Жижиг, дунд үйлдвэрлэлийн жижиг биш асуудлууд

Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар 20 гаруй жил ярьж, ажил хэрэг болгохоор чамгүй их зүйл хийсэн ч өнөөдрийг хүртэл амжилт олсонгүй. Гэтэл өнөөдөр Азийн орнуудын хөгжлийн түлхүүр нь өндөр хөгжсөн технологитой, жижиг дунд үйлдвэр болж байна. Ганц жишээ дурдахад, БНСУ-ын нийт аж ахуйн нэгжийн 95 орчим хувийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эзэлж байна. Тус улсын жижиг, дунд үйлдвэрлэгчид ДНБ- ий 50 гаруй, нийт экспортын 35 орчим хувийг бүрдүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрийн дийлэнх нь бичил бизнес эрхлэгчид бөгөөд тэдгээр нь ихэвчлэн бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж. Манай улсын хувьд Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг батлан гаргасан. Удаахь жил нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газар, 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг байгуулсан түүхтэй. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахаар чиглэлээр жил бүр “Үйлдвэрлэлийг дэмжих”, “Бизнесийн орчны шинэтгэлийн”, “Хөдөлмөр эрхлэлт, өрхийн хөгжлийг дэмжих жил” зэргээр төсөл хөтөлбөр төлөвлөдөг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Манай улсад бүртгэлтэй 99 мянга гаруй аж ахуйн нэгжээс 54 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүний 44 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй бөгөөд эдгээрийн ихэнхийг 1-9 хүртэлх ажилтантай жижиг үйлдвэр эзэлж байна. Энэ салбар нь ДНБ-ий 17, экспортын хоёр хувийг бүрдүүлдэг. Засгийн газар, олон улсын болон бусад холбогдох байгууллагын зүгээс үйлдвэр эрхлэгчдэд санхүүжилт олгох, сургалт явуулах, эрх зүйн орчинг сайжруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, татвар хөнгөвчлөх зэргээр дэмжлэг үзүүлдэг. Гэвч төр, засгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үзүүлж буй дэмжлэг төдийлөн хангалттай бус, хэрэгжилт муу, хүртээмжгүй гэж бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй ханддаг. Гадаад орчны таагүй нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй дотоод эдийн засгийн хүндрэл, банкнаас бусад санхүүгийн байгууллагын хөгжил сул байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн бэрхшээл учруулж буйг Монголбанкнаас хийсэн судалгаанд дурджээ.

Тус судалгаанд эдийн засгийн хүндрэлтэй байдал тэр дундаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт үргэлжилж түүхий эд, тоног төхөөрөмжийн зардлыг өсгөх, нөгөө талаас ажилгүйдэл нэмэгдэж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсанаар энэ салбарын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг онцолжээ. Бизнесийн орлого муудсанаар аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөөр дутаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа аж. Түүнчлэн үйлдвэрлэлээ өргөтгөх, хэвийн үргэлжлүүлэхэд санхүүжилтийн бэрхшээл хамгийн ихээр тулгарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Засгийн газар болон олон улсын байгууллагаас олгож буй хөнгөлөлттэй зээл төдийлөн хүртээмжтэй биш байгаа бөгөөд арилжааны банкуудын зээлийн нөхцөл хатуу, шалгуур өндөр байгаа нь санхүүжилтийн орчны гол бэрхшээл болж буйг бизнес эрхлэгчид ярьдаг. Гэвч энэ салбарт санхүүжилтийн эх үүсвэр бий. Үйлдвэр эрхлэгчид санхүүжилт хүсч буй төслөө хөрөнгө оруулагч, сонгон шалгаруулагч нарын шаардлагад нийцүүлж боловсруулж чаддаггүй учраас боломжоо их алддаг.

Энэ талаар Зээлийн батлан даалтын зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох ярихдаа “Жижиг, дунд үйлдвэрлэгчид банкинд төслөө хамгаалж чаддаггүй, хийх гэж буй бизнестээ өөрсдөө итгэл үнэмшил муутай байна. Тэдэнд мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тэд бизнест зориулсан сургалт, хөтөлбөрт хамрагддаггүй. Энэ салбарт санхүүжилтийн эх үүсвэр бий ч түүнийг авч чадахгүй байна. Мөн бизнес эрхлэгчид, өөрийн бүх барьцаа хөрөнгөө зээлийн баталгаанд тавиад зээл авч, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч дахиад нэмэлт эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон үед дахин санхүүжилт татаж үйлдвэрлэлээ явуулж чадахгүйд хүрдэг. Ийм нөхцөлд Батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтарч батлан даалтын тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөж байна. Банкны зүгээс бүхий л төрлийн зээлийг ижил шалгуураар гаргах тал дээр цаашдаа анхаарал хандуулах шаардлагатай байна” гэсэн юм. Жижиг, дунд бизнесийг дэмжих ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зээлийн батлан даалтын сан 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 18 жилийн хугацаатай олгохоор төлөвлөжээ. Үүний 30-60 хувиар нь батлан даалт гаргана. Гаргаж буй батлан даалттай ижил хэмжээний эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулж буй учир зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах боломж бүрдэж байгаа аж. Ингэснээр бизнес эрхлэгчдийг 10 жилийн хугацаатайгаар санхүүжүүлэх боломжтой болж байна. Зээлийн хүүний хувьд батлан даалтын эх үүсвэртэй нь жилийн найман хувь, батлан даалтгүй буюу арилжааны банкнаас оруулж буй эх үүсвэртэй зээлийн хүү жилийн 18 хувь байна. 10 жилийн хугацаанд тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлж өгч буй учир жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээл авах боломжийг дээшлүүлсэн томоохон төсөл болж байна. Мөн Азийн хөгжлийн банкны 18 жилийн хугацаатай олгож буй хөнгөлөлттэй зээлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний 6.6 сая ам.долларын хөрөнгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргаж байна.

