Цаг агаарын мэдээллийг гар утсаараа авах боломжтой боллоо
- 2017-10-14
- Цаг агаар
- 0

Монгол Улсын 21 аймгийн 1550 багийн 160 мянга гаруй малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр буюу гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдлээ. Тодруулбал, мессеж үйлчилгээг 330 000 малчин хэрэглэж, ОБЕГ-аас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг хүссэн үедээ авах боломжтой болов. Энэ ажлын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтел” болон “Жи-Мобайл” ХХК- ийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг хүлээн авах боломжтой болж байна. Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулж амжилттай туршсан байна. Энэхүү туршилттай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард танилцаж, уг үйлчилгээг энэ намар үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг өгсний дагуу дээрх туршилтыг ажил хэрэг болгожээ. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх аж.
C.АЗ

Сэтгэгдэл (0)