Одончимэг: Хамгийн том шагнал хүүхдийн талархсан харц байдаг
- 2017-11-09
- Үнэн
- 0

“Шаргалжуут Одноо” гэх фэйсбүүк хаягтай энэ эмэгтэйг би нэлээд хэдэн жилийн өмнөөс таних юм. Түүний хийж бүтээж буйг дэмждэг олон хүний сэтгэлийг хараад баярлан суудаг. Энэ бүсгүйн тууштай, хөдөлмөрч, энэрэнгүй зан чанараас залуучууд суралцаасай хэмээн хүсдэг юм. Эмэгтэй хүний үзэж туулах зовлон жаргалыг амсч явна даа гэж ярих түүний хүсэл мөрөөдөл дэндүү гэгээлэг. А.ОДОНЧИМЭГИЙГ нийслэлд ирээд байхад нь цаг товлож уулзан ярилцлаа.
-“Хүүхдийн төлөө халуун болор” төвийг анх байгуулах болсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Миний анхны хүүхдийг төрөөд удаагүй байхад эх баригч жинлэхээр явж байгаад чулуун шалан дээр унагаачихсанаас хүү минь оюуны хомсдолтой, тархи нугасны маш хүнд бэртэлтэй болсон. Энэ бол ээж болж буй хүний хувьд маш хүнд зүйл. Эх хүн бүр анх элгэндээ тэврэхдээ эрүүл саруул үртэйгээ аз жаргалтай амьдарна гэж мөрөөддөг шүү дээ. Гэтэл миний хувьд энэ бүхэн эсрэгээрээ эргэсэн. Хүү маань зургаан сар хүртлээ хөхөө хөхөж, унтаад л бусад хүүхдийн адил өссөн. Гэтэл инээж, дэгэж дэрвэдэг насан дээрээ үеийнхээ хүүхдүүдээс хөгжлийн хоцрогдолтой байгаа нь надад анзаарагдсан учир хүүгээ хот руу авч ирж эмчид үзүүлээд тархи, нугасны маш хүнд бэртэлтэйг нь мэдсэн. Тэгээд Баянхонгор аймгийн Шаргалжуутад оюун ухаан, мэдрэлийн маш сайн рашаан байдаг гэж дуулаад энд ирснээр миний амьдрал Шаргалжууттай холбогдсон юм. Тэр үед 20 гаруйхан настай залуухан бүсгүй би бүх юмаа орхиод гэрээсээ гарч байлаа. Хүү маань тархи, нуруу нугастаа гурван удаа мэс засал хийлгэсэн ч өвчнөө дийлэлгүй өөд болсон. Ийн зовж шаналж явахдаа Шаргалжуутад тархины саажилттай хүүхэдтэйгээ очиж, эмчлүүлдэг өрх толгойлсон эцэг, эхчүүдэд туслах санаа төрсөн юм.
Би албан ёсоор төрийн бус байгууллага байгуулахаасаа өмнө Шаргалжуутад хүүхдээ авч очсон ээжүүдэд хувиараа тусалж, өдөрт гурван удаа үнэгүй хоол хийж өгөх, хүүхдийнх нь хувцсыг угаах, харж хандах зэргээр сэтгэлээсээ тусалдаг байсан. Энэ бол тэнгэрийн оронд одсон хүүгийнхээ төлөө хийж буй буян хэмээн бодож явлаа. Сүүлийн 20 гаруй жилд ийм байдлаар буяны үйл хийж байна. Ерөнхийдөө 1996 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж, 2000 онд албан ёсоор төрийн бус байгууллага байгуулсан. Тэр үед УИХ- ын гишүүн, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч агсан Л.Одончимэд гуайн гэргий Таня эмч миний хүүтэй адилхан өвчтэй зээ хүүгээ эмчлүүлж явахад нь танилцсан. Энэ хүн намайг Улаанбаатарт урьж, нөхөртэйгөө танилцуулж, “Хүүхдийн төлөө халуун болор төв” төрийн бус байгууллагын албан ёсны гэрчилгээ тамга, тэмдгийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулахад тусалж байлаа. Тухайн үед бид зургаан монгол гэрт нэг ээлжид 20 хүүхэд хүлээн авч, жилдээ 580-800 гаруй хүүхэд болон ээжид өдрийн гурван удаагийн хоол, үнэгүй гэрээр үйлчилдэг. Л.Одончимэд гуай ч Улаан загалмайгаас хувцас, гурил, будаа олгож бидэнд тусалдаг байсан юм. Түүгээр бид санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Тэр эрхэм хүнийг бурхны оронд одсоноос хойш манай төвд санхүүжилт, тусламжийн зүйл олдох нь ховордсон. Түүнээс хойш би “Хүүхдийн төлөө халуун болор төв” гэх фэйсбүүк хуудас нээж, “Халуун сэтгэл 1000 төгрөг” хэмээх аян өрнүүлж, цугласан мөнгөөр тархины саажилттай хот, хөдөөгийн хүүхдүүдийн эцэг, эхэд чадах чинээгээрээ тусалж байна.
