ихэснэ. Мөн энзим холбох урвалаар бие мах бодид вирусын эсрэг антител үүссэн эсэхийг тодорхойлж, эцэст нь молекул биологийн полимеразын гинжин урвалаар вирусын DNA, RNA байгаа эсэхийг тодорхойлно.
Эмчлүүлээгүйгээс ямар хүндрэл үүсэх вэ?
Элэг бол өөрөө хаан эрхтэн. Олон төрлийн үйл ажиллагааг зохицуулна. Цусны бүлэгнэлтийн систем, өөх тос, уураг, нүүрс ус, витамины солилцоо, бие махбодийг хоргүйжүүлэх, цөс үүсэлтэнд оролцох гэх мэт.
Эмчлүүлээгүй тохиолдолд элэгний эсийн задрал ихэсч цаашлаад элэгний хоёрдогч эмгэгүүд болох элэгний цирроз, хавдрыг үүсгэх нөхцөл бүрддэг. Ялангуяа В,С вирус нь 20-30 жилийн дараа хавдар үүсгэдэг гэдгийг Японы эрдэмтэд тогтоосон байдаг.

Вирусын эсрэг эмчилгээний хувьд?

Уламжлалт эмчилгээнүүд байдаг. Энэ нь бие мах бодийн дархлааг дэмжих, хордлого тайлах үйлчилгээтэй. В,С вирусын хувьд интерферон эмчилгээ хийдэг.

Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


В вирусын вакцин 1991 оноос хойш төрсөн бүх хүүхдэд одоог хүртэл хийгдэж байгаа. Үүнээс хойш В вирус тээгчдийн тоо харьцангуй багассан. Харин энэ оноос өмнө төрсөн хүмүүс вирусын халдвараар өвчилж байгаагүй буюу шинжилгээгээр халдваргүй гэдэг нь батлагдсан бол вакцинжуулалтанд хамрагдах боломжтой.

Таны элэгний вирусын судалгааны ажлуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа. Урьд нь хийгдсэн болон одоо хийгдэж байгаа судалгааны ажлуудынхаа талаар танилцуулаач?


2004-2008 онуудад Японы эрдэмтэн миний багш, профессор Н.Окамота групптэй хамтарч A,B,C,D,E вирусын тархалтыг монгол улсад 0-80 хүртэлх насны хүмүүсийг хамруулан судалж вирусын халдвар авахад ямар ямар эрсдэлт хүчин зүйл байгааг мөн генотипийн бүрдлийг нь тодорхойлсон. Сүүлийн үед Е вирусын халдвараар Монгол хүмүүс өвчлөмтгий болж байна. Үүнтэй холбоотойгоор  2007 оноос хойш Е вирусын генотипийн бүрдэл тархалт, эрсдэлт хүчин зүйлийг манайд нутагшиж байгаа тэжээвэр гахайд тогтоосон. Одоогоор бид Е вирусын талаар судалгаа  шинжилгээг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж үнэтэй зөвөлгөө өгсөн танд баярлалаа,таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.


Эрүүл мэндийн үндэсний портал www.emch.mn М.Чимэдсүрэн



www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ogii (202.126.91.151)

    2012-01-30

    ta shvv gexen ch xashaa ym