Н.Ганхуяг: Цам бол бүх урлагийн нэгдмэл цогц бүтээл юм

 

Дэлхийд Монголынхоо соёл урлагийг сурталчилдаг, цамын баг урлаач Н.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр Вашингтон хотноо амьдарч ажилладаг юм.

 

-Таны үүсгэн байгуулсан “Ханбогд” чуулгын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ чуулгынхаа одоогийн үйл ажиллагааны талаар яривал сонин байх болов уу?

-Бид өнгөрсөн хугацаанд гадаадын 40 гаруй улсад Монголоо сурталчлан аялан тогложээ. Манайхан 10 жилийн өмнө Төрийн ордонд олон улсын урлаг соёлын хурал зохион байгуулж, Хүрээ цам 108 багт бүжгээ төв талбайдаа анх дэлгэн тавьж байсан. Мөн ДБЭТ-т “Улаан сахиус минь өршөө” буюу “Жамсран бурхны дууль оршвой” хэмээх орчин үеийн бүжгийг гавьяат жүжигчин Д.Энхгэрэлээр дэглүүлэн, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн ая дээр тавьж байсан. Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Гоо- Ертөнц” уламжлалт үзэсгэлэнгээ гаргаж, гадаадын хамтран ажиллагч уран бүтээлчдээ урин авчирч уран бүтээлийнх нь дээжийг олон нийтэд хүргэж байв. Цаг хугацаа гэж хурдан юм. Энэ жил бид 20 жилийн ойгоо тэмдэглэж, олон цуврал арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн зун ойн арга хэмжээнийхээ хүрээнд Франц, Бельги улсад хоёр сар гаруй олон улсын фестиваль, арга хэмжээнд оролцоод ирсэн. Монголдоо өнгөрсөн наймдугаар сард очиж, өнгөрсөн 20 жилийнхээ туршлага, үйл ажиллагаан дээр тулгуурлан ГХЯ болон БСШУСЯ-тай хамтран “Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ мэт хэлэлцүүлгийг уламжлал болгон үргэлжлүүлж төр засагтайгаа хамтран хийж байхаар болсон. “Хөх сар” уран зургийн галлерейд уламжлал ёсоор “Гоо- Ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан. Үзэсгэлэнгийн гол зорилго нь бид цаашдаа Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлхийн дээд төвшинд гаргах тал дээр илүү ахиц гарган ажиллахад чиглэсэн гэж ойлгож болно.

 

-Чуулгаа анх ямар зорилготой байгуулж байсан бэ. Тэр зорилгодоо хүрч чадсан уу?

-”Хан Богд” чуулгаа анх Уянга, Солонго, Сэлэнгэ гурван том охиндоо тулгуурлан үүсгэж, тэдний үе тэнгийн авьяслаг найз нартай нь хамт аялан тололт зохион байгуулснаар эхэлж байлаа. Бид монгол уламжлалаа хүүхдүүддээ сургаж, өвлүүлэн өгч байсан бол өнөөдөр хүүхдүүд маань эргээд Монголоо сурталчлан таниулж, гадаад дотоодод бахархал болж яваад эцэг, уран бүтээлч хүний хувьд бахдан баярладаг. Миний хүү Г.Занабазар АНУ-д мэргэжлийн сургууль дүүргэж, Вашингтон ДС хот дахь орчин үеийн бүжгийн “Сенетик” театрт бүжигчин жүжигчнээр ажиллаж, олон жүжиг, бүжгийн гол дүрд амжилттай тоглож байна. Үр хүүхэд маань эргээд биднийг хурцлан хамтран сайхан уран бүтээл хийх хүсэл зорилгыг төрүүлж байдаг. Үүний нэг жишээ нь, “Марал” мюзикл болсон гэж бодож байна. Бид монгол уламжлалыг хадгалж, үндэсний язгуур урлагийг хойч үедээ залгамжлуулж өвлүүлэх, гадаад улс оронд Монгол Улсаа сурталчлан таниулах, Монголын залуу уран бүтээлчдийг дэмжин дэлхийн урлаг соёлын зах зээлд өндөр төвшинд гаргах зэрэг олон зорилго тавьдаг.