Нийтдээ 66.6 сая ам.доллар жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл болж очиж байна гэсэн үг. Урьдчилсан тооцоогоор ирэх 18 жилийн хугацаанд 432 сая долларын зээлийг давхардсан тоогоор олгоно гэж тооцож байна. Үүний үр дүнд 15 мянган жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлнэ. Ингэснээр 13 мянган ажлын байр бий болно гэж тооцсон байна. Азийн орнуудад жижиг дунд үйлдвэрлэлээр олон улсын зах зээлд гарах маш том боломж бий. Гэхдээ олон улсын зах зээлд гарахын тулд тухайн үйлдвэрлэгч өөрсдийн хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох, анализ хийдэг байх явдал чухал. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчид хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Аж үйлдвэрийн хөгжлийн асуудалд том компаниудын үүрэг чухал бөгөөд компани хоорондын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны хамааралтай практик асуудлаар харилцан дэмжлэгтэйгээр ажиллах нь үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн ороход чухал юм. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Санхүүгийн ахлах шинжээч Шигэхиро Шинозаки ярихдаа “Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс жижиг дунд үйлдвэрээр олон улсын зах зээлд гарах маш том боломж байгаа гэсэн үг. Монгол Улс байгалийн баялгийн асар их нөөцтэй. Энд зөвхөн уул уурхайг дурдаагүй юм шүү. Хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах хүнсний баялгийг хэлж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Азид хөдөө аж ахуйн гүйцэтгэх үүрэг урсгал зардалтай харьцуулахад бага болоод байна. Хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг ажил олгогчид болон ажил эрхлэгчид олон улсын өртгийн сүлжээнд нэгдэж ороогүйгээс болоод экспорт маш муу байдаг. Хэрэв андуураагүй бол өнгөрсөн жил танай улсын хөдөө аж ахуйн салбарт 4.8 хувийн өсөлт гарсан. Энэ нь уул уурхайн салбартай харьцуулахад бага байгаа боловч тийм ч муу үзүүлэлт биш. Монгол Улсын Засгийн газар яагаад энэ их боломжийг ашиглаж хөдөө аж ахуйг хөгжүүлж, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэж болохгүй гэж. Малын түүхийн эдээр баян учир жижиг дунд үйлдвэрлэгчид ноос ноолуур, махны үйлдвэрлэлээр түгээмэл ажиллаж байна. Гэхдээ томоохон брэнд байхгүй. Үүнээс болоод Монголын түүхий эдийг гаднын компаниуд авч ашиглаад өөрсдийн улсын бүтээгдэхүүн гэж борлуулж байна.

Энэ нь маш эмгэнэлтэй зүйл. Тиймээс Монгол улс дотооддоо брэнд хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь монгол улсын эдийн засагт ихээхэн өгөөжтэй. Цаашдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдээ өөрсдөө боловсруулж нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд хамгийн ойрын хөрш БНХАУ, ОХУ-д өөрийн нэрийн брэндээ нийлүүлэх учиртай” гэсэн юм. Тэрбээр мөн манай улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар “Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл маш өргөн хүрээг хамарч байсан. Гэхдээ эдгээр бизнесүүд нь ихэвчлэн бичил, жижиг хэмжээний гэр бүлийн шинж чанартай байлаа. Тэд зах зээл дээр бараагаа борлуулах маркетингийн талаар ямар ч суурь ойлголтгүй байсан. Үүнээс үүдээд бүтээгдэхүүнээ дотоодод болон гадаад гаргахад хүндрэл учирч байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар, маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна төр таатай орчинг нь бүрдүүлэх шаардлагатай. Заавал төрөөс зээл өгөөд байх биш хамгийн гол нь бизнест гаднын хөрөнгө оруулалт хийхэд саадгүй болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улсад хөгжүүлэх боломжтой салбар олон бий.

Нэн тэргүүнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлж хүч үзэх хэрэгтэй. Тэр дундаа ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортод гаргах боломжтой. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэр бүр санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс Засгийн газраас санхүүгийн хүртээмжид анхаарах хэрэгтэй. Үүнийг шийдэх нэг арга зам нь цахим санхүүжилт байж болох юм. Мөн нэг чухал асуудал нь Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нь үнэхээр жижигхэн. Тус тусдаа ажилладаг. Тиймээс дангаараа шийдэж чадахгүй олон асуудалтай учирдаг болохоор хамтарч ажиллах учиртай” гэж ярьсан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хангалттай ярьсан ч хүссэн хэмжээнд хүртэл хөгжсөнгүй. Үүний цаана төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд аль алинд нь анхаарах зүйл бий. Зөвхөн мөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангагдсанаар үйлдвэрлэл хөгждөггүй. Харин борлуулалт буюу зах зээл, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхэд бодлого дутаж буй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд чиглэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжсэн ложистикийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Үүний дараа кластерчлан хөгжүүлэх бодлогыг тодорхойлон хэрэгжүүлбэл жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өсөн дэвжих бололцоог хангах юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • z (182.160.34.207)

    2017-11-08

    улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

  • z (182.160.34.207)

    2017-11-08

    улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа