Г.Янсанжав: Татварын орлогыг төсөвт төвлөрүүлж чадахгүй байна


 

Монголын Улсын гавьяат эдийн засагч Г.ЯНСАНЖАВТАЙ ярилцлаа.

-Багш, эмч нар цалингаа дэлхийн жишигт нийцүүлж 1.6 сая төгрөг болгуулах шаардлага тавьж, жагсаал цуглаан зохион байгууллаа. Гэтэл төр засаг 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал хүн бүрт ил тод, ойлгомжтой. Манай улс 24 тэрбум ам.долларын гадаад өртэй. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байна. Он гараад дөрвөн их наяд төгрөгийн өр төлөх ёстой талаар Сангийн шинэ сайд ярьж байсан. Ийм их хэмжээний өр зээлтэй, нөхцөл байдал хүнд энэ үед төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар яриад ч хэрэггүй. Энэ хүмүүс улс эх орноо боддог л юм бол эдийн засаг сайжирч, өр зээлийн төвшин хэвийн хэмжээнд хүртэл тэсч, тэвчих хэрэгтэй. Нөгөө талаараа багшийн бүтээгдэхүүн буюу сурагчид хэр зэрэг мэдлэг, боловсрол эзэмшиж, дэлхий нийтийн төвшинд хүрч байгаа эсэхийг бодолцох хэрэгтэй. Цалингаа дэлхийн жишигт хүргэж нэмүүлнэ гээд байгаа боловч ажлынхаа чанар, бүтээмжийг сайжруулахад анхаарахгүй байна. Эмч нарын хувьд ч мөн ялгаагүй. Эмнэлгийн үйлчилгээ, эмч нарын мэдлэг чадвар дэлхийн төвшинд хүрч байгаа билүү. Энэ бүхнийг бодолцох хэрэгтэй л дээ. Мөнгөн дүнгээр тооцоход тэдний цалин бага байж болно. Гэхдээ бусад улс оронтой харьцуулбал, манай улсын өргөн хэрэглээний бараа, хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш хямд байдаг. Жишээлбэл, махны үнэ дунджаар кг нь дөрвөн мянган төгрөг шүү дээ. Иймд олон улстай амьжиргааны төвшнөө харьцуулж харах хэрэгтэй. Манай улсад таваар мөнгөний зах зээл төдийлэн сайн хөгжөөгүй учраас ямар нэгэн татваргүйгээр хөдөө аж ахуйгаас хүнсний нөөцөө бүрдүүлдэг. Тиймээс багш, эмч нар цалин нэмүүлэх асуудлаа өөрсдийн ажлын бүтээмж, дотоодын үнэ ханшийг харгалзан үзэж байж ярих хэрэгтэй. АНУ-д оршин суугаа иргэн эрүүл мэндийн даатгалд жилд төчнөөн сая төгрөг төлдөг. Гэтэл манай улсад хэдийг төлдгийг хүн бүр мэднэ.

-Халамжийг хавтгайруулж олгох нь буруу гэж шүүмжилдэг ч төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл багш, эмч нар авахгүй гэж эсэргүүцэж байна?

-Энэ бол халамж биш. Төрийн албан хаагчдын өр зээлтэй холбогдуулж, нэг удаа 300 мянган төгрөг олгоно гэж ойлгосон. Төрийн албан хаагчдын дийлэнх нь цалингийн зээлтэй бол түүндээ зарцуулах хэрэгтэй. Том агуулгаар нь харвал, төрийн албан хаагчдын зээл 55 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг. Зарим эмч, багш 300 мянган төгрөгийг бага гэж голж байна. Хүмүүсийн амьжиргааны төвшин харилцан адилгүй учраас 300 мянган төгрөг нэг хүний оройны, нөгөө хүний сарын хоол, хүнсний хэрэглээг хангах хэмжээний мөнгө юм. ОУВС-тай байгуулсан гэрээ, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ үед ийм зохицуулалт хийсэн нь зөв.

-Та багш, эмч нар өөрсдийн мэдлэг чадварыг дэлхийн жишигтэй харьцуулж үзэх хэрэгтэй гэлээ. Уг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дийлэнх нь их, дээд сургуульд элсдэг шүү дээ. Энэ нь эерэг үзүүлэлт биш гэж үү?

-Цөөхөн хүн амтай улсад их, дээд сургуулийг олноор байгуулах нь зөв шийдэл биш. Жишээлбэл, Герман улс ерөнхий боловсролын сургууль төгссөн төгсөгчдийн 40 орчим хувийг их, дээд сургуульд элсүүлдэг юм билээ. Гэтэл манай улс 80 орчим хувийг элсүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс энэ чиглэлд анхаарч, бодлогоор зохицуулалт хийх нь зүйтэй. БСШУС-ын сайд зарим их, дээд сургуулийг сургалтын төв болгох зөв санал гаргаж байна билээ. Хэрэв сургалтын төв болгож нарийн мэргэжилтэн бэлтгэвэл тэр хүн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Цаашид их, дээд сургууль болон элсэгчдийн тоог бууруулах хэрэгтэй. Зарим хүн Хөгжлийн банкны зээлээр их, дээд сургууль байгуулсан асуудал сөхөгдөж байна.

-Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хүмүүс ярьдаг. Ер нь эдийн засагчийн хувьд энэ банкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Хөгжлийн банк гаднаас их хэмжээний зээл авч түүнийгээ үр дүнгүй тарааж, эдийн засгийг хүнд нөхцөлд оруулж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллага Хөгжлийн банкинд шалгалт хийхэд еврогийн 580 сая ам.долларын бондоос 286 тэрбум, иены “Самурай” бондоос 138.3 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байна. Гол шалтгаан нь 2012-2014 онд аж ахуйн нэгжүүд зээлийнхээ хугацааг хэтрүүлсэн, олгох ёстой хэмжээнээс ихийг зээлдүүлсэн явдал юм. Тиймээс энэхүү шалгалтын мөрөөр Хөгжлийн банк хэрхэн ажиллаж байгаа, цаашид үйл ажиллагаа явуулах эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй. Эдийн засагчийн ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж буй Хөгжлийн банк байх хэрэггүй гэж боддог. 2016 оны эцсээр 192 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн. Тухайлбал, зээлийн багцын есөн хувь нь үнэ цэнэ буурсан, 34 хувь нь хугацаа хэтэрсэн, 49 хувь нь бүтцийн өөрчлөлтөд орсон гэх асуудал гарсан.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Багагүй хэмжээний алдагдалтай байгаа. Ер нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж юу байна вэ?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг татвараар зохицуулдаг. Гэтэл татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлж чадахгүй байна. Иймд татварын байгууллага, Сангийн яам энэ чиглэлд маш сайн анхаарч ажиллах ёстой. Энгийн жишээ дурдъя, “Нарантуул”, “Хархорин” зах Монголын зах зээлийн тодорхой хувийг эзэлдэг. Гэтэл энэ томоохон худалдааны зах, төвүүд иргэдэд НӨАТ-ын баримт олгодоггүй. Өөрөөр хэлбэл, тухайн газруудын орлого, улсад хэдэн төгрөг татвар төлдөг эсэх нь тодорхойгүй гэсэн үг. Хэрэв НӨАТ-ын баримт иргэдэд өгч эхэлбэл орлого нь тодорхой болж, тэр хэрээр татвар нэмэгдэнэ. Хүн ам олон, хөл хөдөлгөөн ихтэй томоохон сум хүртэл зах, бөөний худалдааны төвтэй байдаг. Энэ талд анхаарч ажиллан улсын төсвийг нэмэгдүүлэх боломж бий.

-Манай улсын эдийн засаг өмнөх үеэсээ сайжирсэн байдал харагдаж байна уу?

-Монголын ард түмэн ухаантай гэдгийг 2016 оны УИХ-ын сонгуулиар харуулсан. Хэрэв АН-ыг дахиж сонгосон бол Монгол Улс бие даасан улс биш болох магадлал өндөр байлаа. Харин МАН гарч ирээд ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдаж, дэлхий нийтэд эерэг ойлголт төрүүлсэн. Яагаад гэвэл тухайн үед ОУВС манай улстай хамтарч ажиллах эсэх асуудал нэлээд хүндрэлтэй байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт эерэг өөчрлөлт гарч байна. Ийм үед багш, эмч нар цалин нэмүүлэх асуудлаа хойш тавьж, эдийн засаг өсч, өр зээл зохих төвшинд хүрсэн цагт ярих нь зүйтэй. Одоо бид ДНБ-ий 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний өр зээлтэй байна. Үүнийг ирэх онд 75, 2020 он гэхэд 70 хувь хүртэл бууруулах тооцоо судалгаа гаргасан байна.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)