 

-Ойдоо зориулан шинэ цомог гаргаж байгаа гэж дуулсан. Цомгийн ажил хэр явж байгаа бол?

-Бид жил бүр гадаадад Монголоо сурталчилж явдгийн хувьд шинэ уран бүтээл туурвих зайлшгүй шаардлага гардаг. Сая гэхэд бид чуулгынхаа 20 жилийн ойн хүрээнд шинэ ая, дууны цомогтой болъё гэсэн зорилт тавиад “Хан Богд” чуулгын хөгжимчин, хөгжмийн авьяаслаг зохиолч О.Чинбат, хөгжмийн найруулагч Г.Даваахүү нартай хамтран шинэ цомгоо бичүүлсэн. Энэ цомогтоо “Марал” мюзиклийнхээ гол аялгуунуудыг багтаасан.

 

-Та дэлхийг аялан тойрсон “Чингис хаан” үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ төслөө анх хэрхэн эхлүүлж байв?

-“Чингис хаан” үзэсгэлэн 2006 оноос эхлэлтэй. Америк дахь Монгол судлалын ерөнхийлөгч, бидний анд ноён Билл Виллям Фитзүех Смитсоны институтэд ажилладаг байлаа. Билл надруу утасдаад, Смитсоны институт дээр ирээч гэлээ. Намайг очиход, нэгэн хүнтэй танилцуулья гээд Чингис хаан үзэсгэлэнг анх Хойд Америкт гаргахаар санаачилсан “Дино Дон” компанийн захирал ноён Дон Лессемтэй танилцуулж байсан юм. Тэр үеэс эхлээд бид түнш болж, дэлхийг тойрох “Чингис хаан” үзэсгэлэнгийнхээ бэлтгэл ажилд орж байлаа. Тэр үеийн БСШУЯ-тай хамтран Монголын зургаан музейгээс XIII зуунтай холбоотой 200 гаруй үзмэрийг сонгон авч, анхныхаа үзэсгэлэнд тавьж байсан юм.

 

-Олон алдартай музейд үзэсгэлэнгээ гаргасан. Тэднээс онцолбол?

-Тийм ээ, дэлхийн хамгийн том музейнүүдэд гаргаж байлаа. Энэ үзэсгэлэн маань өөрөө нэр сүр, утга агуулга, дэглэлтээрээ ч дэлхийн томоохон музейн шаардлага хангасан, тойрон аялах зориулалттай байсан. Тийм ч учраас дэлхийн хамгийн томд ордог байгалийн шинжлэх ухааны түүхийн музейнүүдэд гарч байлаа. Тухайлбал, Чикаго хотын Фейлд музей, Коларода, Иллюнойс, Техас, Калифорни мужийн байгалийн шинжлэх ухааны музей, Сингапур улсын Марина Санд Бэй-н музей зэрэг дэлхийд алдартай олон музей, конвейншн төвүүдэд гарсан. Монголын үндэсний түүхийн музейд хүртэл үзэсгэлэнгээ хэсэгчлэн гаргаж байлаа.

 

-Таныг Далай лам, жүжигчин Ричард Гир зэрэг алдартантай уулзаж байсан гэж сонссон. Тэдэнтэй уулзаад Монголын тухай ярихад тэднээс хэн нь танд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бэ? 

-Би өөрийгөө цам буюу бурхны шашны урлагтай зүгээр нэг холбогдоогүй байх гэж боддог. Уран бүтээлчийн хувьд, түүний дотор шашны урлагаас олон бурхад, цамын баг хэрэглэл бүтээнэ гэдэг маш өндөр хариуцлагатай, нөгөөтэйгүүр их аз завшаантай хувь тохиол. Тэр ч утгаараа бурхны шашны гэгээрсэн сайхан багш нартай уулзан учирч, тэднийг даган баясч, ном буяны ажилд нь шимтэн, тэднээс суралцаж, хүн болж төрсөн энэ яваа насныхаа утга учрыг таньж, буян заяагаа тэгшитгэх гэж хичээж явдаг. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн айлтгал номд аль болох оролцож явахыг хичээдэг. Сүүлийн 10 гаруй жил түүнийг дагалдаж ном авшигт нь аль болох багтаж явна. Үнэхээр гэгээрсэн хүмүүн гэдэг агуу юм билээ. Алдарт жүжигчин, бурхны шашны ивээн тэтгэгч, Далай багшийн үнэнч шавь Ричард Гир гуайтай ном айлдварын үед хэд хэдэн удаа тааралдаж байсан. 2007 онд Далай багш Америкийн Конгрессын алтан медаль авах үед бид түүнд зориулсан урлагийн тоглолтод хамт оролцсон. Тэгэхэд Ричард Гир хөтлөгчөөр ажиллаж байсан. Тэд бүгд л монголчуудын талаар, монгол хүний оюуны чадал, Эзэн богд Чингис хаан хийгээд Монголын түүх соёлоор бахархан ярьж байдаг нь үнэхээр сайхан санагдсан.

 

-Таны үүсгэн байгуулсан “Гоо ертөнц” нийгэмлэг нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. Танай нийгэмлэгийн үйл ажиллагааны цаашдын зорилго юу байх бол?

-Хүн дотоод сэтгэлдээ хэдий гоё сайхан байж чадна, тэр хэмжээгээр гадаад ертөнц, орчныг үнэлж чадна гэж би боддог юм. Тиймээс бидний залуу үе, хүүхэд багачууд бага наснаасаа эхлэн хорвоо ертөнцийн сайн мууг дотоод ертөнцдөө ялган салгаж ойлгож, ирээдүйн сайн сайханд тэмүүлэх хүсэл зорилготой зөв сайн хүн болж нийгэмд голлох үүрэгтэй оролцож яваасай. Нэг ёсондоо хүмүүн болсон энэ ховор хувь заяагаа хайрлан хүндэлж, ойлгон ухаарч, энэ яваа насаа үнэ цэнэтэй, үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Энэ бүхэнд урлаг соёлын гүйцэтгэх үүрэг маш их. Тэр ч утгаараа манай нийгэмлэг хүүхэд залуучууд, тэдний гэрэлт ирээдүйд урлаг соёлоор дамжуулан өөрийн гэсэн өнгө төрх гоо сайхныг олгох эрхэм зорилгод өөрсдийн гэсэн дуу хоолой болж, бага ч гэсэн хувь нэмэр болохсон гэж хичээж ажилладаг.

 

-Та үнэхээр олон зүйлд гар бие оролцож иржээ. “Монгол хаус” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ төслийнхөө талаар танилцуулна уу?

Хэдийгээр манай Элчин сайдын яам тухайн улс оронд байдаг ч нийгэм, улс төр, худалдаа эдийн засаг, урлаг соёл гээд олон талт үйл ажиллагааг явуулахад олон нийт, тухайлбал тус оронд суугаа монголчуудыг бүрэн татан оролцуулж чаддаггүй. Тэгэхээр энэ мэт байгуулага, хамт олныг бий болгох, гадаадад оршин суугаа монголчууд, тэднийг дэмжигч гаднынхныг тав тухтай үйл ажиллагаа явуулахад нь нэмэр болохуйц “Монгол хаус” буюу байнгын барилга байгууламж бүхий төв зайлшгүй хэрэгтэй болоод байгаа юм. Бид энэ зорилгыг хэрэгжүүлэх гэж өөрсдийн боломж бололцоогоор Монголдоо болон Европт өөрийн төвийг үүсгэн байгуулаад байгаа. Түүнчлэн Европын 10 орчим улс оронд сүлжээ байгууллагынхаа эх шавыг тавиад байна. Энэ том зорилгод улс орон төр засгийн нягт хамтын ажиллагаа эрхэм чухал.

 

-Мартагдах шахаад байсан цамын соёлыг дэлгэрүүлэхэд та багагүй үүрэг гүйцэтгэсэн. Анх цамын баг, эд хэрэглэлийг хийх санаагаа юунаас олж авсан бэ?

-”Хүрээ цам” баримтат киног 1988 онд Богд хааны ордон музейд гаргахад манай багш Дашзэвэг гуай болон Монголд хамгийн сүүлд хүрээ цамд бүжиглэж байсан Данзан багш, Сэрээтэр гуай нар гол зөвлөхөөр оролцож байлаа. Тэр үед залуу уран бүтээлч миний бие тэдэнтэй нүүр учран багш шавийн барилдлага тогтоосон. Монгол түмний нүдний ур, гарын ур, сэтгэлийн урыг шингээсэн урлагийг Хаант төр нь дэмжиж, хөрөнгө мөнгө зарж алт, мөнгө, шүр, сувд алив бүхнээр чимэн урласан гайхамшигт хосгүй үнэт бүтээл хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн устаж үгүй болох шахаж гэж дуулаад 108 цамын баг хэрэглэлийг дахин сэргээж тавих юмсан гэж өөрийн эрхгүй хүссэн. Хүссэн хүсэл маань биеллээ олж 1997- 2007 он хүртэл олсон мөнгө, олон жилийнхээ хөдөлмөрийг зарцуулж байж Монгол улсаа 108 цамын багтай болгосон. Тэгээд ч зогсохгүй тив дэлхийд сурталчлан, үзэсгэлэн тоглолт зохион байгуулж Дээрхийн Гэгээн Далай багшид хүртэл тоглож явсан болохоор хүмүүс бас мэддэг юм.

 

-Ингэхэд та хэчнээн цамын баг урласан бэ. Тоолж үзсэн үү?

-Анхны хийсэн 108 баг маань Америкт хадгалагдаж байгаа. Тэнд олон үзэсгэлэн, тоглолтод ашиглаж байдаг. Хоёр дахь 108 багийг Монголдоо шинээр бүтээж, “МАСК” гэр музейдээ хадгалж бас тоглолт үзэсгэлэнд ашиглаж байна. Түүнээс гадна УАДБЧ, Түмэн эх чуулга гээд олон театр болон аймаг сум, сүм хийдийг цамтай болгосон. Мөн дэлхийн алдартай олон музей театр, цуглуулагч нарт миний хийсэн багнууд хадгалагдаж байдаг юм. Яг үнэндээ тоог нь гаргаж яваагүй. Энэ бүгдийг хийх болгондоо бурхан бүтээж байна гэж чин сэтгэлээсээ ханддаг байсан. Олон бурхныг бүтээжээ гэж боддог.

 

-Монголд байхдаа хэр олон шавьтай байсан бэ. Одоо хэчнээн шавьтай болов?

-Гэрийн урлаг, гэр сургалт гэж эрхэмлэдэг хүний хувьд олон шавь сургалт зохион байгуулсан. Олон ч шавьтай. Монголд миний ах дүүс, эгчийн минь таван хүү бүгд цам урлаж, урланг маань авч яваа. Энэ сайхан урлагаа үе дамжуулан өвлүүлэн үлдээж байгаа болохоор зорьсон хэрэг минь бүтэж яваа мэт санагддаг. Ер нь цамын урлаг бүх урлагийн цогц бүтээл юм. Зураг, баримал, оёдол, хатгамал, сийлбэр, дархан, бүжиг, ая дан гээд олон урлаг нэгдэж байж энэ сайхан урлагийг бүтээдэг. Үнэхээр хүмүүсээс тэвчээр хатуужил, их хөдөлмөр, авьяас билэг шаарддаг урлаг. Энэ урлагаа өв залгуулж чадсан, шавь нар маань ч надаас сурсан, мэдсэн бүхнээ өв залгаж хойч үедээ ч өвлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

 

-Гадаад хүн ирээд цамын баг, хэрэгсэл хийж сурья гэвэл та хэрхэн хүлээж авах вэ. Ийм тохиолдол гарч байсан уу?

