А.Цэдэн-Иш: Хубилай хааны үед 512 хөгжимчинтэй байсан түүх дэлхийд давтагдаагүй байна
- 2017-09-23
- Үнэн
- 1

Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, Урын сангийн эрхлэгч, урлагийн гавьяат зүтгэлтэн А.ЦЭДЭН-ИШТЭЙ ярилцлаа.
-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/ нэрээ Үндэсний урлагийн их театр болгон өөрчилсөн. Нэрээ сольсны ач холбогдол, давуу тал юу вэ?
-Манай байгууллага өнгөрсөн оны сүүлчээр буюу арваннэгдүгээр сард Үндэсний урлагийн их театр нэрээр овоглох боллоо. Энэ нэрийг авах гэж олон жил мөрөөдсөн. ҮДБЭЧ гэдэг нь бидний хувьд том нэр, цол байсан. Гэхдээ олон улсад манайх шиг мэргэжлийн багийн бүтэц, бүрэлдэхүүнтэй, урын сан арвинтай байгууллагыг чуулга гэх нь зохимжгүй болж эхэлсэн. Бид гадаадад уран бүтээлээ толилуулахдаа нэрнийхээ талаар байнга тайлбар хийдэг байв. Харин өнгөрсөн оны Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, МАН болон шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасны дагуу үндэсний урлагийг дэмжих зорилгоор манай байгууллагыг Үндэсний урлагийн их театр болгосон. Түүгээр ч зогсохгүй манай театрын барилгыг шинээр барина гэж хөтөлбөртөө тусгасан. Сайхан барилгатай болох мөрөөдөл минь цаашдаа биелнэ байх. Ер нь Үндэсний урлагийн их театр гэдэг нэрээ сурталчлан таниулах, өөрсдөө энэ нэрэндээ дасан зохицох, эзэн байх гээд нэлээд том хариуцлагын асуудал бий болсон. Тиймээс уран бүтээл, урын сандаа шинэчлэл хийх бодлого барьж байна. Театр гэдэг үүднээс сүүлийн жилүүдэд ихэвчлэн дуулалт болон бүжгэн жүжгийг тайзнаа амилуулсан. Үүгээрээ театр гэсэн хандлага руугаа нэлээд ойртож байна. Мөн өөрсдийнхөө урын сан дахь дуулалт болон бүжгэн жүжгийг сэргээж шинээр тавилаа. Өөрөөр хэлбэл, манай байгууллага тоглолт хийнэ гэхээс илүү дуулалт болон бүжгэн жүжгийн арвин сан, хөмрөгтэй болсон.
-Үндэсний хөгжмийн их найралын 55 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ямар уран бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай байгууллага 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Энэ дотроо Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгатай. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин алдарт дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дууны анги бий. Ер нь манай Үндэсний хөгжмийн их найрал 2005 оноос Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал гэсэн нэрийн дор ажиллаж байна. Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай зарлиг гаргасан. 100 гаруй хүнтэй найрал байх ёстой гэсэн энэхүү зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол ч гарсан. Түүнчлэн БСШУС-ын сайдын тушаал бий. Эдийн засаг, санхүүгийн хямралаас болж 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хараахан бүрдэж амжихгүй байна. Улс орны эдийн засаг тэгшрэх үед 100 гаруй хүнтэй Үндэсний хөгжмийн их найралтай болно гэж итгэж байна. Манай Үндэсний хөгжмийн их найралын 55 жилийн ой энэ онд тохиож байна. 1962 онд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж багш мөрөөдлөө биелүүлж, энэ найралыг байгуулсан юм.
-Энэ ойгоо хэзээ тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Бид жил бүр тодорхой хэмжээний ойг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид багшийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Ц.Сэвжид багшийн бүх бүжгээр цомог гаргасан гээд олон ажлыг ойн хүрээнд цуврал болгон хийж байлаа. Харин энэ жилийн хувьд Үндэсний хөгжмийн их найралын 55 жилийн ойг бүтэн жилийн турш цуврал тоглолт хийж тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд Үндэсний хөгжмийн олон улсын болон улсын хэмжээний шагналтны гоцлол хөгжимчдийн тоглолтоор энэхүү цуврал арга хэмжээний нээлт болсон. Мөн долоодугаар сарын 12- нд “Наадам” нэртэй Үндэсний хөгжмийн их найралын бие даасан тоглолтыг зохион байгууллаа. Энэ үеэр Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг эгшиглүүлсэн. Энэхүү орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг урын сандаа оруулахаар болсон зорилгодоо бид хүрсэн. Түүнчлэн манай театрын боловсон хүчний нөөцийг бэлтгэдэг Монгол Улсын консерваторийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас хамтарсан тоглолт хийнэ. Үндсэндээ арваннэгдүгээр сарын дундаас хойш Үндэсний хөгжмийн их найралын томоохон хэмжээний тоглолтыг хийж, энэхүү цуврал арга хэмжээгээ өндөрлөнө. Ер нь манай театр жилдээ хоёр уран бүтээл шинээр хийдэг уламжлалтай. Үүний хүрээнд “Ижил ботго” нэртэй дуулалт жүжиг тавина. Түүнчлэн зүүн болон төвийн аймгийн ястан, үндэстний дуу, бүжгээс бүрдсэн тоглолтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
-Хөгжмийн их найрал үүссэн түүхээс сонирхуулаач. Их найрал хөгжмийг байгуулахад Л.Мөрдорж гуайг их үүрэг гүйцэтгэсэн гэдэг?
-Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж багш ЗХУ-д хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн. Сургуулиа төгсч ирээд манай байгууллагад хөгжмийн зохиолчоор ажилласан байдаг. Энэ хугацаанд Үндэсний хөгжмийн их найралыг байгуулах ажилд өөрийн мэдлэг, чадварыг бүрэн зориулсан. Их найралыг сэдэж байгуулахдаа түүхэн уламжлал дээр үндэслэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манай Үндэсний хөгжмийн их найрал орчин цагт үүссэн гэсэн ойлголтоор 55 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүх сөхвөл, эзэн Чингис, түүний үр сад Өгөөдэй, Цагаадай, Гүег, Мөнх нарын үед хөгжмийн том хороо байгуулсан түүхтэй. Сонирхолтой жишээ дурдахад, Хубилай хааны үед 512 хөгжимчинтэй маш том хэмжээний найрал хөгжим байсан байгаа юм. Энэ найрал өнөө ч дэлхийд байхгүй, том бүрэлдэхүүн. Ийм найралыг 800-гаад жилийн тэртээ байгуулан ажиллуулж байсан гэдэг бол үнэхээр том түүхэн үйл явдал юм. Бид Хувилай хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнийг тэмдэглэхдээ түүхэн уламжлал дээр нь тулгуурлан 150 хөгжимчнөөс бүрдсэн тоглолтыг эзэн Чингисийн хөшөөний өмнө тоглуулсан. Үүгээрээ дамжуулан монголчууд түүхэн уламжлалтай ард түмэн гэдгийг харуулахыг зорьсон. Ийм түүхэн уламжлал Л.Мөрдорж багшийн орчин цагийн их найрал хөгжим байгуулъя гэсэн мөрөөдөлтэй нэгдэж чадсан юм. Нөгөөтэйгүүр симфони найрал хөгжмийн түүх 400-гаад жилийн тэртээд үүссэн. Дэлхийд симфони найрал хөгжим бага, дунд, их гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгэхээр 120 хүний бүрэлдэхүүнтэй болгох гэж байгаа явдал нь орчин цагийн Үндэсний их найрал хөгжмийн бүрэлдэхүүн рүү ойртуулах гэсэн санаа юм. Одоогоор манай Үндэсний урлагийн их театрт 64 хүнтэй найрал хөгжим ажиллаж байна. Бүтэц, бүрэлдэхүүний хувьд симфони найрал хөгжмийн дунд хавь руугаа очих юм. 40-60 хүнтэйг бага, 60-80 гаруй хүнтэйг дунд, 80-120 хүнтэйг их найрал хөгжим гэдэг. Гэхдээ манай найрал хөгжим бол их найрал хөгжмийн хэмжээнд дуугарч, урын сангаа хөгжүүлж явна. Энэ бол Л.Мөрдож багшийн гавьяа. Тэрбээр бидэнд ийм сайхан уламжлалыг үлдээсэн. 1962 онд анхны Үндэсний их найрал хөгжмийн тоглолтыг хийхдээ Л.Мөрдорж багш найруулга болон зохиолыг нь өөрөө их сайхан хийсэн байдаг.
-Байгууллагын зүгээс олон уран бүтээл хийж байгаа юм байна. Харин та өөрөө ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Таны бичсэн хоёр ч ном урлагийнхны ширээний ном болсон байдаг?
-Үндэсний хөгжмийн их найралын 55 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг нь давхар миний баяр гэж ойлгож болно. Би 1972 онд Хөгжим, бүжгийн дунд сургуулийг хуучир хөгжимчнөөр төгссөн. Мэргэжлээрээ гадаадад хоёр ч дээд сургууль төгслөө. Миний хөдөлмөрийн гараа энэ чуулгаас эхэлсэн. Өндөр босгыг нь давж орсон байгууллагадаа өнөөг хүртэл ажиллаж байгаадаа бахархдаг. Мөн энэ хугацаанд байгууллагынхаа даргаар цөөнгүй жил ажилласан. Одоо театрынхаа урын сангийн бодлогыг зохицуулж авч явна. Энэ бол амаргүй ажил. 2020 онд манай байгууллагын 70 жилийн ой тохионо. Түүхэн энэхүү ойдоо зориулж театрынхаа түүхийг бичиж, оюуны суваргаар бэлэг барихаар шамдан ажиллаж байна даа.
Б.ДААРИЙМАА

Сэтгэгдэл (1)
Зочин (51.89.119.51)
Хүн болгон л энийг муулах юм яг яасын энэ хүн