Путин VS Прохоров
- 2012-01-31
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Михайл Прохоров
энэ сарын 27-нд Новосибирскийн Академ городокт иргэдтэй уулзах үеэр
“Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол Оросын нийслэлийг Москвагаас
нүүлгэнэ” гэжээ.

Тэрбээр Москваг ОХУ-ын нийслэл байхад тохиромжгүй гэсэн байна. Өдгөө 46 настай тэрбумтны хөрөнгийг “Форбес” сэтгүүл өнгөрөгч онд 18 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Тус сэтгүүлээс гаргасан “2011 оны дэлхийн хамгийн баян 100 хүн” жагсаалтын 32 дугаар байрт ноён Прохоров бичигджээ. Америкийн Үндэсний сагсан бөмбөг (NBA)-ийн “Нью-Жерси Нетс” багийн эзэн, Оросын гурав дахь баян хүн Прохоров сонгуулийн өмнө олны анхаарлыг татсан томоохон амлалтуудыг амлаад байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Оросын нийслэлийн статусыг өөр хот уруу шилжүүлэх санаачлага нэлээд яригдаж байгаа юм. Тус улсын томоохон хотуудаас Перм, Нижний Новгород, Самара, Новосибирск, Екатеринбург, Санкт-Петербург хотын аль нэгэнд шилжүүлэх аж. Тэрбээр нийслэл хотыг шилжүүлнэ гэх энэ амлалтын өмнө “Ерөнхийлөгч болбол бүх хөрөнгөө хандивлана” гэж дуулиан тарьсан юм.
Гуравдугаар сарын 4-нд болохоор товлогдсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль урьд өмнө байгаагүй их өрсөлдөөнтэй болно гэж өрнөдийн ажиглагчид таамаглаж байна. Учир нь өнгөрсөн парламентын сонгуульд “Нэгдсэн Орос” намын рейтинг ард иргэдийн дунд буурсан үзүүлэлттэй гарсан юм. Үүнээс улбаалан Ерөнхийлөгчийн сунгаанд нэлээд олон өрсөлдөгч хүч үзэхээ мэдэгдэж байсан ч одоогийн байдлаар гурав дахин цөөрөөд буй.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож сунгасан нь үүнд нөлөөлжээ. Энэ удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн ч шаардлагатай бичиг баримт бүрдүүлээгүй, нэрээ татсан зэрэг шалтгааны улмаас таван нэр дэвшигч тунаж үлдээд байна. Тэдгээрээс цорын ганц бие даагч нь Прохоров.
Дээрх шалтгааны улмаас нэрээ татсан 11 нэр дэвшигчийн 10 нь Прохоровын адил бие даагч. Учир нь тэд нарын байгуулсан улстөрийн нам, хөдөлгөөн Сонгуулийн төв хороонд албан ёсны бүртгэлгүй ажээ. Харин саяхан “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинский нэрээ татав. Тэрбээр сонгуулийн өмнөх хэд хэдэн санал асуулгад өрсөлдөгчөөсөө байнга доогуур хувийн санал авч байжээ.
Эдгээр санал асуулгаар “Нэгдсэн Орос” намын дарга, Ерөнхий сайд Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулж бусад нэр дэвшигчид бүгд 10-аас доош хувийн саналтай гарч байжээ. “ВЦИОМ” (Олон нийтийн үзэл бодлын судалгааны бүх Оросын төв), “Олон нийтийн үзэл бодлын сан” хэмээх хоёр судалгааны байгууллагын өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-нөөс энэ сарын 24-ний хоорон дох нэг сарын хугацаанд явуулсан таван удаагийн санал асуулгад бүгдэд нь В.Путин 40-өөс дээш хувийн саналтай байсан бол Прохоров бусад дөрвөн нэр дэвшигчээс хамгийн бага хувийн санал авч байжээ.
Харин энэ сарын 21-22-нд хараат бус Superjob.ru сайтын явуулсан санал асуулгаар өмнөх таван санал асуулгын нийлбэр дүнгээр гурван хувийн саналтай байсан
Прохоров 21 хувийн саналтай гарчээ. Харин Путин огцом доошилж 26 хувийн саналтай гарсан байна. Энэ санал асуулгын дүнгээр Прохоров өнөөгийн Ерөнхий сайдын хамгийн хүчтэй өрсөлдөгч “Коммунист” намын тэргүүн Геннадий Зюгановыг хол орхиж, Путинтэй эн тэнцүү өрсөлдөн ялж магадгүй болоод байгаа аж.
Энэ тулаанд оролцож буй “Шударга Орос” намын тэргүүн Сергей Миронов, “Либерал Ард чилсан” намын тэргүүн Владимир Жириновский нар бас хүчтэй өрсөлдөн Путины саналын хувиас “зулгаах” гэнэ. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Медведевтэй өрсөлдөж байсан туршлагатай хоёр улстөрч энэ удаагийн сонгуульд ямар ч бай сан өмнөх сонгуулийн дүнгээс өндөр санал авах магадлалтай байна.
“Норильский Никель”-ийг палладий, никель үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болгосон гавьяатай санхүүгийн мэргэжилтэн Прохоров Ерөнхийл өгчид өрсөлдөхийн тулд алт олборлолтоор ОХУ-д тэргүүлдэг “Полюс Золото” компани болон “ОНЕКСИМ” группын Ерөнхийлөгчийн хоёр албан тушаалаас огцорчээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол шоронд хоригдож буй Оросын хамгийн баян хүн асан Михайл Ходоровскийг суллана гэжээ.
Прохоров найман жилийг торны ард өнгөрүүлсэн “ЮКОС” компанийг эзэн Ходоровскийд дахин хорих ял оногдуулсанд Путиныг шүүмжилж түүнийг Ерөнхийлөгч байх үед хоригдож, гадаадын орон уруу дүрвэсэн олигархуудад төрийн эрхэнд гарсан даруйд өршөөл үзүүлэх бодолтой байгаа аж.
Сүүлийн хэдэн өдөр Орост парламентын сонгуулийг бохир болсон гэж үзэж буй иргэд машинаасаа цагаан өнгөтэй тууз уяж хотын гудамж, талбайгаар “салхи татуулах” болжээ. Тэд энэ үйлдлээрээ ирэх сонгуулийг шударга явуулахыг эрх баригчдаас шаардаж байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн хямралын он жилүүдэд “Норильский Никель” компанийг хөл дээр нь бат зогсоож байсан Прохоров төрийн эрхэнд гарснаар бизнесмэнүүдэд ээлтэй хандаж улс орны эдийн засгийг илүү хүчирхэг болгож чадна гэж Оросын зарим тоймчид үзэж байна.
Түүнчлэн Оросын зарим иргэн Ерөнхийлөгч болох ноён нуруутай хүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд хоёр метр гаруй өндөр хүчирхэг эр хүчирхэг гүрнийг удирдаж чадна гэжээ.
ОХУ-аас гадна энэ онд дэлхийн 50 гаруй орон, ихэвчлэн хүчирхэг гүрнүүд Ерөнхийлөгчөө сонгоно. Тэдгээр Ерөн хийлөгчдөөс дэлхийн болоод Монголын цаашдын хувь заяа ихээхэн шалтгаалах юм.
Э.ТӨГСЖАРГАЛ
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)