-Би өөрөө гадаадад олон жил явсан болохоор олон хүнд заасан. Олон ч гадаад шавьтай. Бельги улсад Антверпин хотын уран зургийн сургуульд цамын анги нээж, оюутан суралцуулж байлаа. Америкаас Монголд хүрэлцэн ирж манай урлан дээр цамын урлагаас суралцсан. Итали оюутан хүртэл цам судлалаар эрдмийн ажил хийж, их зүйл суралцсан гээд гаднын олон хүнтэй ажиллаж байлаа.

 

-Та олон жил гадаадад амьдарч байна. Энэ хугацаанд эх орноо санаж, хүний нутагт ганцаардаж байсан үе бий юу?

-Би сүүлийн 30 гаруй жил гадаадад Монголоо сурталчилж явлаа. Түүнээс сүүлийн 15 орчим жил Америкт ажиллаж, амьдарч байна. Хүний нутагт ажиллаж амьдарна гэдэг амаргүй. Гэхдээ дуртай ажлаа хийж, дуртай улс орондоо Монголын түүх соёлоо сурталчилж явна гэдэг үнэхээр бахдалтай санагддаг. Чин сэтгэлээ зориулсан ажил бүхнээс үнэтэй. Тийм болохоор ганцаардал, нутгаа санах явдал бараг үгүй. Тэгээд ч жилдээ 1-2 удаа Монголдоо ирж очоод байдаг юм.

 

-Дэлхийн олон орноор аялж, зорчиж явсан хүний хувьд Монгол Улсаа хэрхэн хөгжиж байна гэж хардаг вэ. Бидний хөгжилд юу саад болж байна гэж үздэг талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монгол маань гаднаасаа сайхан хөгжиж байна. Өндөр сайхан барилгууд баригдаж, үйлчилгээ ахуйн цэгүүд олширч, улс орон эрчимтэй сайхан хөгжиж байгаа нь харагддаг. Гэхдээ гаднын хөгжлийг дагаж дуурайж биш, өөрийн онцлог, өнгө аястай өвөрмөц хөгжил чухал мэт. Монголчууд бид дотроосоо илүү сайн хөгжих хэрэгтэй. Одоо бид өөрсдийгөө улам сайхан боловсруулж, мэдлэг боловсролоо нэмэгдүүлж, Монгол хүний чадамж, үнэлэмжийг дэлхий дахинд улам өндөрт өргөх аваас илүү сайхан хөгжих боломж бололцоо байна. Бидэнд тийм сайхан уламжлал, хөгжиж ирсэн түүх, соёл байдаг. Бидэнд юу саад болдог вэ гэдгээ ч монголчууд мэддэг. Бид бие биеэ дэмжих, сайн яваа нэгнээ дээш нь гаргах, хамтрах, хайрлах хэрэгтэй. Энэ бүхнийг бүгдээрээ л сайн мэддэг ч гаднын нөлөө их байдаг юмуу, өөрсдийн заяа төөрөг ч тийм юмсан уу, үүнийг үл ойшоосоор л байна. Гэхдээ өнөөдөр бидний амьдралын утга учир, хөгжлийн гол гогцоо нь дэлхийд ховорхон монгол заяа, нүүдэлчин ахуй амьдрал хүний гар хүрээгүй онгон зэлүүд өргөн уудам нутаг, орчлон ертөнцөд үнэхээр бахархмаар заяатай цөөхөн ард түмэн. Зөв бодлого, чиглэл дор улам хөгжих нь дамжиггүй.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.4.169)

    2017-10-26

    100 орчим жилийн өмнө Төвдөд очиж хандмаа болсон франц эмэгтэй Александра Давид-Нийл Төвдийн тухай номондоо цам харайхыг хараад "тэд чөтгөр эзэмдүүлэн бүжиглэж байлаа" бичсэнийг уншсанаа саналаа

  • өө (202.72.245.122)

    2017-10-26

    Үндэсний уламжлал сайхан