Алла Жиоева ерөнхийлөгч болно

Өмнөд Осетийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Алла Жиоева Ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор томилогдохоор болсноо “Риа Новости” агентлагт мэдээлэв.
Өмнөд Осетийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Алла Жиоева Ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор томилогдохоор болсноо “Риа Новости” агентлагт мэдээлэв. Тэрбээр ирэх сарын 10- нд энэхүү албаныхаа тангаргийг өргөх аж.
Ингэснээр тэрбээр 2008 онд Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осет улсын анхны албан ёсны Ерөнхийлөгч болох юм. ОХУын дэмжлэгээр Өмнөд Осет муж Гүржээс салан тусгаарлаж тусгаар улс болсны дараа Гүржтэй дахин нэгдэхийн эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлж байсан улстөрч Эдуард Кокойтыг Ерөнхийлөгчөөр шууд томилсон.
Өмнөд осетчууд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгчийн анхны сонгуулиа хийсэн ч Эдуард Кокойты сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцуулж, гуравдугаар сарын 25-нд сонгуулийг дахин явуулах шийдвэрийг улсын дээд шүүхээс гаргуулсан.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө ялалт байгуулсан хэмээн зарласан бие даан нэр дэвшигч, Боловсролын экс сайд А.Жиоеваг дэмжигч иргэд нийслэл Цхинвалигийн төв талбайд олон хоног жагссан. Сөрөг хүчин, ард иргэдийн эсэргүүцлийн улмаас Э.Кокойты сөрөг хүчний удирдлагуудтай нууц тохиролцоо байгуулан албан тушаалаасаа буусан юм.
Тэгэхдээ тэрбээр “өөрийн хүн” Вадим Бровцевийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

Харин дахин сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Жиоева ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинд дээрх шударга бус явдлыг хэлж, Ерөнхийлөгч болоход нь туслалцаа үзүүлэхийг хүсээд байсан юм.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)