-Тархины саажилттай хүүхдүүдийн төлөө сувиллын барилга барих ажил тань хэр ахицтай байна вэ?
-Өнөө жил манай “Хүүхдийн төлөө халуун болор төв”-ийн 20 жилийн ой болж байна. Ойн хүрээнд 20 сайн үйлс хийх санаачлага гарган ажилласан. Энэ дагуу өнгөрсөн өвөл Улаанбаатарт ирж, Улаанчулуутын хогийн цэг дээр нялх хүүхэдтэйгээ гэр оронгүй амьдардаг ээжид шинэ гэр барьж өгч, 280 хүүхдийг дулаан хувцсаар хангаж, 16 хүүхдийг тэргэнцэртэй болголоо. Уг нь манай 1000 төгрөгийн аянд 285 мянган хүн нэгэн зэрэг нэгдэж чадвал бид 285 сая төгрөгтэй болно. Үүгээрээ Шаргалжуутад байдаг “Хүүхдийн төлөө халуун болор төв”-ийн эзэмшлийн газар дээрээ 20х15 хэмжээтэй хоёр давхар барилга барьж, саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын төв барих нь миний энэ насны минь мөрөөдөл, зорилго болоод байна. Одоогоор энэ зорилго мөрөөдлөө хараахан биелүүлж чадаагүй байгаа ч бидэнд олон сайхан хүн тусалж байна. Өнөөгийн нийгэмд 285 сая төгрөг бидний бодсон шиг тийм ч хурдан цуглачихгүй л дээ. Гэхдээ би шантрахгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1000 төгрөгийн аянаар хоёр бүргэд хаалга, 120 тн цемент, 20 тн-ын контейнертэй болсон байна. Монгол, Америкийн хамтарсан Баатар захиралтай Эрдэнэтийн компани манай төвд 10 сая төгрөгийг хандивлаж, сувиллын барилгын дотор гаднах цахилгааны материал, тоноглолыг тусламж болгон өгсөн. Энэ мэтээр барилгын маань ажил бага багаар урагшилж байна.
-Энэ барилгын ажил дуусвал олон нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Ер нь “Хүүхдийн төлөө халуун болор” төв нь Баянхонгорын Шаргалжуутын оюун ухааны рашааныг зорин ирж байгаа эцэг, эх, тархины саажилттай хүүхдэд тусалдаг байгууллага. Тэдний зарим нь аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарч байна. Тийм хүүхдүүд энэ амралтад тодорхой хэмжээний төлбөрөө төлж, амарч сувилуулаад буцдаг. Ер нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тархины саажилттай хүүхэд нэг гэр бүлд төрлөө гэхэд айл тэр чигээрээ асуудалтай болдог. Учир нь, тухайн хүүхдийг нэг хүн 24 цагаар хажууд нь байж асрах хэрэгтэй болдгоос мөнөөх гэр бүлд хагарал үүсч эхэлдэг. Зарим айлын эмээ, өвөө нь харж өгнө. Тэд их удлаа гэхэд нэг жил болдог. Тархины саажилттай хүүхэд төрүүлсэн эхчүүдийн олонх нь нөхөртөө хаягдаж, эцэг, эх нь ч тоохоо больж, өрх толгойлсон эмэгтэй болдог. Энэ бол гашуун үнэн. Нөгөө өрх толгойлсон эх маань хүүхдээ байнга асраад гэртээ байгаа болохоор орлогын хувьд бусдаас хараат болчихдог. Энэ бүх зовлонг би биеэрээ туулж мэдэрсэн хүний хувьд сайн мэдэж байна. Нөхөртөө хаягдсан, тархины саажилттай хүүхэдтэй эх дахиад нөхөрт гарах нь ч ховор байдаг. Миний зорилго бол тархины саажилттай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Тийм хүмүүст ядаж нэг өдөр дулаан байр, үнэгүй халуун хоолоор үйлчлэхийг хичээж байна. Энэ бүхэн бол миний хувьд өрөвдөлтэйгөөр өөд болсон хүүгийнхээ төлөө хийж буй буяны ажил. Надад нэг ч төгрөгийн ашиг байдаггүй. Би тийм зүйл хардаггүй, Засгийн газраас нэг ч төгрөгийн тусламж авч байгаагүй. Гэр бүлээрээ өөрсдийн сайн дураар энэ бүх зүйлийг хийсээр ирлээ. Би зарим жил зун дуусахад хоёр, гурван сая төгрөгийн өртэй үлддэг. Зун намайг гээд зориод ирсэн тэдгээр хүнд үнэгүй хоол, байраар үйлчлэхийн тулд мах, сүү, тараг зээлээр авна. Энэ өрөө төлөхийн тулд 21 аймгаар урлагийн тоглолт зохион байгуулж, хандив тусламжийн аян өрнүүлдэг. Ийм л маягаар өдий олон жил ажиллаж, амьдарч ирлээ. Манай байгууллага хотоос 600-700 километрийн зайтай, бидний үйл ажиллагааг сонирхож судлах хүн ховор. Гэхдээ бид хотод үйл ажиллагаагаа явуулдаг хүүхдийн төлөө гэсэн зарим байгууллагаас илүү олон нийтэд танигдсан. 21 аймагт бидний үйл ажиллагааг олон хүн дэмжин ажилладаг. Интернет фэйсбүүкт бид 20 гаруй мянган найзтай.
-Тархины саажилттай хүүхдүүд Шаргалжуутын рашаанд ирснээр биед нь хэр нөлөөлдөг бол. Тухайн хүүхэд эдгэж эрүүл болсон тохиолдол байдаг болов уу?
-Ер нь тархины саажилттай хүүхдүүд Шаргалжуутыг л зорьдог. Мэдээж, тэр рашаан үнэхээр сайн болохоор жил бүр тийшээ зорьж, тэмүүлж байгаа. Миний гаргасан нэг бяцхан тооцоо бий. Тасралтгүй гурван жил Шаргалжуутыг зорьсон хүүхдийн 60-70 хувийнх нь биеийн байдал сайжирсан байдаг. Бас бие нь эдгэрээд сургууль, цэцэрлэгт явдаг болсон хүүхдүүд ч бий.
-Анхны хүүхдээ алдана гэдэг эх хүний хувьд аймшигтай зүйл. Тэр бүхний дараа танд дахиад хүүхэдтэй болох амаргүй даваа байсан болов уу?
-Хэцүү л дээ. Намайг өвчтэй хүүхдээ эмчлүүлж, гэртээ ажилгүй суух хооронд эцэг нь орхиод явчихсан. Түүнээс хойш би маш их зовлон үзлээ. Ахиад хүнтэй сууж, хүүхэд төрүүлнэ гэдэг хэцүү байсан. Одоо бол би хоёр хүү, хоёр охинтой. Хоёр бэр, хүргэнтэй болсон. Бага охин минь энэ жил оюутан болж байна. Бид гэр бүлээрээ хүүхдийн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж, амьдарч байна. Би өөрөөрөө маш их бахархдаг. Тэр бүх хүнд хэцүү цаг хугацааг туулж, өдий зэрэгтэй амьдарч явна. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн туршид надад өрөвдөлтэйгөөр өөд болсон хүүгээ бодоогүй, харамсаагүй өнгөрөөсөн цаг, хугацаа маш ховор. Харин хүүхдийн төлөө буяны ажил хийх болсноос хойш миний сэтгэл арай тайвширсан.
-Та хүүдээ зориулж, нэгэн хөшөө босгосон байсан?
