Ё.Ломмен: Шинэ засгийн газар байгуулах нь бидний хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй
- 2017-09-28
- Үнэн
- 0

Манай улсын хандивлагч гол байгууллагын нэг Азийн хөгжлийн банк /АХБ/- ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен болон тус газрын эдийн засагчид Ази тив болон Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэдний мэдээлснээр, бүс нутгийн хэмжээнд энэ онд эдийн засаг 5.9 хувийн өсөлттэй гарахаар байгаа нь өнгөрсөн оныхоос 0.1 хувиар л нэмэгдсэн үзүүлэлт болох нь. Үүнд, өсөн нэмэгдэж буй худалдан авалт, бүс нутгийн хөрөнгө оруулалт, түүний дотор Хятадын эдийн засгийн тэлэлт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэхээр байгаа аж. АХБ-аас инфляцын төвшин 3.0 хувьтай байхаар төсөөлсөн төлөөллөө 2.4 хувь болгож буулгасан байна. Ирэх онд бүс нутгийн хэмжээгээр инфляц 3.2-2.9 хувь байх төлөвтэй байна. Газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байгаагаас Азийн орнууд дахь дотоодын шатахуун, тосны үнэ “зөөлөн” байна гэж үзсэн аж. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засагт эергээр нөлөөлөх бол өндөр хөгжилтэй орнуудын ДНБ тогтвортой хэвээр байна.
Харин АНУ- ын мөнгөний бодлогын огцом өөрчлөлт нь Азийн бүс нутагт сөргөөр нөлөөлж болзошгүй байсан боловч АХБ-ны бодлогын үр дүнд байдал нааштайгаар эргэжээ. Бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларыг зарцуулах шаардлагатай гэх тооцоолол гаргасан байна. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл /РРР/ голлох байр суурийг эзэлнэ гэж АХБ үзэж байгаа аж. Энэ оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан нь өнгөрсөн жилийн мөн үеийн 1.6 хувийг бодвол хурдацтай өсөлт гэдгийг АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий онцолсон юм. Дээрх өсөлтөд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлсэн байна. Мөн импорт 37 хувиар өссөн нь тодорхой байр суурийг эзэлжээ. Оны эхний хагас жилд төсвийн алдагдал 37.1 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэж байна. Харин төсвийн орлого 41.1, зарлага 9.6 хувиар өссөн дүнтэй гарчээ. Гадаад худалдааны ашиг 70 орчим хувьд хүрсэн байна. Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээр 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь өмнөх оны эцэстэй ойролцоо төвшинд очжээ. Энэ нь 2.6 сарын импорттой тэнцэх үзүүлэлт юм. Дээрх тоон үзүүлэлтээс хамааран АХБ Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 4.0 хувьд хүрнэ гэж тооцоолж, үүнд түүхий эдийн уналт, ихэнх нутгийг хамарсан байгалийн таагүй байдлаас хамаарсан газар тариалан, мал аж ахуйн сөрөг үзүүлэлт нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна. Харин Хятадын нүүрсний дотоодын нийлүүлэлтэд гарах сөрөг хандлага, Монголын экспортын зэсийн баяжмалын үнийн өсөлт сайнаар нөлөөлнө хэмээн харж байгаа аж. Эцэст нь ноён Деклан Магий манай улсын эдийн засгийн ойрын ирээдүйн төлөв байдалд дүгнэлт өгч, энэ оны эцэст 4.0, ирэх жил 3.0 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаагаа хэллээ. Мөн инфляц 3.0-3.4 хувьтай байхаар төсөөлжээ. Урсгал зардлын алдагдлын хувьд -6.4-8.5 хувь байна гэж АХБ тооцоолоод байгаа юм. Эдгээр мэдээллийн дараа АХБ-ны суурин төлөөлөгчийн газрынхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбар голлох үүргийг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж байна уу?
-Энэ оны эхний хагаст нүүрсний салбарын олборлолт, борлуулалт сайн байлаа. Цаашдаа ч энэ байдал хадгалагдана гэж үзэж байна. Ер нь барилгынхаас бусад бүх салбар ямар нэг өсөлттэй байгаа нь эдийн засагт эергээр нөлөөлж байгаа юм. -ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн оролцогчийн хувьд зарцуулалтын талд ямар бодолтой байгаа вэ? -Бид Монгол Улсын Засгийн газрыг дэмжихийн тулд санхүүжилтээ олгож байгаа. Энэ санхүүжилт 100 хувь төсөл хөтөлбөрт зарцуулагдаж байсан бол одоо 50 орчим хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр явах юм. АХБ-наас олгож байгаа 100 сая ам.долларын санхүүжилт нь банкны салбарыг эрүүлжүүлэх, нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эмзэг хэсэгт туслахад чиглэгдэж байна. Үүний дараа дахин 100 сая ам.долларын санхүүжилт хийхээр ажиллаж байгаа юм. Мөн цэцэрлэг, бага сургуулийн 30 цогцолбор барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх болно.
-Ирэх оны эхнээс зарим бондын эргэн төлөлт нэхэгдэж эхэлнэ. Энэ бүхнийг хүндрэл багатай даван туулах гол арга замыг хэрхэн харж байна вэ?
-Юуны өмнө дотоод нөөц бололцоогоо ашиглах шаардлагатай. Зарлагаа аль болох танаж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Мөн гадаадын бага хүүтэй зээл, тусламжаар өндөр хүү, богино хугацаатай зээлийг хааж болох юм. Жилийн нэг хувийн хүүтэй зээлээр дахин санхүүжилт хийх нь хамгийн зөв, боломжит алхам байх болов уу.
-Нэг жил гаруй өмнө байгуулсан Засгийн газар огцорлоо. Улс төрийн энэ тогтворгүй байдал та бүхний төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд нөлөөлөх үү?
-Шинээр Ерөнхий сайдаа томилох, Засгийн газраа эмхлэн байгуулах нь байдаг л асуудал. Энэ нь бидний хамтын ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ улс оронд улс төр, эдийн засгийн тогтвортой байдал бүхнээс чухал байдаг.
-Оны эхний хагаст 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний ихэнх нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой байна. Ер нь манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх нөхцөл, боломж хэр байгаа юм бол?
-Өмнөх жилүүдтэй харьцуулбал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил сэргэж байна. Цаашдаа тогтворжих байх. Оюутолгойд гэхэд ирэх жил нэг тэрбум ам.долларын хөрөнгө орж ирнэ.
-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор арилжааны банкуудад үнэлгээ хийж эхэлсэн. Үүнийг хэр зөв алхам гэж үзэж байна вэ?
-Арилжааны банкуудад зарим нэг асуудал тулгарсан учраас чанарын үнэлгээ хийж байгаа. Бас чанаргүй зээлийн хэмжээ өсч буйтай холбоотой. Нөгөө талаар шинэ нөхцөл байдлыг олж харахын тулд сууриа зөв байлгах нь чухал. Тиймээс олон улсад итгэмжлэгдсэн компани чанарын үнэлгээг хийж байна. Сайн үр дүн гарна гэж итгэж байгаа юм.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)