-Тийм ээ. Хүүдээ зориулж, сарлаг унасан хүүхдийн гурван метр хөшөө босгосон. Олон хүүхдэд тусалж байгаа. Хүү минь намайг тэнгэрийн орноос хараад баярлаж байгаа гэж боддог. Ер нь тархины саажилттай хүүхэдтэй эцэг, эхийн амьдрал хэцүү. Адаглаад л гудамжаар хүүхэдтэйгээ явахад хүмүүс сонирхсон, өрөвдсөн сонжсон харцаар харна. Анги хамт олны уулзалтад очиход хүртэл хүн бүр эвийлнэ. Ямар хэцүү гэж санана. Саажилттай хүүхдүүд байнга татдаг. Татаж унадгаас нь болоод өөрийн хамаатан садан, эцэг, эх хүртэл халширч байхад хар элгийн хүн яаж хандах нь тодорхой шүү дээ. Ийм хүүхдийг харж байгаа өвөө, эмээ нь хүртэл бие муутай болчихдог. Татаж унах бүрт нь түргэн дуудаж, цочиж сандардаг. Тиймээс эцэстээ импакт буюу зүрхний шигдээсээр нас барсан өвөө, эмээ олон бий. Өнгөрсөн жилүүдэд Шаргалжуутад ирж буй эцэг, эхчүүд тэр бүр хүнд яриад байдаггүй зовлон жаргалаа надад л ярина. Бид чинь зовлон жаргалаа хамтдаа л туулдаг. Хөөрхий өвчтэй хүүхдээ тэврээд эдгэх, эдгэхгүйгээ ч мэдэхгүй рашаанд 14 хоног орчихоод буцахаар автобусанд суух гэж буй ээжүүдэд би жаахан хайлмаг хайлж, хоёр бин хайрч өгчихөөд араас нь сүү өргөөд зогсч байхдаа жаргалтай байдаг. Ямартай ч энэ ээж, хүүхэд хоёрт би жаахан ч гэсэн тусалчихлаа гээд баярладаг юм. Автобусанд суугаад буцаж буй хоолны ч мөнгөгүй ээж, хүү хоёрт сэтгэлээсээ хайрч өгсөн бин, хайлмаг маань их л тус болсон юм шиг байдаг. Надад баярласан ээж олон. Зарим нь намайг “өндөр ээж” гэж дууддаг. Сайхан л санагддаг. Монголд одоо үнэгүй ус өгөх хүн ч ховор болж дээ.
-Улсын хэмжээнд энэ төрлийн өвчтэй хүүхдэд зориулсан сувиллын газар байдаг уу?
-Миний сайн мэдэж буйгаар Монголд Бөхийн өргөөний ар талд Х дугаар цэцэрэг, яслийн цогцолбор гэж байдаг. Тэнд л нийслэлийн саажилттай хүүхдүүд очдог. Гэхдээ орон тоо нь хүрэлцдэггүй юм шиг байна билээ. Ийм өвчтэй хүүхдүүд ихэвчлэн гэртээ л байдаг. Ер нь Монголд өвчтэй байтугай эрүүл хүүхдэд цэцэрлэг олдохгүй ховор байна. Би хувьдаа хэвтэрт орчихгүй л бол үсээ бууралттал амьдралынхаа эцсийн мөч хүртэл Шаргалжуутаа зориод ирж буй тархины саажилттай хүүхдүүдэд тусалсаар байх болно. Миний мөрөөдөл болсон жижиг байшингийн зураг төслийг Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Дорж захиралтай инженер залуус гаргаж өгсөн. Энэ байшингаа удахгүй барьж дуусгаад, нээлтээ хийнэ гэдэгт найдаж байна. Одоо надад арматурын төмөр хэрэгтэй. Нэг тн нь сая 700- мянгаас 2.1 сая гэдэг юм байна. Манайд 33 тн арматур хэрэгтэй байгаа. Арматураа олчихвол цемент бэлэн. Би сургуулиа төгсөөд Хөтөлийн цементийн үйлдвэрт ажиллаж байлаа. Төрөлх үйлдвэрийн маань хамт олон 60 тн цемент хандивласан шүү.
-Та хүүхдийн төлөө байгууллагуудтай хэр холбоотой байдаг вэ?
-Хүүхдийн төлөө гэсэн бүхний үйл цагаан байдаг. Хүүхдэд хэн ч муу юм хийж чаддаггүй. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуустай уулзахыг хүсдэг. Зорьж очоод мөнгө төгрөгөөр тусалж чадахгүй юм гэхэд нэг өдөр ч гэсэн гарын хоолоо хийгээд өгмөөр байх юм. Монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг дээ. Хүүхдийн төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулж буй залуусаа дэмжээрэй гэж хэлэх байна. Тэдэнд тусалж чадахгүй юм гэхэд саад бүү болоорой гэж хүсмээр байдаг юм.
Г.Нямсүрэн

Сэтгэгдэл (0)